Орчин үеийн бизнес элитүүдээс хамгийн хурц бизнесмэний нэг бол Ричард Брэнсон юм. Дэлхийд алдартай Virgin Group-ын эзэн тэрбээр зохиолч, шоумэн, тамирчин гээд олон чиглэлээр давхар мэргэшсэн авьяас төгөлдөр нэгэн. Ялангуяа этгээд үйлдэл, хачин үг хэллэг нь олны сонорт хамгийн түрүүнд хүрч байдаг. Үүнийгээ мань хүн маркетингтай холбон тайлбарладаг. Яалт ч үгүй Брэнсоны үйлдлүүд нь компанийнхаа бодлого, чиглэл, зорилготой уялдсан байдаг нь Virgin Group хэрхэн өсөн бойжсон түүхээс тод харагддаг.

Ричард 1950 онд Лондон хотод Ричард Чарльз Николасын дөрвөн хүүхдийн том нь болон мэндэлсэн. Харин зан характерын хувьд ээж Ева Хантлигээ өвчсөн мэт дуурайжээ. Ричардын этгээд үйлдэл, ярианы хэв маяг нь ээж Евагийнх нь бодит тусгал аж. Том хүү нь эд хав муу, хэл яриа тааруутай байгааг эрт анзаарсан Ева хүүгээ нийгэмшүүлэх, бие дааж сургах ажилд хамаг цагаа зарцуулсан гэдэг. Тухайлбал, дээрх чанаруудыг суулгахын тулд хүүгээ хол газар ганцааранг нь орхиж гэртээ харих арга, замыг өөрөө нь олуулж байсан талаар Ричард өдгөө бахархан ярьдаг.

Ричард бизнесийн гараагаа “Student” сэтгүүлээр эхэлсэн. Тухайн жилүүдэд оюутнууд нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, эрх үүргээ хамгийн хүчтэй хамгаалж байсан үе. Залуу бизнесмэн сэтгүүлээ ашигтай ажиллуулахын тулд боломжит реклам олгогчидтой утсаар өдөржин холбогдох тул аажимдаа утасны төлбөрөө төлж дийлэхээ болив. Энэ үед толгойд нь нэгэн сод санаа төржээ. Тэрбээр утасны компанийн удирдлагад хандан “Миний яриаг танай операторууд дундаас нь санаатайгаар таслаад байна” гэсэн гомдлыг удаа дараа мэдүүлснээр нэг сумаар хоёр туулай буудав. Утасны компанийн удирдлага түүнээс уучлалт хүссэнээр барахгүй операторууд нь түүний харилцагч компаниуд руу залган “Ноён Ричард тантай ярья гэж байна” хэмээн холбоочны үүрэг гүйцэтгэх болов. Өөрөөр хэлбэл, утасны компанийн операторуудыг өөрийнхөө нарийн бичиг болгосны дээр реклам олгогчидтойгоо үнэ төлбөргүй ярьдаг болжээ.

Сэтгүүлийн бизнес их ашиг өгөөгүй ч Брэнсоны ирээдүйн амжилтад хамгийн их хэрэг болох туршлагыг олгосон юм. Түүний дараагийн ажил нь дуу бичлэгийн Virgin Records студи байлаа. Тэрбээр шинэ санаа, өвөрмөц шийдлийг олноор нь түгээсний үр дүнд Майкл Гордон Олдфилд, Жанет Жексон, Белинда Карлайл, Фил Коллинз, Стинг нарын алдартай дуучид хит уран бүтээлүүдээ түүний студиэр бичүүлдэг болов. Чухам энэ амжилт Virgin Records студи Virgin Group болон тэлэхийн үндэс болжээ. Тус группт багтдаг компаниудын үйл ажиллагаанаас цухас дурдвал:

-Агаарын болон төмөр замын тээвэр
-Кабелийн, хөдөлгөөнт, утсан холбоо, телевиз
-Шөнийн цэнгээнт газар, фитнесийн сүлжээ клуб
-Гоо сайхны бүтээгдэхүүн, дээд сортын вино худалдаа
-Сансрын жуулчлал, автомашин худалдаа.

Эндээс гарахад түүний оролцоогүй салбар гэж өдгөө үгүй болсон бөгөөд үүний дүнд Virgin Group-т хамаарах компаниудын тоо хэдэн зууд хүрч, нийт ашгийн хэмжээ нь 25 тэрбум долларыг давж байна.
Ийм их ажлын хажуугаар мань хүн шоудах завыг хангалттай сайн гаргадаг. Баталгаа нь реалити шоу, кино, телевизийн нэвтрүүлэгт оролцсон тоогоороо дээд амжилт тогтоосон явдал юм. Тэр ч бүү хэл хийн бөмбөлөг хөлөглөн Атлантын далайгаас Номхон далай хүрсэн рекордын эзэн болсон. Ингэх зуураа Virgin компаниа сурталчилахаа ч мартаагүй. Эзнийхээ энэ мэт этгээд үйлдэл бүрийн нь ард Virgin компанийн ашиг сая саяар нэмэгдэж байдаг ажээ.

Ж. Баяржаргал

Өдөр бүр амттан идэх хүслийн шалтгаан

Өмнөх нийтлэл

Хийх ажлуудаа эрэмбэ дарааллаар нь ангилахын ач тус

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur