Өсөх стратеги

Технологи таныг дижитал болгохгүй

0

1994 онд Монголд анх удаа интернэт нэвтрэхэд түүнийг гайхан биширч, шагшин магтаж байсан хүмүүс олонтаа. Тэр цагаас хойш 20 гаруйхан жил өнгөрөхөд хүн төрөлхтөн интернэтгүй бол ажил амьдрал нь цааш үргэлжлэхгүй мэт түүнд дасан зохицжээ. 

АНУ-д цэргийн армиын зориулалтаар анх зохион бүтээгдсэн интернэтэд суурилсан шинэ үеийн технологиуд өдгөө моодонд орж байна. Үүний хамгийн тод жишээ нь техник, технологиор дамжигдах дижитал шилжилт юм. Үүнтэй дэлхийн бусад улс орнуудын адилаар Монгол Улс ч гэсэн нөхөрлөж байгаа билээ. 

Дижитал шилжилт нь мэдээллийн зууны өвөг эцэг болох интернэт, түүний хурд болон аугаа зохион бүтээгчдийн бүтээсэн техник технологийн нэгдэл юм. Business.mn вебсайт өмнө нь хэд хэдэн удаа Монгол улс, тэр дундаа бизнес эрхлэгчид яагаад дижитал болох тухай мэдээлэл, зөвлөгөө, нийтлэл, ярилцлага хүргэж байсан. Энэ удаад бид бизнес эрхлэгч та, танай байгууллага, таны бүтээгдэхүүн үйлчилгээ хэрхэн дижитал болох талаар хүргэх гэж байна. 

MIT-н гаргасан судалгаагаар 2019 оны байдлаар дэлхий даяар нийт 2 тэрбум гаруй төрлийн бизнес байна гэжээ. Үүнээс жижиг дунд болон инноваци шингээсэн бизнесүүд өнөөгийн нийгэм, зах зээл дээр илүү амжилттай тоглож байна.

Жижиг дунд бизнес нь: 

  • Тухайн эсвэл бүс нутгийн зах зээлээр хязгаарлагддаг.
  • Бизнесээ эхлүүлэх болон өсөлтийн үед инноваци шаардлагагүй.
  • Тухайн хэсэг газартаа л үйл ажиллагаа явуулдаг.
  • Эхэндээ ганц хүний эсвэл гэр бүлийн бизнес байдаг. Өөрсдийн хөрөнгөд тулгуурладаг.
  • Шугаман өсөлттэй байдаг. Эрсдэл багатай.

Тэгвэл инноваци шингээсэн бизнес нь:

  • Олон улсын зах зээлд тоглогч болох боломжтой.
  • Бизнес загвар, процесс, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ инноваци шингээсэн.
  • Бүс нутгийн хязгаар байхгүй.
  • Олон төрлийн хөрөнгө оруулалт авах боломжтой.
  • Богино хугацаанд огцом өсөлт үзүүлдэг ч эрсдэл өндөртэй.

 Бизнес эрхлэгч хүн бүр дээрх “инноваци” гэх зүйлийг бизнестээ тусгахыг зорьдог. Тэгвэл инноваци гэж юу вэ? Яагаад инноваци шингээсэн бизнес амжилттай өсч байна вэ?

Инновацийн тухай эрдэмтэн мэргэдийн тодорхойлсон олон тодорхойлолт бий. Угтаа бизнес рүү буулгаад үзэх юм бол инноваци гэдэг нь бүтээл, эдийн засгийн эргэлт хоёрын нийлбэр биш үржвэр юм. Яагаад үржвэр вэ гэвэл үржигдэхүүний аль нэг нь тэг болвол хариу нь тэг гардагтай адил тэнд инноваци үүсэхгүй гэсэн үг. Тиймээс тухайн санаа эдийн засгийн эргэлтэд орж байж инноваци үүснэ. Нөгөө талаас бүтээгдэхүүн, үйлчилгээ тань шинэлэг, сонирхолтой байх хэрэгтэй.

Инноваци гэдэг нь бүтээл, эдийн засгийн эргэлт хоёрын нийлбэр биш үржвэр юм.

Тэгвэл эдийн засгийн эргэлтэд орохуйц буюу хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд тохирсон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн хийх вэ?

Инновацийг өөрийн бизнес моделдоо нэвтрүүлж, шингээж тэсрэлт хийх гол аргачлалуудын нэг бол Design thinking арга юм. Энэ нь бүтээгдэхүүн үйлчилгээг задлан шинжилж, аливаа асуудлыг тодорхойлон, түүний шийдлийг олж, өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой процесс.

Design thinking аргын эхний алхам бол empathize буюу хэрэглэгчдэд ямар асуудал байгааг таньж мэдэх явдал. Зорилтот хэрэглэгчээ тодорхойлсны дараа тэдэнтэй уулзаж ярилцах гэх мэт аргаар асуудлыг нь тодорхойлох боломжтой. Үүний дараа define the problem буюу асуудлын гол мөн чанарыг тодорхойлно. Дараагийн алхам бол ideate буюу тухайн асуудлыг шийдэх санаа дэвшүүлэх юм. Санаагаа гаргахдаа хамгийн шилдгийг бус хамгийн олон санаа гаргах нь чухал. Тэрхүү олон санаанаас шигшигдсэн хэдийг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон боловсруулах нь protype алхам юм. Эцэст нь test буюу хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд туршиж үзэх хэрэгтэй.  

Санаагаа гаргахдаа хамгийн шилдгийг бус хамгийн олон санаа гаргах нь чухал.

Сүүлийн алхмын зорилго нь бүтээгдэхүүнээ илүү сайжруулахад оршино. Энэ үед өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг бүү хамгаал, бүү өмөөр. Тухайн хүнээр аль болох гоочлуулах хэрэгтэй. Яагаад болохгүй, яагаад таалагдахгүй байгааг нь асууж лавлах нь чухал. Ийнхүү хэрэглэгчдээс авсан санал сэтгэгдэлээ эргээд бүтээгдэхүүн дээрээ тусгах хэрэгтэй. Туршилт хэрвээ амжилттай болвол таны бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд гарахад бэлэн боллоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл, design thinking аргын процессуудыг амжилттай давж байж хэрэгцээ шаардлага хангасан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болно гэсэн үг. Энэ нь өөрөө инноваци шингэсэн бүтээгдэхүүн болж байгаа юм. 

Гэхдээ уг аргад технологи, интернэт, сүлжээний хурд гэх мэт дижитал шилжилтийн гэмээр ганц ч алхам байсангүйг уншигч та анзаарсан биз ээ. Учир нь бизнес эрхлэгчид юун түрүүнд технологи гэх зүйл дээр анхаарлаа хандуулахаас илүүтэй эхлээд хэрэглэгчээ зөв ойлгох хэрэгтэй.

Хэрэглэгчээ зөв ойлгосоны дараа тэдний асуудлыг технологийн тусламжтайгаар шийдвэрлэх боломжтой болно.

Өөрөөр хэлбэл Design thinking аргын гуравдугаар алхам буюу тухайн асуудлыг шийдэх санаа дэвшүүлэхдээ үүлэн технологи, хиймэл оюун ухаан, утасны апп, робот гэх мэт дижитал хэрэглэлүүдийг ашиглаарай. Ингэснээр танай бүтээгдэхүүн, үйлчилгээ утгаараа орчин үеийн, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангах, технологижсон болж чадна. Үүнийг дагаад танай байгууллага, та өөрөө “дижитал” болох гараагаа амжилттай эхлүүлэх юм.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Саранзаяа

Х.Шираиши: Хичнээн чадвартай ажилтан ч дотоод уур амьсгалыг эвдэж байгаа бол шууд чөлөөлдөг

Өмнөх нийтлэл

Хүүхнүүдийн шүтээн COACH

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох