Үндэсний брэндингийн зөвлөл одоогоос жилийн өмнө байгуулагджээ. Энэ хугацаанд хоёр ч даргын нүүр үзсэн нь хоёул “Монгол Улсын брэндинг” салбар хуралдааны зочноор уригдсан байв. Зөвлөлийн ажлын албаны дарга асан, “Үндэсний брэндийн хөгжил” ТББ­ын тэргүүн
Б.Батгэрэлийн хэлснээр өнгөрсөн хугацаанд “Үндэсний брэнд” гэж юу болохыг тодорхойлохоор томоохон судалгаа хийсэн аж. Судалгаанд дэлхийн 30 улс орон, зорилтот зургаан улс орны иргэд манай улсын талаарх ямар сэтгэгдэл, үнэлгээ өгдөгийг судалсан байна. Энэхүү судалгаагаар дэлхий Монголыг, монголчуудыг мэддэггүй гэдэг нь тодорхой болжээ.

Тухайлбал, аялал жуулчлалын салбарт “Нүүдэлчид” гэдэг үг Монголын брэнд нэр болж чаддаггүй гэнэ. Эсрэгээрээ энэ үгнээс болоод жуулчид Монголд зочлохоос зайлсхийдэг гэв. Тэрбээр “Бидний судалгаа дууссан… Түлхүүр үгээ гаргасан” гэж хэлсэн ч тэрхүү түлхүүр үг нь юу болохыг дурдалгүй өнгөрлөө. MMCG компанийн гүйцэтгэх захирал, судлаач Д.Бум­Эрдэнэ “Брэнд бүтээнэ гэдэг маш тодорхой, тогтсон стандарт бүхий олон улсын моделтой” гэдгийг дурьдаад, түүнийг хийдэг мэргэжлийн баг, агентлаг байдаг тухай ярьсан юм. Юуны өмнө Монголын брэндинг хийх зорилго нь юу гэдгийг маш тодорхой гаргах хэрэгтэй.

Яг юугаар брэнд хийх, брэнд хийснээр яг ямар үр дүнд хүрэх гээд байгаагаа мэдэхгүйгээр амжилт олохгүй гэдгийг ч санууллаа. “Улс орны брэндинг­д тухайн улсын глобал бодлого бас нөлөөлдөг” гэж тэрбээр хэлээд үндэсний брэндингийн индекс гэж нээлттэй засаглал (энэ нь ерөнхийдөө хөрөнгө оруулалт татах чадвараар хэмжигддэг), амьдрахад таатай эсэх, хүлээн авч буй жуулчдын тоо, ард түмний найрсаг зан, соёл зэргийг батгаасан ойлголт байдгийг бодлого тодорхойлогчдод сануулсан юм. 2017 уг үзүүлэлтээр Герман улс тэргүүлсэн аж. Түүний хэлсэнтэй танхимд цугласан оролцогчдын ихэнх нь дэмжиж, нийгмийн үнэт зүйлсээ тодорхойлох, нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг зэрэг эхлүүлэх хэрэгтэй гэцгээж байв.

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг “Монгол Улс 1990 оноос хойш зөөлөн хүчний нэгдсэн бодлогогүй явж ирсэн” хэмээн дүгнэсэн юм. Монгол Улс бол зөөлөн хүчийг зөөлөн хүчийг хатуу бодлоготой хослуулан хэрэгжүүлж ирсэн ард түмэн гэдгийг тэрбээр онцлоод Үндэсний брэндингийн зөвлөл байгуулагдсанаар нэгдсэн бодлого хэрэгжүүлэх боломжтой боллоо хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Энэхүү салбар хуралдаан энэ жилийн Монголын эдийн засгийн чуулганы оролцогч олонтой хэлэлцүүлгийн нэг байлаа. Олон оролцогч олон улсад аль хэдийн яригдаад, төлөвшөөд хэрэгжээд явж байгаа “Үндэсний брэндинг” сэдвийг энэ удаагийн чуулганаар өргөн хүрээтэй хэлэлцэж байгаа нь чухал ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа илэрхийлж байв.

Тиймээс бид шинээр хийх гэж цаг хугацаа алдалгүйгээр, олон улсын жишгийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь гол асуудал гэдэг дээр оролцогч, зочид санал нэгтэй байлаа. Монголын Маркетингийн холбооны ерөнхийлөгч Ш.Алтанбагана “Улсын брэндинг гэдэг бол дэлхийн долоон тэрбум хүн Монгол улсыг магтан сайшаах зорилго байхгүй, бодитой зорилго, зорилт, бүтэц байх ёстой. Олон улсад брэндинг хийх нийтлэг зорилго гурван чиглэлтэй а: аялал жуулчлал, онцлог соёл, өвөрмөц байдал, түүгээр дамжуулж улсын дүр төрхийг хэрхэн бий болгох вэ, б: Өрсөлдөх чадвар, экспортын бүтээгдэхүүний боломж, чадавх, түүгээр дамжин дэлхийн хэрэглэгчид тухайн улсыг харж байгаа өнцөг, в: Гадаадын хөрөнгө оруулалт буюу Монгол улсад орж ирж буй хөрөнгө оруулалтын урсгал юм” хэмээв.

Эдгээрээр тодорхой зорилго, бүтэц, бодлого, үйл ажиллагаа, урт хугацаанд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь Монгол брэндингийн зорилго байх ёстой аж. Аливаа улс, үндэстэн өөрсдийн имиджээ аль хэдийн тогтоочихсон. Монголд имидж тогтоох ажлыг Үндэсний брэндингийн зөвлөл дөнгөж эхлүүлж байна. Хийсэн судалгааны үр дүнд хийх ажил ч тодорхой болсон гэсэн ойлголтыг уг хэлэлцүүлгээс олж авсан юм. Одоо харин олон улсад Монгол Улс яаж харагдаж, ямар дүр төрх, ялгарлыг бий болгохыг хүсэж байна, түүнд хүрэхийн тулд ямар бодлого гаргаж, хэн хэрэгжүүлэх вэ, хэнтэй хамтран ажиллаж урт хугацаанд найдвартай брэндингийг хэрхэн хийх вэ гэсэн асуултууд хариулт нэхэж байна.

Үндэсний брэндингийн зөвлөлийн ажлын албаны дарга Н.Дэмбэрэлийн хэлснээр дөрвөн салбарт брэндинг хийх хэрэгтэй бөгөөд эдгээр нь ХАА­н бүтээгдэхүүний экспорт, Аялал жуулчлалаа хөгжүүлэх, Уул уурхайгаа борлуулах, Creative economy буюу оюуны экспорт ажээ. Ямартай ч салбар хуралдааны төгсгөлд төр засаг, хувийн хэвшил, нийгмээрээ үндэсний брэндинг хийхийн ач холбогдол, зорилго зорилтын тухай нэгдсэн ойлголттой болох, Үндэсний брэндингийн зөвлөл түүний ажлын алба үйл ажиллагаагаа илүү нээлттэй болгох хэрэгтэй гэдэг ойлголцолд хүрлээ. Мөн Үүнд нийгмийн бүхий л оролцогч талуудын оролцоог хангах нь чухал гэдгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм. Үндэсний брэндинг нь зөвхөн Монгол Улсыг сурталчлахаас гадна нийгэм, эдийн засгийн ямар үр өгөөж өгөх вэ гэдэг өнцгөөс асуудалд хандах ёстой аж. 

Б.ЭНХЦЭЦЭГ

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Өөртөө тохирсон спортын төрлийг хэрхэн сонгох вэ?

Өмнөх нийтлэл

Сайхан амьдралын эрэлд…

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style