ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал П.Алтанцог

Дотроо чихэрлэг, гашуун, исгэлэн, амтгүй гээд зүсэн зүйлийн шингэн агуулсан өнгө, өнгийн шилэн лонхнууд  үйлдвэрээс гарч агуулах, дэлгүүр, хөргөгч, уут, ширээ, бас дахин хөргөгч гэх зэргээр дамжин явсаар эцэстээ хэн нэгний гарт очиж хоосон лонх болон хувирна. Бид доторхыг нь уучихаад юу ч бодолгүй хогийн сав руу чулуудаж орхидог тэдгээр лонхны “хувь заяа” хэрхдэг вэ? Бүрэн задарч дуустлаа байгальд дор хаяж 1000 жил болно. Эсвэл дахин боловсруулагдаж эргээд хэрэглээнд шилжинэ.

Судлаачид Улаанбаатар хотод жилд 60 мянган тонн (харин Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны мэдээгээр улсын хэмжээгээр 319 мянган тонн) хаягдал шил бий болдог гэх нүсэр тоог  танилцуулаад буй. Тэрхүү их хэмжээний хаягдал шилийг эргэлтэд оруулснаар дахин  дахин ашиглах боломжтой барилгын материал үйлдвэрлэх гарц бидний хажууханд нээлттэй байгаа юм. Тодруулбал, уг дуусаж дундрашгүй түүхий эдийг хог хаягдал хэвээр үлдээлгүй үйлдвэрлэлд нэвтрүүлж, “хөөсөн шил” хэмээх бүтээгдэхүүнийг гарган авах боломжтой.

Бид гурилыг хөөлгөхдөө исгэгч ашигладаг. Яг үүн шиг буталсан шилийг гурил мэт нарийн ширхэгтэй болгон нунтаглаж, түүн дээрээ хөөлгөгч бодис нэмэн тусгай горимоор халаахад талх шиг хөөдөг. Ингээд 94 – 96 хувь нь шилнээс, үлдсэн хэсэг нь хөөлгөгч бодисоос бүтсэн өвөрмөц материал бий болно. Ийм технологиор бүтдэг учраас л олон улсад “хөөсөн шил” хэмээх нэр авчээ. Жин нь гайхмаар хөнгөн. Нэг метр куб хэмжээтэй шил 2.4 тонн орчим байдаг бол адил хэмжээтэй хөөсөн шилний тухайд ердөө 140 – 400 кг.

Өнөөдөр foam glass буюу хөөсөн шилийг дэлхийн улс орнуудад дэд бүтцийн салбартаа буюу барилга, зам барих зэрэгт өргөнөөр ашиглаж, хэрэглээнд хэдийнэ нэвтрүүлээд байгаа билээ. Герман, Финлянд тэргүүтэй Европын орнууд, мөн Ази, тэр дундаа манай урд хөрш Хятад улс хөөсөн шилний үйлдвэрийг олноор байгуулан идэвхтэй ажиллуулах болжээ. Байгальд ээлтэй, эко технологи учраас өндөр хөгжилтэй орнуудын төрөөс ихээхэн туслалцаа үзүүлж, бодлогоор дэмждэг нь ч ингэж хурдан зах зээлээ тэлэхэд нөлөөлсөн аж.

Энэхүү технологийг Монголд нутагшуулахаар зорин ажиллаж буй Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн физикч, эрдэм шинжилгээний ажилтнуудаас бүрдсэн цомхон баг шаардлагатай бүхий л судалгааг хийж, дэлхийн бусад орнууд дахь хөөсөн шилнээс хэд дахин хямд үнээр эх орондоо үйлдвэрлэх боломжтойг харуулаад байна. Энэ хүрээлэнгийн дэргэдэх Монголын цорын ганц шил хайлуулах лабораторид тэд манай улсын хувьд анхны хөөсөн шилийг гарган авч, ашигтай загварын гэрчилгээгээ ч авчээ.

Шинжлэх ухаанд хэр их хөрөнгө оруулна. Хөгжил төдий чинээ хурдасна.

“Хэрэв Хятадаас хөөсөн шил авчирвал үнэтэй тусна. Тэнд зарагдаж байгаа нь энд үйлдвэрлэгдэхээс хамаагүй үнэтэй. Жишээлбэл, өмнөд хөршид 10 см зузаантай нэг ам дөрвөлжин метр хөөсөн шилэн хавтангийн үнэ 14-20 ам.долларын хооронд хэлбэлздэг. Германд гэхэд л 60-аад евро болно. Харин бид ашигтай  ажиллахын хажуугаар үүнээс хоёр дахин бага үнээр хөөсөн шилээ борлуулах боломжтой. Үйлдвэрт ашиглах түүхий эд цөм хаягдал шил учраас зөвхөн тэдгээрийг цуглуулж үйлдвэрт авчрах зардал л гарна” хэмээн “Хөөсөн шил” төслийн удирдагч, доктор П.Алтанцог ярьсан юм. Физик, технологийн хүрээлэнгийн захирал тэрбээр “Алтан шил” гарааны компанийг байгуулж, хөрөнгө оруулалт босгохоор дөрвөн жил орчим зүтгэсэн ч нааштай үр дүнд хүрээгүй л байна. “Бид гадаад, дотоодын олон экспод оролцсон. Герман, Хятад улсад гэхэд л шилний дэлхийн хэмжээний дөрвөн томоохон үзэсгэлэнд оролцож, дотоодын үзэсгэлэнгээс Инновацийг хэрэгжүүлэгч байгууллагаар шалгаран шагнал хүртэл хүртсэн, манай улсын хоёр ч яам дэмжихээ илэрхийлсэн боловч үйлдвэр байгуулах хөрөнгө үгүй л байна. Өнгөрсөн хугацаанд олон хүнтэй уулзаж, ярилцлаа. Үнэхээр боломжтой юм байна гэж хэлдэг ч өнөөг хүртэл хөрөнгө оруулах хүн гараагүй л байна. Германчуудтай хамтран үйлдвэр байгуулахаар их ч хөөцөлдсөн. Гэхдээ бүтээгүй. Зээл авах гэж ч үзлээ” хэмээн тэр тайлбарлав. Төслийн судалгаа, туршилтын үр дүн гээд бүх зүйл бэлэн болсон ч хөрөнгө оруулалтаас шалтгаалан ийнхүү зогсонги байдалд оржээ. Тэдний тооцоолж буйгаар хөөсөн шилний үйлдвэр барихад долоон тэрбум төгрөг шаардлагатай. Энэ нь жилдээ 20 мянган метр куб хөөсөн шил гаргаж авах хүчин чадалтай үйлдвэр барихад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ. Ингэж хүчин чадлаараа ажиллахын тулд 4000 тонн хаягдал шил ашиглах юм. Улаанбаатарчуудын жилд “үйлдвэрлэдэг” нийт хаягдал шилний зургаан хувь гэсэн үг.

Манай улсын хувьд анхны хөөсөн шилийг П.Алтанцог доктор болон түүний багийнхан гарган авч, ашигтай загварын гэрчилгээгээ хэдийнэ аваад байна.

Хэрэв энэхүү хөөсөн шилний үйлдвэр баригдвал хөрөнгө оруулалтын зардлаа гурван жилийн дотор нөхнө гэж тэд тооцоолж байна. Мөн манай оронтой ижил уур амьсгалтай Улаан-Үд, Иркутск орчмын бүс нутагт экспортлох боломж гарахыг ч үгүйсгэхгүй гэлээ. БНХАУ болон Германы талтай хамтран жилийн дотор энэхүү үйлдвэр босох боломжтой. “Төр засгаас үүнийг ойлгож хэрэгжүүлбэл их ирээдүй харагдана. Өнөөдөр ОХУ-д хөөсөн шилний үйлдвэр алга. Миний мэдэж байгаагаар Москвагийн ойролцоо дутуу баригдсан нэг үйлдвэр л бий” хэмээн ярьсан төслийн удирдагч, доктор П.Алтанцог 1981 онд Ардчилсан Герман улс (Зүүн Германы) -ын Халле хотын Мартин Лютерын нэрэмжит  их сургуульд хатуу биеийн физикч мэргэжлээр сурч төгсөөд эх орондоо эргэн ирж, ШУА –ийн Физик, технологийн хүрээлэнд ажиллажээ. Түүнийг энд 38 жил ажиллах хугацаанд шилжилтийн нийгмийн үе таарч, мөр зэрэгцэн ажиллаж явсан залуучуудын ихэнх нь шинжлэх ухаанаас холдон мөр мөрөө хөөн оджээ. Хаа ч тохиож байсан үзэгдэл. “Шилжилтийн үед эрдэм шинжилгээний байгууллагууд их хүнд байдалд орсон. Тэр үеийн сайн сайхан боловсон хүчнүүдийн ихэнх нь зах зээл рүү орсон доо. Үүнээс болж эрдэм шинжилгээний ажилд завсар үлдсэн. 1985-1995 он хүртэл бараг 10 гаруй жил энэ байгууллагад шинэ залуучууд ирээгүй юм. Манай хүрээлэнгээр авч үзвэл бууриа сахиж, энэ ажлаа л хийж үлдсэн бидний үеийн ганц, хоёр л хүн байна уу даа” хэмээн буурал эрдэмтэн өгүүлэв. Үнэхээр дуртай, сонирхолтой байсан учир энэ л түүний хийх ажил хэмээн үзэж, энэ ажлаа л хийхийг тэр зорьж байж. Тиймээс ч хүрээлэндээ, шинжлэх ухаандаа үнэнч үлджээ.  

Монгол Улсад шил хайлуулж буй цорын ганц лабораторид жижиг шааригны тусламжтай хаягдал шилийг бутлах нь хөөсөн шил үйлдвэрлэлийн эхний дамжлага.

П.Алтанцог өнгөрсөн 20 жилийн турш шилний судалгаа хийж буй. Энэ чиглэлээр судалгаа явуулах бололцоо манайд байгаагүй учраас Германд очиж Монголд олдоцтой материалаар шил гарган авах, шил болон материалын судалгаагаа үргэлжлүүлж иржээ. 2012-2015 онд БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан дэмжсэнээр шил хайлан гаргаж авах төслөө амжилттай хэрэгжүүлж, шилний лабораториа байгуулж байв. Уг лабораторид манай улсын анхны шил хайлуулах зуухыг байршуулжээ. Үүний үр дүнд П.Алтанцогийн багийнхны судалгаа эрчимжиж, Монголд хөөсөн шил бий болсон түүхтэй.

Буталсан шилийг гурил мэт нарийн ширхэгтэй болгон нунтаглаж, дараа нь тусгай горимоор халаан хөөсөн шил буюу бэлэн блокийг гарган авна.

“Манай лабораторийн зуух жижиг учир бидний гаргаж байгаа хөөсөн шил ёстой л талх. Ийм жижигхэн юм барьчихаад тайлбарлахад цагаа тулахаар хүн ойлгодоггүй. Тиймээс бид хөрөнгө оруулагчдад хөөсөн шилний ач холбогдлыг үзүүлэхийн тулд Хятадаас том хэмжээтэй хөөсөн шил авчирч, 4×6 метр хэмжээтэй байшин барьсан. Одоо хэмжилтүүдээ хийж байна. Бидний барьсан байшинд орсон хөөсөн шилийг гэхэд 2000 гаруй ширхэг ундааны хаягдал шилээр хийх жишээтэй байгаа юм. Гэтэл тийм тооны хаягдал шилний үнэ хэд билээ дээ. Хагарчихсан шилийг гэхэд л хаяхаас өөр аргагүй. Харин бид тийм шилнээс л хөөсөн шил гарган авч байна” хэмээн тэр ярилаа.

Оюун ухаан шингэсэн бүтээгдэхүүн илүү үнэ цэнтэй. Үүнийг манай шийдвэр гаргагчид зөв ойлгож, зөв зүтгэх л ёстой. 

Тэд баяр наадмаас урьтан долдугаар сарын 10-нд байшингаа амжиж барьж дуусгасан нь Физик, технологийн хүрээлэнгийн хашаан дотор байх аж. Барих газар олдохгүй арга мухардахдаа айлын зуслангийн хашаанд барих гэж ч оролдож үзжээ. Гадагшаа дулаан алдахгүй гэдгийг батлах үүднээс энэ бүхнийг хийж буй. Зуны саруудад гадаа +36 градус байхад тэдний хөөсөн шилээр дулаалсан байшин дотор +25 градус хүртэл байсан нь хэмжилтээр тогтоогджээ. Нэг үгээр, дулаан алдагдал маш бага, барилгын найдвартай дулаан тусгаарлагч материал гэсэн үг юм. Ирэх өвөл тэд хэмжилтээ хийж, туршилтаа ид үргэлжлүүлэхээр зэхээд байна. “Жижигхэн цахилгаан халаагуур тавьчихад л дулаанаа алдахгүй хонох тийм л гэрт ард түмнээ амьдруулчихвал Улаанбаатар утаагүй болно” хэмээн доктор П.Алтанцог онцлов.    

Энэхүү бяцхан байшингийн шалыг 10 см, дээврийг мөн 10 см, харин  дөрвөн ханыг нь 20 см зузаан хөөсөн шилээр дулаалжээ. Ийм зузаантай хөөсөн шилээр байшингийн хана барихад, бидний түгээмэл ашигладаг 80 см зузаан цагаан блоктой тэнцэх дулаан тусгаарлагч болж буй. Тэгэхээр хөнгөн бас дулаан. Барилгын цагаан хөөсний оронд ашиглах боломжтой. Гэхдээ цагаан хөөснөөс дулаан дамжуулах чадвар нь 2-4 дахин бага учраас сайн тусгаарлагч материал болдог төдийгүй цагаан хөөс шиг хулгана идэх, химийн бодист түлэгдэх, галд хайлах аюулгүй зэрэг олон давуу талтай. “Энэ бол дулаалгын турбаны гадна талын хөөсөнцөрийг орлуулсан байдал. Энэ хөөсөнцөрийг манай улс 100 хувь импортолдог. Үүнийг хөөсөн шилээр бүрэн орлуулж болно. Газрын гүнд булагдахад хорхой шавж, чийг нэвтрэхгүй давуу талтай” хэмээн тэрбээр тодруулав.

П.Алтанцог Физик, технологийн хүрээлэнгийн дэргэдэх Монголын цорын ганц шил хайлуулах лабораторид. Тэрбээр өнгөрсөн 20 жилийн турш шилний судалгаа хийж буй.

Физик, технологийн хүрээлэнгийн барилгын зарим хэсэг магадгүй П.Алтанцог гуайг ажиллахаар анх ирж байх үеэс нэг их өөрчлөгдөөгүй болов уу. Хүрээлэнгийн энэ хэсгийн барилгын дотоод засал, хана, шал, шат, өрөөнүүд яг л социализмын үед анх ямар байсан тэр хэвээрээ үлджээ. Зөвхөн үүгээр тогтохгүй байгууллагын дотоод үйл ажиллагаа, судалгаа, шинжилгээ явуулахад улсаас үзүүлэх дэмжлэг ч дутмаг байдаг нь илт. Үүнтэй холбоотой баримт сөхвөл, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх шинжлэх ухааны салбарт зарцуулж буй дүн ердөө 0.1 орчим хувьтай тэнцэж байгаа нь дэлхийн хөгжилтэй улс орнуудынхтай харьцуулахад хэдэн арав дахин бага үзүүлэлт юм. Тухайлбал, Скандинавын орнууд ДНБ-ийхээ гурваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний зардлыг шинжлэх ухаанд зориулан төсөвлөдөг бол энэ тоо Хятадад хоёр, Японд гурав, Өмнөд Солонгост бүр дөрвөн хувь байх жишээтэй. Энэ талаар П.Алтанцог “Шинжлэх ухаанд хэр их хөрөнгө оруулна. Хөгжил төдий чинээ хурдасна. Үйлдвэрлэл хөгжөөгүй манай улсад зөвхөн уул уурхайн салбараараа дамжуулаад хөгжих найдвар байгаа л байх. Гэхдээ үнэндээ удна. Бид бүх зүйлээ, хадаасаа, хадаасныхаа тавыг хүртэл гаднаас авч байна шүү дээ. Ийм байхад улс хөгжинө гэж харж байхаар шинжлэх ухаандаа хөрөнгө оруулбал үр ашиг нь хавьгүй хурдан гарна. Оюун ухаан шингэсэн бүтээгдэхүүн илүү үнэ цэнтэй. Үүнийг манай шийдвэр гаргагчид зөв ойлгож, зөв зүтгэх л ёстой. Тийм цаг ирж, дараа дараачийн үеийн залуучууд урамтай ажиллах нөхцөл бүрдэнэ гэж найдаж байна” гэв.

Хөөсөн шил нь дулаан алдагдал маш бага, барилгын найдвартай дулаан тусгаарлагч материал юм. 

Түүний Монголд үйлдвэрлэхээр зорьж буй  хөөсөн шил хэмээх материал хагарч, бутарлаа гэхэд эргэн хайлуулж зам барих, эсвэл цементтэй хольж хөнгөн барилгын материал гарган авч буй туршлага олон улсад бий. Тухайлбал, Монголтой төстэй уур амьсгалтай Швед, Финлянд зэрэг Европын улсад машин зам барихад хайрганы оронд хөөсөн шилний хагархайг замын доорх суурь болгон ашигладаг. Хэрэв хөөсөн шилийг зузаан дэвсэж өгвөл манай оронд өвөлдөө хөлдөж, зундаа халснаас үүсдэг замын эвдрэлээс салах боломжтой. Товчхондоо, 100 хувийн эргэлттэй, ямар ч хаягдалгүй материал юм. Мөн хөөсөн шилийг ус цэвэршүүлэгчээр ч ашигладаг. Хамгийн гол нь юунд зориулан ашиглах гэж буйгаас шалтгаалан хольцны хэмжээг өөрчлөхөд хөөсөн шилний жин ч дагаад өөрчлөгдөнө. Жишээлбэл, цагаан блок буюу дүүргэгчээр ашиглах бол аль болох хөнгөн, харин зам барих зэрэгт хүнд, бат бөх байх ёстой болно. Энэ мэтээр хөөсөн шил нь ашигт ажиллагаа ихтэй, байгаль орчинд ээлтэй гэдэг утгаараа дэлхий нийтийн сонголт болоод буй.  

Доктор П.Алтанцог “БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан хамтран бидний судалгааг явуулахад дэмжлэг үзүүлснээс л энэ бүхэн бүтсэн. Хэрэв хөрөнгө оруулалт олчихвол энэ гурван байгууллага, төслийн хамт олны маань хөдөлмөрийн үр дүн гэж ойлгож болно” хэмээн тодотгож байна.  

Энэхүү нийтлэл Business.mn сэтгүүлийн есдүгээр сарын дугаар (№10) -т нийтлэгдсэн болно. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 4.33 out of 5)
Loading...
Х. Цолмон

 С.Батмөнх: Монгол хоолоо “Сүши” шиг танил болгох нь миний зорилго

Өмнөх нийтлэл

“Харгис хана” Европыг аврах уу

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur