Life style

Түүний ажил: Шүлэг тэрлэх, зураг авах

0

Түрээсийн орон сууц, Гэр хорооллын “Сервис центр” зэрэг олны таашаалыг хүртэж буй төслүүдийн санаачлагч, “Дельта констракшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн зөвлөх, Гавьяат барилгачин гэх мэт цөөнгүй гавьяа, олон албатай  Ц.Эрдэнэбат хэмээх бизнесмэний авъяас билгийг тод харуулдаг хобби бол гэрэл зураг. Удаахи нь яруу найраг.

Барилгын хүн яруу найрагч байх нь хачирхалтай санагдаж болох ч энэ нь түүний үндсэн ажилд “мэдрэмж” болон тусалдаг.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, Буянт ухаа I, II, Crystal Town, Park Villa, Sky Garden, Монголын хамгийн анхны дата центр зэрэг томоохон бүтээн байгуулалтыг гардан удирдсан тэрбээр энэ их ажлынхаа хажуугаар хоббигоо хөөх ажилд амжсаар л байдгаас харахад Ц.Эрдэнэбат гэрэл зураг, яруу найрагт зүрх сэтгэлээ өгсөн, үүндээ туйлын дуртай нэгэн ажээ. Тэр ч бүү хэл өөрийн фото зургийн үзэсгэлэн, яруу найргийн хоёр ч ном гаргаад амжсан.

        • Сэтгэлийн тэнгэр цэлмэчихээд
        • Санааны үзүүрт зэрэглээ л байна
        • Хавар эртийн энэ цагаан талд
        • Харин би юугаа зурж эхэлье дээ

Тэр өөрөө энэ сонирхлоо хобби бус “ажил” хэмээн нэрийддэг. Учир нь шүлэг найраглал, гэрэл зургийн аль аль нь маш их төлөвлөгөө шаардагддаг аж. Ноднингийн авсан яргуйгаа илүү сайхнаар, өөр өгүүлэмжтэйгээр дуранд буулгахын тулд олон цагаар боддог байна. Мөн шүлэг тэрлэх санаа гэнэт буух үе багагүй тохиолддог бөгөөд түүнийгээ цаасан дээр буулгах нөр их ажлаа эхлүүлнэ. Бүтэц, агуулга, өрнөл, төгсгөл гэх мэт дараалсан олон асуудал үүсдэг аж.

Өдгөө “Сэтгэл дотроо байгаа бүх гунигийг үснийхээ үзүүрт зангидаад, дээрээс орсон бороотой хамт газар руу шингээж тайтгаръя” гэсэн шүлгийн санаа буугаад байгаагаа тэрбээр бидэнд сонирхуулж, түүнийгээ шад, мөр болгохоор бүх л оюун ухаанаа зориулж байгаа дуулгасан. Ц.Эрдэнэбат “Энэ санаагаа эмхлэн шүлэг болгоход бөөн ажил болно. Нэгэнт ажил юм бол ажилдаа цаг гаргаж, ажиллах шаардлагатай шүү дээ” гэлээ.

        • Ойгоод буух ганц дусал
        • Одоо л оргилдоо байна
        • Цэл залуу омог бардам
        • Цаг дуусч байгаагаа мэдэхгүй байна аа

Заримдаа шүлэг бичиж байгаад зургийн санаа орж ирнэ. Эсвэл зураг дарж байгаад шүлгийн санаа төрдөг түүнд гэрэл зургууд нь гэрэл гэгээ, мэдрэмжийг өгдөг гэнэ. Үзэж байгаа хүн гүн гүнзгий, нандин зүйлийг мэдрээсэй хэмээн ярих дуртай тэрбээр бодолдоо гэрэл зургийн өнгө, дүрслэлийг буулгахдаа баяр баясал өгөх өнцгөөс зургаа дарахыг хичээдэг байна. С.Жавхлан, Т.Баясгалангийн дуулснаар олонд танигдсан, та бидний сайн мэдэх “Хос орчлон” дууны шүлгийг Ц.Эрдэнэбат гэргийдээ зориулан бичсэн түүхтэй.

Уяач хүн хурдан морь уралдуулбал түрүүлүүлж байж кайф авдаг шиг яруу найрагч улам л хүний сэтгэлийн гүн рүү орж байж таашаалыг мэдэрдэг. Тиймээс тэрбээр сэтгэлгээний яруу найрагт туйлын дуртай. Зарим хүнд барилгын салбарын бизнесмэн яруу найрагч байх нь хачирхалтай санагдаж болох ч энэ нь түүнд үндсэн ажлаа сайн хийхэд нь урам зориг өгч, хүлээсэн үүргээ онц гүйцэтгэх сайхан мэдрэмж болон тусалдаг ажээ. Ц.Эрдэнэбат цаашид яруу найргийн хүрээнд монолог хийхээр сонирхож байна. Мөн удахгүй гэрэл зургийн үзэсгэлэнгээ дахин гаргахаар төлөвлөжээ.

Нэргүй шүлэг

  • Сарны туяа нь гэрэлтэй гэлээ ч хүйтэн л шүү дээ
  • Сарнайн дэлбээ нь анхилам гэлээ ч өргөстэй шүү дээ
  • Сайн муу нь мөнхөд цуг орчлон шүү дээ
  • Санаан зоргоор хувирах нь үгүй тавилан шүү дээ
  • Дүүрэн мөртөө ховдог байдаг хүсэл шүү дээ
  • Дэндүү мөртөө ховдог байдаг сэтгэл шүү дээ
  • Дутуу бүхнээрээ ядуу болдог хорвоо шүү дээ
  • Дундуур бүхэн нь зовлон болдог амьдрал шүү дээ
  • Чамай нүцгэн ирэхэд өлгий тоссон хорвоо шүү дээ
  • Чамай нүцгэн буцахдаа чулуу дэрлэх хорвоо шүү дээ
  • Чин үнэнийг хэлэхэд миний юмгүй хорвоо шүү дээ
  • Чимээгүй буцаад тоох нь үгүй орчлон шүү дээс
С. Баярмаа

Data Analyst буюу Өгөгдлийн шинжээч гэж хэн бэ?

Өмнөх нийтлэл

Т.Доржханд: Бидэнд хийх ёстой гэрийн даалгавар байна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.