Өсөх стратеги

ОХУ-ын өндөр өсөлттэй компаниуд

0

ОХУ-ын “РБК” сэтгүүл өөрсдийн бүрдүүлсэн мэдээллийн бааз болон судалгаа, шинжилгээний “INFOLine-Аналитик” компанийн судалгааг ашиглан сүүлийн таван жилийн турш улсынхаа хамгийн өндөр өсөлттэй 50 компанийг жил бүр тодруулж буй. Тус сэтгүүл шилдгүүдийг тодруулахдаа 2013 оноос өмнө байгуулагдсан, 2016 оны байдлаар жилийн орлого нь гурван сая рублиэс их, сүүлийн гурван жилд өсөлтийн хувь нь 20-оос их, бизнес нь тодорхой, нээлттэй, компанийн талаарх мэдээлэл нээлттэй эх сурвалжуудад хангалттай байдаг, төрийн өмчийн бус эсвэл хувьцааны дийлэнх хувийг нь төрийн өмч эзэмшдэггүй байх, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаггүй, татан буугдах гэж байгаа эсвэл зохион байгуулалтаа өөрчлөхөөр төлөвлөөгүй гэх мэт маш олон шалгуурыг тавьдаг байна. Ингээд олныг үл нуршин 2018 онд  хамгийн өндөр өсөлт үзүүлсэн ОХУ-ын 50 компанийн эхний 10-ыг товч танилцуулъя.

1. Первая тяжеловесная компания (ПТК)

Гол хувьцаа эзэмшигч: Сергей Генералов
Орлого (сая.рубль): 2014 он-1204 сая, 2018 он-28.284 сая

С.Генераловын удирддаг “Промышленные инвесторы” группийн гол компани. 2016 онд “Восток 1520” төмөр замын компаниас “Обьединенная вагонная компания”-г худалдаж авснаар ПТК-ийн бизнес ихээхэн өсөх боломж бүрджээ. Уг наймааны үр дүнд ПТК нь шинэ үеийн вагоны ОХУ дахь хамгийн том эзэмшигч болж хувирсан агаад одоогоор 40 мянган ширхэг хөдлөх ангитай болоод байна. Тэд 2017 онд ОХУ-д ачаа тээвэрлэлтийн хэмжээгээр (35.7 сая тонн) долдугаар байрт орсон.  

2. “АСР-Углесбыт”

Гол хувьцаа эзэмшигч: Евгений Ренге
Орлого: 2014 он-1064 сая, 2017 он-24184 сая

Кузбассын бүс нутгаас нүүрс бөөнөөр борлуулдаг томоохон компани. Уул уурхайн компаниудтай хамтран ажилладаг бөгөөд салбартаа ОХУ-д долдугаарт ордог. “Евраз”, “Северсталь” болон бусад холдинг компанитай хамтардаг. Тус компанийн эзэн, ерөнхий захирал Е.Ренге өмнө нь “Талтэк”, “ТопПром” компанид удирдах алба хашиж байсан.

3. “Azur Air

Гол хувьцаа эзэмшигч: Анна Фукалова, Наталья Кочкар
Орлого: 2014 он-1942 сая, 2017 он-32525 сая

2014 онд “Utair” группийн охин компани “Катэкавиа”-ийн суурин дээр байгуулагдсан бөгөөд чартерийн нислэг голлон үйлддэг. 2015 онд “Anex Tour” аялал жуулчлалын компанийн эзэмшилд очсон. 2017 онд “Azur Air” нь ОХУ-д зорчигч тээврийн тоогоор наймдугаар байрт, харин чартерийн нислэгээр тэргүүн байрт оржээ.

4. “Бристоль”


Гол хувьцаа эзэмшигч: Сергей Кациев

Орлого: 2014 он-7665 сая, 2017 он-67450 сая

2012 онд Нижний Новгород хотод байгуулагдсанаас хойш тус компани 36 бүс нутагт 2700 дэлгүүртэй болжээ. “Бристоль” сүлжээг ийн өргөжихөд үүсгэн байгуулагч, “Меркурий” группийн эзэн С.Кациев ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Ташрамд дурдахад “Форбес” сэтгүүл түүний хөрөнгийг 950 сая доллар гэж үнэлсэн юм. 2019 оны нэгдүгээр сард уг сүлжээ дэлгүүр нь борлуулалтын хэмжээгээр ОХУ-д нэгдүгээрт бичигддэг “Красное Белое” компанитай нэгджээ.

5. “Ленэлектромонтаж”

Гол хувьцаа эзэмшигч: Михаил Мураткин
Орлого: 2014 он-1125 сая, 2017 он-13283 сая

Москва хотод байгуулагдсан, эрчим хүчний дэд бүтцийн барилга, байгууламжийн томхон компани. Эх газрын Оросоос Крым хүртэл эрчим хүчний гүүр байгуулахад “ФСК ЭЕС” компанийн гэрээт гүйцэтгэгчээр ажилласан нь тус компанийн сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн хамгийн том төсөл аж. Харин өнгөрсөн онд Иркутск мужаас Усть-Илимск хүртэл 300 км цахилгаан дамжуулах шугам төсөл хэрэгжүүлэх 9.5 тэрбум рублийн гэрээ байгуулжээ.

6. “Колеса даром”
Гол хувьцаа эзэмшигч: Ренат болон Рустам Бадретдинов
Орлого: 2014- 1165 сая, 2017-11786 сая

ОХУ-ын зах зээл дэх автомашины дугуй борлуулагч томоохон компанийн нэг “Бринэкс”-ийн барааны тэмдэг юм. Үүсгэн байгуулагдсан есөн жилийн хугацаанд “Колеса даром”-ын салонууд ОХУ, Казахстаны 38 мужийн 115 хотод нээгдсэн. Мөн ижил нэрийн интернет дэлгүүр ажиллуулдаг бөгөөд сүүлийн гурван жилд хандалтын тоо нь гурав дахин нэмэгдэж, 2017 онд 9.5 сая хандалт авсан аж. “Бринэкс” компанийг 1990-ээд оны сүүлчээр одоогийн эздийн эцэг болох Рафаил болон Наил Бадретдинов үүсгэн байгуулсан.

7. “Восток-Запад”

Гол хувьцаа эзэмшигч: Михаил Гусаков
Орлого: 2014- 2632 сая, 2017-21333 сая

1996 онд байгуулагдсан тус компанийг зоогийн газар, зочид буудал, нийтийн хоолны салбарт бүтээгдэхүүн нийлүүлдэг Зүүн Европын хамгийн том компани гэж үздэг. Гол харилцагчид нь “Пушкинъ”, “Турандот”, “iLPatio”, “Шоколадница” зэрэг зоогийн газар, “Marriott”, “HolidayInn” зочид буудал, “Ашан”, “Перекресток” зэрэг жижиглэн худалдааны компаниуд болон Кремль, Төрийн дум, ОХУ-ын Төрийн хамгаалалтын алба, ВТБ банк, Москвагийн их сургууль зэрэг байгууллагын зоогийн газрууд юм. Компанийн ложистикийн албанд өдөр бүр 400 ачааны машин ажилладаг байна.

 
8. “Красное & Белое”

Гол хувьцаа эзэмшигч: Сергей Студенников
Орлого: 2014- 47000 сая, 2017- 210000 сая

РБК-ийн “хамгийн өндөр өсөлттэй компаниуд”-ын жагсаалтад завсаргүй таван удаа оролцож буй согтууруулах ундаа болон ундааны сүлжээ дэлгүүр бол “Красное & Белое” юм. 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар ОХУ-ын 50 бүс нутагт тус сүлжээний долоон мянган дэлгүүр ажиллаж байгаа төдийгүй сар бүр 150 дэлгүүрээ шинээр нээдэг. 2018 оны эхний хагаст нээсэн дэлгүүрийн тоогоор тэд “Магнит”-аас илүү гарч, “X5 Retail Group”-ын ард бичигдэж байв. Тус сүлжээг үүсгэн байгуулагч С.Студенников өнгөрсөн оны аравдугаар сард “Блумберг”-ийн үнэлгээгээр долларын тэрбумтнуудын эгнээнд багтжээ.

 

9. “ВкусВилл”


Гол хувьцаа эзэмшигч: Андрей Кривенко

Орлого: 2014- 4918 сая, 2017-32054 сая

Гурван жил дараалж “өсөлттэй” компаниудын жагсаалтад багтсан тус компани нь “ВкусВилл”, “Избенка” нэрийн 600 орчим дэлгүүрийг ОХУ-ын арван мужид ажиллуулж байна. ОХУ-ын эрүүл хүнсний зах зээлд хамгийн алдартай брэндүүдийн нэг. Тус жижиглэнгийн сүлжээ нь бэлтгэн нийлүүлэгч нартайгаа шууд харилцдаг нь (тухайлбал “ВкусВилла”-д 450 ийм нийлүүлэгч бий) гол онцлог нь юм.

10. Первая экспедиционная компания (ПЭК)

Гол хувьцаа эзэмшигч: Ирина Фирсова
Орлого: 2014- 1803 сая, 2017- 13876 сая

ОХУ-ын тээвэр, ложистикийн хамгийн том компанийн нэг ПЭК нь ачааг газар, агаараар улс дотроо болон Казахстан, БНХАУ-ын зах зээлд хүргэж үйлчилдэг. Нийт 130 хотод салбартай, гурван сая орчим хууль зүйн этгээд болон хувь хүнтэй хамтран ажилладаг аж. 2017 онд тус компани нь 100 ширхэг том, 300 ширхэг дунд болон бага оврын ачааны машин нэмж худалдаж авсан нь өсөлтийг нь илэрхийлэх нэг гол үзүүлэлт болов.

Н. Энхбаяр

Стратегийн долоон шатлал

Өмнөх нийтлэл

Бүх зүйл DX-ээс шалтгаална

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох