The Economist-ын”Дэлхий 2019″ сэтгүүлээс хүргэж байна. 

Shopify-г үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Тобиас Лютке бизнес эхлүүлэхэд тулгардаг саадыг багасгах ёстой гэж үзэж байна

Маргааш өглөө таныг босоход дуу хөгжим алга болсон байвал яах вэ? Дэлхийн баячууд алга болвол яах бол? Дэлхийн төгсгөл ирлээ гэсэн үг үү? Үгүй ээ. Гэхдээ л би ийм дэлхий ертөнцтэй байхыг дэмжихгүй. Тэгвэл одоо дуу хөгжмийн оронд хувиараа бизнес эрхлэлт (энтрепренершип)- ийг тавиад үз дээ. Нэг өглөө сэрэхэд тань хувиараа бизнес эрхлэлт гэж зүйл алга болсон байвал яах вэ? Малгайтай цамц өмссөн гүйцэтгэх захиралтайгаар төсөөлөгддөг гарааны бизнесийн соёл илт анзаарагдах болсон ч хувиараа бизнес эрхлэлт сүүлийн хэдэн жилд буурч байна.

Brookings Institution-ийн судалгаагаар Америк дахь шинэ бизнесийн тоо 1978 оноос хойш бараг 50%-иар багасжээ. Аж үйлдвэржсэн бараг бүх оронд үүнтэй ижил бууралт ажиглагдав. Fraser Institute 2001-2007 онуудыг 2008-2014 онуудтай харьцуулаад сүүлийн жилүүдэд гарааны бизнес үүсгэн байгуулсан тохиолдол Америкт 18.6%-иар, Австралид 20.3%-иар, Канадад 8.5%-иар, Британид 7.5%-иар буурсан болохыг илрүүлсэн. 2019 онд хувиараа бизнес эрхлэлт бүрмөсөн мөхөхгүй ч аюултай тулгарна. Төрөлтийн огцом өсөлтийн үе өнгөрч, Gallup- ын судалгаагаар 50-иас дээш насныхантай харьцуулвал шинэ мянганыхны тал хувь нь л бизнес эрхэлж магадгүй байна.

Ихэнх оронд хүн амын өсөлт эрчимтэй удааширсан. Хүн амзүйн энэхүү цонх нөлөөлж байгаа ч надад арай өөр таамаглал байна. Хэдхэн жилийн өмнө цомхон хот бүрт жижиг бизнес хийх боломжтой байлаа. Хороолол бүрт махны, талхны, чихрийн худалдаачид хэрэгтэй байв. Гэтэл том дэлгүүрүүд орж ирээд бүх юм өөрчлөгдсөн. Том худалдаачид биет болон цахим ертөнцөд ноёлж эхлэхээр уламжлалт бизнес эрхлэгчдэд орон зай үлддэггүй. Өөр саад бэрхшээл ч байна. Бизнес эрхлэхэд олон тусгай зөвшөөрөл шаардагддаг. Америкт Марк Цукерберг Facebook-ийг хэнээс ч асуулгүй байгуулж болох ч үсчний газар байгуулахдаа төрийн байгууллагаас зөвшөөрөл авах хэрэгтэй болдог.

Эрх чөлөө ба аз жаргалын эрэл

Бизнес байгуулахад амаргүй байдгийг би мэднэ. Ганцаардалтай нүүр тулдаг. Ухаан бодолгүй юм шиг ажиллах болдог. Брэд Шугарын үгийг бага зэрэг өөрчилж хэлвэл өөр хүний төлөө долоо хоногт 40 цаг ажиллахын оронд өөрийнхөө төлөө 100 цаг ажиллах болдог. Гэхдээ энтрепренер байхын хамгийн гоё нь энэ. Энтрепренер хүн заавал дэлхийг өөрчлөх албагүй, дэлхийд эзлэх өөрийн орон зайг олох нь л чухал юм. Тэд бие даасан байдлыг эрэлхийлж байдаг. Shopify-ын худалдаачин бизнес эрхлэх дуртай байдгийн хамгийн эхний шалтгаан бол тэд өөрийнхөө төлөө өөрөө шийдвэр гаргах эрх чөлөөг эрхэмлэдэгт байгаа юм. Тийм хэцүү байгаагүй бол хэр олон хүн иймэрхүү бие даасан байдлыг хүсэх байсан бэ?

Сан Франциско руу 1849 онд цуварсан хүмүүсийн тухай бодоод үз дээ. “Алтны төлөөх улайрал” үнэндээ зөвхөн алтны тухай байсан гэж үү? Үгүй ээ. Хүн бүрт боломж олдож байсанд л гол учир нь байгаа юм. Жоотуугаа бариад л алт олж байсан. Энтрепренершипийг сахин хамгаалахын тулд бизнес эрхлэхэд хялбар орчин бий болгох ёстой. Хотуудыг хөл хөдөлгөөнтэй байлгаж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд төр засаг, банк, технологийн компани гэх мэт бүх тоглогч энтрепренерүүдэд дургүйлхдэг зангаа орхих хэрэгтэй. Мөн бид энтрепренершипийг зөвхөн Цахиурын хөндийгөөр төсөөлдгөө больж, илүү өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй.

Энтрепренер гэдэг ангилалд гэр бүлийнхээ өдөр тутмын хэрэгцээг хангах гэж яваа цагаачид ч багтана. Би Германаас Канадад ирээд ажлын виз олгохгүй болохоор нь цасан дээр гулгах хавтан онлайнаар түрээслүүлдэг Snow devil нэртэй бизнес эхлүүлсэн. Энэ дэлгүүртээ зориулж бичсэн программ хангамж Shopify-ийн суурь болсон. Америкт хувиараа бизнес эрхлэлт буурч байгаа ч цагаачдын эзэмшлийн бизнес 2007 онд 14%, харин 2016 онд 16% болж өссөн нь АНУ-ын Статистикийн хорооны мэдээллээс харагдаж байна. Fortune 500 жагсаалтад багтдаг компаниудын 43%-ийг цагаачид болон тэдний хүүхдүүд үүсгэн байгуулсан байдаг. Гэрийн ажилтай, нялх хүүхэдтэй ээжүүд ч энтрепренерийн тоонд орно. Бидний жил бүрийн судалгаагаар гэртээ суугаа эмэгтэйчүүд бизнес эрхлэх нь эрчүүдээс 75%-иар илүү байгаа нь тодорхой болсон.

Солигдмол хүйстэй гэсэн хүмүүс ажил олж чаддаггүй учир энтрепренер болох нь жирийн хүмүүсээс дөрөв дахин их байдаг. Энтрепренершип үргэлж өөрийн эрмэлзлийн асуудал байдаггүй. Зарим тохиолдолд амьдралын шаардлагаас улбаалдаг. Сүүлийн хэдэн зууны хөгжил дэвшлийн гол хөдөлгөгчид нь энтрепренерүүд байсан. Тэд бол намтрыг нь бид сайн мэдэх Эндрью Карнегиас эхлээд Nike-ийн Фил Найт зэрэг хүмүүс юм. Энтрепренершип бол маш эртний мэргэжил. Бид үүнийг устахыг зөвшөөрч болохгүй. Гарааш, гал тогоонд, үдэш орой ч өөрийнхөө болон бусдын төлөө, дэлхий ертөнцийг улам сайхан болгохоор ажилладаг хүмүүс бидэнд хэрэгтэй. Тэгвэл ямар нэг сайн мэдээ байна уу? Бид зөв чиглэлд явж байгаа. Бодит байдлыг баяжуулах (augmented reality) гэх мэт технологи энтрепренер болох шинэ талбарыг нээж, технологийн шинэ платформуудын ачаар бизнес эхлүүлэх нь хялбар болж, ажлын байр автоматжуулагдахын хэрээр илүү шинэлэг зүйлийг бүтээх хүсэл мөрөөдөлтэй хүмүүс улам нэмэгдэнэ. Хэрвээ бид хүчээ нэгтгэн тусалж чадвал энтрепренершип сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээр мандан бадрахад ойрхон байна.

#Дэлхий2020 тун удахгүй

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

“Европтой харьцуулахад тээвэрлэлтийн зардал Монголд өндөр байна”

Өмнөх нийтлэл

Хуульч Б.ГҮНБИЛЭГ: Аав маань сууж сурах ёстойг багаас минь ойлгуулсан

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur