Өсөх стратеги

Петровис: Анхан шатны удирдлагуудтайгаа тулж ажилладаг

0

Хүний нөөцийн менежментийн тухай түгээмэл нэгэн ойлголт олон нийтийн дунд байдаг. Тодруулбал, ажилтны ажлаас халагдаж буй шалтгааны хамгийн том нь удирдлага таалагдаагүй байдал. Нөгөө талаас сэтгэл ханамжтай ажилтан илүү үр бүтээлтэй ажилладаг гэсэн ойлголт бүхий л менежментийн тухай ном, товхимол, зөвлөгөөн дээр байдаг. Тэгвэл “Петровис” групп хэмээх их айл хүний нөөцийн тухайд ямар менежмент баримталж, ямар хөтөлбөр хэрэгжүүлдэг тухай туршлагаас хуваалцъя.

Тэд 2016 онд Австралийн Шинэ Өмнөд Вельсийн Их Сургуулийн багш, доктортой хамтран нийт станцынхаа гуравны нэг буюу 117 ШТСтанцын ажилчдад буюу анхан шатны удирдах нэгжийн ажилчдад чиглэсэн судалгаа хийжээ. Тодруулбал, тухайн салбарын 5-10 хүнийг удирдаж буй хүмүүсийн хандлага, зан байдал зэрэг нь ажилтнуудынхаа бүтээмж, багийнхаа чадварт хэрхэн нөлөөлдөг тухай судалгаа юм. Үүний үр дүнд тэд ажилчдын бүтээмж ямар тохиолдолд өсөх боломжтойг гаргаж иржээ.

Үүнд, байгууллынхаа соёлд хөрөнгө оруулалт хийх юм бол бүтээмж 43 хувь, техник технологидоо хөрөнгө оруулалт хийвэл ажлын бүтээмж 19 хувиар өсөх боломжтой гэжээ.

“Петровис” групп хүний нөөцийн менежментээ сайжруулан шинэчлэх бас нэгэн судалгааг Чикагогийн их сургуулийн боловсруулсан бизнесийн модель дээр үндэслэн хийжээ. Энэхүү модель нь хариуцлага буюу бидний хэлдгээр ногоон бизнес, хамтын ажиллагаа буюу байгууллагын соёл, бүтээмж буюу инноваци болон өрсөлдөөн дунд хэрхэн бусдаас ялгарч явах вэ гэсэн дөрвөн чиглэлийг онцолсон, ялангуяа ажилтнаа чадваржуулсан компани дараагийн 30 жилдээ амжилттай явна гэсэн модель юм. “Петровис” групп энэхүү модельд тулгууран байгууллагынхаа хүний нөөцийн үйл ажиллагааны загварыг гаргажээ.

Сонгон шалгаруулалт

Ихэнх компани шинээр ажилтан авахдаа сонгон шалгаруулалтын зар тавин зарын дагуу ирсэн хүмүүсээс шалгалт тест зэрэг авч ажилтнаа сонгодог.

Харин “Петровис” группийн хувьд компаниа брэнд болгох буюу PR дээрээ илүү анхаарч ажиллаж байна.

Тодруулбал, “Петровис” группийн ажилтан бүр “Петровис” гэж ямар компани вэ, ажиллахад ямар байдаг талаар олон нийтэд ойлгуулж ярих хэрэгтэй. Ингэж чадвал тухайн компани имижээ зөв бүрдүүлэх бөгөөд үүгээрээ шинэ хүмүүсийг илүү татдаг байна. Сүүлийн үеийн ажиллах хүчин болж байгаа Y болон Z generation-ий хүмүүс тухайн компанийн имиж, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн зэргийг сонирхож ажлын байраа сонгодог.

Чиглүүлэх дасан зохицох

Энэ нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой юм.

Энэ талаар “Петровис” группийн сүүлд хийсэн ажил нь тэд уян хатан ажлын цагийг нэвтрүүлэв.

Тодруулбал, өглөө ажилдаа хэдэн цагт ирэхээ ажилтан өөрөө сонгодог болжээ. Мөн датад суурилсан шийдвэр гаргах талаар ESR, MM, HRM-ийн гурван төслийг ажилтнууддаа дараалан хэрэгжүүлээд дуусчээ.

Сургах хөгжүүлэх

Энэ тал дээр “Петровис” групп бусдаасаа онцгойрох зүйл үгүй. Тэд ажилтнууддаа хэвлэсэн материалаа тарааж, хурал семинар болон нүүр тулсан уулзалт зэргийг бусад компанийн адил хийдэг.

Гэлээ ч онцлох нэгэн шийдэл байгаа нь аюулгүй ажиллагааны сургалтыг 2018 оноос эхлэн видео хэлбэрт шилжүүлсэн явдал юм.

Учир нь уг группийн ШТС нь Монгол орны бүх суманд байрладаг учраас салбар бүрийнхээ бүх ажилтанд хүрч ажиллахын тулд уг санаачлагыг гаргаж хэрэгжүүлжээ. Цаашид уг группийн хүний нөөцийн менежментийн баг энэхүү видео сургалтаа онлайн талбарт оруулж ажилчиддаа тайлбартайгаар хүргэх тал дээр анхаарч ажиллаж байна.

Үнэлэх урамшуулах

Үүнд “Петровис” групп “coach, mentorship” буюу түлхүүр ажилтнуудынхаа чадварыг сайжруулах, сургах гэсэн чиглэл рүү анхаарч, үүнийгээ дагаад үнэлэх, урамшуулах систем нь илүү үр өгөөжтэй болно гэж үзжээ.

Тодруулбал, тэд хүн бүрт тохирсон карьер өсөлтийн төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

“Петровис” групп хүний нөөцийн менежментийн талаар дээрхи ажлуудыг хийснээр дунд болон анхан шатны удирдлагуудын хандлагыг өөрчлөх, багаар ажиллах чадварыг сайжруулах гэсэн зорилго бүхий сургалтуудыг тогтмол хийх ёстой юм байна гэдгийг ойлгожээ. Ингэснээр 2017 онд уг группийн сургалтын цаг өмнөх оныхоос 50 хувиар ихэссэн байна. Үүнийгээ дагаад компанийн өсөлтөд нөлөөлөхүйц хэд хэдэн ахиц дэвшил бий болжээ.

Тухайлбал, 2018 онд хэрэглэгчдийн гомдлын тоо өнгөрсөн жилээс 30 гаруй хувиар буурав.

Мөн компани бүрийн хамгийн том хэмжүүр болох бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр нэг хүнд ноогдох борлуулалтын хэмжээ өнгөрсөн оныхоос 20 гаруй хувь өссөн гэсэн үзүүлэлт гарчээ. Тиймээс удирдах ажилтны хандлагыг өөрчилснөөр ажилтнууд илүү сэтгэл ханамжтай болж бүтээмж өсдөг юм байна. Харин энэхүү хандлагыг өөрчлөх аргыг анхан шатны удирдалагууд хэн хүнээс илүү сайн мэддэг.  

Х. Саранзаяа

Ажлын байран дахь маргааныг хэрхэн зохицуулах вэ?

Өмнөх нийтлэл

Жинтэй жиргээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох