Уул уурхайн салбар нэг хоног зогсоход Монгол улсын төсөв 8.1 тэрбум төгрөгийн орлогоор тасарч, харин нэг хором зогсоход 67 мянган төгрөг алдах аж. Уг салбарын орлого Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 81 хувийг эзлэхээс гадна нийт экспортын 94 хувийг бүрдүүлдэг. Уул уурхайн салбар хэрхэн тогтвортой хөгжих эсэхээс Монгол улсын ирээдүй хамаардаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч уул уурхай голлосон төслүүдээ гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж тэдэнтэй цаашдын хамтын ажиллагаагаа эхлүүлэх гараа нь болдог Дисковер Монголиа форум зохиогдож эхэлсэн бөгөөд энэ удаа уг форум 17 дахь жилдээ болж өнгөрлөө. 

Тус чуулга уулзалтад дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компани, Засгийн газрын төлөөлөл болон судлаачид зэрэг 20 орны төлөөлөгчид оролцов. “Энэ жилийн чуулган төр засаг бодлого ярьж, шийдвэр гаргах боломжгүй үед болж буйгаараа онцлогтой. Тиймээс бизнесийнхэн энэ удаа сайн муу туршлагаа хуваалцах, цаашид яах вэ гэдэг талаас нь түлхүү ярьж байна” гэдгийг чуулганы ерөнхий зохион байгуулагчдын нэг Монгол уул уурхайн ассациоцийн гүйцэтгэх захирал Д.Энхболд онцолсон юм. Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт ярьдаг ганц л асуудалтай болсон нь тогтворгүй байдал гэдгийг ч мөн дурдав. Уул уурхайн салбарын тогтворгүй байдлыг гадаадын мэргэжилтнүүд ч мөн дурдаж байснаас харахад тогтворгүй байдал зөвхөн Монголд тулгараад байгаа асуудал биш аж. 

Уг арга хэмжээний үеэр Австрали улсын парламентын гишүүн асан, ашигт малтмалын зөвлөлд мэргэжилтнээр ажиллаж байсан Кирстен Ливермор туршлагаа хуваалцав. 2010 онд Австрали улсын засгийн газраас уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад нэмэлт 40 хувийн ашгийн татварыг ногдуулах болжээ. Гэвч ийнхүү татварыг ногдуулахдаа аж үйлдвэрийн хамгийн том салбартаа урьдчилан сануулж, зөвлөлдөлгүйгээр уг шийдвэрийг гаргасан нь маш том алдаа болсон байдаг. Ийнхүү 2011-2016 онд Австрали улсын эрдэс баялгийн салбараас олох ашиг 75 хувиар буурснаар Австрали улс үүнээс хоёр сургамж олж авсан юм. Нэгд, гэнэтийн шийдвэр гаргалгүй тогтвортой орчинг хангаж, тодорхой байдлыг бий болгох нь чухал. Хоёрт, уул уурхайн салбар өөрийн гэсэн мөчлөгтэй, мөчлөг болгон өөрийн гэсэн эрсдэл дагуулж байдгийг ойлгожээ. Тиймээс уул уурхайн мөчлөгийн үе шатуудад тохироогүй улс төрийн холбогдолтой шийдвэрүүд уул уурхайн салбарт таардаггүй. Улс төр нь богино хугацааны дотоодын асуудал бол уул уурхайн салбар нь урт хугацааны, олон улсын шинжтэй юм. Уул уурхайн салбарын онцлог нь газрын баялагтай холбогддог тул Засгийн газрын үүрэг оролцоо өндөр байдаг. Хэдий тийм ч уул уурхайн салбарыг улс төрийн хэрүүл маргаанаас аль болох хол байлгавал үр дүн алсдаа сайн гардгийг Кирстен Ливермор онцоллоо.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад нээлттэй, ил тод хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бий болгохыг зорин ажиллаж байгааг мэдэгдсэн юм. Мөн Дисковер Монголиаг уул уурхайн талаарх бодит мэдээллийг түгээдэг, төр хувийн хэвшлийн хамгийн том уулзах чуулган хэмээн тодорхойлов. Төрийн зүгээс тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа мэдээллийн талаар Монголыг зорьж ирсэн гаднын хөрөнгө оруулагчид анхааралтай сонсч байлаа. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Ээжүүдийн дотно яриа: Байгаа газраа өөрийгөө 100 хувь дайчил

Өмнөх нийтлэл

Захирал та, ажилтандаа АЛДАХ ЭРХ ЧӨЛӨӨГ ОЛГОНО УУ!

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох