Life styleТоп нийтлэл

Технологийн там буюу Өвөр Монголын Бугат хот

0

Бидний ухаалаг утас барих шунал, “ногоон” технологи ашигладаг гэж энхийн цагаан тагтаа болох гэсэн хүсэл Өвөр Монголын бөглүү хязгаарт амьд амьтан ойртохын аргагүй хорт нуур үүсгэжээ. Аймшгийн нуурын эргээс ВВС-гийн сурвалжлагч доорх материалыг бэлджээ. 

Зогссон газраас маань эхлээд тэнгэрийн хаяа хүртэлх өргөн талд хотын дайтай аж үйлдвэрийн цогцолбор байрлажээ. Энэ бол Хятадын “Баоган” корпорацийн ховор метал, ган үйлдвэрлэгч комбинат. Тоолоод барахгүй хөргөгч цамхаг, яндангууд нь үхмэл саарал өнгөтэй тэнгэр лүү сэрийлдэнэ. Комбинат бид хоёрын хооронд өтгөн гэгчийн лагаар дүүрсэн хорт хиймэл нуур тэлэн тогтсон нь хараанд үл багтана.

Үхмэл нуурын эргээр могой адил мушгирсан олон арван хоолойноос ойролцоох боловсруулах үйлдвэрүүдээс цугларсан химийн хорт хаягдал энэ нуур луу яг л бөөлжис адил цутгана. Хүхрийн эхүүн үнэр, төмөр хоолойнуудын жихүүдэс төрүүлэм дуу чимээ дотроос минь базлах шиг болж, яг л тамд ирсэн мэт надад санагдав.

Судалгаануудад бичсэнээр Бугатаас хойд зүгт оршдог Баян Овоогийн уурхайд дэлхий дээр нөөц нь тогтоогдсон ховор металлын 70 хувь нь агуулагддаг аж.

Энэ бол Хятадын умардад байдаг автономат район Өвөр Монголын хамгийн том аж үйлдвэрийн хот Бугат юм. Би архитектор, дизайнер зэрэг уран бүтээлч мэргэжилтэй хэсэг хүмүүсийн хамт явсаар энд ирсэн юм. Бид олон улсын ложистикийн сүлжээний дагуу, Хятадад үйлдвэрлэсэн өргөн хэрэглээний бараанууд газраар болон далайгаар дамжин дэлгүүрийн лангуунд ирдэг тэр л маршрутын эсрэг чиглэлд аялсан юм. Бугат хот гурван долоо хоног үргэлжилсэн аяллын маань эцсийн зогсоол болов.

Эндхийн уурхайнууд, үйлдвэрүүд бол орчин үеийн хүн төрөлхтний амьдралын эрэг шураг, хөтлөгч араануудыг эргүүлдэг гол хүчин зүйл юм. Энд дэлхийн ховор металлын хамгийн том нийлүүлэгч байдаг. Ховор металлыг салхин сэнсний соронзон, цахилгаан машины хөдөлгүүрээс эхлээд ухаалаг утас, телевизор гээд маш олон зүйлд ашигладаг.

2009 онд Хятад улс дэлхийн ховор металлын хэрэгцээний 95 хувийг нийлүүлжээ. Судалгаануудад бичсэнээр Бугатаас хойд зүгт оршдог Баян Овоогийн уурхайд дэлхий дээр нөөц нь тогтоогдсон ховор металлын 70 хувь нь агуулагддаг аж. Гэхдээ энэ монополь ямар золиос шаарддагийг бид олж мэдсэн юм.

Ховор металл буюу амжилтын түлхүүр

Хятад улсын эдийн засаг сүүлийн үед огцом тэлж, гүнзгий өөрчлөлт орсоны гол хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй газрын ховор элемент юм. Бугатад очсон хүн энэхүү өсөлт нь тус хотыг хэрхэн үндсээр нь өөрчилж буйг өөрийн нүдээр харна.

1950 онд, ховор металлыг өргөн хүрээнд олборлож эхлэхээс өмнө Бугат хотын хүн ам 97 мянга байжээ. Харин өнөөдөр 2.5 сая хүн амьдарч байна. Хүн амын огцом өсөлтийн гол шалтгаан нь мэдээж ашигт малтмал. Ийнхүү Бугат нь капитализмаас бий болсон “гэгээлэг шинэ ертөнц” болон хотын гудамжинд ул мөр нь үлдсэн коммунизмын үй гүйцэлдэх үзлийн бүдэг дурсамж хоёрын хоорондох зүйл болж хувирчээ.

Барууны үнэтэй брэндүүдийг сурталчилсан рекламын самбарууд хувьсгалт суртал ухуулгыг илэрхийлсэн аварга байгууламжтай зэрэгцэн байрлаж, Америкийн супер модель, Мао дарга хоёр өөд өөдөөсөө ширтэлцэнэ. Үдэш болоход ховор металлаар шилийг нь будсан өнгө өнгийн дэнлүү асч хотын гудмыг зөгнөлт киноны өгүүлэмжтэй төстэй болгоно. Төв гудамжны залгаа гудамжууд баар ресторан, зуушны газруудаас бөөн бөөнөөрөө гарч ирэх согтуу хөлчүү хүмүүсээр дүүрнэ.

Хэдийгээр эндээс аймшигт нуур харагдахгүй байгаа ч ховор элементийн үйлдвэрийн байгальд үзүүлж буй хорт нөлөө хотын гудамжнуудаас тов тод мэдрэгдэнэ. Заримдаа “Баоган” комбинат хаана дуусч, хаанаас хот эхэлж байгааг ялгаж таних боломжгүй. Аварга хоолойнууд газрын хөрснөөс цойлон гарч замын хажуугаар үргэлжилнэ. Заримдаа гүүр шиг бүхэл бүтэн гудамжны дээгүүр сунайна. Бугат хот өргөн гудамжтай байдаг нь энгийн машины дэргэд үлэмж биетэн шиг харагдах дизель хөдөлгүүрт аварга ачааны машинууд явахад зориулжээ.

Борооны дараа энэ аваргууд намаг шиг болсон замаар явж өнгөрөхөд дугуйных нь мөрөөр нүүрсний тоосноос болж харласан бяцхан горхинууд үлдэнэ. Удалгүй замын хажуугаар эцэс төгсгөлгүй дараалал үүсгэж Бугатын олон цахилгаан станцийн нэгнийх нь хашаа руу ачаагаа буулгахаар хүлээнэ. Эндхийн цахилгаан станциуд нүүрсээр ажиллах бөгөөд бараг хаяа нийлүүлэн шинэ орон сууцны байрнууд барьжээ.

Хаашаа л харна дутуу барилга нүдэнд тусна. Яаруу барьсан олон түвшинт авто зогсоолуудын хоорондуур үйлдвэрийн яндангууд сэрийлдэж, дөрвөн зүг найман зовхисийг цахилгаан шугам хэржээ. Агаар тэр чигтээ хүхрийн муухай үнэрээр дүүрсэн байв. Америк, Европ аж үйлдвэрийн ийм дүр төрхийг аль хэдийнэ мартсан. Нэгэн цагт Детройт, эсвэл Шеффилдийн зарим район ингэж харагддаг  байв.

Аниргүй үйлдвэр

Хамгийн түрүүнд бид цери хэмээх ховор элементийг голдуу үйлдвэрлэдэг заводад очсон юм. Цери гэх бодисыг шил будах, дотоод шаталтын хөдөлгүүрийн хорт утааг хувиргагч систем гээд маш олон чиглэлд арилжааны зорилгоор ашигладаг. Биднийг үйлдвэртэй танилцуулсан хөтчийн тайлбарласнаар энд үйлдвэрлэсэн церийн ислийг ихэвчлэн ухаалаг утас, компьютерын дэлгэцийг өнгөлөхөд ашигладаг ажээ.

Үйлдвэрийн цехүүдээр явж байхад нэг зүйлийг анзаарахгүй байхын аргагүй. Төрөл бүрийн хоолой, тусгай зориулалтын сав, центрифугийн дунд хүн алга байв. Үйлдвэрт ямар ч үйлдвэрлэл явагдахгүй байв. Үйлдвэрийн том өрөөнд цуурайтах бидний дуунаас өөр ямар ч чимээ алга байлаа. Нэг үгээр үйлдвэр амарч байх шиг санагдав. Хөтчөөсөө үйлдвэр яагаад ажиллахгүй байгааг асуухад техникийн үзлэгтэй тул түр хаагдсан гэж хариулав. Гэвч үзлэг хийгдэж буй ямар ч шинж тэмдэг алга байсан юм. Засвар, цэвэрлэгээний аль ч байхгүй байв.

Газрын ховор элементийн өндөр үнийг хэвээр хадгалахын тулд церийн исэл гэх мэт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хэргээр зогсоосон байх магадлалтай аж.

Олон асуулт тавих тусам хөтөч нэг л сэжигтэй болно. Яагаад олон юм шалгаагаад буйг гайхаж байснаа эцэстээ бүр дуугүй болов. Бугатад бидний уулзсан олон хүмүүс ийм хандлага гаргаж байсан бөгөөд асуултад хариулахаас татгалзаж байв.Үйлдвэрээс гарах үед өмнө нь энд байсан, бидний аяллын бүрэлдэхүүнд явсан нэг хүн үйлдвэр ажиллахгүй болсон талаар нэгэн таамаг дэвшүүлэв.

Цери, Неодим зэрэг ховор металлыг баяжуулах үйл явц маш хортой, аюултай.

Хэдийгээр бид үйлдвэрээр орсон өдөр үнэхээр ийм байсан эсэхийг мэдэхгүй ч үүнийг батлах явдлууд гарч байсан юм. Жишээ нь, 2012 онд Хятадын ховор элементийн томоохон үйлдвэрлэгч болох “Baotou Steel Rare-earth Hi-tech Co” компанийн баяжуулах үйлдвэр үнийн уналтыг зогсоохын тулд ажиллахаа больсон тухай Хятадын Синьхуа агентлаг мэдээлж байв.

Неодим хэмээх бодис нь бас л Бугатын экспортын бүтээгдэхүүний нэг юм. Үйлдвэрлэлийн маш олон салбарт хэрэглэдэг. Энэ нь церийн нэгэн адил шил будах, өнгөгүй болгоход ашиглагддаг бөгөөд ийм шилийг голдуу навигацийн төхөөрөмжид хэрэглэдэг. Энэ бодисын хэрэглээний хамгийн чухал чиглэл бол хөнгөн, гэхдээ хүчтэй соронзонгийн үйлдвэрлэл юм. Неодимтай соронзонг чихэвч, гар утасны микрофон, компьютерын хатуу диск зэрэг хэрэглээний электрон бараа үйлдвэрлэхэд ашигладаг. Түүнчлэн, шинэ цагийн авто машинуудын ажиллагаанд хэрэгтэй генератор, хөдөлгүүр үйлдвэрлэхэд хэрэглэдэг.

Неодимоор соронзон хийдэг үйлдвэрээр биднийг дагуулж явсан хөтөч эхлээд церийн үйлдвэрийн хөтөчтэй харьцуулахад нэлээд нээлттэй байв. Түүгээр барахгүй хэд хэдэн соронзонг туршиж үз хэмээн өгөв. Гэвч бид бүтээгдэхүүний хэрэглээний сэдвээс үйлдвэрийн технологи, түүнийг дагалдах экологийн сэдэв рүү шилжих үед хариулт улам товчхон болж, удалгүй үйлдвэр дэх аялал дуусав.

Неодим нь зэс, никелийн адил олдоцтой бөгөөд газар дор жигд тархсан байдаг. Хятад улс дэлхийн неодимийн зах зээлд 90 хувийг үйлдвэрлэдэг ч дэлхийн нийт неодимийн нөөцийн 30 хувь л байдаг.

Цери болон неодимийг ховор элемент гэж үздэг ч үнэндээ эдгээр нь харьцангуй элбэг байдаг нь хачирхалтай. Неодим нь зэс, никелийн адил олдоцтой бөгөөд газар дор жигд тархсан байдаг. Хятад улс дэлхийн неодимийн зах зээлд 90 хувийг үйлдвэрлэдэг ч дэлхийн нийт неодимийн нөөцийн 30 хувь л байдаг. Ийм хандлагыг туйлын зөв гэж үзэхгүй ч неодим, цери хоёрын ховор байдаг нь өөр зүйлтэй холбоотой.

Эдгээр металлыг хүдрээс нь ялгах, үйлдвэрлэлд шаардлагатай түвшинд хүртэл баяжуулах үйл явц маш хортой, аюултай. Жишээ нь, церийг үйлдвэрлэхийн тулд эрдэслэг холимогийг нунтаглаж, хүхрийн болон азотын хүчилд уусгадаг. Энэ нь бүхэл бүтэн аж үйлдвэрийн түвшинд хийгддэг учир маш их химийн хорт хаягдал бий болдог.

Тиймээс Хятад улс ховор металлын зах зээлд ноёлдог нь геологитой холбоогүй, харин бусад улсын зайлсхийдэг экологийн тэрхүү хүнд золиосыг энэ улс хүлээн авахад бэлэн байдагтай холбоотой аж.

Газрын ховор элементийн хэрэглээ

Хятадад бий болсон экологийн сүйрлийн цар хүрээг ойлгохын тулд Бугатын хорт нуураас илүү тохиромжтой газар олдохгүй. Энэ нуур нь голын урсгалыг хашсаны үр дүнд бий болсон аж. Ингэснээр хөдөө аж ахуйд ашиглах том талбай усанд автаж, эцэстээ металлургийн  хаягдлыг агуулах хорт нуур болж хувирчээ. Хотын төвөөс нуурын эрэг дээр очиход машинаар ердөө 20 минут л явна. Эндхийг цэргийнхэн хамгаалдаг гэж ярьж байсан ч бид цэрэг олж харсангүй. Бид өмнө нь харуулын байр байсан болов уу гэмээр, гэхдээ одоо эзэнгүй болсон балгасны дэргэдүүр явж өнгөрөв. Энд амьдарч байсан хүмүүс ор дэр, плитка, бэлэн хоолтой савнуудаа тэр чигт нь хаяад яаран зугтсан бололтой байв.

Бид нуурын эрэгт очоод эргэн тойрноо харав. Энд ирэхээсээ өмнө би Өвөр Монголын тухай гэрэл зураг үзэж байсан ч бодит амьдрал дээр харсан зүйлдээ итгэхэд бэрх байлаа. Эндхийг байгаль гэж хэлэхэд тун хэцүү. Энэ бүхэн нь хүний үйл ажиллагааны үр дагавар гэж бодоход сэтгэл хямарна. Энэ аймшигт дүр төрх миний халаасанд байгаа гар утас мэтийг хийсний ул мөр төдийгүй, бидний хамгийн “ногоон” гэж үздэг салхин сэнс, Барууны үйлдвэрүүдийн бахархал болгон ярьдаг цахилгаан машин үйлдвэрлэсний золиос гэсэн бодол намайг улам айлгаж байсан юм.

Харсан зүйлдээ яаж хандахаа мэдэхгүй би церийн тусламжтай дэлгэцийг нь өнгөлсөн iPhone-оо гарган зураг авч, бичлэг хийв. Unknown Fields хэмээх байгууллагын ажилтан Лиам Янг дээрх хаягдлаас дээж авч Их Британид аваачин лабораторт шинжилжээ. Хожим надад хэлснээр хорт нуураас авсан шаварны цацраг энгийн түвшнээс гурав дахин илүү болох нь батлагджээ.

Ховор металлын үйлдвэрлэл экологид ямар хортойг өөрийн нүдээр харснаас хойш өдөр бүр ашигладаг электрон хэрэгслүүдээ өөрөөр харах болов. Саяхан Apple “ухаалаг цагаа” танилцуулж байсан телевизийн шууд нэвтрүүлгийг үзэж суухдаа өмнө нь хүмүүс цагийг энгийн ашигт малтмалаар хийгээд үеэс үед дамжуулан өвлүүлдэг байсныг санав. Харин өнөөдөр бид өдөр тутам хэрэглэдэг зүйлийг хийхийн тулд улам ховор элементийг ашиглах болж, жил бүр гар утсаа сольдог хэнээтэй болжээ. Өндөр технологийн компаниуд биднийг электрон төхөөрөмжүүдээ солихыг алхам бүртээ ятгаж, улам супер гар утас худалдан авахыг уриалдаг. Гэвч энэ бүх зүйл эцэстээ Бугат хотоос, тэнгэрийн хаяаг тэлсэн хорт нууртай тэр л газраас эхлэлтэй гэдгийг би яасан ч мартаж чадахгүй.

Орчуулсан Г.Даваадорж

Тим Могэн. BBC Future

Г. Даваадорж

Бүтээмжид нөлөөлөх хөгжим

Өмнөх нийтлэл

Б.Цэцэгжаргал: 20 минутын зайтай хоёр секунд нүдээ амрааж бай

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.