Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхны мэдээлснээр Монголын бизнесийн зах зээлийн 72-оос дээш хувийг жижиг, дунд бизнес эзэлж байна. Энэ хувийг дотор нь задалж үзвээс үнэмлэхүй давамгай хувь нь жижиг болон бичил бизнест оногдож байна. Хоршоологчид Монголын эдийн засгийн том хөдөлгүүр байгааг статистикууд ийнхүү харуулсаар байтал монголчууд бид дунд, цаашлаад том бизнесийн талаар ихэнхдээ ярьж байна. Ярихдаа голдуу л онол ярих. Онол онолдоо барууны.

Тэгэхээр бодит хөрсөн дээр бууж Монголын бизнесийн зах зээлийн 3/5-ыг бүрдүүлж буй жижиг бизнестээ анхаарал тавих, бичил бизнес эрхлэгчдээ дэмжих зайлшгүй шаардлага байгаа нь эндээс харагдаж буй за. Тиймээс тэдний байр суурийг хүргэх, тэдэнд тулгардаг бодит асуудлыг таниулах үүднээс Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд еранхийлөгч Ц.Алтантуяатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

 

-Монголчууд бид Улаанбаатартаа хэт бөөгнөрсөнөөс үүдэн улс орны хэмжээний эрх ашгийг нийслэлийнхээ хэмжээнд л сэтгэж, ярилцдаг болжээ. Ийм үед хамгийн зөв мэдээллийг та бүхэн л өгнө. Тиймээс ХАА, МАА-н салбарт тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлүүдийн талаар танаас сонсох гэсэн юм?

-Бодлогын тогтвортой байдал өнөөдрийн ХАА-н салбарт маш их үгүйлэгдэж байна. Өнөөгийн бодлого үнэхээр хувирамтгай, өөрчлөмтгий байна. Яг ямар чиглэлээр хөгжих гээд байгаа нь энэ салбарт ажиллаж байгаа хүмүүст тодорхой бус. Дээр нь санхүүжилтийн асуудал ээдгээртэй байна. ХАА өөрөө маш их эрсдэлтэй салбар учраас санхүүжилт тодорхой, тогтвортой байх нь тэргүүн зэргийн асуудал юм. Мал хамгаалах, Тариалан эрхлэлтийг дэмжих, Жижиг дунд үйлдвэрлэлийн сан гээд олон сан байгаа ч тэндээс олгогддог зээл, тусламжид ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн хамгийн жижиг нэгж болох хоршооллын салбарынхан хамрагдаж огт чадахгүй байна. Сангуудын тавьдаг шаардлага шалгуурууд хэт өндөр байгаагийн дээр тэндээс түгээдэг мэдээ, мэдээллүүд баг суманд, малчид ногоочдод хүрч очихгүй байна.

-Одоо цагт бизнес эрхлэх хүсэлтэй хүн бүр компани байгуулж байна. Тэгвэл орон нутгийн иргэд маань нэгдэж нийлээд хоршоолол байгуулж байна. Хоршоолол байхын давуу тал нь юу?

-Хоршоолол нь дэлхий дээрх хамгийн ардчилсан аж ахуйн байгууллага гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийснээсээ үл хамааран хоршооллын засаглал, үйл ажиллагаанд оролцох эрх гишүүн бүрт эрх тэгш олгогддог. Би байна уу, чи байна уу хэн ч байлаа гэсэн хоршооны даргаа хийгээд явах боломжтой.

Хоршооны үйлчилгээ, олж байгаа орлогыг хоршооны гишүүн бүр эрх тэгш хүртэх боломж хангагдсан байдаг.

Компани болохоор оруулсан хөрөнгийнхөө хувь хэмжээгээр засаглал нь шийдэгдээд явдаг. Хоёрдугаарт, хоршооны үйлчилгээ, олж байгаа орлогыг хоршооны гишүүн бүр эрх тэгш хүртэх боломж хангагдсан байдаг. Түүнчлэн хоршоо нь нээлттэй гишүүнчлэлтэй байдаг байхад компани ихэнх тохиодолд хаалттай буюу хязгаарлагдмал байдаг. Малчдын тухайд аваад үзэхэд 500-1000 гишүүнтэй хоршоо ч байна. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг ялангуяа манай улсад бол хоршоолол нь хөгжих бүрэн боломжтой, заавал хөгжүүлэх ёстой салбар гэж би хувьдаа үздэг.

-Төрийн зүгээс баримтлах бодлого, дэмжлэг нь тогтворгүй байгаа өнөө үед хоршоодын олох ашиг орлого мэдээж бага байгаа. Ийм цаг үед хоршоо байгуулах, хоршоонд нэгдэх хүмүүсийн хүсэл эрмэлзэл ямар хэмжээнд байна?

-Хоршооны хамрах хүрээг хувь хүн талаас нь авч үзвэл маш том шүү дээ. Зөвхөн Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоонд гэхэд 492 хоршоо гишүүнчлэлтэй байгаа. Хуулинд зааснаар хувь хүн хоршоонд гишүүн болох боловч амьдралын практикаас харахад өрхөөрөө гишүүн болж байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр эхнэр, нөхөр, хүүхдээрээ гурвуулаа хувь нийлүүлж байхаар нэгнийхээ нэр дээр орчихоод ирэх ашгаа өрхөөрөө хүртээд явсан нь хамаагүй дээр байдаг. Энэ утгаараа бол манай холбоо 492 хоршоог нэгтгэж, 150 гаруй мянган хүнд хүрч ажиллаж байна.

Хоршоо эдийн засгийн хувьд ийнхүү  чадавхжаад ирэхээр гишүүдийнхээ нийгэм, эдийн засагт үзүүлэх дэмжлэг нь нэмэгдэж байдаг.

Энэ бол хувь хүний хувьд хамрах хоршооны хүрээ нь. Эдийн засгийн хувьд хоршоог муу гэж хэлж чадахгүй. Том компаниуд шиг хэдэн тэрбумаар нь ашиг олохгүй ч гэлээ тэрбум төгрөг давсан борлуулалттай хоршоодын тоо өнөөдөр нэмэгдэж байгаа. Хоршоо эдийн засгийн хувьд ийнхүү  чадавхжаад ирэхээр гишүүдийнхээ нийгэм, эдийн засагт үзүүлэх дэмжлэг нь нэмэгдэж байдаг. Үүний үр дүнд тухайн орон нутгийн хөгжил дээшилж, иргэдийн амжиргаа сайжраад ирж байгаа. Энэ бүгдээс харахад хоршоо нь хоёр талын ашигтай байгууллага юм. Нэг талаас, тухайн хүний хөгжлийг дэмждэг байхад нөгөө талаас тухайн орон нутгийн эдийн засгийг сайжруулж байдаг.

-ХАА гэхээр төвийн бүс гэж хүмүүс ойлгодог. Тиймээс хоршоо нь төвийн бүсийнхний л сонирхдог ажил гэж ойлгох байх. Монгол орны хамгийн урт түүхтэй, хамгийн олон гишүүнчлэлтэй танай холбооны хувьд Монгол улсын бүс нутаг бүрт хүрч чадаж байгаа юу?

-Манай холбоо Нэгдлийн холбооны Дээд зөвлөл хэмээх байгууллагыг залгамжилж үүссэн байгууллага юм. 1992 онд шинэчлэн зохион байгуулагдсан. Бид 21 аймагт салбар холбоотой. 492 гишүүн хоршоо маань Монгол улсын бараг бүх суманд байна. Тиймээс бид аль болох бүх гишүүддээ жигд, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг хичээж ажилладаг. Гэвч манай холбоо ашгийн бус байгууллага учраас алслагдсан сумд, хоршооддоо хүссэн хэмжээндээ хүрч ажиллахад эдийн засгийн хувьд хязгаарлагдмал байдаг.

-Хоршоо маань бизнесийн хамгийн жижиг нэгж. Энэ нэгжийг жижиг, дунд үйлдвэрлэлийн түвшинд аваачих бодит бололцоо байдаг уу?

-Дэлхийн жишиг, ялангуяа хөдөө аж ахуйн чиглэлээр экспортлогч том орнуудын жишээг харах юм бол ХАА-г нь авч яваа үйлдвэрлэгч гол нэгжүүд нь ерөөсөө хоршоод л байдаг. АНУ-ыг харсан ч хоршоо, Япон, Солонгосын хувьд ч хоршоо. Олон улсын хэллэгээр фермерүүд, манайхаар бол малчид, ногоочдыг хамгийн зөв зохион байгуулалт оруулах хэлбэр нь хоршоо юмаа гэдэг нь гадаадын дээрх жишээнүүдээс тод харагддаг. Тиймээс бид илүү том зорилгыг тавин ажиллаж байгаа. Жишээ нь, мал аж ахуйн чиглэлийн хоршоодоо анхан шатны тордолт хийсэн буюу нэмүү өртөг шингээсэн түүхий эдийг боловсруулдаг аж ахуйн нэгж болгохын төлөө ажиллаж байна. Монгол улсын ХАА-н 80 хувийг МАА эзэлдэг шүү дээ.

Сум, баг дээр байгаа жижиг хоршоод нэгтгэж илүү хүчтэй болж, маркетингийн бодлого явуулдаг бүтцийг дундын хоршоо гэдэг.

Тиймээс энэхүү 80 хувийн МАА-гаа илүү үржил шим, ашиг шим сайтай болгох,  бэлчээрээ хамгаалдаг, хадгалдаг болгохын төлөө ажиллаж байгаа. Дараагийн нэг зорилго маань бол одоогоор төдийлөн сайн хөгжихгүй байгаа дундын хоршоог хөгжүүлэх явдал. Сум, баг дээр байгаа жижиг хоршоод нэгтгэж илүү хүчтэй болж, маркетингийн бодлого явуулдаг бүтцийг дундын хоршоо гэдэг. Тиймээс анхан шатны хоршоодоо дундын хоршооны түвшинд нэгтгэж bargaining power-ийг бий болгохын төлөө энэ жилээс ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд бид өөрсдийн бий болгосон “Агрикоп” брэндийн нэрийн дор 2019 онд 4-5 бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах амбицтай ажиллаж байна даа.

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхны мэдээлснээр Монголын бизнесийн зах зээлийн 72-аас дээш хувийг жижиг, дунд бизнес эзэлж байна. Үүний  ихэнхийг жижиг, тэр дундаа бичил бизнес эзэлдэг. Эндээс ургуулж асуухад олонхийг бүрдүүлж байгаа жижиг бизнесийнхнийг дунд, том бизнесүүд хэр дэмжиж ажилладаг вэ, эсвэл саад болж байна уу?

-Өөрийнхөө салбар дээр ярья л даа. Манай салбарт арьс ширний том, том үйлдвэрүүд байдаг. Тэндтэй хамтарч ажиллахын тулд дундын зуучлагчаар дамжихаас аргагүй байдаг. Гэтэл бидний сонирхол бол тэрхүү ченжийг халж, үйлдвэрүүдтэйгээ шууд харилцаж, гэрээ байгуулж ажиллах сонирхол маш их байдаг. Гэвч арьс ширний том үйлдвэрүүд нь хоршоодоо төдийлөн ойшоож ажилладаггүй. Тэд биднийг ойшоохгүй байгаагийн улмаас үүссэн харилцаа холбооны энэхүү завсар зайг арилгах үүднээс бид хамтраад ХАА-н биржийг ажиллуулж эхэлсэн. Бирж нь хоршоодыг үйлдвэрүүдтэй харилцуулах зуучлагч нь байгаасай, дотоодын ханган нийлүүлэлтийн ажлыг зохицуулж өгөөсэй гэдэг үүднээс байгуулсан. Түүнээс биш ХАА-н түүхий эдийг зарж борлуулж, тэмдэгт олгоод байж байдаг байгууллага талаас нь байгуулаагүй юм. Манай холбооны зүгээс энэхүү үндсэн зорилгодоо анхаарч, бодлогоо барьж ажиллаж байгаа.

 

 

Ж. Баяржаргал

“Зээлийн хүүг хүчээр бууруулах бус эдийн засгаар өөрөөр нь шийдүүлэх хэрэгтэй”

Өмнөх нийтлэл

Сайн тогооч сайн энтрепренерийг хэрхэн бүтээдэг вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох