“Хэрэв би 100 мянган доллартой байсан бол бүгдээр нь хонь худалдаж авна” гэж хонины наймаачин Абиб Сек хэлэв. Сенегалд ийм бодолтой хүн маш олон бий. Эндхийнхэн хонийг дээдэлдэг. Мах нь амттай төдийгүй нэр хүндийн баталгаа болдог учраас тэр. Жил бүр шашны Табаски баярын үеэр сенегалчууд олон мянган хониор бурханд өргөл барьдаг. Энэ үеэр ядуу өрхүүд нэр хүндээ бодоод ихэнхдээ өр тавьж хонь худалдаж авдаг аж.

Сүүлийн үед Сенегал улсад хонь шүтэх үзэл улам газар авсан нь нэгэн үүлдэртэй холбоотой. Ладум үүлдрийн хонь бол үлэмж том биетэй, сүр хүчтэй амьтан. Эвэр нь насанд хүрсэн гурван хүний жинтэй тэнцдэг аж. Заримдаа хонь биш жижиг биетэй адуу байна гэж андуурмааар.

 хонь нь бурханд өргөл болгон төхөөрөхөд дэндүү үнэ цэнтэй амьтан юм. Харин үүний оронд хонины наймаачид ладумыг бизнесмэн, шашны зүтгэлтэн, засгийн газрын сайд гэх мэтчилэн баян хүмүүст зардаг байна. Учир нь ладум хонийг тэдгээр эрхмүүд тусгайлан өсгөж, нэр хүндийн баталгаа болгон бусдад гайхуулдаг аж. Тийм ч учраас хөөрхөн ладум хонь шалгаруулах тэмцээнийг телевизийн сувгаар дамжуулж, ялагчдад хэдэн мянган долларын шагнал олгодог байна.

Ладум улам алдаршиж, хонины наймаачдын тоо нэмэгдсэнээр эл хонины үнэ эдүгээ тэнгэрт тултал өсжээ. А.Сек 2016 онд гурван хонь 8500 ам.доллароор худалдан авч, өсгөж эхэлсэн байна. Гэтэл ердөө ганц үр төл нь буюу Cronus нэртэй эр хонь л гэхэд 70 мянган долларын үнэтэй болсон гэж А.Сек өгүүллээ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1000 доллар байдаг тус улсад хонь ийм үнэ хүрч буй нь нэг төрлийн “галзуурал”-д тооцогдоно. Гэвч ладум хонины хорхойтнууд үүнийг хэвийн үзэгдэл гэж үзэж байна.

“Ладум намайг аз жаргалтай болгодог. Энэ үүлдрийн хонь сэтгэл татам хөөрхөн амьтан шүү” гэж А.Сек ярив. Эдүгээ тэрбээр 40 гаруй ладум хоньтой болжээ. Хоёр ч малчин ажиллуулдаг боловч А.Сек өдрийн ихэнхийг хоньтойгоо өнгөрүүлдэг гэнэ. Их үнэ цэнтэй амьтад учир эхнэр нь үүнд төдий л уурлаад байдаггүй гэж А.Сек хэлсэн юм. Тэрбээр нэг хургыг 2500-5000 доллароор үнэлж борлуулдаг бөгөөд удахгүй хонинууддаа зориулж тусдаа байр барихаар шийдсэн байна.

Ладум хонь тэжээх нь эрсдэлтэй ажил. Хонины өөр нэг наймаачин Мамаду Туре “Малын хулгайч бидний гол дайсан. Нэг орой зэвсэглэсэн хүмүүс найзын маань гэрт дайрч ороод 85 мянган долларын үнэ хүрэх зургаан эм хонийг нь хулгайлсан” гэж ярьлаа. Нэг жилийн дараа ладум хонины үнэ ийм өндөр байх эсэхийг хэлэхэд хэцүү. Зарим эдийн засагч үнийн эл хэт хөөрөгдөл урт насгүй гэж үзэж байна.

Н. Энхбаяр

“Том системд ажиллах нь ажлыг ном ёсоор хийхэд сурдаг”

Өмнөх нийтлэл

Дата менежментийн зарим технологиуд

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style