“Хаан Даатгал” ХХК-ийн Тэргүүн дэд захирал Т.Бат-Өлзийтэй уулзан даатгалын салбарын онцлог, компанийн бизнесийн үйл ажиллагаан дахь даатгалын нөлөөллийн талаар ярилцлаа.

-Даатгалын салбар манай оронд ямар онцлогтойгоор хөгжиж байна вэ?

-Даатгалын салбар Монголд 1934 оноос эхлэн хөгжиж ирсэн. Олон улсын харилцаа, давхар даатгал, бүтээгдэхүүн үйлчилгээ, албан журам, сайн дурын даатгал гээд олон чиглэлд сайн хөгжиж байсан бол 1990-ээд оноос зах зээлийн эдийн засгийн зарчмаар хөгжиж байна. Ингээд сүүлийн 29 жилийн хугацаанд иргэд даатгалын талаарх боловсрол, мэдлэгтэй болсон, тус салбарт ажиллаж байгаа боловсон хүчний чадавхи сайжирсан гээд олон талаар манай салбар чамлахааргүй түвшинд хүрсэн. Ийм боловч бусад хөгжиж буй болоод хөгжингүй орнуудын эдийн засагт эзлэх хувь буюу гүнзгийрэлт маш бага байгаа. Одоогоор даатгалын салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 0.5 хувийг л эзэлж байна. Гэтэл Азийн улсуудад 3-6, Европын орнуудад 10-аас дээш хувь байдаг. Энэ нь богино хугацаанд ийм хэмжээнд хөгжих боломж монголчуудад бидэнд байгаа юм байна гэсэн нэг талын мессеж юм.

-Компанийн удирдах түвшний хүмүүс даатгалын давуу талыг хэр ойлгож байгаа вэ?

-Компанийн удирдлагуудтай олон төрлийн шат даваа, эрдсэлийг туулаад явдаг хэрнээ тэдгээр асуудлаа даатгалаар шийдэж болох юм байна гэдэг талаар боддоггүй байх практик түгээмэл ажиглагддаг. Тухайлбал, даатгалтай холбоотой, даатгуулахыг шаардсан нэлээд олон зүйл, заалт Монгол улсын хууль тогтоомжуудад тусгагдсан байдаг. Гэтэл болзошгүй эрдслээс зайлсхийх үүднээс тооцоо, судалгааны үндсэн дээр тусгагдсан тэдгээр заалтуудыг компанийн удирдлагуудад тэр бүр мэддэггүй. Жишээ нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйл дээр ажиллах хүчний хариуцлагыг даатгалаар оруулж болох тухай тусгасан байдаг. Энэ нь даатгалд хандах хүмүүсийн хандлага төдийлөн төлөвшөөгүй байгаатай холбоотой. Магадгүй ингэж төлөвшүүлэх, боловсруулах ажлыг даатгалын компаниуд, Даатгалын холбоо сайн хийж чадаагүйгийн нэг жишээ байх л даа. Ийм ажлуудыг ийм даатгалаар орлуулж болдог тухай бүрэн дүүрэн ойлголтыг компанийн удирдлагуудад өгч байх нь зүйтэй. Дээр нь ажилтнуудынхаа ажиллах урмыг өндөрт байлгах, ажиллах идэвхийг сайжруулахад нөлөөлдөг даатгалын олон төрлийн арга хэрэгсэл байдгийг бид компанийн зохих хүмүүст ойлгож таниулахад анхааран ажиллаж байна.

-Даатгалын салбар үйл ажиллагаагаа явуулдаг хоёр үндсэн чиглэл байдаг гэж ойлгодог. Тэр нь, иргэн болоод байгууллага. Идэвхээр нь харьцуулбал аль нь илүү жин дарж байна?

-Даатгалын компаниудын орлогын бүтцийг харвал ерөнхийдөө 50/50 гэсэн харьцаатай байгаа. Иргэдийн 50 хувь өмнө нь үнэхээр бага байсан. Харин өнөөдөр яагаад компанийн хувьд дөхөж ирээд байгаа вэ гэхээр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үр нөлөөгөөр даатгалын ач холбогдлыг ойлгосон ба ойлгоогүйгээр жолооч бүр даатгуулж байна. Үүний дүн олон талын сайн нөлөө гарч байгаагийн хажуугаар муу нөлөө ч ажиглагдаж байна. Байгууллагын даатгалын хувьд менежменттэй анхаардаг, зөв засаглалтай, илүү урт хугацаанд хөгжих зорилготой томоохон компаниуд өөрсдөө сайн дураараа даатгуулах тохиолдол түгээмэл болж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай төслүүд болон уул уурхай, эрчим хүчний төслүүдийн үр нөлөөгөөр гадны соёл, мэргэжлийн удирлагын арга барилууд дотоодын компаниудад сайн нөлөөг үзүүлж байгаа. Монголын компаниуд урьд утга учрыг нь ойлгохгүйгээр даатгуулдаг байсан бол одоо ойлгохоос гадна өөрсдийн шаардлага шалгуураа тавиад даатгуулах хандлага ихэсч байгааг онцлох нь зүйтэй. Компани хэр томорч, хөгжих тусам даатгалын хэрэгцээ тэр хэмжээгээр нэмэгдэж байдаг. Үүнийг дагаад даатгалын компанид тавих шаардлага ч гэсэн өсч байна.

-Өнөөдөр манайд даатгалын олон арван компани байна. Харагдах байдлыг нь ажихаар бүгдээрээ л нэг төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Энэ байдлаараа яваад байвал хэр хол хөгжих бол? Эсвэл төрөлжих ёстой юу?

-Таны хэлж байгаа зөв л дөө. Даатгалын компанийн зүгээс харахад тус бүрт нь ялгаа бий  ч гэлээ хэрэглэгчийн зүгээс харахад бол ялгарал тун багатай. Нэгдүгээрт, даатгалын компаниуд илүү мэргэшсэн байх хэрэгтэй. Хоёрдугаарт, бид зах зээлээ өөрсдөө бэлдэх ёстой. Даатгалын мөн чанар, утга учир, хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг зөв ойлгуулж байж бид урагшаа явах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь даатгал бол татвар биш, харин өөрийн санхүүгийн болоод удирдлагын эрсдлийг удирдаж байгаа хамгийн оновчтой арга юм гэдгийг ойлгуулах явдал бидний гол зорилго юм.

-Өрсөлдөөний үр дүнд даатгалын салбарын хөгжил чамлахааргүй түвшинд хүрсэн байгаа нь олон талаас харагддаг. Гэхдээ хөгжилд хүргэх нэг гол хөшүүрэг нь хүний нөөц. Танай салбарын боловсон хүчний бэлтгэлжилт ямар түвшинд байна вэ?

-Монгол маань цөөн хүн амтай, жижиг зах зээлтэй. Гадаад дотоодын хөрөнгө оруулалттай томоохон төслүүд хэрэгжүүлэх гэхээр хүний нөөцийн дутмагшлын асуудал салбар, салбарт гардаг. Энэ бол тооны биш чанарын тухайд яригддаг асуудал. Чанартай боловсон хүчин зах зээл дээр бэлэн байх тохиолдол бараг байхгүй. Өөрсдөө бэлдэж авах замаар л шийдэж байгаа. Олонх амжилттай яваа компаниудын хандлага ч ийм байна. Өмнөх туршлагаас харвал хөдөлмөрийн зах зээл дэх даатгалын салбарын үнэлэмж тийм ч сайн байгаагүй. Урьд нь бол хүний нөөцийн өлсгөлөнд нэрвэгдчихсэн байсан салбар. Одоо бол харьцангуй сайжирч байна. Энэ сул талыг манай компани олж хараад 2018 онд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аянг зохион байгуулсан. Компанидаа сайн боловсон хүчнийг татахын дээр шилдэг залуус даатгалын салбарт ажиллахыг хүсдэг байлгахыг бид уг аянаараа зорин ажилласан. Манай салбарынхны хүчин чармайлт, зүтгэлийн үр дүнд даатгалын салбар маань хөдөлмөрийн зах зээлд бусад салбаруудтай эн тэнцүү өрсөлддөг болно гэдэгтээ итгэлтэй байгаа.

 

Ж. Баяржаргал

10 АСУУЛТ ХАРИУЛТ: Ээжийн минь зөвлөгөө миний амьдралд үргэлж хэрэг болдог

Өмнөх нийтлэл

Ноолууран бүтээгдэхүүний чанарт эхний шатны үйлдвэрлэл чухал нөлөөг үзүүлдэг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Мэдлэг