Ахмад дайчин С.Батсүх хүү Лхагвадоржийн хамт

2016 онд  ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 95 жилийн ойд зориулж “Mongolian Economy” сэтгүүл тусгай дугаар гаргасан. Энэхүү дугаартаа Халх голын тулалдаанд тулалдаж явсан монгол, орос олон ахмад дайчдын нэг С.Батсүх гуайтай уулзаж ярилцсан билээ. Тэрбээр дайрагч онгоцны нисгэгч байсан бөгөөд Халх голын дайн, Чөлөөлөх дайнд оролцож явжээ. Халх голын тулалдааны 80 жилийн ойд зориулан ахмад дайчин С.Батсүх гуайн гурван жилийн өмнөх дурсамж ярилцлагыг нэхэн хүргэж байна.

-Та цэрэгт явахаасаа өмнө улсын хэмжээнд ард иргэдийг бичиг үсэгт тайлах ажилд дайчлагдаж байсан гэл үү?
-18 настай бага ангийн багш Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдэд бичиг үсэг заахаар явж байсан нь ажил амьдралын минь анхны гараа байж. Тэгээд 1945 оны тавдугаар сард Их сургуульд орж, мэргэжлээ дээшлүүлэх санаатай Улаанбаатар хотод гэртээ ирсэн юм. Гэтэл цэрэгт дайчлагдчихсан. Их сургуулийн элсэлт хэрхэн авдгийг судлах санаатай гудамжинд явж байтал комендантын хоёр цэрэгтэй тааралдаад шууд л цэрэгт татсан.Тэр үед зарлан бүртгэл байхгүй тул эрчүүдийг тэгж л цэрэгт татахаас өөр арга байхгүй байсан л даа. Одоогийн Нарантуул захын цаахна олон жижиг цагаан байшинтай, Цагаанхуаран нэртэй газарт биднийг усанд оруулаад л шууд цэргийн ангиуд руу хуваарилсан. Гэрийнхэндээ хэл дуулгах ямар ч боломжгүй. Гар утас, холбоо харилцаа ч байхгүй. Өмссөн тэрлэг, гутлаа боож шидчихээд цэрэг хувцас өмсөөд л явсан.
-Аав, ээж нь их хайсан байх даа?
-Гэрийнхан маань намайг ихэд эрж сурсан гэсэн. Хуваарь ёсоор би Нисэхийн дивизэд очтол авга ах маань уг дивизэд алба хааж таараад аав ээжид хэл дуулгаж, тэдний минь сэтгэлийг амраасан. Сэтгэлийг нь амраах ч юу байх вэ, ямар ч байсан хаана байгааг минь мэдэж авсан ч сэтгэл нь бүр их зовж эхэлсэн л дээ. Ардын хүүхдэд ном заадаг хүү нь гэнэтхэн дайны талбарт байлдахаар болсныг сонсоод эцэг эхийн сэтгэл тайван байхгүй нь ойлгомжтой. Харин байлдагч миний сэтгэл хачин баясгалантай, зоригтой, эх орноо хамгаална, дайсныг дарна гээд л онгирчихсон явсан санагддаг.
-Дайснаа дарж, ардын баатар болно гээд л үү?
-Эх орны тусгаар тогтнолын төлөө дайнд оролцох тушаал хүлээж авна гэдэг бол эр хүний бахархдаг зүйл юм билээ. Дайсныг дарж, дархан цолоо мандуулна гээд л их баярлаж явлаа. Эр хүн эх орныхоо төлөө цэргийн албах хаах, дайнд мордох бол сайхан шүү дээ.
-Та Нисэх хүчний дивизэд алба хаасан гэсэн. Агаараас дайралт хийж, дайсантай тулалддаг байсан гэж ойлгож болох уу?
-1911 оноос Монгол Улс хэд хэдэн удаа тусгаар тогтнолоо зарлалаа. Гэхдээ манай улсын тусгаар тогтнолыг хүлээж авсан орон 1921 он хүртэл байгаагүй. 1945 оны эхээр дэлхийн II дайнд оролцож байсан улсууд Ялтад хуралдаад “Дэлхийн II дайнд 40 гаруй орон оролцлоо. Германы фашистуудын ялагдлаар төгсөх нь ойлгомжтой” гээд улс орнуудын статусын тухай ярилцсан. Энд Зөвлөлтийн удирдлага БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрөх асуудлыг оруулахад манай улсыг Алс Дорнодод Японы эсрэг дайнд оролцуул тэгвэл бид тусгаар улс хэмээн зөвшөөрнө гэсэн байдаг. Удалгүй ЗХУ-ын удирдлага Сталины тушаал гарч, Монголын морин цэргийн дөрвөн дивиз, их бууны, хуягт танк болон холбооны хороо, нисэх дивиз, сайн дурын морьт отрядын ангиудыг 1945 оны Халхын голын дайнд оруулсан юм.
Тэр үед би Нисэх дивизэд цэргийн алба хааж байсан тул хамрагдсан. Манай дивиз Шувуун фабрикт байрладаг, дайрагч, сөнөөгч, бөмбөгдөгч гэсэн гурван төрлийн онгоцтой. Сөнөөгч нь онгоцыг агаарт сөнөөх, дайрагч нь явган цэргийн хүчийг агаараас бөмбөгдөж, бууддаг. Би дайрагч онгоцны буудагч учраас нисгэгчийн яг ард сууна. 150 сумтай пулемёт бол миний гол зэвсэг. Нисэх хүчин бол шатахуун их хэрэглэнэ, тусгай буух газар олно, зэвсэг агуулах урьдчилан бэлтгэнэ, зэвсгээ зөөнө. Онгоц нисэж байхдаа хурдан ч хөөрч буухдаа удаан, цаг авдаг. Тэгвэл морин цэргийнхэн шинелиэ өмслөө, буугаа үүрлээ, мориндоо мордоод л давхичихна. Цаг авахгүй, хурдан. Дайн байлдааны нөхцөлд хурдан шаламгай хөдөлгөөн чухал. Тиймээс нисэхийнхэн дайнд тоотой ордог нь ийм учиртай. Гэхдээ л дайн бол дайн шүү дээ.

С.Батсүх Их ялалтын 70 жилийн ойн хүрээнд В.И.Путины зарлигаар Хүндэтгэлийн медалиар шагнуулав.

-Та дайны талбарт хэр их айж байсан бол?
-Дайрагч онгоцондоо суугаад хөөрөх үед л их айж буйгаа мэдэрсэн. Дайснаа дарна гэсэн нөгөө 20 настай залуугийн онгироо, бардам сэтгэл тэр үед ул мөргүй алга болно. Газарт байхдаа ч буугаа үүрч, шинелиэ өмссөөд дайснуудыг хиар цохино гээд л онгирно шүү дээ.
-Тэгвэл баяртай мөч юу байв?
-Дайн дуусах. 1945 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улсыг тусгаар тогтносон улс болохыг зөвшөөрч байгаа эсэх тухай бүх нийтийн санал асуулга бол­сон. Би тусгаар тогтносон монгол орны иргэн мөн гэж гарын үсэг зурах шиг сайхан зүйл байхгүй. Сэтгэл уужирч, нэг л бардам болно.
1945 онд дайнд дууссан. Дараа жил нь би Зөвлөлт рүү Москвагийн Агаарын цэргийн холбооны сургуульд гурван жил сурахаар явсан юм. Нөгөө Их сургуульд орох асуудал ингээд өнгөрч билээ. 1952 онд цэргээс халагдсан. Үндсэн хуульд “Онцгой тохиолдолд дайны үед төр иргэний эрхийг хязгаарлана. Хязгаарласан эрхээ нөхөн сэргээнэ” гэж бисэн байдаг.
Дайны үед нүүх суух, үг хэлэх, шүүмжлэх зэргийг хязгаарлана. Бүх л зүйл дайны байдалтай байна. Дайны үед сайн дурын морьт отрядынхан гэж 17-18 настай цэргийн насанд хүрээгүй залуус хоёр морьтойгоор дайнд дайчлагдаж, энгийн хувцсыг нь хил дээр цэргийнхээр солиод л Өвөр Монголын хил рүү оруулна. Залуус хамгийн сайн, шилдэг морьдоо унаад л эх орноо хамгаалахаар явна. Эх орныхоо төлөө бүх л зүйлээ зориулах ёстой гэсэн сэтгэл монгол эр хүн бүрт баттай байсан. Үүгээрээ бид бахархдаг.
-Өнөөдрийн өндөрлөгөөс харахад танд юу бодогддог вэ? Манай хөрш орнууд дэлхийн II дайн ба чөлөөлөх дайны ойг маш сүртэй тэмдэглэдэг.
-Ойг тэмдэглэх нь залуу үеийг эх оронч үзэлтэй, нэгдмэл болгоход маш их тустай. Мөн олон улсын харилцаанд гарч буй зарим нэг асуудлыг номхтгоход зориулж ойг өндөр хэмжээнд тэмдэглэж байна гэж би ойлгодог. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахих үзэл баримтлах ч эх орноо хамгаалах зэвсэгт хүчинтэй байх тухай бичсэн байна билээ. Цэрэг, эх оронч үзлийн тухай байнга ярьж байх нь маш их ач холбогдолтой.
-Эх орон гэж таныхаар ямар ойлголтыг хэлэх бол?
-Төрсөн эх орон, нутаг ус минь. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нэгэн ярилцлагадаа “Мөнгөнд эх орон гэж байдаггүй” хэмээн Наполеоны хэлсэн үгийг иш татсан байсан. Мөнгөтэй хүмүүс эх оронч биш байдаг тул мөнгөтэй хүмүүсийг төрд бүү ойртуул. Манай төрд ихэнхдээ мөнгө хөрөнгөтэй хүмүүс байна гэсэн утгаар жишээлсэн байна билээ. Үүнтэй санал нэг байна. Эх орон бол мөнгө төгрөгөөр бус үзэл бодлоор хэмжигддэг зүйл гэж би ойлгодог.
Х. Саранзаяа

Атрын 60 жил: Органик үйлдвэрлэл айсуй

Өмнөх нийтлэл

Марк Эйнштейн: Бусдаас хурдан суралцсанаар би тэдэнд зөвлөж чаддаг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style