Мэдлэгт нэмэрЭксперт

Санхүүгийн тайлангаа хэрхэн “унших” вэ?

2

/1 дүгээр хэсэг/

Жижиг дунд бизнесийн эзэд санхүү бүртгэл, эдийн засгийн мэргэжилтэй байдаггүй, тийм байх ч албагүй. Гэхдээ бизнесийн эзэн буюу хөрөнгө оруулагч, хөрөнгийн эзний хувьд та өөрөө санхүүгийн тайлангуудыг тайлж унших, шинжлэн судлах чадвартай байснаар хөрөнгөө өсч, эсвэл буурч байгаа эсэх, цаашид ямар төлөв хандлагатай байх талаар мэдэж чадна. Улмаар хөрөнгөө хэрхэн тогтвортой өсгөх, арвижуулах, илүү их үр ашиг хүртэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ буюу бизнесийн стратеги, тактикаа боловсруулах, хэрэгжүүлэх боломжтой болдог.

Зөвхөн бизнесийн эзэд төдийгүй компанийн гүйцэтгэх удирдлага, дээд, дунд шатны захирал, менежерүүд, түүнчлэн удирдах зөвлөлийн гишүүд, бизнесийн зөвлөхүүд санхүүгийн бүх төрлийн тайлангуудыг унших, ашиглах шаардлага тулгардаг нь хүссэн ч эс хүссэн ч эзэмших ёстой чадвар юм. Тэгвэл санхүүгийн тайлангууд гэж юу болох, ямар бүрэлдэхүүнтэй байдаг, тэд юуг илэрхийлж, ямар дохио өгч байдаг талаар цуврал нийтлэлийн эхний хэсгийг танд хүргэж байна.

Бизнесийн гүйцэтгэл, “эрүүл мэнд” – ийн байдлыг харуулах санхүүгийн тайлангууд дараах бүрэлдэхүүнтэй байдаг:

  • Баланс буюу санхүү байдлын тайлан
  • Орлого, үр дүнгийн тайлан
  • Мөнгөн гүйлгээний тайлан
  • Өмчийн өөрчлөлтийн тайлан
  • Санхүүгийн тайлангийн тодруулга тайлбар

Дээрх таван төрлийн тайлангийн эхний гурав нь гол түлхүүр тайлангууд юм. Баланс буюу санхүү байдлын тайлан нь үндсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр нь Хөрөнгө ба түүнийг бүрдүүлсэн Эх үүсвэрийг харуулна.

Хөрөнгө тал:

  • Таны бизнестээ ашиглаж байгаа бэлэн мөнгө, авлага, бараа материал зэргээс бүрдэх Эргэлтийн хөрөнгө,
  • Програм хангамж, зохиогчийн эрх, барааны тэмдэг зэргээс бүрдэх биет бус хөрөнгө,
  • Барилга, тавилга, машин, тоног төхөөрөмж зэргээс бүрдэх үндсэн хөрөнгө, бүхэлд нь Эргэлтийн бус хөрөнгө гэсэн хоёр хэсгийн дүнг илэрхийлнэ.

Эх үүсвэр талыг Өр төлбөр ба Эздийн өмч бүрдүүлэх бөгөөд энд таны бизнесийн нийт хөрөнгө хэн хэний мөнгөөр бүрдсэн болохыг харуулах юм. Дансны өглөг, богино болон урт хугацаат зээлээс бүрдэх Өр төлбөр буюу бусдын мөнгө, Эздийн өмч буюу таны мөнгө нийлж Эх үүсвэр талыг бүрдүүлнэ.

Баланс буюу санхүү байдлын тайланг хэрхэн “унших”, бизнесийн шийдвэр гаргалтад яаж ашиглахыг аль болох энгийн үг хэллэгээр, зохистой дараалалд оруулан дор сийрүүллээ. Та илүү үр дүнд хүрэхийн тулд өөрийн бизнестэй ижил салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аль нэг хувьцаат компанийн санхүүгийн тайланг Монголын Хөрөнгийн Биржийн www.mse.mn сайтаас татан авч нийтлэлтэй харьцуулан уншаарай. Бид нийтлэлдээ жишээ болгож бодитой хувьцаат компанийн 2018 оны жилийн эцсийн тайланг нэр дурдалгүй ашиглав /мянган төгрөгөөр/:

Ашигт ажиллагаа: Аливаа бизнесийн нэг жилд бүтээсэн цэвэр ашиг нь Эздийн өмчийн хэдэн хувьтай тэнцүү байгаагаар ашигт ажиллагааг хэмждэг. Жил бүр ашигтай ажиллах албагүй ч банкны хугацаатай хадгаламжийн хүүнээс багадаа 1.5 дахин буюу жилийн 20% ба түүнээс дээш хувийн өгөөжийг танд өгдөг байвал тохиромжтой юм. Томъёо:

Санхүүгийн харьцааны шинжилгээ:
Санхүүгийн тайлангуудыг уншихад цөөн хэдэн санхүүгийн харьцааны шинжилгээ буюу тооцооллыг хийж компанийн гүйцэтгэлийг хэмжинэ. Таны унших санхүүгийн тайлан нь хамгийн багадаа сүүлийн хоёр жилийг зэрэгцүүлсэн, хооронд нь харьцуулах, өөрчлөлтийг хэмжих боломжтой байдлаар тайлагнагдсан байх хэрэгтэй.

(Цэвэр ашиг)/(Эздийн өмч)

Жишээ компанийн хувьд 2017 оны цэвэр ашиг 4.7 сая ₮, 2018 онд 18.1 сая ₮ байв: 18,142 / 328,790 = 5.5%

Унших нь:

Эздийн өмч буюу өөрийн хөрөнгийн өгөөжийг 20% ба түүнээс дээш байх зорилттой харьцуулбал бараг дөрөв дахин бага, ашигт ажиллагаа багатай байна. Гэхдээ өнгөрсөн онд энэ харьцаа үзүүлэлт 1.5% байсан ба 2018 онд нэмэгдсэн нь сайн хандлага байв.

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа /quick ratio/: Энэ харьцаа нь компани богино хугацаат өр төлбөрийн хэдэн хувийг бараа материалаас бусад эргэлтийн хөрөнгөөрөө төлж чадахыг харуулна. Аль болох 1 – д ойрхон их тоо байх нь сайн. Томъёо:

(Эргэлтийн хөрөнгө – Бараа материал)/(Богино хугацаат өр төлбөр)

Жишээ компанийн хувьд: (347,758 – 225,261)/201,563 = 0.61

Унших нь:

Компани богино хугацаат өр төлбөрийнхөө 61 хувийг бараа материалаас бусад эргэлтийн хөрөнгөөрөө төлж чадна. 0.61 нь 1 – ээс хэт бага, өөрөөр хэлбэл бараа материалд хэт их хөрөнгө байршиж байгаа, нөгөө талаар богино хугацаат өр төлбөр зохистой хэмжээнээс илүү байна. Сайн зүйл нь 2017 онд уг харьцаа 0.53 байсан ба 2018 онд өссөн буюу сайжирсан байна. 

Эргэлтийн харьцаа /current ratio/: Энэ нь компанийн богино хугацаанд хөрвөх чадварыг харуулж буй өөр нэг үзүүлэлт. 1 – ээс дээш байх шаардлагатай ба хоёр ба түүнээс дээш байх нь бизнес илүү тогтвортой байгааг илэрхийлнэ.

Томъёо:

(Эргэлтийн хөрөнгө)/(Богино хугацаат өр төлбөр)

Жишээ компанийн хувьд: 347,758 / 201,563 = 1.7

Унших нь:

Компани богино хугацаат өр төлбөрөөсөө 1.7 дахин илүү эргэлтийн хөрөнгөтэй, зохистой үзүүлэлтээ хангасан байна. Гэхдээ өмнөх онд уг харьцаа 1.8 байсан ба буурсан байгаа нь сөрөг үзүүлэлт. Богино хугацаат өр төлбөр багассан ч эргэлтийн хөрөнгө түүнээс илүү их буурсан нь үзүүлэлт муудахад нөлөөлсөн.

Ажлын капитал: Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай бэлэн мөнгөний хүрэлцээг харуулна. Нийт эргэлтийн хөрөнгөөс эргэлтийн эх үүсвэр буюу богино хугацааны өр төлбөрөө хасч хэмждэг.

Томъёо:

(Эргэлтийн хөрөнгө) – (Богино хугацаат өр төлбөр)

Жишээ компанийн хувьд: 347,758 – 201,563 = 146,195

Унших нь:

Жишээ компанийн хувьд хүрэлцээтэй ажлын капиталтай байна. Хэрэв дээрх үр дүн хасах утгатай гарвал таны бизнес өдөр тутам үүсч болох нэхэмжлэх, богино хугацаат өр төлбөрөө төлж чадахгүйг илэрхийлнэ. Ажлын капиталыг нэмэгдүүлэхийн тулд бараа материалын удирдлагаа сайжруулж, борлуулалттай уялдсан бараа таталт хийх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.

Санхүүгийн хөшүүрэг: Таны бизнес хэний мөнгөөр “хөдөлж” буйг харуулна. Санхүүгийн хөшүүрэг их байх тусам Эздийн өмчийн өгөөж нэмэгдэх сайн талтай, гэхдээ эдийн засгийн нөхцөл муудаж ашиг орлого буурах үед өр төлбөрөө барагдуулах хуваарь давхцах нь том эрсдэл дагуулна.

Томъёо:

(Нийт хөрөнгө)/(Эздийн өмч)

Жишээ компанийн хувьд: 662,748 / 328,790 = 2.0

Унших нь:

Таны бизнесийн санхүүгийн хөшүүрэг хоёр буюу нийт хөрөнгийн тал нь таных, тал нь урт болон богино хугацаатай өр төлбөрөөс бүрдэж байна. Эдийн засгийн өсөлт бий болох хүлээлттэй байгаа бол санхүүгийн хөшүүргийг нэмэгдүүлж ашигт ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Эдийн засгийн хямралын үед санхүүгийн хөшүүргийг хэвээр хадгалах буюу бууруулах стратеги баримталж болно. Санхүүгийн хөшүүрэг хамгийн өндөр түвшин нь дөрөв байж болно. Өөрөөр хэлбэл бизнес дэх эздийн өмч нь нийт хөрөнгийн 25% ба түүнээс дээш байх нь зохистой.

Өр төлбөр ба Хөрөнгийн харьцаа: Энэ харьцаа нь дээрх Санхүүгийн хөшүүргийн “нөгөө тал” нь. Нийт хөрөнгийн хэдэн хувь нь өр төлбөрөөс бүрдсэнийг харуулна.

Томъёо:

(Нийт өр төлбөр)/(Нийт хөрөнгө)

Жишээ компанийн хувьд: 333,958 / 662,748 = 0.5

Унших нь:

Нийт эх үүсвэрийн тал ба түүнээс дээш хувь нь өр төлбөрөөс бүрдсэн тохиолдолд банк урт хугацааны санхүүжилт нэмж хийхээс татгалзах магадлалтай. Иймд нэмж урт хугацааны санхүүжилт хэрэгтэй, санхүүгийн хөшүүргээ нэмэх шаардлагатай бол ашигт ажиллагааг маш өндөр түвшинд барих чадвартай байх, түүнийгээ батлах ёстой болно. 

Ийнхүү санхүүгийн тайланг хэрхэн унших тухай нийтлэлийн эхний хэсэг болох баланс буюу санхүү байдлын тайланг унших нийтлэл танд хүрлээ. Бизнесийн гүйцэтгэлээ тод харах үйлсэд нь амжилт хүсье. Дараагийн дугаарт Орлого үр дүнгийн тайланг хэрхэн унших талаар нийтлэнэ.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 4.67 out of 5)
Loading...
Ч. Мөнхбадрах

Г.Тэгшбүрэн: Ажлын ярилцлаган дээр цалингийн хэмжээ асуусан болгон буруу хандлагатай биш

Өмнөх нийтлэл

П.Одгэрэл: Ажилчид ажилдаа ирэхдээ дуртай байх тийм л орчин бүрдүүлэхийг хичээдэг

Дараагийн нийтлэл

2 Сэтгэгдэл

  1. taalagdlaa

  2. Баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох