Бизнесийн хуралд бизнес эрхлэгчидтэй л таардаг. Миний хүлээлт болоод туршлага ийм ойлголтыг надад өгсөн байлаа. Гэтэл бизнесийн хурлуудад оролцож, эдийн засгийн сэтгүүл захиалан уншдаг сурагч охин 17 настай Л.Анужин миний энэхүү тогтсон ойлголтыг орвонгоор нь өөрчилсөн юм. Амьдрал баялаг. Чи тоолж баршгүй их хүмүүстэй учрах ч сэтгэлд үлдэх нь ховор. Харин “Бизнес цэнэг” сургалтын үеэр уулзсан Л.Анужин охин миний хувьд тийм л ховор, содон нэгэн байлаа.

-Бизнесийн чуулганд чи миний уулзсан анхны ахлах ангийн сурагч боллоо. Тоглоомоор хэлэхэд чи хичээлдээ суухгүй ийм бизнесийн хуралд юу хийж явж байгаа билээ?  

-Том бизнес эрхлэгч, удирдах албан тушаалтнууд цугласан газар би очих дуртай. Тэр болгондоо тоон дотор үсэг цохино гэгчээр тухайн үйл ажиллагааныхаа хамгийн залуу оролцогч нь байдаг. Жаахан гэдгээ мэдрэх бүртээ өөрийгөө дутуу үнэлж дүгнэдэг. Гоё хүмүүстэй танилцъя гэж дотроо бодовч тэднийг хажуу талаас нь харж зогссоор байгаад л таардаг юм. Гэхдээ зүгээр дээ, өөрийнхөө сонирхлыг дагаад явж л байхад болно шүү дээ. Оролцсон уулзалтуудынхаа тоог алдчихжээ. Гэхдээ маш олон уулзалтанд очдог. Хамгийн сүүлд гэхэд “Growth Summit”-д очсон. Мөн Business.mn-ийн зохиодог арга хэмжээнүүдэд очихыг эрмэлздэг. Бас Business.mn, Mongolian Economy сэтгүүлийг би унших дуртай.  

-Бизнес эрхлэгчид л илүү очдог иймэрхүү хурал цуглаанд чи яагаад очих дуртай байдаг юм бэ? Ахлах ангийн сурагчдад сонирхолтой байдаг гэж үү?

-Хамгийн гол шалтгаан нь иймэрхүү уулзалтанд дандаа гоё хүмүүс ирдэг шүү дээ. Жишээлбэл, Д.Энхбат захирал, Д.Болор захирал байна. Оролцох гэж байгаа хүмүүс нь ч гоё хүмүүс байдаг. Үнэхээр тийм мундгууд зориод ирсэн бол үнэ цэнэтэй л байж таараа. Тийм хүмүүс дэмий зүйлд цаг гаргадаггүй. Тэгэхээр тийм гоё хүмүүс цугласан газар очиход надад өөр шалтгаан хэрэггүй.  

-Хичээлийн хажуугаар энэ бүх хурал, цуглаанд очих цаг заваа хэрхэн зохицуулдаг вэ?  

-Сошиал медиаг хүмүүс ихэвчлэн муу талаас нь ярьдаг. Харин сайн талаас нь ярихад, би очих үйл ажиллаануудынхаа зарыг сошиалаар олж авдаг. Твиттерээр “Growth summit”, фейсбүүкээр “Бизнесийн цэнэг” сургалтыг олж мэдсэн. Үнэхээр хэрэгцээтэй тохиолдолд эцэг эх, сургуулийн албандаа хэлэхэд надад шууд чөлөө өгдөг. Хүүхэд бол зөвхөн хичээл хийдэг машин биш. Сурагчдыг өөрийгөө хөгжүүлэхэд сургууль маань дэмждэг болохоор надад иймэрхүү уулзалтад явахад бэрхшээл бараг гардаггүй. Мэдээж хичээлээ бэлдэх, гэр орны ажил хийхэд цагийн зохион байгуулалтаа сайтар төлөвлөх хэрэгтэй.

Бизнесийн уулзалтуудад оролцож өөрөөсөө дээд түвшний хүмүүсийн арвин туршлагаас суралцаж, хэрхэн амьдралаа зөв чиглүүлэх талаар мэдэж авдаг. 

-Миний санаж байгаагаар “Growth summit”-ын төлбөр нь 300 мянган төгрөг байсан. Өнөөдрийн “Бизнес цэнэг” сургалт ч гэсэн төлбөртэй. Тогтмол цалингүй, ахлах ангийн сурагчийн хувьд энэ бүх үйл ажиллагаанд орох төлбөр мөнгөө яаж шийддэг вэ?

-”Growth summit”-ын үндсэн төлбөр 300 мянган төгрөг ч 3-р сарын 5-наас эхлээд зарлагдсан эртэч билет нь 240 мянган төгрөгийн үнэтэй байсан. Би яг 3-р сарын 11-ний өдөр төлбөрөө хийснээ сайн санаж байна. Тэр өдөр би Lendmn, Ard capital зэрэг олон санхүүгийн эх үүсвэрээс мөнгө зээлэх гэж их оролдсон. Гэтэл миний сарын орлого 20 мянган төгрөг, тогтвортой орлого гэж байдаггүй учраас тэр ББСБ-ууд надад зээл олгохоос татгалзсан. Яагаад гэр бүлээсээ асуулгүй эхлээд гаднаас зээл авахаар шийдсэн гэхээр би гэрийнхэнтэйгээ ярилцаад авсан бол тэд маань надаас буцааж авахгүйг мэднэ. Гэхдээ яагаад би өөрөө хөгжихийн тулд гэр бүлийнхнээсээ мөнгө авах ёстой гэж? Яагаад би хувь хүн байж гэрийнхнийгээ зовоох ёстой гэж? Орон байр, хоолоор даалгаж байж дахиж мөнгө авах нь хэтэрхий шударга бус болохоор би ээжтэйгээ ярилцаад “Ээжээ охин нь ийм юманд явах гэсэн юм, та мөнгө зээлээч” гэж асуугаад авсан. Дараа нь би цагийн ажил хийгээд 5-р сарын 19-нд ээжийнхээ төрсөн өдрөөр зээлсэн мөнгөө буцааж өгсөн. Нэмж хэлэхэд би Business.mn, Mongolian Economy хоёр сэтгүүлээ байнга захиалдаг. Энэ удаагийн уулзалт ч төлбөртэй. Бардам хэлэхэд энэ удаадаа би эцэг эхээсээ мөнгө бараг гаргуулаагүй. Бие хүн гэдгээ мэдрэхийн тулд өөрийн санхүүгээ өөрөө даах нь сэтгэлд амар байдаг.  

-Сургуулиа төгсөөд юугаар сурахыг илүү сонирхож байна?

-Би 2020 онд ахлах сургуулиа төгсөнө. Анхны 6-р анги учраас огт үсрэхгүй 12 жилээр сурч байна. Мэргэжлийн чиглэлийн хувьд яг үнэнийг хэлэхэд ингэж их гадуур үйл ажиллагаанд оролцож өөрөөсөө дээд түвшний хүмүүстэй ойр байдаг учраас тэр хүмүүсийн арвин туршлагаас суралцаж, хэрхэн амьдралаа зөв чиглүүлэх талаар мэдэж авдаг. Мэргэжил бол хүний амьдралын хамгийн чухал сонголт гэж хүмүүс ярьдаг. Тэгэхээр энэ чухал сонголтыг хийхийн тулд олон мундаг хүмүүсийн туршлагаас сонсож, боломж гарвал ярилцахыг эрмэлздэг. Одоогийн байдлаар сонирхсон мэргэжлүүд байгаа ч яг сонгоно гээд бүрмөсөн шийдчихсэн зүйл алга. Архитектур эсвэл системийн инженерийг илүү сонирхдог. Өнөөдрийн арга хэмжээнд яагаад ч юм миний сонирхдог чиглэлийн мэргэжилтнүүд ирсэн нь маш олзуурхууштай санагдаж байна. (Тэрбээр ситемийн инженер Д.Энхбат болон бусад архитектур, инженер мэргэжилтэй зочдыг хэлж байна)

Тэрбээр Д.Энхбат захиралтай зургаа авахуулах хүслээ “Бизнес цэнэг” сургалтын үеэр биелүүлэв.

-Чиний хувьд төгсөх болоогүй ч ирээдүйд сонгох мэргэжлээ аль хэдийнэ маш сайтар төлөвлөж байгаа санагдлаа. Зарим сурагч харамсалтай нь мэргэжил сонголт маш чухал гэдгийг ойлголгүй явсаар мэргэжлээ сонгож байгаа ажиглагддаг. Цаг алдахгүй энэ бүхнийг ойлгоход тань юу нөлөөлсөн бэ?

-Энд би өөр хүүхдүүдийн туршлагыг ярьж чадахгүй болохоор зөвхөн өөрийнхөө л туршлагыг ярья. Би 9-р ангийн төгсөх шалгалт өгөхөөсөө өмнө архитектурын мэргэжлийг сонирхож байсан. Тухайн үедээ монгол инженерүүдийг бэлтгэдэг Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль, Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 10-р ангид элсэх шалгалт өгөөд хоёуланд нь тэнцсэн ч ар гэрийн нөхцөл байдлаас болоод орж чадаагүй л дээ. Намайг гадаадад суралцуулахад манай гэр бүлийн боломж тааруу. Япон улсад сурахын тулд Засгийн газрынх нь шалгалт болох Монбүшод бэлтгэдэг ямар сургуулиуд Монголд байдгийг судлах явцдаа одоогийнхоо ахлах сургуулийг олсон. “Мэдлэг боловсролын парк” сургуульд орсныхоо дараа яг над шиг мэргэжил сонголтын үнэ цэнийг ухаарсан, суралцах мэргэжлээ сонгоод түүнийхээ төлөө тууштай зүтгэж яваа хүүхдүүд миний эргэн тойронд гараад ирсэн. Анх тэр хүүхдүүдийн дунд ороод би шоконд орж байлаа. Архитектурын мэргэжлээ сонгосны дараа би архитектураар л сурна гэсэн хайрцганд орчихсон байснаа ойлгосон юм. Ингэснээр хайрцгаасаа гарч маш олон төрлийн мэргэжлийг судалж явсаар эцэстээ инженерээр сурах гоё мөрөөдлөө олж авсан ч тэр маань бодит амьдралд бут цохигдсон юм. Үүний дараа бизнесийн мэргэжил судлах явцдаа архитектурын мэргэжил маань яагаад ч юм чамлалттай санагдаж байв. Одоо харин мэдээллийн технологи болон системийн инженерийг илүү сонирхож байна. Үеийнхэнд маань мэргэжил чухал гэж хүн болгон л хэлж байгаа. Гэвч тэдэнд мэргэжил сонголтын мэдээлэл нь байгаа ч өдөөлт нь байдаггүй. Дотны хүмүүс нь тэднийг ойлгож, ирээдүйгийнх нь талаар нээлттэй ярилцдаггүйгээс болж үеийнхэн маань урсгалаараа явах нь элбэг байдаг байх. Миний амьдралын чухал шийдвэрүүдийн хувьд гэр бүл маань үргэлж миний хажууд байдаг. Найздаа хүртэл хэлдэггүй нууцаа би гэрийнхэндээ л ярьдаг.

Ямар ч байсан дээшээ харж хэвтэж, амарч зуныг өнгөрөөхгүй. Билл Гейтс хэлсэн байдаг даа. “Хүмүүс зуныг амралт гэж хардаг бол би үүнийг бусдаас тасрах боломж гэж хардаг” гэж.  

-Сургуулиас чинь сурагчдаа бүх талаар дэмждэг санагдлаа. Сургуулийнхаа онцлогийнхоо тухай дэлгэрэнгүй яриач?

-Манай сургуулийн захирлыг Ц.Монголгал гэдэг. Захирал маань олон төрлийн авьяастай гэх үү дээ. Зөвхөн захирлаа хийгээд зогсохгүй бид нарт хичээл орно. Ордог хичээлийг нь тоолвол математик, физикээс эхлээд түүх, нийгэм, газарзүй хүртэл ордог. Яагаад тэгж ордгийг асуухаар “Америкийн шилдэг их сургуулиудад элсдэг хүүхдүүдтэй эн тэнцэхээр Монгол хүүхдүүдийг бэлдэх хэмжээний мэдлэгийг заах нийгмийн ухааны монгол багш нар хангалтгүй байдаг болохоор багш нь шөнө дунд хүртэл хичээлээ бэлтгээд өөрөө хүүхдүүдээ бэлдэхийг хичээдэг” гэдэг. Манай сургууль “Дэлхийн дайд Монгол оюунаар” гэсэн уриатай. Яг үүндээ тулгуурлаад сонирхож байгаа хичээлийг нь түлхүү орж тухайн хүүхдэд чиглэсэн нөхцлийг бүрдүүлдгээрээ манай сургууль давуу талтай.  

-Энэ бүх хичээл ном, уулзалтуудын хажуугаар цагийн ажил хэрхэн хийдэг талаараа яриач?

-Манай сургууль олон цагаар хичээллэдэг болохоор хичээлийн өдөр ажиллах цаг хомс байдаг. Ганц би ч гэлтгүй манай сургуулийнхан хичээлтэй өдөр ажиллаж амждаггүй болохоор амралтын өдрөөрөө зөөгч юмуу эсвэл хүргэлтийн ажил хийдэг. Миний хувьд онлайн дэлгүүрт хүргэгчээр ажиллан нэг хүргэлтийн 2000 төгрөгөөр цалинждаг. Бас эмээгийнхээ цайны газар тусалж мөнгө авдаг. Мөн сургууль дээрээ хүнсний юм зарах замаар жижигхэн бизнес хийгээд өөрийгөө болгодог доо. Олдог мөнгөө нарийн тооцож үзээгүй ч өдөрт нэг юм уу, хоёр удаа гэрийнхээ ойролцоо хүргэж өгснөөр долоо хоногтоо 20,000 төгрөг хүргэлтээсээ олдог. Заримдаа айлаа олохгүй, эсвэл гэрт нь очихоор хотын захын өөр газар дуудах гэх мэтчилэн бэрхшээлүүд гарч л байдаг.

-Удахгүй хичээл нь амрах юм байна. Зун юу хийхээр төлөвлөж байна даа?  

-Нарийвчилж гаргаагүй ч хоёр, гурван төлөвлөгөө бий. Amjilt.com-ын гурван сарын программчлалын сургалтанд суух бодолтой байна. Хүн оюутан болохоос өмнө хоёр төрлийн ажил хийх ёстой гэж хүмүүс ярьдаг. Нэг нь ямар ч хамаагүй хар ажил, нөгөө нь оффис дээр хүний туслах хийх. Надад бол модны үйлдвэрт ажиллах эсвэл ээжийнхээ компанийн туслахаар Өмнөговь явж ажиллах сонголт байна даа. Ямар ч байсан дээшээ харж хэвтэж, амарч зуныг өнгөрөөхгүй. Билл Гейтс хэлсэн байдаг даа. “Хүмүүс зуныг амралт гэж хардаг бол би үүнийг бусдаас тасрах боломж гэж хардаг” гэж.  

-Ахлах сургуулиа төгсөөд ямар сургуульд сурахаар төлөвлөж байна?  

-Код бичихэд ингэвэл ингэнэ, тэгвэл тэгнэ гэх мэтчилэн нөхцөл тавьж кодыг ажиллуулдаг. Яг үүн шиг АНУ-ын их сургуулиудад ороход өгдөг SAT-ын шалгалтыг өгнө. Энэ бүхний хажуугаар Англи хэлний TOEFL-ын шалтгалт бас өгөөд 12-р сард Америкийн их сургуулийн элсэлтийн үйл явц болоход бүх материалаа өгнө дөө. Эдгээр сургуулиудад яг тэнцэх эсэхээ мэдэхгүй болохоор ЭЕШ-ээ өгөөд, мөн 2-3 сард Хятадын ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөр материалаа өгнө дөө. Эцэст нь энэ гурван боломжоосоо харж байгаад хамгийн чанартай сургуулиа л сонгоно доо.  

-Сайтар төлөвлөсөн төлөвлөгөө хүнийг амжилтанд хүргэдэг гэдэг. Энэ бүх нарийн төлөвлөгөө чамайг зорьсон зүйлд нь хүргэнэ гэж би итгэж байна. Ирээдүйнх нь их сургуульд болон бүх зүйлд нь амжилт хүсье!

-Баярлалаа.

Түүнтэй ярилцсаны дараа хичээл, гэр, хааяа найзуудтайгаа тоглох тоглоомын газрын хооронд л өнгөрдөг ахлах сургуулийнхны тухай миний дотоод төсөөлөл орвонгоороо өөрчлөгдөж эхэлж байгааг мэдэрч байв. Компанийн энгийн ажилтнууд ч төдийлөн очдоггүй, тэр бүү хэл бизнесийн мэргэжлээр суралцах оюутнууд хүртэл өдрийн од шиг л харагддаг бизнесийн хуралд надаас илүү алсыг харж, төлөвлөж амьдардаг сурагчтай таарна чинээ бодоо ч үгүй явлаа. Амьдрал баялаг гэгчээр дараа дараагийн үеийнхэн маань зах хязгааргүй сонголтоор дүүрэн амьдралтай эртнээс танилцаж, явах боломжтой зам бүхнээ судалж байгааг харахад тэднээр бахархах мөн өөрийгөө голох мэдрэж зэрэг төрснийг нуух юун.

 

Б. Билэгт

Удирдагч хүний ГАНЦААРДАЛ

Өмнөх нийтлэл

10 удирдагчийн 10 зөвлөгөө

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style