Бүгд Найрамдах Энэтхэг улсын элчин сайдын яам, Энэтхэг Монголын бизнесийн зөвлөлөөс зохион байгуулсан хоёр талын бизнес эрхлэгчдийн уулзалт 11-р сарын 15-ны өдөр болж өнгөрлөө. Энэтхэг улс нь 1.3 тэрбум хүн амтай бөгөөд дотоодын хэрэглэгчдийн зах зээлийн хэмжээгээрээ дэлхийд 11-т ордог. Хоёр улс 1955 онд дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд Монгол Улс 1956 онд Нью Делид, БНЭУ 1971 онд Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээж байв. 2018 онд гэхэд Монгол Улсаас Энэтхэг улс руу хийсэн экспортын хэмжээ 840 мянган ам.доллар байсан бол 2019 онд 1 сая ам.доллар болж өсөв. Үүний 87.4 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлж байгаагаас 42.6 хувийг үхэр, адууны шир, 38.6 хувийг самнасан ноолуур, 4.6 хувийг хонины самнаагүй ноос бүрдүүлж байна. 2018 онд Энэтхэг улсаас Монгол Улс руу хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 68 хувийг уул уурхайн салбар, 20 хувийг худалдаа, үйлчилгээний салбар эзэлсэн аж. 

Хоёр талын бизнесийн уулзалтын үеэр Гадаад явдлын яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболд тавьсан илтгэлдээ Энэтхэгийн хөрөнгө оруулагчдыг дэмжиж буй бодлогуудыг дурдав. Жишээлбэл хөрөнгө оруулагчдад эдийн засгийн чөлөөт бүсийн хүрээнд эхний таван жил ямар нэгэн татваргүйгээр үйл ажиллагаа явуулах боломж, ажилтнуудаа сургах бүх зардлыг татвараас хөнгөлөх болон энэтхэг хөрөнгө оруулагчдын визний бүртгэлийг хөнгөвчилж, тэдэнд 60 жилийн газар эзэмшлийн эрхийг 40 жилийн сунгах боломжтойгоор санал болгож байгаа аж. Мөн жилд гурван сая хүн үйлчлүүлэх боломжтой Хөшигийн хөндийн онгоцны буудал ашиглалтанд орсны дараа Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэх талаар ч яригдаж буйг илтгэлийн үеэр дурдав.

Хурлын дундуур ноён Амит Арора асуулт асууж буй нь

Энэ удаа Энэтхэг улсаас ирсэн хөрөнгө оруулагчид хөдөө аж ахуй, уул уурхайн салбарыг голчилж сонирхож байгааг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх онцлов. Монгол-Энэтхэгийн Бизнесийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Кумар Бансай “Томоохон төслүүд Засгийн газрууд эсвэл том корпорациуд хариуцаад явдаг тул энэ удаад жижиг, дунд үйлдвэрүүдийн хоорондын ажиллагааг хэрхэн нэмэгдүүлж болох талаар түлхүү хэлэлцэж байна” гэдгийг онцолсон юм. Ингээд энэхүү уулзалтаар Монголд ирээд байгаа хөрөнгө оруулагч Амит Арорагаас авсан ярилцлагыг хүргэе. 

-Та өөрийгөө товчхон танилцуулаач?

-Намайг Амит Арора гэдэг. Би Монголд анх удаа ирж байгаа бөгөөд Ерөнхий сайд Нарандра Модигийн анх санаачилсан энэхүү хөтөлбөрйн нэг хэсэг болж байгаадаа баяртай байна. 

-Өмнө нь ямар салбаруудад хөрөнгө оруулж байсан бэ?

-Барилга, хөдөө аж ахуй, уул уурхайн салбаруудад хөрөнгө оруулж байсан. Мөн санхүүгийн үйлчилгээний салбартай бид ойрхон ажилладаг. 

-Эдгээр салбарууд яг одоо ямар байдалтай байгаа вэ?

-Эдгээр салбарууд цаашид хөгжих маш их боломжтой. Хэдий сүүлийн хэдэн сар дэлхий даяар эдийн засаг удаашралтай байгаа нь Энэтхэгийн эдийн засагт нөлөөлж байгаа ч энэ нь мөчлөг төдий л юм. Эдийн засгийн удаашралын энэ мөчлөг дууссаны дараа Энэтхэгийн эдийн засаг буцаад сэргэнэ. Одоогоор ДНБ-ын өсөлт 4.5 хувьтай байгаа ч цаашид 7,8 хувь хүрэх боломжтой. Үргэлж ойр ажилладаг манай салбаруудын хөрөнгө оруулалтын өгөөж хоёр оронтой тоод хүрдэг. 

-Танай багт хамгийн эхэнд хөрөнгө оруулахаар чухалчилж байгаа салбарууд байгаа юу?

-Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарыг сонирхож байна. Мөн банай багийн зарим нь Монгол Улсад ирээд хэдэн сар амьдарч байгаа учраас Монголын зах зээлийн талаар мэдээлэл сайтай байгаа. Хоёр улсын хооронд цаашид хөгжүүлэх боломжтой олон хамтын ажиллагааны боломж байна. Энэ уулзалтуудыг дуусгаад Энэтхэгт очсоныхоо дараа бид бусад хөрөнгө оруулагчидтайгаа хамт дараа нь буцаж ирэхээр төлөвлөж байна.

-Ямар нэгэн шинэ салбар эсвэл улсад хөрөнгө оруулахдаа хэрхэн ажлаа эхлүүлж цааш явуулдаг вэ?

-Бид итгэлцэлд тулгуурлаж бизнесээ хийдэг. Ямар нэг бизнесийн шинэ харилцааг эхлүүлэхэд хамгийн чухал зүйл бол итгэлцэл. Энэ удаад ч бид Монголд үйл ажиллагаа явуулдаг энэтхэг хамтрагчдаасаа мэдээлэл авсан. Хүнд итгэл хүлээлгэх тусам илүү үр дүнд хүрдэг. Тэгэхээр бидний ажлын суурь бүрдсэн гэж харж байна. 

-Бизнесийн хамтрагчдаа итгэл даахуйц эсэхийг нь хэрхэн тодорхойлдог вэ?

-Бид бизнесүүдээс саналуудыг нь нэг нэгээр нь л хүлээж авч боловсруулж дүгнэдэг. Бид санал нэг болгоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тиймээс өөрсдийн бизнесийн ухааныг гаргах хэрэгтэй. Энэ ярилцлагын дараа бид бизнесүүдтэй уулзах бөгөөд хэдийн амжилттай байх боломжтой шинж чанарууд харагдаж байна. Бид хөрөнгө оруулах боломжтой гэж дүгнэсэн төслүүдээ Энэтхэгт буцаж очоод боломжит хөрөнгө оруулагчдад мөн танилцуулна. 

-Амжилттай байх боломжтой шинж чанарууд гэдгээрээ та юуг хэлж байна вэ?

-Элчин сайд, гадаад явдлын яамны сайд болон бусад илтгэгчдээс сонссон мэдээллүүд байгаагаас гадна хоёр улсын харилцаа өнгөрсөн хугацаанд маш амжилттай явж ирсэн явдал юм. Энэтхэгт маш их боломж байгаа бөгөөд дөнгөж л хөгжиж буй улсын нэг шүү дээ. Монгол Улс ч мөн адил маш олон боломжтой. Тиймээс л бид энэ удаа ирсэн. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 1.00 out of 5)
Loading...
Б. Билэгт

3.1 тэрбумын орлого авчирсан Монгол чихэвч

Өмнөх нийтлэл

Подкаст: “Таны анзаараагүй үнэн” номын хэлэлцүүлэг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur