Спортын гавьяат багш Ц.Даржаа гуай тэртээ 1954 онд Улаанбаатар Бээжингийн хооронд 3000 км замыг дугуйтай туулж байсныг өөрөөс нь сонсоход итгэхэд бэрх санагдана. Монголын дугуйн спортод өөрийн нэрээ мөнхөлсөн тэрбээр 90 нас гарч яваа ч тамирчин хүн нас өндөр болохдоо хүртэл бие хөнгөн байдгийг би түүнтэй ярилцахдаа ажиглаж суусан юм. 

-1929 онд таныг төрсний дараах он жилүүдэд манай нийгэмд дугуйн спорт байтугай дугуй ч ховор эд байсан шүү дээ. Та анх дугуйтай танилцсан түүхээсээ яриач?

-Би чинь багаасаа мал унадаг хариулдаг хүүхэд байлаа. Аав ээж маань 12, 13 хүүхэд төрүүлсэн жирийн малчид. Мянга гаруй бор толгой малтай.  Морио л унана уу гэхээс дугуйг би багадаа үзэж хараагүй өссөн юм. 18 настай байхад ах маань цэрэгт татагдсаны дараа ахынхаа хойноос цэрэгт явмаар санагдаад болдоггүй. Ингээд оготны хамраас цус гаргаж үзээгүй хүн чинь цэргийн ерөнхий сургуульд их буучийн ангид орж байсан. Ахлах маань гадаадад цэргийн том сургуульд төгссөн хүн байлаа. Ажилдаа ирэхдээ унаж ирдэг хар дугуйг нь би анх сонирхоод унах гэж үзээд ер чаддаггүй байсан. Яаж тогтож явдгийг нь гайхдаг байлаа. Аажимдаа унаж тусаж дугуй унах гэж оролдсоор байгаад унадаг болчихлоо шүү. Үүнээс гадна цэргийн сургуульд байхдаа биеийн тамирын хичээл их ордог байсан. Дайны үе байсан учраас хүүхдүүдийнхээ тэсвэр хатуужилд их анхаардгаас гадна цэргийн сургуульд сурч байхдаа би их хатуужилтай болж өссөн дөө. Тэр үед жилд нэг удаа бүх цэргийн бүрэн зэвсэгтэй 20 км-ын явган кросс болдогсон. Бүрэн зэвсэгтэй гэхээр буу, хүрэм, хүрз гэх мэт бүх зүйлийг л авч явдаг. Тэр тэмцээнд явахдаа бие биенээ чирээд гүйнэ. Бусад ангиудтай бас өрсөлдөнө. Тэр тэмцээнд түрүүлэхэд дарга нар надад баяр хүргэснээс гадна шагнаад гурван хоногийн чөлөө өгч байсан юм. Гурав хоногийн чөлөө гэдэг чинь цэргийн ангидаа өглөө таван цагт бүрээн дуугаар босч бүх жагсаалдаа бэлдэх шаардлагагүй болно гэсэн үг. Ингэж л биеийн тамираас анх урамшиж цаашлаад дугуйн тэмцээнүүдэд түрүүлсэн байх. Бас хөдөө өссөн учир нэлээн боргошуу хүүхэд байсан.

-Та дугуй, тэшүүрийн улсын аварга тамирчин. Дугуй ховор байхад яаж дугуй олж авж хичээллээд дугуй, тэшүүрийн тэмцээнд түрүүлчихэв? 

-Тэр үед спортын арга хэмжээ их болдог байсан. 1931 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн байгууллагын санаачилгаар баригдсан модон цэнгэлдэх хүрээлэн гэж байсан даа. Энэ цэнгэлдэх Богдын ордны зүүн хойд талд байсан юм. Энэ цэнгэлдэхэд долоо хоног бүр шахуу спортын тэмцээн болдог байлаа. Энэ дунд дугуйн тойрог уралдааныг нь би очиж их үздэг байлаа. Тухайн үед шагнал өгөхийг нь хараад ийм спорт гэж байдаг гэдгийг мэдээд бас уралдаж үзэж байсан юм. Ингээд их хэцүү гэдгийг нь ойлгоод шантарч байлаа. 

-Хэцүүг нь ойлгоод шантарсан хэрнээ та яаж яваад дугуйн тамирчин болчихов? 

-Үеийн залуучууд их тусалдаг байсан даа. Тэр үеийн хамт дугуй унадаг залуус дандаа сургуульд сурдаг, уншсан номоосоо бидэнд үргэлж ярьж өгдөг байв. Тэд л намайг анх дугуйн спортод татаж оруулсан юм.

-1954 онд 13 хүний бүрэлдэхүүнтэй Бээжин рүү явах анхны дугуйн багт орчихсоны дараа танд юу бодогдож байв?

-Энэ бол Улаанбаатараас Бээжин, Бээжингээс Улаанбаатар хот руу явах их том аялалд олон хүн өргөдөл өгсний нэг нь би юм. Түүхэнд 70 гаруй хүн өргөдөл өгсөн гэдэг. Их л хариуцлагатай том аяллын багт орлоо гэж л бодож байлаа.

-Энэ аяллаас тод үлдсэн дурсамж юу байв? 

– Тухайн үед сагсан бөмбөг, гар бөмбөгөөр бид Хятадуудтай өрсөлдөж чадахгүй. Бөх барилдъя гэвэл тэд сонирхохгүй. Тэгээд бид яах талаар их ярилцсан юм. Удалгүй бид Хятадын хувьсгалыг гарахад чухал нөлөө үзүүлсэн унадаг дугуй байдгийг сонссон. Хятад улс унадаг дугуйг зогсолтгүй урагшаа явдаг гэж хүндэтгэдэг. Тийм ч учраас бид Хятад улсад дугуйгаар очвол гэж анх ярилцаж байв. Ингээд тэдний зүгээс ч бас унадаг дугуйтай очихыг сайшааж дэмжиж байв. Ингэснээр Монгол, Хятадын хоорондын биеийн тамирын харилцааг бэхжүүлэх үйлийн эхлэл болох байв. Ингээд л бид хаврын улиралд уулын цас мөс хайлаагүй хахир хүйтэнд дугуйн аяллаа эхлүүлж байв.

-Аяллын явцад хамгийн бэрхшээлтэй, хүндрэлтэй зүйл юу байсан бол?

-Цангах. Хүн даарвал дулаахан хувцас өмсчихнө, халууцвал нимгэлчихнэ. Гэтэл цангавал ус уухаас өөрөөр яах ч аргагүй. Замдаа нэлээд ядарч, цангахын туйл болсоор Дундговь аймагт очсон. Хурдхан ус уух сан гэж хэчнээн их яарсан гэж санана. Шуурга, салхи, бороог сөрсөөр арайхийж очингуутаа л “Ус байна уу” гэсэн. Гэтэл “Ус байхгүй. Тэмээгээр өглөө усанд явсан. Удахгүй ирнэ” гэж хэлэхэд ёстой барайсан, цаг хугацаа зогсчих шиг болсон. Тэнд амны цангаа тайлах ч ус байгаагүй. Өнөөх усанд явсан хүнийг хэдхэн цаг хүлээнэ гэдэг хэдэн зуун жил шиг санагдсан. Жаахан амарч байтал “Ус ирлээ. Аялагчдаа уугаарай” гэж гэрийн гаднаас хэн нэгэн биднийг дуудахад ямар сайхан сонсогдсон гээч. Тэр хүний хоолой миний санаанаас ер гардаггүй юм.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

БИ АЖЛАА ХЭРХЭН САЙЖРУУЛДАГ ВЭ: Ойлгосон зүйлсээ тэмдэглэх нь ажилд маань үргэлж хэрэг болдог

Өмнөх нийтлэл

Подкаст: Монголын гарааны бизнес хаана явж байна вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style