Uncategorized @mn

Шинэ эрин

0

Энэ тоглоом хэдхэн сарын дотор тоглоомын дурлагчдын зүрх сэтгэлийг хүртсэн бөгөөд өнөөдөр дэлхий дахинд алдаршсан, дэлхийн өнцөг булан бүрт сая, сая хүн энэ тоглоомыг тоглох дуртай болсон. Тодруулбал, энэхүү тоглоомоор 2017 онд дөнгөж байгуулагдсаных нь дараа 0,5 сая хүн тоглож эхэлсэн бол 2018 оны нэгдүгээр сарын байдлаар гурван сая хүн тоглодог болжээ. Мөн үүсгэн байгуулагдсан жилдээ 700 гаруй сая долларын орлого олсон байна. Үүнийг онлайн тоглоомын дизайнер Брандон Гринс санаачилсан бөгөөд тэрбээр Өмнөд Солонгосын тоглоомын салбарын шилдэг менторуудын нэг Чан Хан Кимтэй хамтран компани байгуулжээ. Энэ бол “PubG” онлайн тоглоомын эзэмшигч Blue Hole компани юм. Тэд компаниа 2015 онд байгуулж онлайн тоглоомын судалгаа хийснээр сард 120 гаруй сая ам.долларын орлоготой “PubG” тоглоомыг бүтээсэн юм.      

Энэ бол технологид суурилсан бизнес болон санааны зөвхөн нэг жишээ. Интернет, технологийн тусламжтайгаар гарааны бизнесүүд богино хугацаанд чамлахааргүй өсөлт болон үнэлгээ үүсгэж, хамгийн гол нь дэлхийн бүх хүнд хүргэж чаддаг болсон нь гайхалтай. Энэ мэт гарааны бизнесийг амжилттай авч явахад хувь хүний чадвар, чадамжаас гадна гарааны бизнесийн экосистем хангалттай бүрэлдсэн эсэхээс шалтгаалдаг.  

Манай улсын гарааны бизнесийн экосистемийн хөгжил анхан шатандаа явж байгаа хэдий ч сүүлийн хоёр жил маш хурдацтайгаар хөгжиж, тренд болж байна. Гарааны бизнесийн экосистемийн үндсэн тоглогч нь энтрепренер гэж үзвэл түүнийг дагаад хөрөнгө оруулалт, менежмент, хууль эрх зүй, чиглүүлэгч менторууд, тэднийг дэмжих байгууллага гэх мэт олон тоглогч тус тогоонд харьяалагдана. 2016 оны 6 сард “Global Startup Lab” хөтөлбөрийн хүрээнд Массачусетсын их сургуулийн оюутнууд Монголд ирж гарааны бизнесийн экосистемийг “Startup Mongolia” байгууллагатай хамтран судалсан. Үүний үндсэнд Монгол улсын гарааны бизнесийн экосистемийн зураглалыг анх удаа гаргажээ.

Монгол дахь гарааны бизнес, энтрепренерийн экосистемийг хөгжүүлж, тэднийг бүхий л талаар нь дэмжих зорилготой компани 2018 оны арван нэгдүгээр сард Монголд байгуулагдсан нь “Start” компани юм. Уг компанийг 2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл бүрдүүлсээр ирсэн “Стартап Монгол” ТББ болон Монголын шилдэг хамтын оффисууд болох Workcentral Mongolia, MSpace инновацийн төвийг эзэмшдэг “Workcentral Mongolia” ХХК нэгдэж байгуулжээ. Монголын төдийгүй олон улсын гарааны бизнесийн талбарт хүч түрэн орж ирж буй “Start” компани хамтын оффисууд (Монголд ба олон улсад), ахисан шатны хөтөлбөрүүд, шинэ бүтээгдэхүүн, боловсрол гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд ажилладаг.

Шижигнэсэн залуусаас бүрдсэн энэхүү хамт олон зорилгынхоо хүрээнд Startup Week Ulaanbaatar 2019 | TechEdition буюу Монголын хамгийн том технологийн долоо хоногийг зохион байгууллаа. Энэ нь олон улсын хөрөнгө оруулалтын Techstars компанийн гарааны бизнес, энрепренерүүдэд зориулсан хөтөлбөр бөгөөд тэд албан ёсны эрхтэйгээр дөрөв дэх жилдээ зохиосон.

Энэ удаагийн арга хэмжээ нь гарааны бизнес эрхлэгчдэд бизнесээ дараагийн шатанд гаргахад нь туслах зорилготой юм. Тодруулбал, Монголд төдийгүй олон улсад гарч чадсан технологийн компаниуд туршлагаа хуваалцаж, гарааны бизнесийн эко системийг хөгжүүлж буй энтрепренерүүдийг урьж ментор хийх боломж олгосон юм. Мөн 500 орчим хүн оролцож, 100 гаруй технологийн компани хамрагдсан. Энэхүү Технологийн долоон хоног нь уг салбарт бизнес эрхэлж буй хүмүүсийн хүсэн хүлээдэг арга хэмжээ аль хэдийн болж чаджээ.

“English maestro” онлайн сургалтын үүсгэн байгуулагч Ш.Идэрзоригтын яриа:

http://

Таван өдөр үргэлжилсэн “Tech week”-ийн үеэр оролцогчид өдөр бүр өөр сэдвийн хүрээнд ярилцаж, хэлэлцүүлэг хийн тухайн сэдвийн дагуу ментороос зөвлөгөө авах боломжийг бүрдүүлж байсан нь таалагдсан байв. Тодруулбал гарааны бизнесээ хэрхэн зөв чиглүүлэх, хөрөнгө оруулалт татахдаа юунд анхаарах, дөнгөж бизнес эхэлж байгаа бол хууль эрх зүйн орчинг судлах хэрэгтэй гэх мэт бизнес эрхэлж буй, тэр дундаа технологийн старт-апуудад агаар мэт чухал сэдвүүд яригдсан.

Том, жижиг гэлтгүй аль ч түвшний бизнесийнхний дунд яригдаж буй уриалга бол “бид нэгдэх хэрэгтэй” гэх ойлголт юм. Технологийн гарааны бизнесүүдийн хувьд ч гэсэн энэхүү “нэгдмэл” байдал дутагдаж байгааг менторууд, оролцогчид гээд бүгд онцолж, цаашид анхаарах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байлаа.     

Өдөр бүр тухайн сэдвийн дагуу оролцогчдод зочин илтгэгч нартай уулзах цаг гаргаж, мөн бусад технологийн гарааны бизнес эрхлэгч нартай хамтын оффист хамтран ажиллан, зовлон жаргалаа хуваалцах боломж олгосон “Start” компани уг арга хэмжээнээс гарах үр дүнгээ хангалттай биелүүлсэн гэж уг арга хэмжээнд оролцсон хүмүүс үзэж байна. Тодруулбал “Технологийн долоо хоног”-ийн үр дүнг дараах байдлаар тодорхойлжээ.

“Tech week” ажлын таван өдөр үргэлжилсэн ч гарааны бизнес эрхлэгчид өдөр бүр цагтаа ирж, маш идэвхтэй оролцож байв. Учир нь тэдний цугларах, тэднийг өсгөн хөгжүүлэх, тэдэнд дэм болох олон олон хөтөлбөр, уулзалт, ярилцлага болж залуу бөгөөд шинэлэг гэх олон төрлийн технологиор амьсгалсан өдөр хоногууд болж өнгөрсөн юм. Жилийн 365 хоногийн тавхан өдөр технологиор амьсгалах бус, харин хэдхэн жилийн дараа өдөр бүр уг салбараар бялхах шинэ эрин хаяанд ирсэн гэдэгт уншигч та, миний зүгээс ч гэсэн итгэлтэй байна.  

Х. Саранзаяа

Стартапууд хуулийн орчинд юуг анхаарах вэ?

Өмнөх нийтлэл

Дэлхийг дайлаар мордохуй 2.0

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох