Life style

Хүний хамгийн том баялаг бол залуу нас

0

Би олон хүүхэдтэй айлд өссөн юм. Манай аав, ээж бусдад их тусархуу хүмүүс байсан. Намайг бага байхад аав маань холоос, уулын мухраас бэлдэж ирсэн модоо түлшгүй болсон айлын гадаа буулгачихдаг байлаа. Би тэднээсээ ийм л хүмүүжил өвлөж авсан.

Одоо бодоход 3000 гаруй хүнтэй групп компанийг удирдаж байгаа маань гэр бүлдээ олсон хүмүүжлээс үүдэлтэй гэж боддог. Боловсролтой болохоос зөв хандлагатай хүмүүжилтэй байх нь хамгийн чухал.

1990-ээд оны эхээр “Заг пүүс”-ээ байгуулсны дараа компанид хөрөнгө оруулалт олдохгүй маш хэцүү байсан. Тэгэхэд ажилчдаа цалинтай байлгахын тулд оросуудтай ярилцаж байгаад ОХУ-ын Якутск мужид ажилчдаа нэг жил ажиллуулсан. Тэд маань эргээд гэр орондоо тавилга авч ачаад бөөн баяр ирж байлаа. Дараа нь хамгийн анх 1998 онд олон жил хөөцөлдсөний эцэст монгол иргэдийг Солонгос руу гэрээгээр явуулах ажлыг эхлүүлсэн. Япон руу ч бас илгээж байсан.

Би анхнаасаа өөрийн бизнест “Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтдэг” гэсэн зарчмыг баримталж ирсэн. Манай компанийн залуучууд, тэдний залуу нас миний хамгийн том баялаг байдаг учраас тэдэндээ үргэлж тусалж явахыг хичээдэг. Нийгмийн асуудалд нь анхаарч жил бүр хоёр хүнд байр өгөхийг зорьдог. Одоогоор 50 гаруй хүнд байр өгөөд байгаа.

Ажилтнууд, тэр дундаа залуучуудтай ажиллахдаа тухайн хүнд итгэл үзүүлж, бие даалгаж, янз бүрийн шахалт, хавчилт, дарамтгүйгээр өөрийнх нь бололцоогоор чөлөөтэй ажиллуулахыг гол зарчмаа болгодог. Учир нь компанийн хамгийн том үнэт зүйл бол хүн болоод тэдний хоорондох итгэлцэл.

Гэхдээ аливаа ажилтан хэдийгээр мэргэжлийн ур чадвар сайтай ч хийж буй ажилдаа сэтгэлээ өгч, зүтгэж, хамт олонтойгоо нэгдэж чаддаг байх хэрэгтэй. Сэтгэл, зүтгэл, чадвар гурав нэгдэж байвал хамгийн сайн ажилтан болно. Хэчнээн ур чадвартай байлаа ч хамт олонтойгоо нийцэхгүй байвал утгагүй.

Би ажилтнуудтайгаа хамт үргэлж хөгжиж, орчин үеийн чиг хандлагаас хоцрохгүй байхыг хичээдэг. Хэрэв та “Заг” группын логог ажиглавал элсэн цаг олж харна. Энэ нь “бизнес бол элсэн цаг шиг байнгын урсаж байдаг, харин эргүүлэхгүй л бол зогсоно” гэсэн утгатай. Тиймээс ч бид “Өнөд орших өв бүтээнэ” гэсэн уриа бодож олсон юм.

NASA-гийн үүдээр ороод цэвэрлэгчээс нь “Танайх сансрын компани гэх юм. Юу хийдэг юм бэ?” гэж асуухад “Бид сансарт нисэх гэж байгаа учраас би шал арчиж байгаа юм” гэжээ. Бид ийм л жишгээр компанийнхаа бүх ажилтныг бид ийм болохын төлөө шүү гэсэн зорилго руу чиглүүлж, эрхэм зорилго, хэтийн зорилгоо хараанаасаа алдахгүй явахыг зорьдог.  Эрхэм зорилго, хэтийн зорилгоо гаргачихаад аль нэг салбарт нь очоод асуухад хэн нь ч мэддэггүй тохиолдол байж болохгүй.

Залуучууд надаас шинэ бизнес эхлэх талаар асуух нь олонтаа. Миний тэдэнд хамгийн эхэнд хэлдэг зүйл бол хамгийн том давуу тал болсон залуу насаа үр бүтээлтэй ашиглах. Ямар ч хүн бизнес хийж болно. Гэхдээ залуу хүн маш сониуч байх ёстой. Тэгээд барьж авсан зүйлээ тууштай хийгээд явбал амжилтад хүрдэг гэж зөвлөдөг.

 

Бизнес сэтгүүл

Ноосон бордооны ноу хау

Өмнөх нийтлэл

Улс төржсөн гахай айсуй

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.