EntrepreneurТоп нийтлэл

Соёлын өвийг бизнесээр шаглахуй

0

“Өдөржин цэнхэр тэнгэр харж, өглөөнөөс орой болтол нарны гэрлийг мэдэрч, шөнийн турш алсын оддын гялбааг харж болдог тийм боломж зөвхөн монгол гэрт л байдаг” хэмээн Английн “22 Tents” компани өөрсдийн фэйсбүүк хуудсандаа тэмдэглэжээ. Тус компани Шенгений орнуудад зохион байгуулдаг олон улсын хөгжмийн фестивальд “Хаадын гэр” компанийн гэрийг авч ашигласан нь наадамд оролцсон 300 мянган хүнд таашаагдаж, хэрэглээнд нь нийцсэн учир ийн сэтгэгдлээ үлдээжээ.

“Хаадын гэр” байгуулагдаад хийсэн анхныхаа “Хүннү” гэрээрээ Солонгосын болон Дэлхийн оюуны өмчийн газраас хамтран зохион байгуулдаг үзэсгэлэнд оролцож, шууд л алтан медаль хүртсэн. ӨМӨЗО-ны Төв номын сан тэдний гэрийг “Эрдэмтэн мэргэдийн чуулах өргөө”-гөө болгов. Цаашлаад Ерөнхийлөгчийн өвлийн өргөө, Ерөнхий сайдын гэрийг тохижуулж, Монголын аварга малчдын 108 гэр, жуулчны баазууд, зочид буудлуудын төсөл гээд дотоодын томоохон төслүүдийг гүйцэтгэсэн. Өнөөдөр тэд Alibaba цахим худалдааны талбарт алтан гишүүнчлэлтэй тул дэлхийн 190 оронд бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Ийнхүү бизнес эхэлсэн дариудаа л амжилт дагуулах болсон. Учир нь хойч үедээ түүх, соёлын өвийг өвлүүлэн үлдээх гэсэн тэдний зорилго хүчирхэг байсны дээр орчин үеийн хэрэглээтэй хослуулсан гэр, тавилгыг урлаж байгаагаараа инноваци хийж буй. Өнөөдөр тэд 10 улсын 18 үзэсгэлэнд оролцоод байгаа бөгөөд дэлхийг байлдан дагуулахаар эх орноо сурталчлах нөр их ажилд эргэлт буцалтгүй оржээ.

Энэ бүхний цаана Д.Болор-Эрдэнэ гэх эмэгтэй бий. Тэрбээр дэлхийд “элит” бүтээгдэхүүнийг Монгол үйлдвэрлэх боломжтой гэдгийг нотлохыг хүсч байгаа.

25 жил төрийн албанд зүтгэсэн дадлага туршлагатай ч бизнесийн талаар ямар ч ойлголтгүй тэр ажлынхаа хажуугаар хобби болгон эсгий эдлэл, гэр ахуйн гоёл чимэглэл хийсээр ирсэн нь “Хаадын гэр” компанийн эхлэл болжээ. Тэр Татварын ерөнхий газрын хувь хүний орлогын албан татварыг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлдэг бодлогын албанд байсан тул төлөвлөлт гарамгай гүйцэтгэж дадсан байлаа. Зорилгоо тодорхойлж, төлөвлөлтөө хийнэ, дараа нь эрсдэлээ тодорхойлж, гарах эрсдэлийн тооцоог хийнэ. Эцэст нь түүнийхээ ард гарах сэтгэлийн бэлтгэлтэй байна гээд бүхнийг нарийн зохион байгуулж, ёстой л удирдлагыг гартаа авдаг. Үүнийхээ ачаар алдаа бага гаргаж байсан хэмээн тэр дурсав.

Өвлөгдөх чанар бол тэдний компанийн амин сүнс, гол зарчим.

Д.Болор-Эрдэнийн анхны мэргэжил ойн агнуурын техникч. Дараа нь эдийн засагчаар төгссөн. Анхны мэргэжлээрээ ажиллаагүй ч хожим бизнестэй нь холбогдоно чинээ төсөөлөөгүй биз.  Гэхдээ л түүний амьдрал нь ахуй соёлтойгоо салшгүй холбоотой байна гэдгийг тэр мэдэж байсан. Түүний эмээ тайжийн охин байсан бөгөөд Д.Болор-Эрдэнэд багаас нь уламжлал, ёс заншил, хээ хуар, үүх түүх зэргийн талаар тайлбарлан, ярьж өгдөг байв. Ийм хүмүүжил авсан охины анхаарлыг уламжлал агуулсан эдлэл татахаас өөр аргагүй юм. Тэрбээр “Монголын өв соёлыг монгол хүн болоод төрсний хувиар эх орондоо төдийгүй дэлхийд таниулах гэсэн бодлыг дотроо үргэлж тээж ирсэн. Энэ маань эцэстээ ажил болсон хэрэг” гэлээ.

“Хаадын гэр” албан ёсоор 2014 оны зургадугаар сард байгуулагдаж, дараа жилээс нь түүх, уламжлалын нүсэр судалгааны ажил эхлэв. Хүннү гүрний аж амьдрал, тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал, дурсгал, бичээс, сүг зураг, ёс заншил, хээ хуар, түүхэн үйл явдал гээд л анхнаас нь эхлүүлэн судалж, өнөөгийн хэрэглээнд хэрхэн нийцүүлэх, “моод”-нд орж байгаа эдлэл, хэрэгсэл юу байна гэх зэргээр орчин үетэй хослуулах талаар судлав. Энэ нь өмнө хэний ч, хэзээ ч хийж байгаагүй судалгааны ажил болов. Түүх, археологийн хүрээлэн, Монголын уран хатгамалчдын холбоо, түүхч Г.Мэнд-Ооёо, дизайнер н.Мөнхсоёл, Хүннү судлаач Ц.Эгиймаа, СУИС-ын хүндэт профессор, уран сийлбэрч Г.Цогбаяр зэрэг мэргэжилтнээс зөвлөгөө авав. Ийнхүү анхнаасаа суурь судалгаагаа гүйцэд хийж, танихгүй ч уйгагүй хөөцөлдсөөр салбарын шилдгүүдтэй нь уулзсаар, ёстой л хөлөө эргэтэл явж, хуруугаа элэгдтэл эрдэм шинжилгээний ажил, ном, судар эргүүлсний хүчинд тэрбээр өдгөө тав дахь жилдээ бизнесээ амжилтанд хөтөлж байна.  

“Хаадын гэр” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Д.Болор-Эрдэнэ

Өнөөдөр дээрх хүмүүс компанийн зөвлөхөөр ажиллах болсон бөгөөд гурван ажилтантай эхлүүлсэн компани модон эдлэлийн, оёдлын гэсэн хоёр цехтэй болж, 30-аад ажлын байрыг бий болгожээ. Үйлдвэрлэлийн хэсэгт Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн мэргэжлийн сийлбэрч, зураачид ажилладаг. Оёдлын цехийг ШУТИС-д 40 жил багшилсан, сүүлийн 20 жил Монголын эсгий урлалыг хөгжүүлэх олон номыг бичсэн, Монгол Улсын зөвлөх инженер Б.Эрдэнэцэцэг удирдана. Керамист эдлэлийг керамикч, барималч У.Одмаа хариуцдаг. Тэд хамтдаа монгол гэр, тавилга, эсгий ширмэл бүтээгдэхүүн, керамик, эсгий уран зураг гээд ахуйн бүх эдлэл, гоёл чимэглэлийг урладаг. Шат дамжлага бүрийг 100 хувь гар аргаар урлах шаардлагатай.

“Хаадын гэр”-ийг байгуулахад олон хүмүүсийн дэмжлэг туслалцаа орсон. Эрдэмтэн, докторуудаас санал, зөвлөгөө авах ёстой гэдэг байр суурийг анхнаасаа барьж ирсэн.

Нэг авдар авахад өмнө нь зохицох дэвсгэр, дээр нь тавих эдлэл гэх мэтээр модоо дагаад эсгий, керамик нь давхар явж байдаг тул бие биетэйгээ уялдаа холбоотой цогц загвар дизайнтай бүх төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Тэдгээрийгээ түүхэн, уламжлал, орчин цагийн гэсэн гурван концепцид хуваана. Түүхэн концепцид XIII зуун, Богд хаант үеийн, Хүннү гүрний гэх мэт, уламжлалт дотор өв соёлоос гадна орчин цагт хэрэглэж байгаа хээ угалз хүртэл багтдаг гэх мэтээр дотроо давхар нарийн задардаг. Гол брэнд нь Хүннүгийн үеийн өндөр бэлгэдэлтэй амьтан болох домгийн ганц эвэрт юм.

Одоогийн үйлдвэрийн байр нь социализмын үед цэргийн байр байсан бөгөөд агуулахын байдалтай олон жил болсон аж. Хувьчлалаас хойш балгас болох шахсан, хашаа ч үгүй тус байрыг Д.Болор-Эрдэнэ өнөөгийн өнгө зүсэнд оруулсан. Тэр ажлын байр хүний бүтээмжийг дээшлүүлэхэд том нөлөө үзүүлдэг учраас тухтай байх ёстой гэж үздэг.

“Хаадын гэр” ХХК-ийн хамт олон

Мөн зөвхөн хийж “чаддаг” хүмүүстэй нь хамтарч ажиллахыг зорьдог. Маркетингаа 2017 оноос хойш “Брэндартэ” компанид даатгаад буй. Үйлдвэр захиалга ихтэй байдаг тул кластер хэлбэрээр ч хамтарч ажиллахад бэлэн.

Удирдагч хүний хувиар ажилтнаа системд оруулахад ганцхан “итгэл” суулгадаг. Ажилтандаа ямагт энэ хүн үнэнч гэсэн “мессеж”-ийг өгч, итгэл хүлээлгэдэг. Тэр ийм зарчим өдий болтол барьж ирсэн. Энэ тухайгаа “Хамт олон нэг зорилго, нэг сэтгэлтэй байх ёстой. Үүний тулд ажилтандаа итгэж байгаагаа ойлгуулах хэрэгтэй. Тэгж байж ажил сайн явагдана. Үл ойлголцол гарахгүй” гэсэн юм. Харин тэр өөртөө зөв зорилготой байж, тулсан асуудалд бэлтгэлтэй байхын тулд “Тосч зовохоор тулж зов, Санаа зөв бол заяа зөв” хэмээн тэмдэглэлийн дэвтрийнхээ нүүрт сийрүүлж, сануулна.

Цаашид бүтээгдэхүүнээ үе дамжин өвлөгдөж үлдэхэд алсын хараагаа чиглүүлж, “Хаадын гэр”-ийн амин сүнс, гол зарчим болгожээ. Тэрбээр эртний эдлэл он удаан жилийг элээх тусам үнэ цэн нь нэмэгддэг нийтийн ухамсарт суусан ойлголт, бичигдээгүй хуулийг мөрдөж байна.

 

 

С. Баярмаа

Компанидаа үүссэн асуудал бүрийг өөрийнхөө буруу гэж хардаг

Өмнөх нийтлэл

Ж. Баттөгс: Aтар 60-Agro Expo 2019-д сүүний кластерын загвар фермээ танилцуулна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com