Өсөх стратеги

Шинэ бизнес: Гялгар уутыг орлох СУПЕР ТОР

0

Монгол Улсад нэг удаагийн нийлэг хальсан уут хэрэглэхийг хориглоод нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна. Бидний нэрлэж заншсанаар гялгар тор ашиглахаа больсноос хойш “өмдний халаасанд төдий хэмжээний төмс багтдаг юм байна” хэмээн хошин нэг нь марзаганаад амжсан. Гэвч нийлэг торноос татгалзаж эхэлсэн дэлхийн олон улстай монголчууд бид хөл нийлэн алхах болсон нь том дэвшил юм. Энэ дэвшлийг бодит хэрэг болгоход нийлэг торыг орлуулах шийдэл хэрэгтэй. Тэгвэл АНУ-ын нэгэн компани тун сонирхолтой бүтээгдэхүүн гаргасан байна.

2016 онд АНУ-ын Калифорни муж нэг удаагийн нийлэг тор хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасныг Фарзан болон Женнифер Демубед баярлан хүлээж авав. Гэвч төд удалгүй гэр нь шинэ төрлийн хаягдлаар дүүрэх болсон нь олон удаа хэрэглэх зориулалттай том хэмжээний, зузаан торнууд байлаа. Тэд дэлгүүр орохдоо ийм тороо авч явахаа ихэнхдээ мартдагаас гадна тэдгээр нь хөгц, нянгийн үүр болж эхлэв.

Хосууд энэ бэрхшээлийг боломж гэж олж харсны үндсэн дээр “Lotus Tolley Bag” компаниа байгуулжээ. Тус компани нь дэлгүүрийн түрдэг тэргэнд углаж болдог, дөрвөн үүр тус бүртээ шургуулдаг голтой болохоор дэлгүүрээс машин руу, машинаас гэр рүү зөөхөд тун хялбар, угаалгын машинаар угааж болдог, хөгцөрдөггүй, өндөг болон дарс хийх зориулалтын үүртэй, сэрүүнээ баригчтай тор зохион бүтээж үйлдвэрлэж эхлэв.

Ямар ч бизнест тохиолддог толгой өвтгөсөн олон асуудал тэднийг тойрсонгүй. Хамгийн гол бэрхшээл нь торны хэмжээ байлаа. Хосууд эхлээд ойролцоох “Ralphs” хүнсний дэлгүүрт ороод түрдэг тэргийг нь хэмжиж үзэв. Дараа нь “Walmart” ортол огт өөр хэмжээтэй түрдэг тэрэг ашигладаг нь тодорхой болжээ. “Бид нар хэмжээ авч болох бүх л том сүлжээ дэлгүүрээр орж, галзуу хүн шиг ажиллаж байсан” хэмээн Женнифер дурсав. Тэд 40 өдрийн турш АНУ-ын дөрвөн мужийн 50 гаруй дэлгүүрээр орсноос гадна өөр муж, хотод амьдардаг хамаатан, найз нөхдөөсөө дэлгүүрийн түрдэг тэрэгний хэмжээ авч эхэлсэн юм.

Энэ бүх судалгаа, эрэл хайгуулын эцэст тус компани АНУ-ын хүнсний сүлжээ дэлгүүрийн 80 хувьд нь тохирох тор үйлдвэрлэх болжээ. Мөн саяхан “Costco”, “Sam`s Club” зэрэг дэлгүүрийн түрдэг тэргэнд зориулсан “Club cart” хэмээх том тор гаргасан байна.  

“Lotus Tolley Bag” компанийн дараачийн зорилго бол олон улсын зах зээл. Фарзан Демубад инээнгээ “Америкийнх шиг том түрдэг тэрэгтэй улс дэлхийд байхгүй” хэмээн өгүүллээ. Тус компанийн торны тухай дэлгэрэнгүй мэдээллийг lotuslotterybag.com вэб сайтаас авч болно.

Эх сурвалж: “Entrepreneur” сэтгүүлийн 2019 оны нэгдүгээр сарын дугаар

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Н. Энхбаяр

Олон нийтийн сүлжээ ашиглахдаа анхаарах 5 зүйл

Өмнөх нийтлэл

Бизнесмэн танд ЦЭНЭГ хэрэгтэй

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох