Дэлхий дээрх хамгийн хэцүү ажлыг нэрлэ гэвэл “Хүн удирдах л хамгийн хэцүү төвөгтэй ажил” хэмээн том, жижиг байгууллагын захирлууд бараг нэгэн дуугаар хариулах буй заа. Удирдахуйн ертөнцөд оршин тогтнож илүү амжилттай ажиллахын тулд захирал хүнд мэргэжлийн ур чадвараас илүүтэйгээр хүмүүстэй харилцах, тэдэнд нөлөөлөх буюу зөөлөн ур чадварууд ихээр шаардагдаж байна.

Бизнесийн байгууллагуудыг төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс удирддаг. Захирлууд барилгын инженер, эмч, технологич, програмист, хуульч, эдийн засагчид байдаг. Тэд ихэвчлэн мэргэжлийн талдаа үнэхээр чадварлаг байдаг ч хүнтэй ажиллах, ажилчдаа удирдан чиглүүлж, идэвхжүүлэлт хийхдээ тэр бүр хангалттай түвшинд байж чаддаггүй.

Хүнтэй ажиллаж, тэднийг удирдан чиглүүлэхэд шаардагддаг олон ур чадвар бүгд EQ буюу эмоцийн чадавхитай шууд холбоотой хэмээн сүүлийн үед судлаачид үзэх болсон. Янз бүрийн улсуудад явуулсан судалгааны дүнгээс харахад IQ өндөртэй байх нь сайн ажилд ороход тустай байдаг бол EQ-ийн чадвар өндөр байх нь албан тушаал дэвшиж, карьерын шатаар өгсөхөд шууд нөлөөлдөг болох нь тогтоогдсон байдаг.

ТЭГВЭЛ ЭМОЦИЙН ЧАДАВХИ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

Эмоцийн чадавхи гэдэг нь өөрийн болон бусдын эмоцид мэдрэмжтэй хандаж шаардлагатай үед тэрхүү мэдээллийг ашиглан өөрийгөө удирдах хийгээд бусадтай харилцах харилцаагаа үр дүнтэй зохицуулах чадварыг хэлнэ.

EQ нь өөрийн зан төлвийг удирдах, найз нөхөд, ажлын хамт олон, олон нийтийн дунд биеэ зөв авч явах, хувь хүн гэр бүлийн хүрээнд чухал шийдвэр гаргах, сонголт хийхэд чухал үүрэгтэй чадвар юм. Эмоцийн чадавхийг манлайллын түлхүүр ур чадварын нэг гэж үздэг болсон бөгөөд энэхүү чадварт суралцаж болно.

Эмоцийн чадавхийг бүрдүүлэгч хэсгүүд

Эмоцийн чадавхи нь дараахь хэсгүүдээс тогтоно.

Өөрийгээ таних – Эмоцийн хувьд өөрийгөө таньж мэдэх

Өөрийгээ илэрхийлэх – Өөрийнхээ эмоцийг зөв илэрхийлж сурах

Хүмүүс хоорондын харилцаа: Бусадтай харилцаагаа хөгжүүлж, зохицуулах

Шийдвэр гаргалт: Сэтгэл хөдлөлөө удирдаж илүү сайн шийдвэр гаргадаг болох

Стрессийг удирдахуй: Эмоцио хяналтад авснаар стресс болон бусад сорилуудыг амжилттай даван туулах чадварыг хэлнэ.

ЭМОЦИЙН ЧАДАВХИЙГ ХЭРХЭН САЙЖРУУЛАХ ВЭ?

  1. Та өөрийнхээ сэтгэл хөдлөлийн талаар сайтар ойлгож мэдэх. Ажил дээрээ болон гэртээ байхдаа эмоцийн ямар нөхцөлд байгаадаа ажиглалт хийж үзээрэй. Та бүтэн өдрийг ямар эмоци, сэтгэл санааны байдалтай өнгөрөөдөг вэ? Хүний эмоци халдвартай байдаг учир ихэнх тохиолдолд байгууллагын захирал байгууллагынхаа дотоод уур амьсгал ямар байхыг тогтоодог.
  2. Эмоцио удирдаж сур. Таны эмоци буюу сэтгэл хөдлөл ямар үед эерэг эсхүл сөрөг байгаад ажиглалт хий. Санаатай, санамсаргүй үйлдэл эсхүл хариу үйлдэл үзүүлэхээс өмнө түр зогсож завсарлага авч сур.

Та өөрийгөө маш чухал уулзалтын өмнө асар их стресс бухимдалтай байгаагаар төсөөлөөд үз. Тэр уулзалтаас таны бизнесийн амжилт ихээхэн хамаарах байсан боловч та яг уулзалтын өмнө хариуцлага алдсан ажилтнаа толгой түрүүгүй загнаж, уур тань гараагүй байх үед чухал уулзалт эхэллээ. Гэтэл муу дээр муухай гэгчээр зочинд цай, кофегоор үйлчилж байсан таны ажилтан сандарч байгаад зочны хувцсан дээр кофе асгаж орхив. Энэ үед таны уур дүрсхийн асаж зочдын өмнө ажилтнаа загнаж орхив. Таныг уур уцаараа хянаж удирдаж чадахгүй байгааг ирээдүйн хөрөнгө оруулагч тань ажиглаад хэзээ нэгэн цагт надад ч бас энэ ааш авираа гаргаж мэдэх нөхөр байна гэсэн дүгнэлт хийгээд хамтран хэрэгжүүлэх гэж байсан төслийн хөрөнгө оруулалтаа хийхгүй байх шийдвэр гаргана.

Маш олон сар уйгагүй ажиллан биеллээ олох гэж байсан төсөл таны EQ тааруухан байгаагаас, өөрөөр хэлбэл хэдхэн хором эмоцио удирдаж чадаагүйгээс ийнхүү талаар болох тохиолдол гарч болно. Эсрэгээр та энэ уулзалтыг ажил хэрэгч, нөхөрсөг уур амьсгалын хүрээнд явуулсан бол таны олон сар мэрийсэн ажил бүтэмжтэй болж, та төслийн санхүүжилтээ авахын зэрэгцээ шинэ ажил хэргийн хамтрагчтай болох байсныг бүү мартаарай.

Ямар ч хүнд эмоцио хянах, удирдах рефлекс байдаг бөгөөд энэхүү рефлексээ зөв цагт зөв ажиллуулж чаддаг хүмүүс байхад тэр бүр ажиллуулж чадалгүй эмоцийг тархиндаа захируулан сөрөг эмоци буюу уур уцаар, бухимдлаа захирч чадахгүй хүмүүс ч байна.

Эмоцийн чадавхитай хүмүүс бусдыг дэмжиж, тэдний санаа сэтгэлийг илүүтэй ойлгож, илүү сайн байхад тусалдаг төдийгүй, ууртай уцаартай, сөрөг хүнтэй харьцуулахад амьдралын бартаат замыг харьцангуй зовлон багатай туулдаг аж.

Ц. Оюунжаргал

Монголбанкинд худалдах алтны хэмжээ буурсаар байна

Өмнөх нийтлэл

Анхаарлаа төвлөрүүлж сурахын ашиг тус

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. Сургалтын талаар мэдээлэл авмаар байна. Сургалтуудын хуваарь, хугацаа

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох