Мэдлэг

Шуурхай хурлыг шуурхай хий

0

Ямар ч компани хурдан хугацаанд ажлаа чанартай гүйцэтгэхийг хичээж, энэ талаарх арга замыг байнга хайж байдаг. Хурдтай ажиллахаар чанараа алдах, харин чанартай хийе гэхээр хугацааны хувьд удаашрах тохиолдол байдаг. Тэгвэл үүнийг шийдэхийн тулд компани дотроо багахан хэмжээний өөрчлөлт нэвтрүүлэхэд л хангалттай.  

Жишээ нь, байгууллага доторх хурлын хэмнэлээ өөрчлөх буюу өдөр тутмын хурлаа шуурхайгаар байнга хийж сур. Учир нь шуурхай хуралд зарцуулсан минут тутам нь компанийн удирдалагад 10 минутыг хэмнэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл нэг хүнд нэг минут буюу хэрвээ таван хүнтэй хуралдах гэж байгаа бол таван минут, 10 хүнтэй хуралдах гэж байгаа бол 10 минутыг тухайн шуурхай хуралд зарцуулна гэсэн үг. Энэ бол хурдацтайгаар мэдээлэл солилцох арга юм.

Хурлын үеэр ажилтан бүр өөрийнхөө тухайн өдөрт юу хийх гэж буйгаа мэдээлнэ. Ингэснээр ажилчид хоорондын хамтран ажиллах бололцоог нээж байгаа юм. Мөн удирдлагын хувьд тухайн ажилтан чухал зүйл дээрээ төвлөрч ажиллаж буй эсэхийг мэдэх боломжтой. Ажилчид ч мөн ялгаагүй өдөр бүрийн шуурхай хуралд тухайн өдөр юу хийх гэж буйгаа ярих учраас ажлаа нарийн төлөвлөж, цагийн хуваарьтай ажиллах болно. Энэ арга нь энгийн юм шиг хэрнээ олон давуу тал, үр дүнтэй байдаг.

Өдрийн шуурхай хурлаар хөндөгдөх ёстой бас нэг сэдэв бол ажлын нөхцөлд ямар саад бэрхшээл тулгарч буй тухай. Ингэхдээ мөн л “нэг хүн нэг минут” гэсэн дүрмээр хуралдана. Энэ аргын хамгийн чухал ач холбогдол нь ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлдэг. Тухайлбал, томоохон байгууллагуудад захирал нь ажилтан бүртэйгээ тулж харьцах боломжгүй байдаг учраас аливаа ажил саадсан тохиолдолд ердөө жижиг асуудлаас болсон байдаг. Мөн “Хамгийн сайн ажилтнаа тогтвортой ажиллуулъя гэвэл тэдэнд тулгарсан бэрхшээлийг нь шийдэх хэрэгтэй” гэдэг үг ч бий. Наад зах нь ажилчид өдөржингөө даргынхаа өрөөгөөр орж гарахгүй, нэгнийгээ хайхгүй гэх мэт давуу талтай. Мөн  энэхүү шуурхай хурлыг хийснээр өдөр бүр 30-60 минутыг хэмнэх боломжтой. Энэ хугацаандаа том гэсэн асуудлаа шийдэж болно шүү.

Эдгээрээс гадна цаашдаа ажилтан бүр зах зээлийн талаарх мэдээллээ хуваалцдаг системтэй болох хэрэгтэй. Мөн амжилттай явж байгаа ажилчдын туршлагыг бусаддаа хуваалцах хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт менежментийн өөрчлөлтийг бага, багаар өөрийн компанидаа тусгавал ажлын гүйцэтгэлийг ахиулах боломжтой юм. Үүнээс гадна ажилчдын хувьд ч сэтгэл хангалуун, тухайн компанидаа тогтвортой ажиллах үндсийг нь бий болгоно.

Гүйцэтгэлээ ахиулснаар нэг жилд ганцхан удаа ярьдаг байсан стратегиа тухайн нөхцөл байдалтай уялдуулан улирал бүр, сар бүр ярилцаж өөрчлөх боломжтой болно.

Энэ бол Growth буюу Өсөлтийн менежментийн системийн ердөө л нэг арга нь. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг илтгэгч ба шилдэг борлуулалттай “Топ-3”-н номын зохиогч, 58 оронд 13 000 гарааны бизнесийн үүсгэн байгуулагчдыг хамруулсан “Entrepreneurs Organization”-ий үүсгэн байгуулагч, “Аваргуудыг төрүүлэх нь” нэртэй гүйцэтгэх захирлуудад зориулсан дээд зэрэглэлийн хөтөлбөрийг 15 жил даргалсан, зургаан тивд 210 удирдлагын түвшний сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Gazelles” байгууллагын үүсгэн байгуулагч Верн Харниш энэхүү системийг зохиосон. Энэ бол цоо шинэ менежментийн систем биш. Харин өмнөх үе болон өнөө цагийн шилдгүүдийн сор бүтээлийг түүвэрлэж гарын авлага мэт болгосон систем юм.

Том, жижиг янз бүрийн бизнес эрхэлж буй ямар ч хүн бизнесээ өргөжүүлэн тэлэхийг үргэлж боддог шүү дээ. Тиймээс Верн Харниш компаниа томруулах болон менежментээ өсгөхийн тулд хүмүүсээ тогвортой ажиллуулах, стратегиа зөв тодорхойлох, ажлын гүйцэтгэл ямагт сайн байх болон бэлэн мөнгөтэй харьцахдаа үргэлж хянуур байх хэрэгтэйг “Scaling up” номоороо дамжуулан онцолж байна.

Одоо бизнес эрхлэгч танд энэхүү Өсөлтийн менежментийн системийг гүнзгий судалж, хэрхэн өөрийн байгууллагадаа тохируулж нэвтрүүлэх тухай асуулт үлдэж байна уу? Таны энэхүү асуултад “Growth Summit-Улаанбаатар” арга хэмжээ хариулт өгнө.  

    

 

Х. Саранзаяа

Зөвлөх үйлчилгээ таны бизнесийг оношилно

Өмнөх нийтлэл

Видео: Түүний зарчим “Өөртөө үнэнч байх”

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Мэдлэг