Хассан Куакаяа нь НҮБ-ын худалдаа ба хөгжлийн бага хуралд 1981 оноос хойш ажиллаж эхэлсэн бөгөөд 2006-2015 онд уг байгууллагын Өрсөлдөөн ба хэрэглэгчийн бодлогын газрын даргаар ажиллаж байв. Энэ хугацаанд тэрбээр Африк, Латин Америк, Ази, Зүүн Европын хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай 60 гаруй орны Засгийн газарт хэрхэн өрсөлдөөний тухай хууль боловсруулах, улс орны худалдааны стратегийг хөгжүүлэхэд зөвлөхөөр ажиллаж байсан аж. 40 гаруй жил худалдааны чиглэлээр ажилласан туршлага дээрээ үндэслэн түүний үүсгэн байгуулалцсан “Олон улсын өрсөлдөөн, хэрэглэгчийн хуулийн хөтөлбөр”-т жил болгон олон улсаас оюутнууд магистр болон докторын чиглэлээр Австралийн Мелбурнын их сургуульд суралцахаар зорьдог аж.  Монголд “UFE Executive Platform”-д оролцохоор ирээд байхад нь түүнтэй хурлын дундуур ярилцах боломж олдсон юм.

-Монгол улс дэлхийн зах зээлээс хөрөнгө босгохын тулд бусад хөгжингүй улсын бизнесүүдтэй өрсөлдөх хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ хөгжлийн зөрүүг бид хэрхэн даван туулж амжилттай хөрөнгө босгох боломжтой вэ?

-Өрсөлдөөний асуудал бол зөвхөн Монголд биш бүх л хөгжиж буй улсад тулгарч буй бэрхшээл юм. Тэд дэлхийн тавцанд илүү хөгжингүй улсуудтай өрсөлдөх шаардлагатай болдог. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан судалгаагаар дэлхий дахин хэдийн хиймэл оюун ухааны дөрөвдүгээр хувьсгалд шилжээд байна. Тиймээс бусад улстай өрсөлдөхийн тулд заавал өрсөлдөөний давуу талыг олж авах шаардлагагүй. Сургуулиа төгсөөгүй нэгэн ч өнөөдөр шинэ бизнесийн загвар, шинэ аппликейшн болон шинэ санаа гаргах боломжтой. Өнөөдөр интернет, онлайн худалдаа дэлхийн хаана ч бизнес эрхэлж буй хүмүүсийн үнэтэй нөөц нь болж байна. Энэ мэт шинэ технологиуд старт-апуудад маш том боломж өгөхийн зэрэгцээ томоохон корпорациудын хөгжлийг сүйтгэх хүчин чадалтай юм. Учир нь том компаниуд тодорхой технологид хэдийн их хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн байдаг учир шинэ технологид дасахад хэцүү байдаг. Харин байгуулагдаад удаагүй компаниуд шинэ технологийг ашиглаж цаашид хөгжихөд хялбар юм.

-Онлайн худалдааны талаар дэлгэрэнгүй яриач?

-Өнөөгийн технологийн хөгжлийн тусламжтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд гарч буй хамгийн том боломж бол онлайн худалдаа юм. Яагаад гэвэл тэд Хятад, Америк, Европын зах зээлд бүтээгдэхүүнээ маш хялбархнаар, шууд зарах боломжтой. Ингэхийн тулд ердөө л Амазон, Алибаба зэрэгтэй хамтарч маш сайн вебсайт л хийх юм. Өнөөдөр би Улаанбаатарт явж байгаад зах дээрээс хоёрхон ам.долларын үнэтэй маш сайн оймс худалдаж авсан. 10 жилийн өмнө би Швейцариас хоёр ам.долларын үнэтэй оймс авч байсан. Энэ мэтчилэн үнийн хувьд маш боломжийн ноолууран оймсыг гадны зах зээлд онлайнаар шууд худалдана гээд бодоод үз дээ. Учир нь Америк, Европт ноолууран оймс гэхэд л 10 ам.доллар давсан үнэтэй. Зул сар болох үеэр гэр бүлийнхэндээ дулаахан оймс авч өгөх болоход монгол оймсыг гадны хэрэглэгчид маш дуртайяа худалдаж авна. Мөн миний анзаарснаар Монголын уламжлалт бүтээгдэхүүн худалдаж буй дэлгүүрүүд жуулчдад зориулж үнээ 4000, 5000 мянган төгрөг гэж тавихын оронд 2 ам.доллар гэж тавихад л жуулчид ямар хямд үнэтэйг нь шууд хараад мэдэх юм шиг санагдсан.

Мэдлэгт улс орон гэж байдаггүй

-Технологийг дагаад гарч буй шинэ боломжуудыг ашиглахын тулд Монгол улсын хувьд хийх эхний алхам юу вэ?

-Монгол улсын хувьд хамгийн түрүүнд залуу боловсон хүчнээ шинэ технологид сайтар сургаж дөрөвдүгээр хувьсгалаас хүртэх боломжтой бүх л давуу талыг хүртэх хэрэгтэй. Мөн бизнес эрхлэгчдийг цаашид хөгжихөд нь туслах инкубатор төв маш чухал. Цаашлаад хүртээмжтэй, тогтвортой хөрөнгө оруулалтын стратегийг хэрэгжүүлэх нь чухал юм. Яагаад Монгол улс өнөө үед дэлхийн эсвэл Азийн санхүүгийн төв болж чадахгүй байгаа вэ? Сингапур гэхэд л Монголоос жижиг газар нутагтай, бага хүн амтай. Гэвч Сингапурын хөгжлийг өнөөдөр хар л даа. Учир нь тэд боловсролдоо маш их хөрөнгө оруулалт хийсэн учир өндөр боловсролтой ард иргэдтэй. Монгол улс ч мөн боловсролын маш тодорхой хэсэгтээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Бүх залуусаа хөгжингүй улсууд руу явуулж бүх төрлийн мэдлэгт сургах хэрэгтэй. Учир нь мэдлэгт улс орон гэж байдаггүй. Монголын хөрөнгө бол иргэдийнх нь мэдлэг юм. Цөөн хүн амтай ч иргэн болгоны мэдлэг улсынхаа хөгжилд томоохон хувь нэмэр оруулах боломжтой. 21-р зуунд хиймэл оюун ухаан, интернетийн дараагийн шатны хөгжил, харилцаа холбоо, санхүү зэрэг бүх л зүйлс өөрчлөгдөж байна. Маш олон технологийн бүтээгдэхүүн өнөөдөр үнэгүй байна. Бид утасны аппликейшн хэрэглээд үнэгүй ярьж байна. Интернетийг үнэгүй хэрэглэж байна. Гэвч энэ бол үнэгүй биш. Харин чи өөр байдлаар үнээ төлж байна гэсэн үг. Энэ бол нэг биш хоёр зах зээл юм. Нэг зах зээлд үнэгүй байна, харин нөгөө зах зээлд үнэтэй. 

-Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар хөрөнгө оруулалт татахад хамгийн чухал хүчин зүйлсийн хувьд эрэмбээрээ улс төрийн тогтвортой байдал, найдвартай хуулийн зохицуулалт болон бизнес хийх зардал зэрэг орж байсан. Монгол улсыг та хөрөнгө оруулалтын орчны хувьд юу гэж дүгнэх вэ?

-Хөрөнгө оруулагчийн аюулгүй байдлыг хангахад ил тод нээлттэй байдал, менежерүүд өөрсдийн ажлаа хийхэд олгогдох эрх чөлөө, хувьцаа эзэмшигчийн эрх мэдэл зэрэг үзүүлэлт бас чухал байдаг. Би эдгээр үзүүлэлтийг Монгол улсын хувьд Зүүн Өмнөд Ази, Герман болон АНУ-тай харьцуулж үзтэл Монгол улс Америктай маш ойролцоо үзүүлэлттэйгээр хоёрдугаарт орсон. Энэ бол миний эсвэл Монгол улсын Засгийн газрын гаргасан тоо биш юм. Хөрөнгө оруулагчдыг татах гэж яваа Монгол шиг жижиг улс томоохон хөрөнгө оруулагчидтай уулзвал юу хийх үү? Саналыг нь хүлээж авахад бэлэн гэдгээ хамгийн эхэнд нээлттэйгээр илэрхийлнэ. Харин өнөөдөр Хятад улсад хөрөнгө оруулъя гэж бодоход шаардлагууд нь маш хатуу бөгөөд хамгийн түрүүнд ийм ийм зүйл хийх хэрэгтэй гээд маш олон шаардлага тулгардаг. Монгол улсын хувьд нэг өдөр адилхан болох байх. Гэхдээ яг одоогоор Монгол улсын хувьд нэгдсэн хөрөнгө оруулалтын бодлого хамгийн ихээр дутагдаж байна. 

-Монгол улс нэгдсэн хөрөнгө оруулалтын бодлогоор дутагдаж байна гэдэг нь юунаас илүү харагдаж байна?

-Хөрөнгө оруулалт хариуцсан нэгж нь ямар нэг яамны нэг бүтэц байгаа тохиолдолд хүнд суртлаас эхлээд маш олон саад гарч ирнэ. Мэдээлэл түгээхдээ ч хүртэл гадныханд маш ерөнхий мэдээллийг өгч байна. Гэвч хөрөнгө оруулагчдад нарийн, тодорхой мэдээллүүд хэрэгтэй. Вебсайт руу нь яваад ороход маш цэгцгүй. Ямарваа нэг ажил яагаад цааш хөгжихгүй байгааг мэдэхийн тулд тодорхой үнэлгээнүүд хэрэгтэй. Үнэлж байж юун дээр алдаж байгааг мэдэж цаашлаад сайжруулаад явах боломжтой. Ингэхийн тулд хөрөнгө оруулалтын агентлагийг тусд нь байгуулж явах хэрэгтэй.

-Хэрхэн хөрөнгө оруулалтын энэхүү агентлагийг байгуулах боломжтой вэ? 

-Ямар төрлийн хөрөнгө оруулалтыг ямар салбарт авахаар төлөвлөж байгаа вэ гэдэг асуултаас л эхэлнэ. Жишээ нь Монголд хөрөнгө оруулсан ч бүх ашиг нь Монголоос гараад явчих бол тэр хөрөнгө оруулалтыг авах үнэхээр хэрэгтэй юу? Монгол улсын хувьд ажлын байр бий болгох, шинэ технологийг нутагшуулах тийм л хөрөнгө оруулалтууд хэрэгтэй. Тийм ч учраас байгуулах агентлагаасаа ийм төрлийн хөрөнгө оруулалт татахын тулд юу хийж байгаа, хийсэн ажил нь үр дүнд хүрч байна уу, үгүй бол яагаад гэх мэт асуултыг асууж алхам тутамдаа сайжруулаад явах хэрэгтэй. 

-Хөрөнгө оруулалт амжилттай татсан сайн туршлагуудаас хуваалцаач?

-Хөрөнгө оруулалтын хамгийн сайн туршлага гэдэг харьцангуй бөгөөд зорилгоосоо хамаараад өөр өөр юм. Шинэ технологийг нутагшуулах зорилготой хөрөнгө оруулалт гэж бодъё. Үүний нэг сайн жишээ бол Сингапур улс юм. Хөрөнгө оруулалтыг татах салбар нь маш тодорхой байдаг. Харилцаа холбоо, санхүүгийн үйлчилгээ бас аялал жуулчлал. Хэдий маш их хэмжээний хөрөнгө оруулалт оллоо гэж бодсон ч өөрсдийнх нь зорилгод нийцэхгүй бол тэр хөрөнгө оруулалтын саналд өндөр ач холбогдол өгдөггүй. “Манайд хөрөнгө оруулж болно, гэвч бидний гол зорилго биш учраас тийм ч өндөр ач холбогдол өгч чадахгүй нь” гэж хэлж байгаатай л адил юм. Боломж өөрөө ирэхгүй. Түүний төлөө үргэлж ямар нэг зүйл хийж байх хэрэгтэй. Чи цэцэг нэг удаа усалчихаад үлдээвэл удалгүй үхчихнэ. Цэцгээ ургуулж байхын тулд чи үргэлж түүнийг усалж тордож байх хэрэгтэй. Үүнтэй адил хөрөнгө оруулалт татах ажлыг Засгийн газраас тогтмол хийж байх хэрэгтэй. Хэрэв бага зэрэг л туслаад явбал бизнесүүд үйл ажиллагаагаа тогтмол сайжрах боломжтой. Засгийн газраас иргэдийнхээ боловсролд анхаарах нь чухал. Боловсрол гэхээр докторын зэрэг хамгаалах тухай биш юм. Хүн бүр өөрийн гэсэн ур чадвартай. Тэрхүү ур чадварыг нь дэмжиж чадварлаг инженер, эдийн засагч, цахилгаанчин болон багш болгох тухай л юм. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Google компани таныг яагаад ажилд авахгүй вэ?

Өмнөх нийтлэл

Энэ чинь яасан Амар эд вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох