Урьд урьдын цаг үетэй харьцуулахад өнөөдөр бизнес эрхлэгчид өөрийгөө хөгжүүлж, улмаар компаниа өргөжүүлж, үйл ажиллагааг нь сайжруулахын тулд байнга суралцах ёстой гэдгийг харьцангуй ойлгох болжээ. Энэ бүхэнд мэдээлэл нээлттэй болж, хүссэн хэн ч, дуртай цагтаа хаанаас ч мэдлэг, чадвараа сайжруулах боломж бүрдсэн нь мэдээж нөлөөлж буй. Тэгвэл бид энэ удаа амьдралынхаа 20 гаруй жилийг “Монголын цахилгаан холбоо”, “Ньютел”, “Мобиком”, “Скайтел” зэрэг харилцаа холбооны салбарын томоохон компанийг удирдахад зарцуулсан Д.Болорын арвин их туршлагаас цухасыг хүргэж байна. Гурван жилийн өмнөөс тэрбээр Эн Си Эс (National Consulting Service) сургалт-зөвлөх үйлчилгээний компанийг үүсгэн ажиллаж байгаа билээ. 

*****

Алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлээ тодорхойлохдоо бизнесмэнүүдийн гаргадаг гол алдаа бол аргачлалаа мэдэхгүй байх. Үүнээс шалтгаалж дээрх гурван зүйлээ буруу тодорхойлдог. Алсын хараа гэдэг тухайн байгууллагын хувьд үзэл баримтлал, жанжин шугам, мөрөөдөл нь байх ёстой. Харин эрхэм зорилго бол түүндээ хүрэх алхам. Тодорхой цэгүүдэд хэзээ очсон байх вэ гэдгээ тодорхой болгох. Үүний тулд багийн ажиллагаа, хариуцлага, ёс зүй, нийгмийн хариуцлагаа бэхжүүлж, байгууллагынхаа тодорхойлж буй үнэт зүйлтэй нэгтгэх.  

*****

Байгууллага өрсөлдөх чадвартай байхын тулд ажилтнуудаа чадвартай байлгах ёстой. Мэдээж хэрэг аливаа байгууллага бол сургалтын төв биш. Гэхдээ ажилтнаа өндөр бүтээмжтэй, чанартай байлгахын тулд тодорхой хэмжээнд шаардлагатай гэх сургалтуудыг зохион байгуулах нь чухал. Манай компаниудын гол алдаа бол зардал хэмнэх, танах тухай яригдмагц хамгийн түрүүнд хүн, хүний нөөцтэй холбогдох зардлаа хасчихдаг. Тэгэхээр сургалтын тухайд бүр ор тас авч хаядаг гэсэн үг. Гэсэн атлаа хүмүүс ажилдаа тогтохгүй байна гэдэг. Нөгөө талаар 30 саяын сургалтыг гурван саяар авахыг оролддог. Нэг ёсондоо, маш  бага зардал төсөвлөсөн хэрнээ их зүйл авахыг боддог. Энэ нь сургалт, зөвлөх үйлчилгээг чадах, чадахгүй хүмүүс хийсээр үнэ цэнийг нь унагасантай шууд холбоотой. Гэтэл гадаадад зөвлөх үйлчилгээ авахад цагийн 1500 ам.доллар байх жишээтэй. Манайд бол цагийн 150 мянга гэхэд л бодлого бодоод суучихна шүү дээ. Компаниуд мөнгөгүй байгаа учир аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлсний дараах үр дүнг тооцолгүй тухайн үеийн зардалдаа л төвлөрдөг нь зарим талаар учир дутагдалтай.  

*****

Хүнийг таних олон арга бий. Хоёр үг солиход л ямар төлөвшил, мэдлэг, чадвартай хүн бэ гэдэг нь мэдэгддэг. Энэ бол туршлага. Дээр нь биеэ авч явах байдлыг нь анзаарч, хүний сайн тал дээр тоглолт хийх хэрэгтэй. Улам сайжруулахын тулд урам өгч, алдаа гаргахаас нь урьтаж сэргийлэх нь чухал. Энэ бол ажиглалтын арга. Үүнээс гадна тухайн хүнд албан тушаал, санхүүгийн эрх мэдэл өгч үзэх арга бас бий.  

Сүүлийн хэдэн жил компаниудын удирдлагатай уулзаад явахад хоёр жил, 20 жил болсон компаниуд үндсэндээ бараг адилхан байгаа нь анзаарагдсан. 

*****

Монголын бизнесийн орчин тааруу байна. Бид дотроо, хоорондоо л үзэлцээд байдаг. Гэтэл “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-д манай улс сүүлээсээ хоёрт буюу Венесуэлийн урд жагсаж байна. Энэ улсын араас орох эрсдэл Монголд бий. Бидний хувьд үнэхээр санаа зовох ёстой асуудлын нэг бол энэ. Венесуэль манай улстай адил байгалийн баялагтай орон уу гэвэл тийм. Тиймээс Венесуэлийн араас явахгүйн тулд монгол компаниуд хөл дээрээ зогсож, нэгдэх хэрэгтэй. Түүнээс ганц ганцаараа хол явахгүй. Манай орны үйлдвэрлэлийн зах зээл маш жижиг, гарц багатай. 60 сая малтай гэдэг ч урд хөршөө долоо хоног ч тэжээж чадахгүй шүү дээ. Хэн ч жилийн хэрэгцээ хангах чадалгүй хүнтэй хамтран ажиллахгүй. Энэ тохиолдолд Монголын ганц онцлог тал бол эко гэх ойлголтод л байна. Бид мах, сүү, арьс шир зэрэг түүхий эдээ олон улсын стандартын дагуу бэлтгэж, баталгаажуулж чадвал гаднын VIP хэрэглэгчдэд борлуулах боломжтой. 

*****

30 нас хүртлээ хүн манлайллын хувьд төлөвшинө. Нэг ёсондоо, бодол тогтож, тогтвортой болно. Дээр нь мэргэжилдээ тодорхой хэмжээний дадлага туршлагатай болно. Харин 30-60  нас бол манлайллын ид үе байдаг. Түүнээс цааш өөрийн туршлагаа нээлттэй хуваалцаж, бусдад өгч эхлэх хэрэгтэй. Энэ ч үүднээс би зөвлөх үйлчилгээ рүү орсон. Олон компанид тусалмаар байна. Сүүлийн хэдэн жил компаниудын удирдлагатай уулзаад явахад хоёр жил, 20 жил болсон компаниуд үндсэндээ бараг адилхан байгааг анзаарсан. Бизнесийг яаж авч явах талаар суурь ойлголт тэдэнд бага байна. Бизнес загвар гэдгийг ч бүрэн утгаар нь ойлгоогүй явж байх жишээтэй. Нэг нэгнийгээ их дуурайж байна. Үндсэндээ мэдрэмжээрээ л явж байх шиг. Тиймээс энэ бүхэнд бага ч болов хувь нэмэр оруулах зорилгоор “Компанийн гүйцэтгэх дээд удирдлага буюу CEO” номоо бичиж хэвлүүлсэн. Тун удахгүй энэ номынхоо хоёрдугаар дэвтрийг CEO нарт хүргэхээр захирлуудтай хамтран бичиж дуусах шатандаа ороод байна. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (5 votes, average: 2.60 out of 5)
Loading...
Х. Цолмон

Зөгийн салбар үүрээ засав

Өмнөх нийтлэл

Элчин сайд асан Шин Хаймин: Хятадын тал зарим төсөлд Монголын сонирхлыг илүү харгалзаж, дэмжихэд бэлэн

Дараагийн нийтлэл

3 Сэтгэгдэл

  1. Баярлалаа. Маш хэрэгтэй мэдээлэл байна. CEO-г уншиж судалж байгаа. Дараагийн дэвтэр гарах гэж байгаа нь цаг үеэ олжээ. Амжилт.

  2. Ерөнхий сайдын бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтад нэгэн хэлэх юм байна сонгуулыг григорын тооллоор 5 жилээр сунгах нь тооны билэгдэлийн үүднээс ашигтай

  3. Үнэхээр мундаг гайхалтай удирдагч .Танд ажлын амжилт хүсье.Өөрийн сурч мэдсэн зүйлээ ,хуримтлуулсан арвин их туршлагаа түмэнд хүртээнэ гэдэг хэмжээлшгүй их буян.Номын цагаан буян дэлгэрэх болтугай

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur