Нийгэмд тулгараад буй асуудлуудыг шинэ аргаар шийдэхийг уриалсан “Falling walls lab Mongolia” арга хэмжээ аравдугаар сарын 4-нд Гадаад харилцааны яаманд болж өнгөрсөн юм. Энэ үеэр нийт найман судлаач оролцсоны нэг нь Филиппин улсаас зорьж ирсэн Эммануэл Дамиан байв. Уг форумын хамгийн шилдэг оролцогч Герман улсад болох “Falling Walls” форумд 100-аад улсын шилдэг оролцогчидтой санаагаа уралдуулна. Тийм ч учраас тэрбээр Монголд зохиогдож буй форумд төслийн санаагаа танилцуулахаар ирснээ ярьж байв. Түүний  санал болгож буй шийдэл нь хувцасны салбарын хог хаягдлыг багасаж, тогтвортой үйлдвэрлэл бий болгох тухай юм. Түүний үүсгэн байгуулсан компани нь Hinera гэсэн нэртэй бөгөөд энэ нь хуучин испани хэлээр оёх гэсэн утгатай аж.

-“Falling walls lab Mongolia” -д санал болгож буй төслийнхөө санааны талаар танилцуулаач?

-Бидний санаа хямд хувцасны үйлдвэрийн хог хаягдлыг шинээр боловсруулж хувцас болгох тухай юм. Ингэснээр бид ажлын байрыг бий болгохоос гадна хог хаягдлыг бууруулж нөгөө талдаа үйлдвэрлэлийг дэмжих юм. Мөн энэ төсөл нь тогтвортой хөгжлийн зорилтын 12 дахь зорилт буюу хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл болон тав дахь зорилт “хүйсийн тэгш байдал”, нэг дэх зорилт “ядуурлыг бууруулах”-д хувь нэмрээ оруулж чадна.

-Уг төсөл ямар шатандаа явж байгаа вэ. Зөвхөн судалгааны шатандаа явж байгаа юу эсвэл хэрэгжүүлээд эхэлчихсэн үү?

-Санал болгож буй бизнес загвараа тосгонуудад хэрэгжүүлээд эхэлчихсэн явж байгаа. Мөн бид бусад байгууллагуудтай хамтраад хаягдлаар дахин материал хийх талаар хамтын ажиллагаа эхлүүлчихсэн.

-Анх хэдүүлээ ямар зорилгоор хамтарч эхэлж байсан бэ?

-Дөрвүүлээ анх Hinera-г байгуулж байсан. Бид бүгд инноваци, бизнес чиглэлээр мастерын мэргэжилтэй. Олсон мэдлэг чадвараа ашиглаж нийгэмдээ хувь нэмрээ оруулах нь бидний гол зорилго. Хамтдаа үүсгэж байсан болохоор бид одоо ч гэсэн хамтдаа ажиллаж байна. Хувцасны томоохон брендүүд их хэмжээний хувцас үйлдвэрлэдгийн улмаас хог хаягдал маш их гардаг. Зөвхөн хувцасны үйлдвэрлэлээс хаягдал гарах энэ үйл явцыг эсрэгээр нь хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Тиймээс бид хаягдлаас буцаад хувцас бэлтгэх талаар судалсан юм. Ингэснээр бид илүү тогтвортой хэрэглээ болон үйлдвэрлэлийг бий болгох боломжтой юм.

Та бүхэнд учирч байгаа хамгийн том саад юу вэ?

-Сүүлийн үед маш олон хувцасны бренд гарч ирж хямд өртгөөр их хэмжээний хувцас үйлдвэрлэж байгаа. Аль болох олон компанид өөрсдийнхөө үйл ажиллагааг таниулах нь бидэнд чухал байна. Компани болгон өөрсдийн гэсэн хандлагатай учир тогтвортой үйлдвэрлэлд тэднийг нэгтгэх нь хамгийн том бэрхшээл юм.

-Та бүхний хийхээр төлөвлөж байгаа дараагийн алхам юу вэ?

-Илүү олон хүний санаа бодлыг өөрчилж, олон хүнийг энэ тогтвортой үйлдвэрлэлд оролцуулах. Мөн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ бусад улсад энэ бизнес загварыг санал болгохоор ажиллаж байна. Учир нь байгаль орчны энэ сэдэв нь зөвхөн Филиппин биш бүх улсад хамааралтай шүү дээ.

-Хувцасны томоохон компаниудтай хамтрах боломж гарвал танайх алийг нь сонгох бол?

-H&M компанийг сонгоно. Тэд бусадтайгаа харьцуулахад тогтвортой үйлдвэрлэл эрхэлдэг. Мөн H&M дэлхий даяар салбаруудтай учир бид хамтарч ажилласнаар тэдний түүхий эдийг өөрчилснөөр дэлхийн хэмжээнд нөлөө бий болгох боломжтой.

Б. Билэгт

Подкаст: Хэрхэн сайн CEO болох вэ?

Өмнөх нийтлэл

Д.Болор-Эрдэнэ: Олон улсын экспод оролцоход дунджаар 10 гаруй сая төгрөгийн зардал гардаг

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. Ингэж л засаг төр иргэдгүй хаягдалдаа анхаарч ХОГГҮЙ НОГООН МОНГОЛ болохоо хичээвээс боломж бидэнд бий шүү, баярлалаа АМЖИЛТ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur