Уран дарханы “Түмэн Эрдэнэс” холбоо 13 жилийн өмнө байгуулагдсан. Тус холбоонд уламжлалт аргаараа үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй 50 орчим компани бүртгэлтэй байдаг. Тухайлбал, “Хас гоёл” урлан 25 жилийн түүхтэй, үнэт эдлэлийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг ААН юм. Тус холбооноос Монгол-Хятадын гурав дахь удаагийн экспод 10 орчим компани үзэсгэлэнд оролцохоор иржээ. Ингээд Уран дарханы “Түмэн Эрдэнэс” холбооны тэргүүн Д.Пүрэвсүрэнтэй Монгол-Хятадын экспогийн хүрээнд болсон олон улсын үзэсгэлэнгийн талаар ярилцлаа. Тэрбээр энэ удаагийн экспогийн зохион байгуулалт өндөр түвшинд болсоныг онцлон хэлж байсан ч Монгол Улсын төрийн төлөөллүүд үзэсгэлэнд оролцсон бизнес эрхлэгчидтэй тухтай уулзаагүйд сэтгэл дундуур үлджээ. 

Энэ удаагийн экспод ямар бүтээгдэхүүнээр оролцож байна вэ? Худалдан авагчид хэрхэн хүлээж авч байна вэ?

Манай холбоо нүүдэлчдийн өв соёл болон уламжлалт аргаар бүтээлээ хийдэг. Ингэж хийдэг нь бидний давуу тал болон бусдаас ялгарах онцлог болдог. Дэлхийн улс орнуудын дийлэнх нь үйлдвэрлэлийн систем рүү нэвтэрчихсэн. Энэ үед монголчууд бидний эртний уламжлалаараа хийж буй бараа бүтээгдэхүүн бусдаасаа илт давуу ялгарч байна. Бидний хийсэн бүтээлийг хараад бусад улс орны хүмүүс гайхсан, биширсэн, бахархсан, баяр хүргэсэн тохиолдлууд нэлээдгүй гардаг. Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр санаанд оромгүй худалдааг хийлээ. Тодруулбал, хонконг хүн бидний урласан хийморийн морийг худалдаж авсан. Мөн хятад хүн цагаан шүрэн хөөрөг худалдаж авлаа. Мөн эрдэнийн чулуун гоёл чимэглэлийг гадаадын олон хүн ихээхэн сонирхож байна. Сонирхож байх үед нь монголчууд бид тухайн бараа бүтээгдэхүүнийхээ бэлгэдлийг зөв тайлбарлаж чадах юм бол худалдан авалтад эергээр нөлөөлөх боломжтой гэдгийг анзаарлаа. 

Энэ удаагийн экспо өмнөх жилүүдээс юугаараа өөр байна вэ? Тухайлбал, Улаанцав хот харьцангуй бага хүн амтай хот юм байна. Үүнийгээ дагаад та бүхний худалдан авалтад ямар нэгэн өөрчлөлт ажиглагдаж байна уу?

Удаанцав хотод Өвөр Монгол хүмүүс ховор байх шиг байна. Харин хятад хүмүүс элбэг байна. Тэд бидний бараа бүтээгдэхүүнийг ихээхэн сонирхож, худалдан авалт хийж байсан. Мөн экспод оролцохоор, үзэсгэлэнг үзэхээр Монгол Улсын Шадар сайд болон бусад төрийн байгууллагын өндөр албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн. Эдгээр хүмүүс Монголын дүр төрхийг харуулсан үзэсгэлэнгээ тогтож үзэхгүй гараад явчихлаа. Үүнд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид маань сэтгэл дундуур байна. Угтаа биднийг Монголын нүүр царай болоод уг үзэсгэлэнд оролцоочээ гэсэн хүсэлт тавьсны үндсэн дээр бид тодорхой хэмжээний хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулан, сэтгэл зүрхээ шингээн ирсэн шүү дээ. 

Таны бодлоор уг үзэсгэлэнд төрийн төлөөллүүд хэрхэн оролцох ёстой байсан бэ?

Хэрвээ би төрийн өндөр албан тушаалтан байгаад уг экспод ирсэн бол үйлдвэрлэгчидтэй нэг бүрчлэн уулзаж, бараа бүтээгдэхүүнийг нь сонирхон тайлбарлуулах байсан. Монгол үндэсний гутал, хувцас хэрэглэл, ноолууран бүтээгдэхүүн зэргийг өмсөж үзэх гэх мэтээр бусад улс орны төлөөллүүдийн анхаарлыг үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ татах байсан. Ингэж ажилласан бол үйлдвэрлэгч бид сэтгэл хангалуун буцах байлаа. Гэхдээ бид Монгол улсаа сурталчилж байгаагийн хувьд бараа бүтээгдэхүүнээ эмх цэгцтэй тайлбарлаж, үнийн бодлогоо хатуу барилгүйгээр уян хатан байдлаар хандаж байна.

Экспод бараа бүтээгдэхүүнээ борлуулж байхад тулгарсан бэрхшээл байна уу?

Бидний хувьд хятад хүмүүстэй ойлголцох хэлний асуудал бага зэрэг хүндрэлтэй байна. Энэ тал дээр зохион байгуулж байгаа хүмүүс маань орчуулагч оюутнуудыг ажиллуулна гэсэн. Хэрвээ тэдгээр хүмүүс ажилласан бол илүү өргөн дэлгэр болох байлаа. Гэхдээ экспод оролцсондоо баяртай байна. Бидний бараа бүтээгдэхүүнийг хараад бахархаж байгаа гадаад иргэдийн сэтгэгдэл бидэнд урам өглөө. 

Энэ мэт олон улсын экспод оролцсоны дараах үр дүн ямар байдаг вэ? 

Үйлдвэрлэгч бидний хувьд олон улсын экспод оролцох нь маш үр дүнтэй байдаг. Тухайлбал, энэ удаагийн экспод бидний танилцуулга, нэрийн хуудсыг Хятадын талын хүмүүс их авч байна. Эдгээр нэрийн хуудас авсан хүмүүс Монголд очихдоо бидний урлантай танилцах, бараа бүтээгдэхүүн захиалгаар хийлгэх, борлуулалтыг тодорхой хэмжээнд дэмжих гэх мэт хамтын ажиллагааг хийхээр тохиролцсон. Тиймээс  улсаа сурталчилах үзэсгэлэнд Монгол улс түлхүү анхаарч, зөв оролцох ёстой.

Технологи, үйлдвэржилтийн эрин үед монголчууд бидний эртний уламжлалаараа хийж буй бараа бүтээгдэхүүн бусдаасаа илт давуу ялгарч байна. 

Сүүлийн жилүүдэд та бүхний үйл ажиллагаа аль талаараа илүү өргөжин тэлж байна вэ?

Гол зүйл бол монголчуудын нүүдэлчдийн соёл, уламжлалт амьдрах ухаан, тэдний хэрэглэж байсан эд хэрэглүүр, байгальтайгаа ойрхон байх соёл гэх мэт шинжийг агуулсан зүйл бусдаас илүүтэйгээр олны анхаарлыг татдаг. Сүүлийн үед сошиал ертөнц өндөр хөгжсөн улс орны иргэд бидний энэхүү уламжлалт бараа бүтээгдэхүүнийг ихээхэн сонирхох болсон. Тиймээс төрийн бодлогоо энэ тал руугаа зөв чиглүүлэх нь зүйтэй. Тухайлбал, энд болж байгаа олон улсын хурал чуулганд бид оролцоогүй. Уг нь үйлдвэрлэгчид, жинхэнэ бүтээн байгуулагчид бодлого ярьсан хурал чуулганд оролцох нь зөв юм.

Та бүхний бараа бүтээгдэхүүний голлох худалдан авалт аль улиралд байдаг вэ?

Дотоодын худалдан авалт бол цагаан сар, наадам гэх мэт уламжлалт баяр наадмын үеэр ихэсдэг. Сүүлийн үед бид гаднаас валютын урсгалыг татах боломжтой юм байна гэдгийг анзаарсан. Үүнийгээ энэ удаагийн экспод оролцсондоо улам бататгаж байна. Ганцхан ноолуур биш монголчуудын арьсан эдлэл, үндэсний хувцас, дээл, гутал гэх мэт бүтээгдэхүүнийг эко гэдэг утгаар нь гадны хүмүүс ихээхэн сонирхож байна. 

Та бүхэн бараа бүтээгдэхүүнээ гадны хэрэглэгчдэд хэрхэн хүргэдэг вэ?

Энэ тал дээр төрийн зүгээс багахан анхаарал, дэмжлэг үзүүлчих юм бол ямар ч асуудалгүй удамжлалт бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой. Бидний түүх, өв соёл тэр чигээрээ маркетинг, сурталчилгаа болж чаддаг. Үүнийгээ түшиглээд бид аль ч бараа бүтээгдэхүүнээ экспортлох бүрэн боломжтой. 

Ингэхдээ онлайн худалдааг түлхүү сонирхож байна уу эсвэл нэрийн дэлгүүр нээхийг чухалчилан харж байна уу?

Онлайн худалдаа хийхээсээ илүү хамгийн эхлээд олон улсын чанартай үзэсгэлэнд өндөр түвшний зохион байгуулалттай, зохиомж найруулгыг сайтар гүйцэтгэж, бэлтгэлийг бүрэн хангасан байдалтайгаар оролцох нь чухал. Ялангуяа үзэсгэлэнд оролцохоор ирсэн үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн ерөнхий үзэсгэлэнгийн зохиомж найруулгыг сайтар хийх хэрэгтэй. Мөн уламжлалт бараа бүтээгдэхүүнийхээ бэлгэдлийг сайн тайлбарлах хэрэгтэй. Тухайлбал, энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр худалдан авагчдад “Оюу чулууг зүүхээр хөгширдөггүй юм” гэж хэлэхэд уг чулуугаар хийсэн бүтээгдэхүүн ихээр худалдаалагдаж байна. Тиймээс уламжлалт байдлаар хадгалсан, мөн гар аргаар урласан гэдэг утгаараа бидний бараа бүтээгдэхүүн илүү үнэ цэнтэй бол хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татаж байна. Шинэ техник технологи хөгжсөн улсуудад ийм хэв маягийг агуулсан бүтээгдэхүүн үнэхээр үгүйлэгдэж байгаа нь ажиглагдаж байна.

Танай холбооноос энэ удаагийн экспод хэчнээн ААН оролцож байна вэ?

2015 онд зохиогдсон анхны үзэсгэлэнд манай холбооноос олон компани оролцож байсан. Тэдгээр хүмүүс гааль дээр мэдүүлгээ буруу мэдүүлснээс болж бараа бүтээгдэхүүнээ хураалгаж байсан гэх мэт асуудал гарч байсан. Энэ мэт асуудлаас болоод энэ жилийн үзэсгэлэнд чадварлаг уран бүтээлчдийн чанартай бүтээлүүд ирэлгүй үлдсэн нь харамсалтай байна. Энэ удаагийн үзэсгэлэнд манай холбоонд бүртгэлтэй 50 орчим ААН-ийн 10 урлан ирсэн бөгөөд долоо нь Хөх Хотод, үлдсэн гурав нь Улаанцав хотын үзэсгэлэнд оролцож байна.

Дараа дараагийн экспод оролцох хүсэлтэй урлангууд байгаа шүү дээ. Тэдэнд зориулж та бүхэн алдаанаасаа суралцсан жишээг хэлээч? Экспод оролцохоор төлөвлөж байгаа ААН-үүд юунд анхаарах хэрэгтэй вэ?

Экспод бэлдэж ирэхдээ заавал гаалийн бүрдүүлэлтийг хийсэн байх хэрэгтэй. Мөн сорьц бүрдүүлэлтийн албанаас хэрэгтэй бичиг баримтаа авчихсан байх хэрэгтэй. Тиймээс эртнээс бэлтгэл ажлаа хийхгүй бол гэр бүл, найз нөхдөөрөө нийлж урлангаа байгуулсан хүмүүс маань энэ талын мэдээллийг хангалттай авч чаддаггүйгээс болж хил дээрээс буцах харамсалтай тохиолдол гарч магадгүй. Ингээд харахад зохион байгуулалт муу учраас эцэг эх нь тоодоггүй хүүхэд шиг нүдэндээ нулимстай буцах тохиолдол олон гардаг. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Саранзаяа

Энэ сард болох арга хэмжээ

Өмнөх нийтлэл

“Электроникийн цехтэй болно гэсэн мөрөөдөлтэй байлаа”

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur