Өсөх стратегиТоп нийтлэл

Хоёр дахь гэртээ тавтай морил!

0

Тодорхой цагт баригдаж, тогтсон хэмнэлээр, нэг хүрээлэлдээ ажиллах нь уламжлалт оффисын ерөнхий дүр зураг. Энэ бүхнээс зайлсхийсэн залуус ажил хэргээ бие даан явуулж, илүү чөлөөт амьдралын хэв маягийг эрэлхийлэх болжээ. Тэд гэрээсээ эсвэл кофе шопоос ажиллах нь түгээмэл. Гурван жилийн өмнө Б.Мандаа ч бас тэдний нэг байв. Брэндингийн чиглэлээр голчлон ажилладаг түүний хувьд оффисын өрөөг кофе шоп тухайн үед орлож байлаа. Нэгэн удаа багын найз нь Монголд анхлан нээж буй дундын оффисынхоо брэндингийн ажлыг хийх саналыг түүнд тавьжээ. Өөр өөр ажил мэргэжилтэй залуус нэг орон зайд, нэгэн дээвэр дор төвлөрч, хэн хэндээ саад бололгүй тус тусын ажлаа үргэлжлүүлэх атлаа нэг хамт олон, хүрээллийг үүсгэх дундын оффисын концепц түүнд үнэхээр таалагдав.

Өндөр хурдны интернэт, сайн чанартай кофе, найрсаг хүмүүс, бүтээлч уур амьсгал, тав тухтай орчин. Энэ бүхэн дундын оффисын онцлогийг илтгэх гол элементүүд. Уламжлалт оффисын хэв маяг давамгайлсан Монголд ийм орчин үнэхээр үгүйлэгдэж буйг Б.Мандаа өөрөө ч сайн мэдэрч байсан учраас шинэ соёлыг залуусын дунд түгээхээр “Club Coworking” нэртэй тэрхүү дундын оффист үргэлжлүүлэн ажиллахаар шийджээ. Түүний багын найз Европт үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байхдаа оффисын шинэ хэв маяг залуусын дунд хурдтай дэлгэрч буйг анзаарч, эх орондоо нутагшуулахыг зорьсон нь Б.Мандаагийн хүсэл сонирхолтой яв цав нийцэв. Мөн түүнтэй хамтрахаар АНУ-ын Денвер хотод энэ чиглэлээр олон жил ажилласан туршлагатай зөвлөхүүд Монголд хүрэлцэн иржээ.

Дундын оффис бол зөвхөн түрээсийн талбайн тухай ойлголт биш юм.

Тэр үед буюу 2016 онд дундын оффис Монголд харьцангуй шинэ ойлголт байсан учраас “Club Coworking”-ий залуус энэ тухай хүмүүст уйгагүй тайлбарлаж өгдөг байв. Цаг гаруй тайлбарлуулсны эцэст “Энэ чинь түрээсийн оффис л юм байна шүү дээ” гэж хэлэх нэгэн ч энэ хугацаанд таарчээ. Шинээр бизнес эхлүүлэхээр төлөвлөсөн хэн бүхэн оффис түрээслэх, тохижуулахаас эхлээд ашиглалтын зардлаа хэрхэх вэ гэсэн асуудалтай нүүр тулгардаг. Үүнийг хамгийн зардал багатай, өөрт ашигтай шийдэх арга нь дундын оффис түрээслэх юм. Өөр өөрийн онцлогтой олон хувь хүн, байгууллага нэг хүрээлэлд багтаж, бие биеэсээ суралцан хамтдаа хөгжихөөс гадна төрөл бүрийн сургалт, өдөрлөг, эвентэд оролцож, танилын хүрээгээ тэлэх боломжтой эерэг уур амьсгал үүсгэдэг нь дундын оффисын хамгийн том давуу тал. Тэгэхээр дундын оффис гэдэг зөвхөн түрээсийн талбайн тухай ойлголт биш юм.

Шинэ санааг өлгийдөх бүтээлч орчин

 

Бизнест дөнгөж хөл тавьж буй жижиг компаниуд болон бие даасан мэргэжилтнүүд, чөлөөт уран бүтээлчид өөрийн үйл ажиллагааны онцлог, далайцад нийцүүлэн ганцаар суун ажиллахад тохиромжтой ширээнээс эхлээд төрөл бүрийн зай, талбай бүхий өрөөг дундын оффисоос түрээслэх боломжтой байдаг. Эрч хүчтэй залуусын төлөөлөл “Tomujin Academy” болон “Brainstorm” брэндинг агентлаг гэхэд л дундын оффист анх төвхнөж байсан бол яваандаа үйл ажиллагааны цар хүрээ болон баг, хамт олноо өргөжүүлснээр ажлын орон зайгаа томруулах шаардлагатай тулгарч, өөрийн гэсэн оффистой болж нүүсэн өсөлтийн түүхүүд ч бий. Түүнчлэн дундын оффисыг орхисон ч, эргээд ирсэн хүмүүс цөөнгүй. Тэдний буцаж ирсэн шалтгаан нь нэг гэр бүл мэт хүрээлэл, гэртээ байгаа мэт тав тухтай мэдрэмж, мөн хамгийн бүтээмжтэй ажиллаж байсан үе нь дундын оффист өнгөрсөн зэргээс шийдвэрээ эргэн харахад хүрчээ.

Ийм бүтээлч орчноос төрсөн шинэ санаа амжилтад хүрч, хэдэн зуугаас хэдэн сая хүний амьдралд нөлөөлсөн түүх цөөн биш. “UB Passport”, “Эсгий хот” подкаст болон тун удахгүй шинэчлэгдсэн хувилбараа танилцуулахаар зэхэж буй “Travel Hub Mongolia” аялал жуулчлалын платформыг үүсгэх санаа дундын оффист цай, кофе уух зуураа өрнүүлсэн яриа, санал бодлоо солилцсон чөлөөт уулзалт, өдөрлөгүүдийн үеэр төржээ.

Дундын оффисоос төрсөн шинэ санаа амжилтад хүрч, хэдэн зуугаас хэдэн сая хүний амьдралд нөлөөлсөн түүх цөөнгүй.

Дэлхийн түвшинд яривал дундын оффисоос гаралтай амжилттай бизнесүүдийн тоо маш их. Тэдгээрээс хэдхэн жишээ татъя. АНУ-ын Сан Франциско хот дахь “Dogpatch Labs” дундын оффист ажиллаж байхдаа Кевин Систром, Майк Кригер нар цоо шинэ концепцтой сошиал медиа үүсгэх санаагаа олсон нь өнөөдөр дэлхий даяар нэг тэрбум хүнийг байлдан дагуулсан “Instagram”-ийн эхлэл байв. Мөн өмнөд хөршөөс гаралтай дугуй түрээсийн үйлчилгээ үзүүлэгч “Ofo” стартап Лондон дахь нэгэн дундын оффисоос үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 20 гаруй улсын 250 хотод салбараа нээгээд байна.  Нэг ч таксигүй хэрнээ сая сая хүмүүст такси үйлчилгээ үзүүлж буй “Uber” компани ч ялгаагүй дундын оффисоос гараагаа эхлүүлсэн түүхтэй.

Энэ мэтээр амжилттай бизнесийг бойжуулж, шинэ санааг амьдралд бодитоор хэрэгжихэд олон талаар дэмжлэг үзүүлж буй хамтын чөлөөт оффис 2005 онд АНУ-ын Сан Франциско хотод анх үүсчээ. Харин одоо тус улс дундын оффисын тоогоороо дэлхийд тэргүүлж буй. Гарааны бизнес эрхлэгч Брэд Нойберг технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Rojo” компаниа үүсгэн байгуулаад байх үедээ өөрт тулгарсан асуудлаа шийдэх үүднээс дундын оффисыг анх санаачилжээ. Тэрбээр эрх чөлөөтэй, бие даасан атлаа бусадтай хүрээлэл үүсгэж, өндөр зохион байгуулалттай ажиллахыг хүсэж байсан ч энэ бүхэн санаснаар нь нэг л болж өгөхгүй байв. Иймээс өөр ажил мэргэжилтэй нэгэн бүсгүйтэй хамтран өрөө түрээслэсэн нь дундын оффисын үүсэл болоод зогсохгүй олон улсад трэнд болж, оффисын шинэ хэв маяг болно чинээ тэр санаагүй юм.

Ажиллах орчны шинэ трэнд

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар, тэр дундаа томоохон хотуудад дундын оффисын тоо эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. “Deskmag” онлайн сэтгүүлийн судалгаагаар дэлхийн өнцөг булан бүрт байрлах 20 мянга орчим дундын оффист 1.7 сая хүн ажиллаж байгаа тухай мэдээлжээ. 2022 онд энэ тоо 5.1 саяд хүрнэ гэсэн таамаг ч бий. Зөвхөн өнгөрсөн оны сүүлийн хагаст гэхэд л дэлхий даяар 1000 гаруй дундын оффис шинээр байгуулагдсаны дотор Улаанбаатарт нээгдсэн оффис ч багтаж буй.

“MSpace” хэмээх энэхүү инновацийн төвд хиймэл оюун, блокчэйн, гар утасны аппликэйшн болон чатбот хөгжүүлж буй технологийн стартапууд ихэвчлэн төвлөрчээ. “MLab” олон улсын хөрөнгө оруулалтын сангаас санхүүжилт авсны үр дүнд “Startup Mongolia” (2011)  болон “WorkCentral Mongolia” (2017) компаниуд нэгдэн “Start” компанийг байгуулж, эхний томоохон ажлаа танилцуулсан нь “MSpace” дундын оффис юм. Нийслэлд анхны дундын оффис “Club Coworking” байгуулагдсанаас хойш “Workcentral Mongolia”, “Startup Marketing Space”, “Hub Innovation Center”,  “MSpace” зэрэг 10 орчим бүтээлч орчин нээгдээд байгаа.

Дэлхийн өнцөг булан бүрт байрлах 20 мянга орчим дундын оффист 1.7 сая хүн ажиллаж байна. 

Эдгээр дундын оффист ажиллаж буй залуусын дийлэнх хэсгийг миллениалууд бүрдүүлж буй. Тэр дундаа эрэгтэйчүүд давамгайлах хандлагатай байгаа нь Монголын технологийн ертөнцөд эмэгтэй мэргэжилтнүүдийн тоо харьцангуй цөөн байдагтай холбон тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл, дундын оффисын “оршин суугчдын” ихэнх нь технологийн салбарынхан байгаа юм. Үүнийг үл харгалзан дундын оффисын тоо цаашид ч өсөх хандлагатай байна. “Start” компанийн хамтран үүсгэн байгуулагч Б.Батбаатар “Бид дөрөв дэх салбараа 13-р хороололд нээхээр ажиллаж байна. Анх таван жилийн дотор гурван салбар байгуулахаар зорьж байсан бол өдгөө бидний зорилго нэгэнт гүйцэлдсэн учраас төлөвлөгөөгөө өөрчилж, ирэх таван жилд 10 салбар нээхээр төлөвлөсөн” хэмээн ярилаа. Тэдний хувьд Сингапурын “WorkCentral” дундын оффисын салбарыг Монголд нээснээр бизнесийн шинэ орон зайд хүчээ сорьж эхэлсэн юм. Одоогоор тэд “WorkCentral Mongolia”, “MSpace”, “MCampus” дундын оффисуудыг ажиллуулж байна.

Хөрөнгө оруулалтын шинэ талбар  

 

“And Global” компани “LendMN”-ийн араас цахиур хагалах өндөр потенциалтай дараагийн компанийг аль болох эрт илрүүлж, “MSpace” дундын оффист бойжуулан, хөрөнгө оруулалт, менежмент, хүний нөөц, тоног төхөөрөмж зэрэг бүхий л шаардлагатай нөөцөөр хангаж, стартапуудын өмнө тулгардаг асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор “MLab” төслийг анх эхлүүлжээ. Дундын оффис Монголд дангаараа хөгжих боломжгүй гэж үзсэн учраас тэд нэмэлт хөтөлбөрүүд санал болгох замаар өөрийн бий болгосон хүрээлэлдээ үнэ цэн нэмж буй. Мөн “МSpace” нь Тайланд, Малайз, Сингапурын “HUBBA”, “iCube Innovation”, “IskandarSpace”, “PAPER + TOAST” зэрэг дундын оффистой хамтран ажилладаг тул гишүүддээ эдгээр бүтээлч орчноор үйлчлүүлж, олон улсын компаниудтай хамтрах боломжийг олгож байгаа юм.

Тэгэхээр дундын оффисынхон зөвхөн өөр хоорондоо мэдлэг, мэдээлэл солилцох бус гаднын томоохон оффисуудад ажиллаж, хилийн чанадад хүрээллээ тэлэх боломжтой болж байна гэсэн үг. Энэ нь хөрөнгө оруулалт авах шаардлагатай стартапуудын хувьд том боломж. Мөн дотоодын томоохон корпорациуд дэргэдээ дундын оффис байгуулах ажил ч яригдаад эхэлжээ. Үйл ажиллагаа нь нэгэнт тогтворжсон тэдгээр корпораци нийгэмд үнэ цэн түгээж, хүмүүст тулгарсан асуудлыг амжилттай шийдэж чадах стартапуудтай ойр ажиллаж, хөрөнгө оруулахыг эрмэлзэж буй.

Стартапууд соёл болон хурдаараа томоохон компаниудаас  ялгарч, тэднээс илүү өсөлттэй, амжилттай яваа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон өөр нэг шалтгаан.

Орчин үед стартапууд соёл болон хурдаараа томоохон компаниудаас  ялгарч, тэднээс илүү өсөлттэй, амжилттай яваа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон өөр нэг шалтгаан. Энэ хэрээрээ үндэстэн дамнасан корпорациуд дэргэдээ дундын оффис байгуулах, эсвэл “Microsoft”, “Deutsch Bank” зэрэг томоохон тоглогчид шиг чөлөөт оффисуудтай хамтран ажиллах замаар инновац бий болгож байна. Үүнээс гадна дундын оффисын менежментийн баг стартапуудыг хөрөнгө оруулагчидтай холбоо тогтооход дэмжлэг үзүүлдэг олон улсын жишиг Монголд ч нэвтэрчээ. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард “MSpace” хэд хэдэн стартапыг дотоодын хөрөнгө оруулагчтай холбосноос гурав нь санхүүжилт авахаар болоод байна. Тэдний нэг болох эрүүл мэндийн цахим даатгалын цогц системийг манай улсад анхлан танилцуулж буй  “Insur” компани өндөр дүн бүхий хөрөнгө оруулалт авснаар зах зээлийн үнэлгээ нь 2.6 тэрбум төгрөгт хүрчээ.

“WeWork”, “Industrious”, “Rocket Space” зэрэг дэлхийн томоохон дундын оффисуудын өсөлтөөс харахад энэхүү салбар хэдийнэ олон тэрбум ам.долларын эргэлттэй зах зээл төдийгүй стартапуудын хувьд диваажин болсон юм. Үүнийгээ дагаад дундын оффисууд үйл ажиллагааныхаа чиглэлээр технологийн мэргэжилтнүүд болон эмэгтэйчүүд, уран бүтээлчид, оюутнуудад зориулсан гэх зэргээр төрөлжиж эхэлжээ. Монголд ч мөн ялгаагүй дундын оффисууд төрөлжих боломж их бий гэдгийг Б.Батбаатар онцолсон юм.

Хоёр дахь гэр

Энэхүү бүтээлч орчны тухай ойлголтыг монголчуудын дунд  таниулах ажилд багийнхны хамтаар хувь нэмрээ оруулж чадсан Б.Мандаа өнөөдөр америк зөвлөхүүдтэйгээ зайнаас харилцаж, гурван менежерийн хамт дундын оффистоо ажилласаар байна. Тэрбээр “Club Coworking”-ийн гүйцэтгэх захирал хэдий ч энд орж ирэхэд дарга, цэргийн ялгаа огтхон ч ажиглагдаагүй юм. Харин ч тэд хоорондоо тун энгийн найрсаг, эн тэнцүү харилцаатай нь анзаарагдаж байв. “Дундын оффист захирлаас илүү менежерүүд чухал үүрэгтэй. Энд ажиллаж буй хүмүүсийг тав тухтай байлгаж, эндхийн соёлыг гишүүддээ ойлгуулж, түгээх нь менежерүүдийн үүрэг. Үнэндээ, тэд өөрсдөө ч хамтын чөлөөт оффистоо ажиллах сонирхолтой хүмүүс байдаг. Манай менежерүүд бүгд надтай адил өөрийн сонголтоор энд үлдсэн хүмүүс (инээв)” хэмээн Б.Мандаа ярьж байна.

Тэдгээр менежерийн нэг бол Э.Өнөрбат. Тэрбээр кофе шопоос гэрээт ажлууд хийж байсан ч ажиллах орчноо солихоор шийдэж, дундын оффис рүү шилжжээ. Дундын оффист төвхнөөд нэг их удалгүй энэхүү орон зай зөвхөн ажиллах бус шинэ санаа гаргаж, урам зориг авах, цаашлаад найрсаг, дулаан хүрээллийг бий болгох хязгааргүй боломжийг бүрдүүлсэн орчин гэдгийг улам бүр ойлгож эхэлсэн байна. Энэ тухай “Хаана ч ажилласан хамт олон, байгууллагын соёл хамгийн чухал. Байгууллагын соёл бүрэлдэх явцад хэн нэгэн удирдах албан тушаалтан гарч ирдэг. Эндээс босоо тогтолцооны тухай яриа эхэлнэ. Удирдлагын сэтгэл санааны байдал ажилтнуудын тухайн өдрийн уур амьсгалыг тодорхойлдог байдал надад таалагддаггүй. Намайг дундын оффист ажиллаж эхлэхэд дарга, цэргийн ялгаа огт мэдрэгдээгүй. Энд чиний сэтгэл санаа ямар байх нь өөр хэн нэгнээс шалтгаалахгүй, зөвхөн чамаас л хамаарна. Мөн монголчууд ажил мэргэжлийн онцлогоор нь хүнийг их хайрцагладаг. Харин энд “Чи хэн бэ” түүгээр чинь л  чамайг хүлээж авах болно” хэмээн тэрбээр хариулсан юм.

Ихэнх хүний хувьд ажил болон гэр бүл, найз нөхөд гэдэг өөр хооронд нь нэгтгэж ойлгохын аргагүй харь хөндий ойлголтууд байдаг. Тиймээс ч ажлаа тараад гэртээ харихаар,  эсвэл найзуудтайгаа уулзахаар яардаг хүн хаана ч олон бий. Гэтэл дундын оффист ийм хана, хэрмийг нурааж, ажлаа хийнгээ ижил үнэт зүйл, үзэл бодолтой хүмүүсээр хүрээлүүлдэг учраас халуун дулаан уур амьсгал бүрддэг. Энэ бүхнийг дундын оффисынхон “Яг л гэртээ байгаа мэт”, “Хоёр дахь гэр шиг” гэх зэргээр тодорхойлж байсан юм. Тэгэхээр залуусын хоёр дахь гэр болоод буй дундын оффисоос цаашид ямар шинэ бизнесүүд төрөхийг хүлээх л үлдлээ. Та ч тэдний нэг байх боломжтой.   

 

Х. Цолмон

Компанийн соёл амжилтын хөтөч: Баталгаа нь ZAPPOS, TWITTER

Өмнөх нийтлэл

Хөрөнгө оруулалт авахад бэлэн стартапууд

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.