EntrepreneurТоп нийтлэл

С.Түмэнгэрэл: Бизнес эрхлэгчдэд мэдрэмж чухал

0

“Өгөөж Чихэр боов” компанийн захирал С.Түмэнгэрэл 1990-ээд онд бизнест хөл тавьсан, зах зээлийн шилжилтийн хүнд он жилүүдэд “Өгөөж чихэр боов” компанийг худалдан авснаар тэрбээр жижиг, дунд үйлдвэрлэлтэй холбогдож, бизнесийн зовлон бэрхшээл, жаргал дундуур явж, амжилтыг бүтээн өнөөг хүрсэн бизнесмэн. Тэрбээр өнгөрсөн жил Монгол телевизээс зохион байгуулсан Шарк Танк нэвтрүүлгийн анхны таван Шаркийн нэг болсон юм.

Та Шарк танк нэвтрүүлэгт орсноор танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Энэ нэвтрүүлгийн анхны таван шарк танкийн нэг болсондоо баяртай байдаг. Мөн өөрийгөө азтай гэж боддог. Учир нь насаараа хийсэн ажлаа, амжилтаа бусадтай хуваалцах боломж олгосон. Бизнес эрхлэхээр хүсч буй хүмүүст өөрийн туршлага мэдлэгээсээ зөвлөлөө. Гол ололт нь дөнгөж бизнес эхэлж буй хүмүүсийг зөв чиглүүлж өгөхөд орших төдийгүй, сурган мэдүүлэх, таниулах, эдийн засаг, санхүүгийн боломжийг нээж өгөх зэрэг өргөн хүрээтэй нэвтрүүлэг болсон. Бүгд л анхных байсан. Банкнаас авч чадахгүй санхүүгийн эх үүсвэрээ шууд авах нь бизнес эрхлэгчдэд олдошгүй том боломж. Өөрийгөө зөв таниулж, ойлгуулж, хүсэл мөрөөдлөө зөв илэрхийлэх ёстой. Нөгөө талдаа насаараа бизнес эрхэлж, амжилт бүтээсэн бизнесмэнүүдийн зөвлөгөөг сонсож, туршлагыг хамтдаа аваад явчихна гэдэг нь маш чухал юм. Санхүүжилт аваагүй ч санаж бодсон бизнесээ оролдоод үзсэн, юун дээр алдаж оносноо, цааш бизнес эрхлэх нь зөв үү гэдгээ ч олоод мэдээд гарах гэх мэт олон талын ач холбогдолтой.

Оролцогчдын хувьд ямар хүмүүс байсан бэ. Алдаа онооны талд юу хэлэх вэ?

Ихэнх нь бизнесээ дөнгөж эхэлж буй хүмүүс байсан. Сайхан санаатай, гэгээлэг мөрөөдөлтэй. Хамгийн том алдаа нь бүгд л бизнесийн тооцоогоо муу хийсэн байсан. Бизнес одоо өөр болсон. Хуучны цээжний пянгаар, сургаар, төсөөллөөр явахаа больсон. Бид зах зээлийн нийгэмд орж ирээд 20 гаруй жил боллоо. Бизнес өөр зарчмаар явах ёстой гэдгээ ойлгочихсон шүү дээ. Хоёрт, өрсөлдөгчөө мартсан байсан. Мөн хэн нэгэнтэй нийлж, хувьцаагаа зарж, хамтарч бизнес эрхлэх нь гэр бүл болж буйтай адил гэдгээ ойлгоогүй орж ирсэн. Шаркуудад хувьцаагаа зарж, санхүүжилт босгочихоод тэр хөрөнгө оруулалтаа хэрхэн, хэзээ, яаж нөхөх гэдгээ ойлгоогүй. Хүний мөнгийг авч байгаа гэдгээ сайтар бодох ёстой. Түүнээс бид буяны шугамаар хүмүүст мөнгө өгөх гэж тэр нэвтрүүлэгт ороогүй. Улстөрчид шиг намайг сонгоорой гээд мөнгө өгөхгүй. Мөнгөө хийнэ гэдэг чинь хамтдаа бизнес хийгээд ашиг олъё, хамтдаа амжилт гаргая гэсэн нэг зорилготой. Олон жил бизнесийн хатуу ширүүн нөхцөл дундуур явсан хүмүүс мөнгөө зүгээр өгөхийг боддоггүй юм аа. Оролцогчид, үзэгчид ч тэр эд нар баян, баяжсан хүмүүс, өгөх ёстой гэсэн бодолтой байсан. Уг нь бол надад ийм санаа, ийм боломж байна, энэ санаагаа цаасан дээр ингэж буулгасан. Тооцоолол ийм байна.Одоо та бүхэн дэмжээд өгвөл би ийм амжилтад хүрнэ гэсэн судалгаа тооцоогоо тодруулж өгөх ёстой.Та чиглүүлээд өг, би зүтгэе гэдэг зарчим стартапуудад үйлчлэх ёстой. Хөрөнгө оруулагчид ашигтай байх ёстой. Харилцан хожих зарчим үйлчлэх ёстой.

 

Та уг нь энэ санааныхаа үүднээс оролцогчдод нэлээд хатуу хандаж байсан байх л даа. Гэтэл үзэгч түмэнд та харамч, хахир хатуу хүн мэтээр буусан.

Хүмүүс энэ нэвтрүүлгийн гол зорилгыг сайтар ойлгоогүй. Би нэвтрүүлгийнхээ зарчмыг л барьсан. Шарк Танк гэдэг чинь үнэхээр бодьтой, судалгаатай ашигтай бизнесийг нь авах л асуудал. Манай улсад анх удаа зохион байгуулагдаж буй болохоор их зөөлөн явсан. Бусад оронд маш хатуу. Жижиг бизнес эрхлэгчийн санаа үнэхээр сайн бол тухайн компанийн 70 хувийг авна гэж л дайрдаг. Манайхан шиг 20-30 хувь гэхгүй. Хөөрхийлж эвийлэхгүй. Шарк нь махчин загасны нэр. Жижиг загасаа идэх гэсэн үг. Түүнээс ивээн тэтгэгч олох тухай биш юм. Шаркуудтай харилцан үзэлцэх ёстой. Энэ утгыг гаргах гэж би нэлээд чанга хандсан. Гэтэл хүмүүс намайг харамч, мөнгө өгдөггүй, мөнгөгүй гэж ярьсан. Хүмүүсийн юу ярих нь сонин биш. Хамгийн гол нь бизнес хийх тийм амар биш ээ, мөнгө амар байдлаар олддоггүй юм, хүний сэтгэл, итгэлийг зөв татаж байж, тэмцэл дунд бизнес явдаг гэдгийг ойлгуулахыг хүссэн. Тэр зарчим дээрээ зогсож нэвтрүүлгийг дуусгасан.

Та хоёр ч бизнест хөрөнгө оруулсан байх аа. Одоо тэр бизнесүүд ямар байгаа вэ?

Нэг нь шоу гэдэг үүднээс ганц шарк биш, бүгдээ хамтраад ордог юм байна гэсэн санааг гаргах үүдэээс таван Шарк эвхдэг гараашийн бизнест хөрөнгө оруулсан /Business.mn сэтгүүлийн №4 дугаараас “Амар Асар” компанийн тухай уншаарай/. Хоёрт, Арви дэлгүүр. Арви дэлгүүрийн ажил өнөөдөр маш сайн байгаа. Эргэлтийн хөрөнгө дутаж байсан учраас нэвтрүүлэгт орж, мөнгө босгоод гарсан. Нэвтрүүлэгт орсноороо бизнес нь маш их өргөжсөн. Хүмүүс олноороо очиж гишүүн нь болсон байна лээ. Дэлгүүрийн бизнес эрхлэгчид өөрсдөө зөв хүмүүс байсан. Нэвтрүүлгийн дараа тэд бидэн рүү утасдаж би буруу шийдвэр гаргасан байна, хувиа худалдмааргүй байна гэсэн. Бизнест ийм зүйл байдаг л шүү дээ. Анхны юм алдаа оноотой байдаг. Хүн өөрөө би алдаагаа ойлголоо гэж байхад би авна гэж зүтгэх утгагүй биз дээ. Эвхдэг гараашийн бизнес мөн л сайн явж байгаа. Бид тавуулаа хөрөнгө оруулалт хийсэн. Би өгөх ёстой мөнгөө өгсөн. Миний хувьд бизнесд нь биш хүнд нь хөрөнгө оруулсан. Сэтгэгдэл төрүүлж чадсан учраас гэж би нэвтрүүлгийн үеэр ч хэлсэн. “Би хэлсэндээ хүрдэг эр хүн” гэж оролцогч хэлсэн нь хүмүүст ч, надад ч сэтгэгдэл төрүүлсэн. Бизнес хүн дээр явдаг. Өөртөө итгэлтэй байдал, хүний итгэлийг дааж явна гэсэн бодол, хүсэл эрмэлзэл, илэрхийлэл нь таалагдсан. Зөв хүндээ хөрөнгө оруулсан байна лээ. Энэ нэвтрүүлэг бол баялаг бүтээх, бизнес хийх, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд амар биш байдаг гэдгийг бодитоор харуулсан. Нийгэмд баялаг бүтээсэн, сайн муугаараа хэлүүлсэн, баян тарганаараа дуудуулаад л, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж яваа шаркууд ордог. Олон олон хүнд сэдэл санаа, урам зориг, өөрийгөө цэгнэх, бизнес хийх бодлыг нь зоригжуулсан, эсвэл бизнес миний хийх ажил биш юм байна гэсэн бодлыг төрүүлсэн, итгэл үнэмшил өгсөн нэвтрүүлэг.

Бизнес хийх тийм амар биш ээ. Мөнгө амар байдлаар олддоггүй юм. Хүний сэтгэл, итгэлийг зөв татаж байж, тэмцэл дунд бизнес явдаг гэдгийг ойлгуулахыг хүссэн. 

Та саяхан компанийнхаа 15 ажилтандаа байр өгсөн мэдээлэл таны харамч хахир гэсэн олон нийтийн сэтгэгдэл эсрэгээр болж Тан шиг сайн захирал байхгүй болчихсон?

Хувь хүний зарчим маань энэ. Хэнд, хэзээ, хаана, ямар хөрөнгө оруулалт оруулах вэ гэдэг өөр асуудал. Хүнд л хөрөнгө оруулах ёстой гэж боддог. Энэ бодлынхоо үүднээс хүнд хөрөнгө оруулсан. 2,5 тэрбум төгрөгийн байр хүмүүсдээ өгсөн. Гэхдээ энэ бол бизнесмэнүүдийн хийх ёстой ажил. Боломж бололцоо байвал зориг гаргаад ажилтнууддаа хөрөнгө оруулалт хийх ёстой. Үнэхээр сэтгэл гаргаж, сайн ажиллаж буй хүмүүсээ дэмжих ёстой. Ирээдүйтэй, хөгжих боломжтой, ашиг өгөх боломжтой зүйлд хөрөнгө оруулна. Та тэдгээр ажилтнуудынхаа нүднээс юу олж харсан бэ? Хүн баярлуулах ямар гоё юм бэ л гэж бодсон. Тэр хүмүүсийн “баярлалаа” гэх үг, нүдийг харах гоё. Үг хэлэхгүй ч нүднээс нь унших мэдрэмж. Сайхан энерги авсан. Би зөв зүйл хийж байгаагаа ойлгосон.
Дэлхий, технологи, өөрчлөлт асар хурдан явагдаж байна. Бизнес эрхлэгчид энэ хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй болж байна. Та юу хэлмээр байна вэ? Өөрчлөлт асар хурдан явагдаж байна. Амьдралын, нийгмийн, технологийн, бизнесийн хурд дийлдэхгүй болж байна. Цаг минутаар хурдтай өөрчлөгдөж байна. Хуучин аж үйлдвэрийн хувьсгал гэж яригдаж байсан бол одоо техник технологи, дижитал эриний хувьсгал явагдаад ирлээ. Технологийн хувьсгалыг анзаарахгүй жаахан өнгөрөхөд л хоцрогдоод ирнэ. Аж үйлдвэрийн хувьсгалын үеэр шугаман байдлаар өсөлт явагддаг, бүтээгдэхүүний тоо нэмэгдээд, үйлдвэрийн багаж өөр болоод. Багажны хувьсгал болж байсан. Одоо бол оюун санааны хувьсгал явагдаж байна. Хоцрох л юм бол гүйцэхгүй. Өсөлт нь геометрийн прогрессоор явагддаг. Огцом үсрээд л хоёр дахин, хоёр дахин, арав дахин гээд л үржээд явчихаж байгаа юм. Энэ байдалтай яаж хөл нийлүүлэн алхах вэ гэдгээ бодож, өдөр бүр боломжоо харж бай. Юун хүн бэ болж ирлээ шүү дээ.

Хиймэл оюун ухаан, дроны технологи, бизнесийн шинэ платморууд гараад ирлээ. Аж үйлдвэрийн хувьсгалын үед 200-300 жилд хийж байсан баялгийг өнөөдөр 2-3 жилд хийчихэж байна. Оюун санааны хувьсгалыг анзаарч ойлгох хэрэгтэй. Дэлхий дээр Uber гэдэг компани нэг ч машингүй.Тэгсэн мөртлөө дэлхийн хамгийн том таксины компани болчихсон. Airbr онгоцны компани нэг ширхэг онгоцгүй, одоо трэнд компани болж байна. Ганц зочид буудалгүй компани дэлхийн бүх зочид буудлыг атгачихсан байх жишээтэй. Цаашдаа хиймэл оюун ухаан дийлдэхээ болино. Эмчийн хэрэггүй болох нь байна. Роботоор мэс засал хийгээд эхэллээ. Ямар ч алдаа мадаггүй. Хүнээс илүү болчихлоо. Учир нь хүний мэдээллийг боловсруулах хурд бага юм байна. Роботууд хиймэл оюун ухаан бидний энэ фээсбүүк, твиттерт бичээд байгаа мэдээллийг авангуут нэг секундын дотор боловсруулаад хамгийн зөв өгөгдлийг гаргаад ирж байна. Тэдэнд юу дутаж байна гэхээр хүний мэдрэмж. Бид тэднээс мэдрэмжээр л давуу байна. Роботыг иргэн болгоод бүртгэчихлээ. Саудын Арабт нэг роботыг иргэн гээд бүртгэчихсэн. Хүн төрөлхтөн бидэнд байгаа ганц юм сэтгэл л болчихоод байна. Энэ бүхнийг анзаарч бизнесээ эхлэх, цаашдынхаа стратегидаа оруулах хэрэгтэй. Энэ бүхнийг анзаарахгүй бол бизнес байхгүй болно. Бизес эрхлэгчдэд мэдрэмж чухал. Бизнес эрхлэгч зөв хүмүүсээс, зөв эх сурвалжаас мэдээ мэдээллээ авдаг байх хэрэгтэй.

Ажилтайгаа танилцсаныхаа дараа компаниа яаж авч явах уу, түүхий эдийг яаж олох уу, яаж өр ширийг дарах уу гээд бөөн асуудал угтсан. 

Танай компани дэлхийн шинэ технологи, хөгжилтэй хэрхэн хөл нийлүүлж алхахад анхаарч байна вэ?

Хичээж байна. Би гэхээс илүү манай хамт олон баг, залуус ажиллаж байна. Би чинь гадуур, дотуур явдаг ажилтай болсон. Хорвоо дэлхийтэй танилцах аялал их хийж байна. Дэлхийн хөгжлийн чиг хандлага хаашаа явж байна, техник технологийн хөгжлийг бусад улсад хэрхэн нэвтрүүлж ашиглаж байна гэдгийг харж улсдаа, компанидаа, өөртөө нэвтрүүлэхийг судалж байна. Чадал боломж бололцооныхоо хирээр юм бүтээх гэж оролдлоо, хичээлээ. Бидний үед одооных шиг ном сонин байсан биш. Энэ бизнес рүү юу ч мэдэхгүйгээр харанхуйгаар үсрээд л орчихсон улсууд. Өөрсдийн мэдрэмж, зүтгэлээрээ Өгөөж компанийг өдий зэрэгтэй авч яваад одоо залуусд хүлээлгэж өгөх процесс явагдаж байна. Захирлаар манай охин ажиллаж байна. Миний хажууд илүү байна, илүү байна. Дэлхийн сургуульд сураад, ном сонинг нь уншиж судлаад, дэлхийн хэлээр нь чөлөөтэй яриад ирсэн хүмүүс өөр юм байна. Дэлхийн түвшинд хүмүүстэй харилцдаг болсон байна.
Таны мэргэжил холбооны инженер. Яаж яваад Өгөөж компанийг авчихсан юм бэ? Бидний хэдэн залуус тухайн үедээ гурил будааны наймаа хийдэг. “Өгөөж чихэр боов” компанид бид түүхий эд материалыг нь нийлүүлдэг. Мөнгөө авах гэж их удна. Түүхий эдээ аваад бүтээгдэхүүн болгоод худалдаад бидэнд мөнгө гаргаж өгөх хүртэл нэлээд чанга юм болно. Тэгээд энэ компанийг худалдаад авчихвал эргэлт хурдсаад мөнгөө хурдан авах юм болов уу гэдэг үүднээс л хандсан. Түүнээс хүнсчин болъё, компанитай болоод баяжъе гэсэн юм огт бодоогүй. Гэтэл бидний бодсоноос шал өөр орчин угтсан. Бизнес гэхээс илүүтэй ажилтнуудын итгэл, үнэмшил, 250 гаруй хүмүүсийг яаж ажил төрөлтэй амьдралтай байлгах вэ гэсэн асуудалтай нүүр тулсан. Нэг сарын дараагаас ойлгож эхэлж байгаа юм. Ажилтайгаа танилцаад, үйлдвэрээр ороод, ажилтнуудаа сонсоод ирсэн чинь өөр зүйл рүү орчихсоноо ухаарсан. Өнөөгийн залуус маркетинг, менежент бизнесийн удирдлагаар сурлаа гэж байна. Харьцуулбал инээдэмтэй байгаа биз. Хариуцлага гэдэг хамгийн чухал болохыг биеэр мэдэрч эхэлсэн дээ. Ажилтайгаа танилцсаныхаа дараа компаниа яаж авч явах уу, түүхий эдийг яаж олох уу, яаж өр ширийг дарах уу гээд бөөн асуудал угтсан. Тэр үед асуудалгүй байгуулллага, хүн байгаагүй. Нийгэм даяараа дампууралд орчихсон үе байсан.

Энэ үеийн бизнесмэнүүд үнэхээр сайн муу зүйлд чанагдсан, ган болчихсон хүмүүс гэж хардаг. Одоо бол улс орны хөгжилд үүргээ гүйцэтгэсэн, бизнесээ тогтворжуулсан, 20 гаруй жилийн түүхтэй жинхэнэ шаркууд болсон байна?

Тийм шүү. Нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжих шилжилтийг маш зоригтойгоор туулсан, давсан, хөдөлмөрч уйгагүй хүмүүс гэж боддог. Өнөөдрийн бизнес хийх гээд янз бүрийн гомдол ярьж байгаа асуудал үнэндээ юу ч биш. Тэр үед бид амь нас, гэр бүл, бүх зүйлээрээ дэнчин тавьж бизнес хийсэн хүмүүс. Хөнжилдөө орох завгүй гэдэг шиг өдөр шөнөгүй ажилласан. Хятад, Оросын хооронд явж бизнес хийнэ. Орос замбараагүй байсан үе. Дурын цагдаа зогсоогоод буудчихдаг үе байсан. Өнөөгийн залуус үүнийг мэдэхгүй, үзээгүй. Бидний буруу байх. Ямар нийгэмд яаж бизнес хийж ирснээ хэлж ярьдаггүйтэй холбоотой. Ажлаа л хийгээд явдаг. Би бол бизнесмэнийг бурхнаас өгдөг өгөгдөл гэж боддог. Үгүй байсан сан бол дэлхийн долоон тэрбум хүн бизнес хийж болно шүү дээ. Санасан бүхэн бизнес хийж чадахгүй. Би хэн бэ гэдгээ мэдрэх ёстой. Тэр чадаж байхад би чадна гэж хандахдаа анхаарах хэрэгтэй. Бурхнаас заяагдсан улс байна, салбар бүрт. Дуучид, спортынхон байна. Харин тэр хүмүүсээ зөв дэмжээд, хөгжүүлээд явах хэрэгтэй юм. Гэтэл манай нийгэм амжилт гаргаад явж байгаа хүмүүс рүүгээ илүүтэй дайрч, давшлаад байх юм даа. Зах зээлийн нийгэмд шилжих гараан дээр бид бүгдэд адилхан боломж байсан. Хэн илүү сэтгэж, хэн илүү хөдөлмөрлөсөн нь өнөөгийн амжилтад хүрсэн. Тэднээс сурах суралцах зүйл их шүү.

Та юунаас урам зориг авдаг вэ?

Олон зүйлээс. Урам зориг авахгүйгээр явахгүй шүү дээ. Тухайлбал, фитнест гуч суниадаг байснаа гучин нэг суниахад кайф авна. Сайхан хүнтэй уулзаж сайхан ярилцах, сайхан мэдээ сонсоход сайхан биз дээ. Монголчуудыгаа дэлхийн уралдаан тэмцээнээс шагнал авахаар баярлах юм. Нас яваад нулимс ойрхон болж. Ажил дээрээ орж ирээд өглөөний шинэ бүтээгдэхүүнээ амсаад амттай байвал баярлана. Өглөө босоод гэргийгээ гоё цай хийж өгөхөөр баярлана.

Таны хамгийн том алдаа юу байсан бэ. Алдааны талаар ярьвал?

Алдана ш дээ. Алдаж байж л бизнес урагшилна. Одоо хүртэл би алдсаар л байна. Энэ амьдрал өөрөө алдаа оноотой явдаг хорвоо.

Таны бизнесийн зарчим юу вэ?

Бизнес эрхлэгч хүн зарчимтай байх ёстой. Зарчмаа бариад явахад алахгүй гэж боддог. Шударга, зөв байхыг хичээдэг.

Ярилцсанд баярлалаа.

 

 

Х. Саранзаяа

Эдийн засагч Н.Энхбаяр Арилжааны банкуудын ирээдүйн талаар

Өмнөх нийтлэл

Хүнсний бүтээгдэхүүндээ хэрэглэгчдийг татах дараагийн алхам юу вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur