Life style

Орцны жижүүр: Өвөө, эмээгийн жижиг гэр дэх ТОМ АМЬДРАЛ

0

Хүний хүн ч гэлээ харахаар л хайр татмаар, өрөвдөөд сэтгэл өмрөмөөр буурлууд байдаг даа. Яг тийм хоёр хөгшин манай хөрш орцонд байдаг байлаа. Орцны жижүүр. Би тэр хавиар явж өнгөрөх нь олон. Тэр бүртээ өвөө, эмээ хоёр гаднах сандал дээрээ салхилан суухтай таарах. Эмээ алсыг харж санаа алдан алдан суух бол өвөө гараа гуяндаа хавчуулаад хөл доорхоо ширтэн байна. Ихэнхдээ дуугүй л сууцгаана. Хааяадаа нам дуугаар хоорондоо ярилцана аа. Тухай бүрт нь би юун тухай ярилцдаг бол гэж сониучирхан бодно. Их ажлын дараа амарч байгаа улс шүү дээ. Орцны жижүүр гэдэг бол настай хүмүүст ахадсан ажил. Бүтэн есөн давхрыг ташраар нь цэвэрлэж, хогийг нэг нэгдгүй түүх нь тэдний өдөр тутмын ажил юм. Өвлийн улиралд бол бүр ч ярвигтай. Зайлуул, цалин хөлс нь хүрдэг л байгаа даа гэж өвөө, эмээ хоёрыг заримдаа өрөвддөг юм. Би л тэднийг мэдэх болохоос тэд манийг танихгүй учир хөндлөнгийн хүн хулгайн нүдээр өөрсдийг нь ажаад байгааг яахин ажрах билээ.

Эмгэн нь жижигхээн биетэй, маажигдуу явдалтай. Бие хаа махлагдуу боловч явдал суудал шаламгай. Буурал давамгайлсан үс нь шаамийдуу нүүрийг нь даган халиурах бөгөөд түүнийгээ үе үе хойш шидлэх. Өвөө мөн л намхан. Бөгтөр нуруутай, туранхай биетэй. Харин идэр залуудаа хар ажилд гаргуун байсан байх гэмээр шөрмөслөг шуутай. Хоёр хөгшнийг харах бүрт төрсөн аав, ээжээс маань ялгаа юун  гэж бодогдох. Цагийн эрхэнд хоёр буурлын маань бие жижгэрч, нуруу бөхийж, явдал нь  ингээд л удааширсан байх даа гэж бодох бүрт орцны жижүүр эмээ, өвөө хоёрыг улам ихээр өрөвдөнө. Чадалтайсан бол тусалчих юмсан гэж бодох ч үе бий. Таарах бүрт хоёулхнаа л явж харагдах тул харж хандах үр хүүхэд байгаа болов уу гэж амьхандаа эргэн тойрныг нь ажих. Таньж мэдэх жижүүрээсээ лавлах гэж хааяа завдах ч санаа зовоод асуудаггүй байлаа.

Тэрхүү жижигхэн орон зайд ямар том амьдрал өрнөж байгааг тэгэхэд л утгаар нь мэдэрлээ.

Өвөө, эмээгийн гэр бол… Орцны жижүүрүүдийн гэр ямар байдаг билээ дээ. Орцноос орцны хооронд байнгын нүүдэл суудалтай байдаг улсад өмсөх хувцаснаас өөр эд хогшил гэж буй байх билээ. Яг тийм орчинг би тэднийхээс харсан. Юм асуух гэж хаалгаар нь шагайхад өвөө, эмээ хоёр байж таарлаа. Хуучин цагийн хийцтэй данханд цайгаа чанаж байна. Хоёулаа хажуулдаад багтчих хэмжээтэй наар маягийн ор харагдана. Эмээ нямбай, бас гарын дүйтэй аж. Гэрээ хэрэндээ л сайхан тордож. Унжуурга нэхээд орныхоо урдуур хөөрхөн гэгч нь унжуулчихаж, хөшгөө оёод чамбай нь аргагүй өлгөжээ. Өвөө болохоор чавганцдаа  тааруулаад жижигхээн сандал урлаад өгсөн аж. Бас хээ угалз сийлчих санаатай нэлээд нухсан бололтой юм.

Эмээ өвгөнийхөө урласан сандал дээр тухтай нь аргагүй тухлаад шөлтэй хоолоо амтлан, амтлан хийж байлаа. Гарах үнэр нь сайхан юм өө. Маний аппетит хөдлөөд гарч байхад өвөөгийн ходоод хангалттай их ажилласан байж таараа. Доошоо харан суух авч хоол болохыг тэсэн ядан хүлээж буй нь ч илт. Тэрхүү жижигхэн орон зайд ямар том амьдрал өрнөж байгааг тэгэхэд л утгаар нь мэдэрлээ. Амьдрахын төлөө ямар их тэмүүлж байгааг, сайн сайхны төлөө яаж их зүтгэж байгааг эмээ, өвөө хоёр гэр доторх эд зүйлээрээ л ойлгууллаа. Тэд боломжийнхоо хэрээр жаргаж байна, жаргахын тулд хичээж байгаа нь ч тод ойлгогдсон.

Гэлээ ч тэдний харц нэг л гунигтай. Сэтгэлд нь нэг гуниг байх шиг. Таарах бүрт ийм л байсан. Эмээ хааяа инээж харагдах ч тэр хавьдаа л бяцхан баярлана. Өвөөгийн инээж байхтай таарч байсангүй. Залуудаа их л ажилсаг хүн байсан байх, жирэн жирэн гээд сандруу явахтай нь л олон таардаг. Ах хааяа нэг балгачихдаг юм билээ. Хүн байна даа, заримдаа таталгүй л яахав. Угийн хүнд гэм хоргүй, элдэв долоон үггүй хүн тэр хавьдаа чимээгүйхээн уучихдаг шиг байгаа юм. Гэхдээ согтуу явахыг нь би лав хараагүй. Согтуу байна гэж цуурсан ч хүн үгүй билээ.

Нэг удаа тэдний орцны үүдээр алхаж явтал эмээ учиргүй уйлчихсан гарч ирлээ. Өвгөнөө урдаа туучихаж. Эмээ нулимсаа бөөн бөөнөөр бөнжигнүүлэн уйлахдаа “Чи яаж амьдаръя гэж бодож байгаа юм” гэж зэмлээд өвгөндөө даалгавар өгөн нэг тийш нь явууллаа. Тэгсэн, хөөрхий өвөө өөрөө бас уйлчихаж. Хийсэн хэрэгтээ их ч гэмшиж байгаа бололтой, урсах нулимсаа арчсаар шогшин одлоо. Эмээ ч орцныхоо дэргэдэх сандал дээр суун бодлогоширлоо, шийдэх гарцаа л бодож байгаа бололтой.

Тэр өдрийн орой нь өвөөтэй таарлаа, байрны дэргэдэх дэлгүүрт. Өвөөгийн сэтгэл санаа тааруу байгаа нь илт. Дэлгүүрээс юм худалдаж авах нь уу гэтэл зогсоод л байх юм. Нэг хүн гарлаа, хоёр дахь нь явлаа. Өвөө чимээгүй зогссоор. Нэг тооцоо бодоод л байгаа бололтой. Тэгж, тэгж худалдагчид хандан “Өвөө нь нөгөө юмаа түр аваадах уу” гэлээ. Худалдагч хөргөгчнөөсөө ууттай зүйл гаргаж өглөө. Өвөө уутнаасаа алгын чинээ зүйл гаргаж ирсэн нь хоолны мах. Тэрбээр түүнээс жаахан хэсгийг хувааж аваад, үлдсэнийг нь  хадгалуулахаар худалдагчид буцаан өгч билээ.

Өвөө, эмээ хоёртой ойрд огт таарсангүй. Нэг тийшээ нүүсэн бололтой.

 

Ж. Баяржаргал

“Angry Birds” тоглоомын түүх

Өмнөх нийтлэл

“Cloud сервист шилжихээсээ өмнө ямар системээ шилжүүлэхээ тодорхойлох хэрэгтэй”

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style