ЭНДИ МОЛИНСКИ

Дотоод ур чадварт суралцах явцад тодорхой хэрнээ буруугаар ойлгогддог нэг зүйл бол бэлтгэл юм. Та өөрийгөө чухал уулзалт удирдах, компанийнхаа танилцуулга хийх, эсвэл амаргүй яриа өрнүүлэх ёстой болсон гэж төсөөлөгтүн. Ийм нөхцөлд та юу хийх, эс бөгөөс юу ярихаа урьдчилан бэлтгэх нь ойлгомжтой. Гэхдээ бодит байдлын дарамт, стресстэй нүүр тулах үед бэлтгэлтэй, өөрийгөө удирдаж чаддаг байх ёстойг хүмүүс байнга орхигдуулдаг. Харамсалтай нь, ийм нөхцөлд байдалд зориулсан компанийн сургалт нь тун чиг үр дүнгүй байдаг. Алдвал хор уршиг нь бага байх тайван нөхцөл байдалд тэд сургалтаа хийдэг мөртлөө асар их үр дагавар дагуулах боломжтой, дарамтаар дүүрэн нөхцөлд ажил хэргээ явуулдаг билээ.

Урьдчилсан бэлтгэл, эсвэл тааварлах аргагүй нөхцөлд зохиомол, бодит бус “гэрийн даалгавар” маань бидэнд бараг л тус болдоггүй. Эгзэгтэй, нэн чухал үед тулгарч болзошгүй зүйлд маш сайн бэлтгэж, дотоод ур чадвараа сайжруулахын тулд суралцах, өөрийгөө хөгжүүлэх, сайн гүйцэтгэл нэн чухал өөр нэг талбар буюу мэргэжлийн спортоос бид суралцаж болох юм. Жишээлбэл, мэргэжлийн багийн дасгалжуулагчийн нэг чухал зарчим нь тамирчдаа бодит байдалтай аль болох ойролцоо нөхцөлд бэлтгэл хийлгүүлэхэд оршдог. Мэргэжлийн хөлбөмбөгийн баг дараагийн тоглолтдоо бэлтгэхийн тулд өөрсдөд нь учирч болох бүхий л нөхцлийг тооцоолдог. Хэрэв баг нь хөгжөөн дэмжигчид маш их орилж, хашгирдаг цэнгэлдэх хүрээлэнд тоглохоор болвол “Нью Ингланд патриотс” багийн дасгалжуулагч Билл Беличик бэлтгэлийн үеэр хөгжим маш чанга дуугаргадаг байв.

Мөн бороотой өдрийн тоглолтод багийнхнаа бэлтгэхийн тулд Б.Беличик бөмбөгөө норгож байгаад бэлтгэл хийлгүүлж байснаараа алдартай. Бизнесийн салбарт байнга иймэрхүү байдлаар бодож, төсөөлөхгүй хэдий ч энэ нь огт боломжгүй зүйл биш юм. Тухайлбал, боломжит хөрөнгө оруулагчдад танилцуулга хийхийн өмнө та найзуудаа цуглуулаад, хүнд хэцүү асуулт тавихыг хүсэж болно. Хөрөнгө оруулагч уулзалтад оройтож ирэх, эсвэл урьдчилан төлөвлөснөөс хоёр дахин бага хугацаанд танилцуулгаа хийж дуусгахыг хүсэх гэх мэт нөхцлийг та бий болгож болно. Эс бөгөөс чимээ шуугиан ихтэй кофе шоп, хэт халуун уулзалтын өрөө гэх мэт амьдрал дээр тохиолдож болох орчинд ч бэлтгэлээ хийж болно. Мэргэжлийн спортын багийн скаутууд дараагийн өрсөлдөгчийнхөө давуу болон сул тал, тактикийг мэдэхийн тулд маш их судалгаа хийдэг.

Үүнийхээ дараа тэрхүү тактикийг нь сөрсөн арга, хариу мэхийг бэлтгэл дээр зохиох бөгөөд ингэснээр олж авсан мэдээллээ тоглолтод давуу тал болгон ашиглаж чаддаг. Үүнтэй адилаар, компаниуд дотоод ур чадварын сургалт хийхдээ ямарваа нөхцөл байдалд гарч болзошгүй зан авир, хариу үйлдлийн талаар ажилтнууддаа зааж сургах ёстой бөгөөд ингэснээр ажилтнууд нь илүү сайн бэлтгэгдэнэ. Гэхдээ, өмнө дурдсанчлан энэ нь бодит байдал дээр огт үр дүнд хүргэхгүй хиймэл, зохиомол байдал бий болгох эрсдэлтэй. Тиймээс спортын шилдэг багууд, од тоглогчид бэлтгэлээ улам сайн базааж, учирч болзошгүй гэнэтийн, санамсаргүй явдлыг төсөөлдөг. Эсрэг багийн довтолгооны нэг хувилбарыг багийнхандаа үзүүлэхийн оронд ухаалаг дасгалжуулагч нь их олон хувилбарыг танилцуулдаг.

Мөн тэд тоглогчдынхоо огт харж байгаагүй зүйлийг эсвэл өмнө харж байгаагүй байдлаар үзүүлэх нь ч бий. Эмнэлэг, батлан хамгаалах, онцгой байдлын салбарынхны хувьд урьдчилан тааварлахын аргагүй байдлыг дүйцүүлэн бий болгох нь тун түгээмэл сургалт юм. Тиймээс аль болох олон болзошгүй нөхцөл байдлыг төсөөлөх хэрэгтэй. Дотоод ур чадварт сайтар суралцахын тулд тэдгээрийг ээдрээтэй, таамаглах боломжгүй нөхцөлд ашиглах хэрэгтэй юм. Бодит нөхцөл байдалд учирч болох сорилтуудыг төсөөлснөөр та улам уян хатан, дасан зохицомтгой болохоос гадна хамгийн чухал, эгзэгтэй нөхцөл байдалд ч амжилт олох боломжоо нэмэгдүүлэх болно.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Энэ сард болох арга хэмжээ

Өмнөх нийтлэл

Мэдлэгийн үнэ цэн

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох