0

Физик электроник-ийн мэргэжлээр МУИС-д суралцаж байсан жирийн л нэг оюутан С.Батмөнхөд бусдын адил гадагшаа гарах боломж олдов. Англи Улс руу хөдөлсөн энэ аялал өдгөө өөрийн гэсэн долоон ресторантай монголын цор ганц “кулинари” гурван одтой тогооч “Дээмий”-г бүтээх ер бусын зорилготой байжээ. Дээмий Англид очоод өөрийн жинхэнэ дуртай зүйл нь хоол хийх байсныг  ойлгож, сонгино хэрчигчээс дэлхийн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн төрсөн өдрийн бялууг хийж өгөх хүртлээ өсөн дэвжив. Түүний ажил амьдралын түүхээр аялах энэхүү ярилцлаганд таныг урьж байна. 

– Сүүлийн үеийн ажил амьдралын сонин сайхнаас яриагаа эхлүүлэх үү? 

За тэгье. Миний бие болон манай компани маань MCS компаниас өрх тусгаарлаад одоо яг долоо дахь төслөө амжилттай хэрэгжүүлээд явж байна. Долоо дахь төсөл маань “Asiana Central”  ресторан гэдгийг хүмүүс мэдэж байгаа болов уу. Анх 2013 онд гоё орчинтой монгол үндэсний хоолоо брэнд болгох зорилготой байсан энэ төсөл дээр маань Ази тивийн томоохон төлөөлөл болох хятад, япон хоол нэмэгдсэнээр “Asiana” нэртэйгээр байгуулагдаж олон нийтийн орох дуртай ресторан болж 2 дахь салбар Central Tower-т нээгдээд ажиллаж байна. Өөр өөрийн гэсэн үндсэн хэв маягтай салбар ресторанууд маань 220 гаруй ажилчидтайгаар үйлчилгээгээ үзүүлээд ажил жигдхэн үргэлжлээд явж байна даа. 

– Ингэхэд та хоолоо хийгээд байна уу, захирал аа хийгээд байна уу ? 

Мэдээж аль алийг нь хийнэ. Миний гол чадах зүйл бол хоол хийх. Гэхдээ сүүлийн үед яг өөрийн биеэр гал тогоондоо орохгүйгээр гүйцэтгэх захирлынхаа үүргийг гүйцэтгээд чиглүүлэх ажилдаа илүү анхаарч байна. 

– Тогооч гэдэг өнцгөөс асууя. Та шинэ цэс гаргахдаа ямар арга барил ашигладаг вэ? Зарим тогооч нар цаасан дээр бичээд шинэ цэсээ гаргаад байдаг юм билээ?    

Тогооч болгоны шинэ хоол  гаргах арга барил олон янз. Зарим нь цаасан дээр боловсруулна. Миний хувьд цагаан жакетаа өмсөөд гал тогоондоо орж байж хоолоо зохиодог. Гэхдээ эхлээд тархиндаа ерөнхий зураглалаа гаргалгүй яахав. Хоол гэдэг чинь нэг талаас урлагийн бүтээл учраас онгод орохтой адил байдаг гэж би үздэг. Зарим үед гайхалтай санаа орж ирнэ зарим үед бас унтаа байдалд байна. Тиймээс өөрийгөө сэргэг байлгаж юм юм харж үзэж, уншиж, сониуч байх хэрэгтэй санагддаг. Сүүлийн нэг сар яг өөрийн биеэр гал тогоондоо орж онгод оруулсангүй (инээв). Харин шинэлэг санаа, хоолны цэсний талаар ерөнхий тогооч нартайгаа ярилцаад тэд маань өөрсдийн санал санаачилгыг хуваалцаж шинэ хоол хийж түүнээ танилцуулдаг. Олон жил хамтарч ажиллаж байгаа тогооч нар маань ёстой харцаараа ойлголцоно гэдэг шиг л намайг гал тогоонд байхгүй байсан ч яг хүссэн шинэчлэл гардаг болчихсон. Ойрд цэсний шинэчлэлт дээрээ түлхүү анхаарч ажиллаж байгаа. 

– Шинэчлэлт гэхээр улиралын шинж чанартай хоолны цэсний өөрчлөлтийг ярьж байна уу? Ер нь хоол үйлдвэрлэлийн салбарт аль улирал хамгийн их ашиг орлоготой байдаг вэ?

Шинэ улирал эхлэх болгонд үндсэн хоолны цэснээсээ гадна нэмэлт онцгой цэсүүдийг гаргадаг. Ресторанууд дээрээ ажиглаад харвал ашиг ерөнхийдөө жигдхэн. Зуны улиралд арай өндөр орлоготой байдаг. Катерингийн үйлчилгээндээ онцгой анхаардаг учраас аялал жуулчлалын үе болон зуны дэлгэр цагийн хурим найрын үеэр ажил ид өрнөдөг гэж хэлж болно. Түүнээс гадна манай салбар ресторанууд зундаа аялал жуулчлалын компаниудтай гэрээ хийдэг учраас зуны цэсээ төрөлжүүлэхэд ач холбогдол өгч, хүн хүчээ ч нэмдэг. Зуны улиралд үндсэн 220 гаран ажилчин дээрээ 70-80 хүн нэмэлтээр авна. Ер нь хоол үйлдвэрлэлийн салбар бусад салбартай харьцуулбал амрах эрхгүй салбар. 

– Аль ч салбарт хүний нөөц нь тухайн компанийн гол хөдөлгөх хүч болдог. Таны хувьд хүний нөөц менежмент дээрээ юуг анхаардаг вэ?

Манайхаас бараг өдөр бүр шинэ ажилтан авах зар тавигддаг. Рестораны салбар хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн харьцангүй ихтэй салбар. Хүнээс хүнд хүрдэг салбар учраас ажилчдынхаа хувийн ур чадварыг хөгжүүлэх зорилгоор олон төрлийн сургалтад хамруулдаг. Үйлдвэрлэл үйлчилгээний стандарт, хандлага, эрүүл ахуйн соёл, хоолтойгоо болон үйлчлүүлэгчтэй зөв боловсон харьцах, хувь хүний манлайлал, байгууллагын соёл, нийгмийн хариуцлага гэх мэт. Мөн өөрийн биеэр сардаа нэг удаа уулзалт зохион байгуулж манлайлал болон бусад ур чадварыг хөгжүүлэхэд нь чиглэл өгч, байгууллагынхаа алсын хараа, эрхэм зорилгын талаар ярилцдаг. Зөөгчөөс эхлээд ерөнхий тогооч хүртэл бүх шатны ажилчид үүнд хамрагдана. Нэг үгээр бүх ажилтандаа хөгжих, дэвших боломжийг жигд олгодог нь бидний хүний нөөцийн чиглэлдээ баримталдаг хамгийн чухал зарчим. 

Стандартаа сайн барьж, хүнээ сайн хөгжүүлсэн компани амжилттай бас тогтвортой ажилладаг.

-Та алсын хараа эрхэм зорилгын талаар дурдлаа. Энэ талаараа дэлгэрүүлээч? 

Эрхэм зорилго, алсын хараагаа таван жилийн өмнө гаргаж байсан. Алсын хараагаа тав таван жилээр төлөвлөөд түүндээ чиглэсэн үйл ажиллагааны менежментээ гаргана. 

Манай компани эрхэм зорилгоо “Олон улсын жишигт хүрсэн хоол урлаг, үйлчилгээний соёлыг таниулж, үйлчлүүлэгч бүрийн эрхэм сонголт байна”гэж тодорхойлсон.

Үйлчлүүлэгч бүрийн эрхэм сонголт байхад ажилтан бүрийн оролцоо чухал.

Манай улс хүн ам цөөнтэй учраас олон улсын жишиг ресторануудаас арай өөр бодлого баримтлах шаардлагатай болдог. Гадаад орнууд маш том зах зээлтэй учраас нэг үйлчлүүлэгч дахин орж ирэх нь маш ховор. Тиймээс тэд түргэн шуурхай байдлыг илүү чухалчилдаг. Харин манайх цөөн хүн амтай учраас бидэнд байнгын үйлчлүүлэгч чухал. Тиймээс үйлчлүүлэгч бүртээ хүндлэл үзүүлж тэдний байнгын сонголт нь байхыг хичээдэг. 

Харин алсын хараагаа “Бизнесээ тасралтгүй хөгжүүлж, салбартаа тэргүүлэгч жишиг компани болно” гэж тодорхойлсон. Энэ алсын харааг гаргаснаас хойш 70 хүнтэй байсан компани маань дөрвөн салбар бүхий долоон ресторантай болж хүний нөөцөө гурав дахин үржүүлж зорилгодоо хүрч чадсан. Салбартаа тэргүүлэгч байхад шинээр нээж буй ресторан бүрийн засал чимэглэл, хоолны цэс, үйлчилгээний өндөр соёл, өөрийн ялгаралтай байх, одоо байгаа ресторануудын чанараа алдахгүй байх гээд олон хүчин зүйлс нөлөөлдөг.

– Олон улсын жишгийг яг юугаар хэмждэг юм бэ? 

Олон улсад рестораны зэрэглэл тогтоодог нийлээд хэдэн байгуулагууд бий. Түгээмэл мэддэг Michelin Guide-с байгуулагаас олгодог “Michelin star”, World Association of Chefs Societies байгууллагаас олгодог “Culinary Star” гэх мэт. Дэлхийн тогоочдын холбооноос өгдөг дээд түвшин болох “кулинарийн гурван од”-той Монголын анхны тогооч гэдгээр маань олон нийт намайг илүү мэддэг болов уу. Энэ бол нэн тэргүүний олон улсын жишгийн хэмжүүр. Манай “Monet” ресторан бас гурван одтой.  Тэгэхээр олон улсын жишиг шалгуураа хангаж байна гэж ойлгож болно. Мөн “Asiana” ресторан маань Монголын аялал жуулчлалын салбарын шилдэг ресторанаар шалгарсан. 

Энэ шагнал, зэрэг цол нэг талаас олон улсын жишгийн баталгаа болж байдаг бол нөгөө талаас бид өөрсдөө үйлчлүүлэгчидээ үргэлж сэтгэл ханамжтай байлгахыг хичээж ажилладаг. Жишээлбэл орчин үеийн трэнд болж буй хоол унд юу байна гэдэгт мэдрэмжтэй хандаж хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хүсэл ямар чиглэлд байгааг үргэлж эрэлхийлж байдаг.

Хоолны трэнд… Энэ их сонирхол татаж байна. 

Ер нь рестораны салбар бусад бүхий салбаруудтай адил трэнд, ханлага жил бүр шинэчлэгдэж байдаг. Үүнийг л анхааралтай ажиглаж, өөрсдийгөө шинэчилж байх ёстой. Сүүлийн үед хүмүүс ресторанд нэгэн хэвийн хоол сонгохоос зайлсхийж илүү сонирхолтой амт, бүтээгдэхүүн, үйлчилгээ турших сонирхолтой болж байгаа. Үүнийг ч дагаад орчин үед трэнд болж буй ресторанууд олон үндэстний хоолуудыг хооронд нь уусгаж илүү сонирхолтой амт, үйлчилгээ үзүүлж үйлчлүүлэгчидээ татаж өөрсдийн ялгаралыг үүсгэх хандлагатай болсон. Өөрийн үндэсний хоолоо илүү сонирхолтой амт, амин дэмээр баялаг болгохоор мянга мянган тогооч нар дэлхий даяар эрэл хайгуул хийдэг болж. Бараг ямарч аргаар хамаагүй бусдаас ялгарах гэж төрөл бүрийн трэнд видео хийж дэлхий даяар өөрсдийгөө сурталчилдаг болсон. Үүний жишээг интернет ороод хайвал маш сонирхолтой олон зүйлс гарч ирнэ л дээ.

-Монголчууд маань ямар хоолонд илүү дуртай байх шиг байна ? 

Ажиглаад байхад үндэстэн бүр өөрсдийн үндэсний хоолондоо хамгийн дуртай байдаг. Мэдээж өөр улсын, өөр тивийн хоолыг амсаж үзэх хүсэл, сонирхол хүн бүрт бий. Тиймээс ч бид аль болох олон төрлийн хоолыг үйлчлүүлэгчиддээ санал болгохыг хичээдэг.

Хоолонд дурлагсад их уйдамтгай, байнга шинэ зүйл хүсч байдаг. Монголчуудын хувьд сүүлийн үед монгол хоолондоо их дуртай болж байгаа ажиглагддаг.

Монголын төрөл бүрийн ховор нандин хоолыг дэлгэрүүлэх нь бидний зорилго гэж ярилцлагын эхэнд дурдсаныг санаж байгаа байх. Банштай цай, мэхээртэй шөлөө уугаад л ядаргаагаа тайлах дуртай хүмүүс улам л нэмэгдэх болсон.  Өвөл адууны махан бургер, умс хятай, хавар яргуй идсэн ямааны махтай хуушуур гэх мэт улирлын шинж чанартай монгол үндэсний хоолыг улам илүү өргөжүүлэх чиглэлд түлхүү анхаарч байна. Товчоор хэлбэл монгол хоолоо “Сүши” шиг дэлхийд таниулах нь миний зорилго.

-Хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаад багагүй хугацаа өнгөрүүллээ. Ер нь Монголчуудын хооллох соёлд хэр өөрчлөлт ажиглагдаж байна вэ? 

Хотын соёл, хөгжлийг дагаад сүүлийн гурван жилд хэрэглэгчдийн хооллох соёлд эрс шинэчлэлт гарч байна. Миний хувьд 2007 онд Англиас ирээд Монгол дахь хоолны салбарт ажиллаж эхлэх үед зах зээл маш бага байсан. Гадуур хооллодог хүмүүс ч цөөхөн. Харин сүүлийн үед  хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө гадуур хооллох соёл дэлгэрч байна. Мөн л шинэ бүхнийг эрэлхийлж хайдаг болсон байна. Хоол үйлчилгээний чанар, стандартыг ялгаж, сонгож үйлчлүүлдэг болсон. Энэ нь салбарт нөлөөлж шинэ ресторанууд ч эрс нэмэгдэж рестораны хөгжилд эерэгээр нөлөөлж байгаа. Үүнийг л салбарынхан маань мэдэрч ажиллах нь маш чухал болсон. 

– Хоол үйлдвэрлэлийн салбарт Франчайзинг хүчтэй байна. Үүнийг хэрхэн харж байгаа вэ? 

Дотоодын хоол үйлчилгээний газруудаас гадна франчайзингаар орж ирж буй үйлчилгээнүүд өрсөлдөөнийг илүү хүчирхэгжүүлж амттай болгож байна.

Өрсөлдөх, харьцуулах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ресторан, кафенуудтай болно гэдэг дотоодын бизнес эрхлэгчдэд урагшлах хүч болно гэж эерэгээр хардаг.  Жишээлбэл Little Sheep-ээс дутахааргүй “халуун тогоо”-той байх, Tom’n Toms шиг орчин, чанартай болох өрсөлдөөнөөс өсөлт гарч ирж байна. Гаднаас франчайзинг орж ирэхээр Монголын зах зээлийг булаалаа гэж харахаас илүүтэй  цар хүрээгээ тэлж өрсөлдөх, хөгжих, “know-how” аас нь суралцах боломж гарч ирлээ гэж харах нь зүйтэй.

– Өрсөлдөөний гол зэвсэг болох маркетингаа хэрхэн хийдэг вэ? Онцгой нууц бий юу? 

Маркетингийн олон арга хэрэгслүүдийг ашиглахыг хичээдэг. Бага зардлаар олон хүнд хүрэх, трэнд, цаг үеийн байдалтай үргэлж холбоотой байх, өнгө төрх шинэлэг байх, хайрцаглагдахгүй байх, байгууллагын нэр хүндээ үргэлж анхаарч байх, нийгмийн хариуцлагатай байх гээд. Онцгой ашиглаж байгаа нууц ч гэхүү нэг зүйл нь бид өөрсдөөрөө брэнд болж сошиал хуудсаараа чиглэсэн маркетинг хэрэгжүүлж байна. Тухайлбал би өөрөө болон ресторан бүрийн ерөнхий тогооч, менежерүүд сошиал сүлжээнд идэвхтэй байж өөрсдөө өөрсийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг тухай бүрт сурталчилах нь найз нөхдөөрөө дамжуулж илүү хандалт, илүү итгэл үнэмшил төрүүлдэг гэдэгт итгэдэг. Байгууллагын маркетинг менежерээс гадна ресторан бүрт томилогдсон багууд өдөр бүр ажиллаж байдаг.

– Катеринг үйлчилгээ их эрэлттэй болж байна. Танай компанийн үйлчилгээний хэдэн хувийг “катеринг” эзэлж байна вэ? 

 Хувиар дүгнээд үзвэл катеринг үйлчилгээ 15 орчим хувийг эзлэх байх аа. Энэ чиглэлд онцгой байхад илүү анхаардаг. Энгийн, байдаг л хэв маягаас зайлсхийж ямар байдлаар катеринг үйлчилгээ хүргэвэл захиалагч талд болон үйлчлүүлэгчдэд таалагдах вэ гэдэг дээр фокусладаг гэх үү дээ. Тухайлбал өнгөрсөн жил хуриман дээр катеринг үйлчилгээ үзүүлж байхдаа ил гал дээр гахайн махаа шарж, тогооч нар хоолоо хийж буй нь хүмүүст шоу үзэж буй мэт мэдрэмж төрүүлэхүйц байхаар зохион байгуулсан. Энэ мэтээр илүү сонирхолтой байлгахыг хичээж катеринг үйлчилгээнийхээ хувийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа. 

– Нууц биш бол хамгийн өндөр орлоготой салбараа нэрлэж болох уу? 

Ерөнхийдөө жигдхэн үзүүлэлттэй байгаа. Гэхдээ Будлаа Вистагийн “Аsiana”  салбар тогтмол өсөлттэй байгаа.  “Brook” рестораны хувьд зуны улиралд маш өндөр үзүүлэлттэй байдаг бол “Sky17Bar”-ийн борлуулалт зун багасдаг. Зуны улиралд хүмүүс гадаа орчинтой ойрхон байх дуртай байдагтай холбоотой болов уу. Тоон үзүүлэлтээр нь авч үзвэл  “Аsiana” жил бүр 15 хувийн өсөлтийг үзүүлсээр байна. Манай ресторанууд борлуулалтынхаа үзүүлэлтийг хянах үүднээс гурван төрөлд хоолны цэсээ ангилчихдаг. Борлуулалтаа харж байгаад үйлчлүүлэгчдийн байнга захиалдаг цэсийг хэвээр хадгалж, борлуулалт сайтаа ч их зардалтайг нь шинэчилж, борлуулалт муутай зардал ихтэй хоолоо өөрчлөх замаар зохион байгуулалт хийдэг. 

–  Үйлчлүүлэгчдийн хэдэн хувийг гадаад үйлчлүүлэгч эзэлж байна вэ?  

Өнгөрсөн жил 15,000 гадаад хүнд үйлчилсэн байсан. Хувиар тооцвол 20% нь гадаад үйлчлүүлэгч. Үндэстнээр нь авч үзвэл дийлэнх нь хятад, япончууд. Европчууд хоолны соёлоо дагаад ази хоолноос илүүтэй пастагаа сонгоод байх шиг анзаарагддаг. Ямартай ч аль ч улсын жуулчин ирсэн манай аль нэг салбараар заавал орсон байдаг шүү. 

– Өнгөрсөн хугацаанд тулгарсан хамгийн хүнд даваа, тулгарч байсан эрсдэл юу байв? 

Бид ямар ч зүйлд тооцоо судалгаатай, болгоомжтой хандахыг хичээдэг учраас одоохондоо хэцүү нөхцөл байдалд ороогүй байгаа юм болов уу гэж харж байна. Гэхдээ хэчнээн болгоомжиллоо гээд давагдашгүй хүчин зүйл бол эдийн засгийн уналт байдаг.

2013-2016 онд эдийн засгийн уналтад ойччихгүйн тулд ашиг харахгүй ажиллаж байсан үе бий.

Ер нь бол рестораны бизнес их хэцүү. Олон ресторан нээгдээд 80-85 хувь нь эхний 1-2 жилдээ хаалгаа барьдаг гэсэн судалгаа байдаг. Ганц мундаг тогоочтой байхад л болчих юм шиг санаад ямар ч судалгаагүй, бэлтгэлгүй давхиж ороод шатчихдаг хүмүүс их. Тиймээс энэ салбарт хүч үзэх гэж байгаа бол маш сайн судалгаатай, бүх зүйл нь тодорхой байх ёстой гэж хэлмээр байна. 

– Иргэдийн дунд гадуур хооллох муу, амтлагч ихтэй дээр нь үнэтэй гэх яриа их гардаг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ? Мөн хоолны газруудын үнийн ялгааны талаар тайлбарлаач.

Амтлагчийг натурал бус, холимог, натурал амтлагч гэж гурав ангилж болно. Амтлагч хэрэглэсэн л бол тэр хоол муу гэсэн хэвшмэл ойлголттой байж болохгүй. Амтлагч бол хоолны салшгүй хэсэг. Яг судлаад үзэх юм бол хоолонд ашигладаг амтлагч бүр эмийн ургамал болон үр тариа байдаг.  Тухайн улсын соёл, заншлаас шалтгаалж төрөл бүрийн ургамлын гаралтай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хоолондоо амтлагч болгон ашигласаар ирсэн. Жишээ нь хүмүүс хятад хоол амтлагч ихтэй муу байх гэсэн ойлголттой байдаг. Гэтэл яг ордог амтлагчуудыг нь үзвэл маш олон эмийн ургамал агуулагддаг байх жишээтэй. 

Хамгийн гол нь натурал амтлагч хэрэглэж байна уу, химийн гаралтай амтлагч хэрэглэж байна уу гэдгийг ялгаж салгах нь чухал.

Үнийн хувьд гэвэл хоолны газруудад ресторан, кафе, түргэн хоолны ресторан, гээд олон төрлийн зэрэглэлүүд байдаг. Үүнээс шалтгаалж хэрэглэгчид ямар төвшиний хоол үйлчилгээ үзүүж байгаагаараа өөр өөр зардалтай байдаг л даа. Энэ нь үнийн гол ялгаа гарахад нөлөөлж байдаг. Жишээ нь гудамжны буланд байдаг буузны газар түрээс бага, 2-3 хүн ажиллах зардал хотын төвийн үнэтэй байрлалд өндөр түрээс төлж илүү мэргэжлийн олон хүн ажиллуулж, тохилог орчин, эрүүл ахуй, илүү чанартай бүтээгдэхүүн, тав тух шингээж ажиллаж байгаа зардлын ялгаа нөлөөлнө. Тэгэхээр зөвхөн тавагтай хоол биш нийт орчин, сэтгэл ханамжын ялгаа юмдаа. 

– Хоолноос өөр сонирхол бий юу? 

Миний хобби хэрээсээ хэтэрсэн гэхэд болно. (Инээв) Олон хобби бий. Найзуудаараа нэгдсэн Capital band  гэж хамтлагтай. Хамтлагтаа гитар тоглодог. Бид одоо өөрсдийн найман дуутай. Бид цомогоо гаргах төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж энэ салбарт өрсөлдөх бодол өвөрлөөгүй, бүтээлүүдээ олон нийтэд хүргэх юмсан гэсэн бодолтой л явдаг. Долоо хоногт нэг удаа хамтлагаараа бэлтгэл хийж тархиа амраах сайхан боломж. Нэг үгээр миний долоо хоногийн нэг аз жаргал юм даа. 

– Ажил амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ? 

Эхнэр бид хоёр хамт ажилладаг нь их давуу тал болдог. Бид хоёр ажлаа хуваагаад л хийчихдэг. Ресторан бүрийн засал чимэглэл эхнэрийн минь ур ухаанаар бүтсэн. Энэ сууж байгаа сандлыг хүртэл эхнэр маань сонгосон. Гэр бүлээрээ ингэж  хамтарч ажиллах нь их зөв юм байна гэж шийдээд хамтдаа ажиллаж байгаа. Үр хүүхдүүддээ аль болох тогтмол цаг гаргахад анхаардаг. Хүн цагаа төлөвлөөд сайн анзаарвал сул цаг бас хөөрхөн гардаг юм байна лээ. Тэр цаг хугацаандаа аль болох хүүхдүүдтэйгээ ойр байж, урлагт хайртай хүн болгоё, спортоор хүмүүжүүлье гээд энэ төрлийн секц дугуйланд суралцуулдаг. Тэгээд өөрсдийнхөө дурладаг зүйлээ олж түүнийгээ юунаас ч илүү сайн чаддаг байхад нь л чиглүүлж байна даа. 

– Таны цаашдын төлөвлөгөө, сурахыг хүсч буй шинэ зүйл?

Хувь хүнийхээ хувьд жинхэнэ бизнесмен болъё гэж бодож байна (инээв). Харин компанийнхаа хувьд нэг шат ахих цаг үетэй нүүр тулж байна гэж харж байгаа. Байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Тийм болохоор компанийн засаглал, хүний нөөцийн хөгжилд илүү анхаарч байна. Том компанийг соёл нь авч явдаг гэдэг үг бий. Үүнийг бодит болгохыг зорьж байна. 

– Таны хамгийн дуртай хоол юу вэ? 

Би хоолонд их дуртай хүн. Рестораныхаа бүх хоолонд дуртай. Хоол бол надад аз жаргал өгдөг. Гоё хоол хийхээс гадна хоол идэж таашаал авах нь миний хобби. 

-Залуу үеийнхэнд ямар зөвлөгөө өгөх вэ? 

Нэн түрүүнд туйлбартай, тууштай байгаарай гэж зөвлөмөөр байна. Өөрийн туршлагаас харахад дуртай юм аа л олох нь хамгийн чухал. Би  23, 24 насандаа тогооч болъё, энэ л миний дуртай зүйл юм байна гэдгийг олж мэдсэн. За тэгээд дуртай юмаа олчихвол түүнээсээ шантрахгүй байхад л бүх хүчээ зарцуулах хэрэгтэй. Түүнийхээ хажуугаар “Би юунд хүрэх вэ”, “таван жилийн дараа эсвэл 10 жилийн дараа би ямар хүн болсон байх вэ” гэдэг алсын хараагаа байнга тодорхойлж байгаарай гэж зөвлөе. 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б.Болорцэцэг

Манлайллын 5 түвшин

Өмнөх нийтлэл

Хаягдал амьдруулагч

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох