G and A mining” ХХК-ийн үүсгэн байгуулагч, СЕО Х.Азжаргал

Гадаадад их, дээд сургуулийг дүүргээд буй Х.Азжаргал өдгөө модон тавилга, эдлэлийн “G and A mining” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал бөгөөд Монголын хөл бөмбөгийн холбооны анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч, хүмүүнлэг, нийгмийн үйлсийг өрнүүлэгч, манлайлагч эмэгтэй юм. Тэрбээр хувиараа алслагдсан дүүргийн хүүхдүүдэд англи хэлний хичээл заахын зэрэгцээ ОХУ-д үнэ төлбөргүй сурах боломжоор хангасаар иржээ. Өнөөдөр түүний энэ үйлс нэг байгууллагын дайтай болсон бөгөөд 155 дахь хүүхдээ өнгөрсөн намар сургахаар илгээгээд байна. Хүүхдэд туслах, ялангуяа тэдний боловсролд чиглэсэн үйлсийг амьдралынхаа нэг хэсэг гэж ойлгодог энэ эмэгтэй бизнест ч чамгүй амжилт үзүүлж явна. Европын тансаг брэндийн тавилгатай андуурам түүний бүтээсэн “G and A furniture interior” брэнд нь гуравхан жилийн нүүр үзэж байгаа ч нээлтээ хийсэн жилдээ тэрбумын орлогод хүрч, түүнээс хойш 4-5 тэрбум төгрөгийн өсөлттэй ажиллаж байна. Түүнийг цөөн үгээр илэрхийлэхэд ийм байгаа ч үүний цаана түүний хийж бүтээсэн олон амжилт нуугдаж байдаг. Иймд түүнийг Business.mn ил гаргахыг хүслээ.

-Өөрийгөө бидний уншигчдад, өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдэд танилцуулна уу?

Европт Бизнесийн удирдлага, Төрийн захиргаа, Эдийн засагч, Олон улсын аялал жуулчлалын менежмент, Хөдөө аж ахуй, Эрхзүйн магистраар суралцсан. Одоо Буриадын их сургуульд ЖДҮ-ийн сэдвээр доктор хамгаалахаар эрдэм шинжилгээний ажил хийж байгаа. “G and A mining” компаниа байгуулаад гурван жил болж байна. 30-аад ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг. Бүх төрлийн модон тавилга хийдэг. Энэ дундаа Монголд анх удаа тавилга дээр хэвлэл хийж байгаа. Тухайлбал, Хүүхдийн өрөөний тавилга дээр хүүхэлдэйн баатар, үлгэрийн баатрыг хэвлэх гэх мэт байдлаар хэвлэдэг.

-Ажлын туршлага? Мөн хүмүүнлэгийн үйлсийнхээ талаар?

2011-2013 оны хооронд Германд тавилга үйлдвэрлэлийн дэлхийн топ брэндүүдийн нэг Haecker дээр ажиллаж байсан. Мөн одоо Ballerina Kitchen-д давхар ажиллаж байгаа. 

Олон улсын аялал жуулчлал, Бизнесийн удирдлага, Англи хэлний багшаар их сургуульд багшилж байсан. Мөн Англи хэлний багшаараа 107-р сургууль Англи хэлний хичээл заадаг. Энэ жил ажил ихдээд орж чадсангүй. Хичээл орж байсан хүүхдүүдээсээ ч Орос руу явуулсан. Мөн нийгэмд өөрийн хувь нэмрээ бага ч болов оруулах, ирээдүйн залуучуудыг гэрэлтэй гэгээтэй амьдралтай байгаасай гэдэг үүднээс алслагдсан дүүргийн төгсөх ангийн сурагчдад зориулж Англи хэлний клубийг үнэ төлбөргүй хичээллүүлдэг. Эндээсээ сайн сурсан сурагчдаа ОХУ руу үнэ төлбөргүй сургадаг. Энэ маягаар одоогоор 155 хүүхэд явуулсан байна. Үүнийг сүүлийн найман жил Засгийн газартай ямар ч холбоогүй хувиараа хийж байна. Манай хүүхдүүд бүгд Монгол орноо хөгжүүлнэ гэсэн мөрөөдөлтэй. Хүүхдүүдтэй ажиллах нь маш хөөрхөн, гэгээлэг, эргээд тэдний маань амжилт, инээд хөөр намайг цэнэглэдэг. Ер нь л бүх хийж байсан ажил маань хүмүүнлэг, хүүхдийн байгууллагатай нягт холбоотой юм байна. Олон улсын дауны синдром өвчтэй хүүхдийн байгууллагад ажиллаж байсан. Европын орнуудаар сайн дурын ажитан хийж явдаг. Энэ ажлыг 18 настайгаасаа хийж ирсэн.

-Та бол Монголын хөл бөмбөгийн холбооны анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч. Хэзээнээс хөлбөмбөг сонирхох болсон юм бэ?

Манай аав спортын мастер байсан. Би өөрөө ч багаасаа багагүй спортоор хичээллэдэг хүүхэд байлаа. Би “DMU” хүүхдийн хөлбөмбөгийн клүбийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Эндээс тус холбоонд нэр дэвшиж гарсан.

-Хүнд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан байх аа?

Яг ч ажил биш. 2008-2010 оны хооронд Польшид төмрийн үйлдвэрт дадлага хийж байсан. Гэвч одоогийн үйлдвэрлэлийн салбарт орсон нэг шалтгаан нь энэ хүнд үйлдвэрлэлийн нүсэр салбарт ажиллаж байсан багахан туршлагатай маань холбоотой. Хүнд үйлдвэрлэлтэй харьцуулахад тавилга үйлдвэрлэл хялбар байсан гэх үү дээ.

-Тавилгын салбар руу яагаад орох болов?

Шинэ компани, дээр нь үйлдвэрлэлийн салбар гэдэг өөрөө эр зоригийн талбар. Энэ бол миний анхны бизнес. Найзууд маань намайг жижиг бизнес рүү биш үйлдвэрлэл рүү орсонд гайхацгаадаг. Гэвч энэ ажлыг эхлэхэд надад хэцүү санагдаж байгаагүй. Учир нь тавилга бол миний хобби. Би хоббигоо бизнес болгосон. Энэ сонирхолдоо тулгуурлан ажилласан туршлага ч надад байсан.

Магадгүй би өөрөө инженерийн тал дээр сийрэг толгойтой юм шиг байгаа юм. Ээжийн талынхан бүгд уран дархчууд. Цусанд минь байдаг ч юм уу. Аливаа зүйлийг инженерчлэлийн талаас нь сонирхож задалж хардаг байсан маань нөлөөлсөн байх. Би бол тавилга үйлдвэрлэлийг шинжлэх ухааны салбар гэж боддог. Тусдаа инженерийн ухаан, судалгаа шаарддаг. Үйлдвэрлэлийн хувьд бүх тоног төхөөрөмж, загвар зохион байгуулалтаа өөрөө гардан гүйцэтгэсэн.

-Танай компанийн зах зээл дээрх тавилга үйлдвэрлэлийн компаниас ялгарах онцлог?

Зах зээлд сегментээрээ ялгаатай маш олон компани үйл ажиллагаа явуулдаг. Эндээс бид дунд болон түүнээс дээш сегментэд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр тодорхойлсон. Гэрийн тохижилт хийхдээ өөрсдөө зураад, өөрсдөө үйлдвэрлээд угсарч өгдөг. Энд загвар дизайнаа боловсруулж, Итали, Герман улсад үйлдвэрлэдэг. Энд эцсийн бүтээгдэхүүн болгон угсардаг. Анхнаасаа өндөр шаардлага тавьж үйлдвэрлэлээ байгуулсан. Боолт, шүрүүпийг хүртэл бүгдийг нь өөр өөр газраас цуглуулан авчирдаг. Би өөрөө бариул хавтангаа хүртэл очиж үзэж авдаг. Одоогоор зөвхөн захиалга дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн айл бүрийн өрөөний зохион байгуулалт, тэдний сонирхол өөр учир бүтээгдэхүүнүүд цор ганц үйлдвэрлэгддэг. Ихэвчлэн томоохон төслүүдэд орж ажилладаг.

Компанийнхаа хөгжлийн стратегиа хэдэн үе шаттай төлөвлөсөн бэ? Түүнийхээ хаана нь явж байна вэ?

Монголчууд маш богино төлөвлөдөг ч миний хувьд 10-20 жилийг харж төлөвлөдөг. Учир нь урт хугацаанд оршин тогтнох чадвартай компанийг төлөвшүүлэхийг хүсч байна. Компанийнхаа стратеги төлөвлөлтийг 10 үе шаттайгаар хийснээс түүнийхээ дөнгөж хоёр дахь шатанд нь явж байна. Дараагийн алхам олон улсын чанарын стандартыг нэвтрүүлж, экспортод гаргах болно.

-Та бүхний алсын хараа?

Бид экспортын бүтээгдэхүүнийг орлох хэмжээний бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байгаа. Ирээдүйд импортыг бууруулах зорилготой.

-Одоогоор үйл ажиллагаа явуулахад тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

Европын улсуудад барилгын компани тавилгын үйлдвэртэйгээ нягт ажилладаг.

Манайд дотор засал хийгдчихсэн байдаг. Гал тогооны тавилга тавих гэхээр ханынх нь плита хавтанг аль хэдийн наачихсан байх жишээтэй. Угтаа дараа нь хийгдэх ёстой шүү дээ.

Бид хамтран ажиллах төсөл дээрээ “хараар” гэж ярьдаг дотор засалгүй барилга авах дуртай.

Нөгөө талаар манай улсад гэрийнхээ интерьерийг хийлгэдэг соёл болоогүй л байна. Импортоор бэлэн тавилга маш их орж ирдэг учир тавилга хийлгэх соёл бүрдээгүй. Угтаа тавилга хийлгүүлэх нь зардлын хувьд ялгаагүй тусдаг. Зарим тохиолдолд илүү ч хямд тусна. Загвар дизайн, тоноглолоосоо шалтгаална. Минийхээр өөрийн хүссэн орон зайд, цор ганц хувиар амьдрах орчноо бүрдүүлэх сайхан.

Манай байгууллагад 20-иод төрлийн өнгийн хавтан байгаа ч бүгдэд нь тавилга хийгээд шоурүүмдээ байршуулах орон зайн боломж байдаггүй. Тэдгээр хавтангуудаас тавилга болсон нь л борлогддог. Хүмүүс хавтанг хараад тухайн загвар дизайны дагуу ямар тавилга болохыг ойлгодоггүй. Тавилга болсон зургийг нь хараад ч худалдан авдаггүй. Гэрээ тохижуулах соёл амьдралын зуршил болоогүй байгаа нь харагддаг.

-Zara-гийн хувцсыг дууриавал логог нь өөрчилж, дуураймал гэдгийг нь бичих шаардлагатай. Үүн шиг танай салбарын бүтээгдэхүүнийг дуурайвал авах арга хэмжээ байдаг уу?

Гадаадад бол патент авдаг ч Монголд тийм зүйл байхгүй. Шинэ загвараа гаргаад хийхэд оюуны өмчөөр баталгаажуулах орчин бүрдээгүй.

-Та өөрөө хуульч хүний хувьд энэ чиглэлд орж ажиллах бодол байна уу?

Патентаа авахын тулд материал бүрдүүлж байгаа. Логон дээр авч болж байгаа ч эцсийн бүтээгдэхүүн нь дээр авч болохгүй байна.  Ирээдүйд энэ салбарыг хөгжүүлэхэд би гар бие оролцох болно.

-Удирдагч хүний анхаарах ёстой чухал асуудлыг юу гэж ойлгодог вэ?

Удирдагчийн тухайн ахар богино мөчид (moment) гаргасан шийдвэр маш чухал. Хугацаа алдалгүй, дор дор нь шийдвэрлээд явах нь чухал. Тавилгын үйлдвэрийн хувьд олон инженер ажиллуулах шаардлагатай. Гэтэл зах зээл дээр бэлтгэгдсэн инженер болон бусад нарийн мэргэжилтэн дутмаг байдаг. Ихэвчлэн төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эдийн засагч, хуульчид түгээмэл. Иймд ажилтнуудаа чадавхижуулах нь чухал болчихдог. Бидний хувьд ажилтнуудаа цэвэр өөрсдөө сургаж авдаг гэх үү дээ. Инженерүүдээ бүгдийг нь Герман, Италид сургаж, дадлагажуулсан. Харин дизайнеруудаа олон улсын үзэсгэлэн яармагт авч явдаг. Энэ нь тэднийг цаг үеэсээ хоцролгүй хурдацтай хөгжихөд маш их дөхөм болдог шүү.

-Ажлаа хэрхэн төлөвлөдөг?

Цаг төлөвлөлтөө маш сайн бичнэ. Балаар бичих дуртай. Цүнхэндээ гурван жижиг дэвтэртэй явдаг. Ажил дээрээ хоёр том дэвтэртэй. Бид өдрийн тэмдэглэл бичдэг үеийнхэн. Тэр арга барилаа орхидоггүй. Дэвтрээ эргүүлэхээр өмнөх ажлаа сайн санадаг учир их зүгээр санагддаг шүү.

-Та их олон үүрэгт ажил давхар хийдэг хүний хувьд өдөрт хэдэн цаг ажиллаад байна аа?

10-с дээш цаг ажилладаг. Түгжрэл ороод шүү дээ.

-Одоогийн компани доторх таны оролцоо?

Би ажилтнууд, үйлдвэрийн даргадаа хариуцлага, итгэл хүлээлгэх дуртай. Анх бүх ажилд оролцож байсан ч одоо ажилтнууд маань хариуцсан ажилдаа үнэнч, хариуцлагатай ханддаг учраас би өөрөө харж ажиллуулах шаардлага байдаггүй. Өнөөдөр зөвхөн гадаад бодлого, компанийнхаа хөгжүүлэлт, түүхий эд хангамж зэрэгт анхаарч ажиллаж байна.

-Ажлаа явуулахад нь дэмжлэг болдог зуршил?

Төлөвлөлт, тооцоо. Агуулахын үлдэгдлийг хүртэл тооцоолно. Нарийн тооцоолол байнга хийдэг учир эрэг, боолт хүртэл тэдэн ширхэг үлдсэн гээд нарийн тооцоотой болчихдог юм билээ.

-ЖДҮ-ийн сэдвээр бичиж байгаа дипломынхоо ажлын чиглэлээр ЖДҮ эрхлэгчдэд зөвлөгөө өгөөч? ЖДҮ тогтвортой үйл ажиллагаагаа явахад юу дутагдаж байна вэ?

Эрхзүй талаасаа маш их судалгаа хийж байна. ЖДҮ Монголд байх ёстой суурь салбарын нэг. Дунд үйлдвэрлэлийн салбар хөгжиж байж улс жигд хөгжих учиртай. ЖДҮ-ийн хувьд үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад төрийн татварын бодлого, уян хатан шинж чанар үнэхээр дутмаг байна. Тэд нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгож байгаа боловч тэднийг төр дэмжихгүй байна. Эхний хоёр жил татвараас чөлөөлөх гэдэг ч юм уу үйл ажиллагааг нь тогтвортой болгох чиглэлд анхаарах хэрэгтэй.

Шуудхан хэлэхэд ЖДҮ-ийн салбарт эрхзүйн орчин бүрдээгүй.

Жишээ нь мод, модон эдлэлийн үйлдвэр гэхээрээ барилгад хамаарчихдаг. Үртэснээс гаргаж авсан шахмал мод, цэвэр модон үйлдвэрлэл гэдэг хоёр өөр боловч хамтад нь ойлгодог. Энэ нь татварын талаас үйл ажиллагаа явуулахад хүндрэл болж байна.

-Тавилгын үйлдвэрлэл явуулахад хамгийн их анхаарах шаардлагатай үе шат?

Тавилгын үйлдвэрлэл дан ганц дизайнаас шалтгаалдаггүй. Эргэх процессоор ажилладаг. Бүх хүний тэгш оролцоо шаардана. Дор бүрнээ хариуцлагатай байх шаардлагатай. Зүгээр нэг гоё сайхан загвартай тавилга хийх биш, түүнийг хэрхэн үйлдвэрлэх боломжтой тухай нарийн төлөвлөлтийг давхар гаргана. Мөн хэрэглэгчдэд очихын тулд угсаргаа чухал.

-Танай бүтээгдэхүүн импортоор оруулж ирж байгаа Европын бүтээгдэхүүн шиг харагддаг. Өөрөөр хэлбэл чанар стандарт, өнгө үзэмж өндөр түвшинд байдаг. Үнийн хувьд тэдгээр бүтээгдэхүүнээс хэр зөрүүтэй вэ?

Бид дундаж зах зээлийн үнийг баримталж байгаа. Валютын савлагаанаас шалтгаалан үнэ өсөх магадлал өндөр байдаг. Энэ бүрд үнийг барих нь хэцүү. Гэхдээ бид үндсэн үйлдвэрлэгчдээс нь түүхий эдээ авдаг учир үнэ савлах нь харьцангуй бага. Бид валют өсөх тоолонд үнээ нэмээд байж болохгүй шүү дээ. Иймд байгуулагдсан цагаасаа хойш үнээ нэмээгүй л байна.

-Танай компани интерьер, зураг төслийн компанитай хамтардаг уу? Учир нь манай улсын интерьер дизайнеруудын чадамж өссөн. Гэсэн хэдий ч тэд гайхалтай интерьер засал гаргаад тухайн загварт орсон тавилга, эдлэл нь Монголд хийгддэггүй, олдохгүй байх асуудал маш их тулгардаг. Тэд ч тавилгын компанитай хамтран ажиллах орон зай дутагддаг юм шиг ажиглагддаг.

Хамтран ажилладаг интерьер дизайнер залуучууд хэд хэд бий. Ер нь би шинэ гарч ирж байгаа залуучуудтай ажиллах дуртай. Чиний хэлж байгаа тун зөв. Үнэхээр л энэ хоёр салбарын компанийн хамтын ажиллагаа муу юм билээ.

-Ажилд авахдаа юун дээр анхаардаг вэ? Сүүлийн үеийн компаниуд Z үеийнхнийг чиглэн сонгож байна. Мөн ажиллах орчин, уур амьсгалыг хэрхэн сайжруулдаг?

Манай компанид бүх түвшний насныхан ажилладаг. Гурван үеийн хэлхээ холбоог хадгалдаг. Хамгийн бага нь 22 настай. Сэтгэлтэй, ажлын гүйцэтгэл сайтай хүнийг авдаг. Уур амьсгалын тухайд тэдэнтэйгээ маш сайн ярилцдаг. Заримдаа ээж шиг нь, заримдаа найз шиг нь байдаг. Уурлаж байснаа санахгүй байна. Бүгд хурал дээр өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг. Шинэ санааг нь байнга дэмждэг. Мөн бидний хэрэглэж байгаа мэргэжлийн бүх ном, техник технологийн үндэслэл англи хэл дээр байдаг. Иймд гадаад хэл дээр нь ч анхаардаг. Өөрсдөөр нь хийлгэдэг. Болохгүй бол өөрөө заадаг. Ажилчдын хоолонд хүртэл анхаардаг. (инээв)

-Тавилгын бизнес эхлүүлэх гэж байгаа залуус хандан зөвлөгөө өгөөч.

Үйлдвэрийнхээ тоног төхөөрөмж, түүний урсгал засварыг хэрхэн хийх тухайд анхаарч судлах, мэддэг байх хэрэгтэй. Хүний нөөцийн бодлого нэгдүгээрт байх ёстой гэдгийг мартаж болохгүй. Зөв багаа бүрдүүлэх. Мөн бизнесийн загвар жил бүр өөрчлөгддөг. Иймд шинийг эрэлхийлж, олон өнгө төрх бүтээгээрэй. 

-Ер нь сурах нь таны хобби юм уу?

Харин тийм. Сурах нь их амархан санагддаг болчихдог юм байна. Бас уншаад л байхаар хурдан уншдаг болчихдог. Мэдээллийг цаг алдалгүй авна гэдэг өсөж дэвшихийн номер нэг шалтаг шалтгаан болж байна шүү дээ.

-Яагаад Улс төрөөр суралцсан юм бэ?

Монголд дутуу зүйл маш их байдаг. Тэр болгонд гар бие оролцох юмсан гэж боддог. Би байнга Монголд судлагдаагүй, бүрэн биш салбарт ажиллаж байгаа.

Дипломын ажлуудаа ч тэгж сонгодог. Энэ бүх сурсан зүйлээ бүгдийг нь ашиглах болно. Ганц зүйлийг, ганц салбарыг төгс хөгжүүлээд болчихдог асуудал биш. Үүнд хүн бүрийн мөн салбар бүрийн оролцоо чухал байдаг. Тавилга үйлдвэрлэлийн салбартаа ч шинэ стандартыг тогтооход ажиллаж байна.

-Нөлөө үзүүлсэн ном?

Ном ертөнцийг харах толь гэдэг дээ. Манай ээж Төв номын санд ажилладаг байсан. Энд сургуульд орохоосоо ч өмнө амьдарч өссөн. Бүх номын фонд хэсэж ном уншдаг байлаа. Ном унших нь суурь хүмүүжил болдог юм билээ. Найзууд маань ажлын цонхон дээр өрөөстэй уншсан номнуудыг маань хараад гайхдаг. (инээв) Хамгийн сүүлд бол “Power and Organization”-ыг уншсан. Өнөөдөр дэлхийн аливаа улс орон бүрт эрх мэдэл бүхий томоохон корпорациуд тоглоомын дүрмийг зохиож, улс төрд нөлөөлж, бизнесийн тэгш бус өрсөлдөөнийг бий болгож байгаа талаар тодорхой тайлбарласан. Энэхүү өрсөлдөөнд өөрийн бизнесээ амжилттай удирдахын тулд энэ тогтолцоог сайн ойлгосон байхад өөрийн бизнесээ хэрхэн явуулах хэрэгтэй  тухай тодорхой харагддаг.

-Чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлдэг вэ?

Гэр бүлдээ зарцуулахыг хүсдэг. Хоёр хүүтэй. Нөхөр маань тусдаа бизнестэй.

-Та хоёр бие биеийнхээ ажилд тусалдаг уу?

Үгүй. Бид өөр өөрсдийнхөө мөрөөдлөөрөө амьдарч байгаа. Тус тусдаа ажлаа эрхлээд л явдаг.

-Бизнесийн өөр салбар сонирхож байгаа юу?

Байгаа. Боломж гарвал өөр бизнес эхлүүлэх болно. Би юунаас ч айхгүй байна.

-Шагнал авч байв уу?

Би ёстой шагнал авч байгаагүй юм байна. Анх удаа л хүн надаас шагнал авсан уу гэж асууж байна. (инээв) Ер нь Монголд л намайг мэдэхгүй байгаа болохоос Европынхон харьцангуй мэддэг ш дээ. Олон ч алдартай брэндийг Монголд оруулж ирэхэд нь туслалцаа үзүүлсэн. (инээв)

-Олон ажлыг нэгэн зэрэг хийж, манлайлан оролцдог хүний хувьд цаашид юу хийх вэ?

Монголд боловсролын салбар хаягдсан. Үүний мэддэг хүний хувиар боловсролын салбарт түлхүү ажиллаж байна. Уг хүн маань ч өөрөө сурсан мэдсэн бага ч гэсэн зүйлээ бусдад хуваалцахыг хүсдэг хүн. Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, хамаг л сайн сайхан санхүүжилтийг баячуудын хүүхдүүд аваад явдаг. Борчуудын хүүхдүүдэд ямар ч мэдээлэл очдоггүй. Төр хүрэх ёстой хүнд нь хүргэх боловсролын бодлого, тогтолцоонд цаашдаа оролцох болно.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 4.50 out of 5)
Loading...
С. Баярмаа

“Нарны хүүхдүүд”-ийн ээж

Өмнөх нийтлэл

Баян хүн сэтгэлгээгээрээ энгийн хүнээс ялгардаг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur