EntrepreneurТехнологи

Хүүхэд шиг сэтгэхийн ач тус

0

АНУ-ын S&P (Standard & Poor’s) 500 хөрөнгийн зах зээлийн индексэд байгаа компаниудын 75 хувь нь тун удахгүй арваас доош настай компаниудаар солигдох бөгөөд энэ нь яг одоо таваас доош настай компаниуд шинэ ажлын байрыг бусдаасаа илүү үүсгэж байгаа гэсэн үг. Дэлхийн бизнесийн салбарын энэ давалгаа Монголд мэдрэгдэж эхэлжээ.

Б.Дагвасүрэн хоёрдугаар ангид байхдаа “Тасалгааны цэцгийг автоматаар усалчихаж болдоггүй юм байхдаа” гэж боддог байж. Түүний ээж дунд сургуульд багшилж байсан бөгөөд нэг удаа зуны амралтаар ангидаа байсан бүх цэцгээ гэртээ авч иржээ. Найзуудтайгаа тоглож биш, цэцэг усалж зуныг өнгөрөөх болсонд Дагва хүү тун дурамжхан хандана. Тэрбээр олон жилийн дараа залхуугийн ч гэх үү, эсвэл шинийг сэдэх гэсэн хар багын зандаа хөтлөгдсөн ч гэх үү тоглоход нь саад болсон ээжийнхээ цэцэгнүүдээс санаа авч “Froot garden” нэртэй хүлэмжийн систем санаачилж, 2017 онд “Beelog” нэртэй компаниа байгуулжээ.

Хэрэглэгчийн хувьд хамгийн эхний алхам бол Монголд цорын ганц 300 ургамлын мэдээллийн сантай “Froot app” аппликейшнийг утсандаа суулгана.

“Froot garden” бол хүн бүр ашиглах боломжтой, тасалгааны ухаалаг хүлэмж юм. “Froot garden”-г хоёр төрлөөр ашиглах бөгөөд нэгдүгээрт, өөрийн сонгосон хүнсний ногоог нэг сарын дотор тарьж ургуулах, хоёрдугаарт, тасалгааны агаарын бохирдлыг бууруулж, цэвэршүүлэх зорилгоор хэрэглэх. Гэхдээ хэрэглэгчийн хувьд хамгийн эхний алхам бол Монголд цорын ганц 300 ургамлын мэдээллийн сантай “Froot app” аппликейшнийг утсандаа суулгана. Энэхүү аппликейшн таны ухаалаг хүлэмжтэй холбогдсоноор тасалгааны цэцэг болон навчит ногоог хэрхэн усалж, тордох зэргийг зааж, сануулах болно.

Тэгвэл бид үүнийг хэзээ хэрэглэж эхлэх вэ? Ухаалаг хүлэмжний “Froot app” программ хангамжийн гүйцэтгэл 70 хувьтай, харин төхөөрөмжийн үйлдвэрийн модел 100 хувь бэлэн болжээ. Тиймээс бидний цэцэг тарих арга, хэлбэр тун удахгүй ухаалаг хүлэмжээр солигдож таны амьдралын хэв маягт нэгэн цоо шинэ автомат үйлчилгээ нэвтэрнэ.
Үргэлж шинийг зохион бүтээх зандаа хөтлөгддөг Б.Дагвасүрэнд технологид суурилсан олон санаа бий. Тэднээс амьдралд хэрэгжихэд тун ойрхон байгаа бас нэг шинэ технологи бол бэлгэвчний АТМ юм.

Тэр өсвөр үеийнхний дунд бэлгийн халдварт өвчин их байдаг судалгааг үзээд яагаад бэлэн мөнгөний АТМ шиг бэлгэвчний автомат машин байж болохгүй гэж боджээ. Үүнийг эхлүүлэх зоригийг 2017 онд зохиогдсон “Startup Weekend” тэмцээн түүнд өгчээ. Бэлгэвчийн АТМ хэрэглээнд нэвтрэхэд бэлэн бөгөөд одоо зөвхөн төлбөр тооцооны асуудал үлдсэн. Үүнийг “Mobicom” корпорацийн “Candy” үйлчилгээгээр зохицуулах боломжтой гэж харсан бөгөөд тэд хамтарч ажиллахаар болвол хүмүүс бэлгэвчийг эмийн сангаас бус автомат машинаас тун удахгүй авах шинэ соёлтой болно.

Монголын гарааны бизнесүүдийн түнш, зөвлөгч нь болсон “Startup M” компанийн санал болгодог шилдэг гарааны бизнесийн нэгд “Beelog” багтсан. Гэвч гарааны бизнес бүрт хамгийн хэрэгтэй амин дэм нь хөрөнгө оруулалт. Б.Дагвасүрэн 2017 онд “Шарк танк Монгол” нэвтрүүлэгт оролцсон ч хөрөнгө босгож чадаагүй. Акулууд түүний бизнесийн технологийн хөгжүүлэлт сайн, гэхдээ ургамал тариалах агрохими талаас нь судлаагүй гэж дүгнэсэн.

Гэвч Б.Дагвасүрэнгийн бодол өөр байна. Тэр “Олон улсад хөвдөн хөрс буюу капсултай хөрсийг ургамал, цэцэг тарихдаа өргөнөөр хэрэглэдэг. Энэ бол бидний хийх ажил биш харин хамтрах найз минь юм. Тиймээс бид энэ шинжлэх ухааныг технологитой хослуулахад анхаарч ажиллаж байна” гэсэн юм. 

Х. Саранзаяа

Эсэргүү энтрепренерүүд

Өмнөх нийтлэл

Хүмүүсийн асуудлыг шийд

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur