Тогтвортой ноос ноолуурын эвслээс зохион байгуулсан олон улсын хуралд ноолуур бэлтгэн нийлүүлэх сүлжээний гадаад, дотоод оролцогчид чуулж, хөгжлийн чиг хандлага, урт хугацааны хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Уг арга хэмжээнд малчид мөн оролцсон. Тэд хурал, хэлэлцүүлэгт оролцохын зэрэгцээ ямааны ашиг шимийг нэмэгдүүлэх, ноолуурын чанар чансааг сайжруулах сургалтаас номын дуу сонслоо. Тэдний төлөөлөл болох Завхан аймгийн Дөрвөлжин сумын малчин, “Жанчивбах” хоршооны гишүүн П.Чинзоригттой уулзаж ямаа самнах нөр их хөдөлмөр, ноос ноолуураа борлуулах адармаатай ажлын талаар цөөн хором хөөрөлдлөө.  

-Та хотод ирээд номын дуу нэлээд сонсчээ. Мэргэжилтнүүд ноос, ноолуурын талаар малчин та бүхэнд ямар зөвлөгөө өгч байна?

-Малчид бидэнд авууштай зүйл их байна. Нэгд, малаа эрүүл байлгах. Малынхаа тарилгах вакциндаа анхаарч малаа хачиг хувалзнаас ангид байлгахыг анхаарууллаа. Хоёрт, бэлчээр усаа сэлгэж ашиглах. Энэ бол бидний хэрэгжүүлэх ёстой хамгийн гол ажил. Ингэж чадах юм бол малынхаа ноос, ноолуурын ашиг шим, чанарыг сайжруулах боломжтой гэдэг талаар олон зүйлийг мэдэж авлаа.

-Сайн чанарын ноолуурыг авахад юунд анхаарах шаардлагатай гэж та бүхэнд зөвлөж байна?

-Бид ноос, ноолуурынхаа чанар чансааг шалгуулж, шинжлүүлж байгаагүй. Сая л дээжийг нь авчирч өглөө. Мэргэжлийн хүмүүс нь шалгаж үзэж байгаад л тодорхой зөвлөгөө өгөх байх.   

-Та хоршооныхоо нягтлан бодогчийн ажлыг мөн хариуцдаг юм байна. Нутагтаа буцаж очоод ямар ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна?

-Хоршоодынхоо гишүүдээ цуглуулж, олж мэдсэн зүйлээ нэгд нэгэнгүй тайлбарлаж хэлж өгнө дөө. Хамтраад аль чиглэлд яаж ажиллавал зүгээр вэ гэдгээ ярилцья гэсэн бодолтой байна. Малчид бидний хувьд хоршоонд нэгдэж нийлснээрээ олон давуу талыг бий болгох боломжтой болж байна гэж боддог. Төр засгийн зүгээс ч хоршоодоо дэмжинэ гэж байгаа.

-Танайх олон ямаатай юу?

-Манайх 400 гаруй ямаатай, 100 орчим хоньтой.

-Ямаа түлхүү өсгөх нь үр өгөөж өндөртэй юм даа, тийм ээ?

-Ноолуурын үнэ зах зээл дээр өндөр байгаа учраас амьдрал ахуйгаа залгуулаад явахад их л хэрэг болдог.

-Нууц биш бол та энэ жил ноолуураа хэдээр борлуулав?

-Энэ жилийн ноолуурын үнэ манай тэнд нэг килограммын дээд үнэ 130 мянга байсан. Гэвч бид тэр үед нь ноолуураа тушааж чадаагүй. Манай сумынхан ямаагаа орой самнадаг.

-Оройтож самнахад нутгийн онцлог нөлөөлж байна уу?

-Байгаль цаг уурын онцлогоос шалтгаалж дөрөвдүгээр сарын сүүлээр л самнахаас аргагүй байдаг. Цаг агаар эрт дулаардаг ч өвс ногоо хожуу гардаг юм л даа. Ямааны ноос ноолуур хөөрөөгүй байдаг болохоор санах үндэс байхгүй.

-Одоо бол ноолуураа тушаачихсан уу? Ченж нарт худалддаг уу?

-Цөөн ямаатай зарим айл эрт самнаад туушсан. Харин сүүлд самнасан айлууд тушаагаагүй байгаа. Малчдын ноолуурыг авдаг ченжүүд бий л дээ. Тэдэндээ л тушаадаг. Гэхдээ энэ жил манай “Жанчивбах” хоршоо нэг компанитай ноолуур худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч ноолуурын үнэ тогтохгүй байгаа, мөнгө цаас нь орж ирээгүй байгаа зэрэг асуудлаар бидний ажил жаахан хойшлоод байгаа.  

-Та жилд хэдий хэмжээний ноолуур тушааж байна?

-200 гаруй килограммыг тушаадаг.

-Танай нутгийн нэг ямаанаас хэдэн грамм ноолуур гардаг вэ?

-Янз янз даа. Эр ямаанаас дээд тал нь 1 кг гарах тохиолдол бий. 300-400 грамм гардаг эр ямаа ч бий. Дунджаар бол 600-700 грамм гарна.  

-400 гаруй толгой ямаа гэхээр ноолуур самнах ажилд нэлээд хүн хүчний хэрэгцээ гардаг байх. Та бүхэн өөрсдийн хүчээр самнаж байна уу?

-Бүлтэйхэн шиг айлууд бол өөрсдөө самначихдаг. Бүл муутайхан нь хүн хөлсөлж сануулна.

-Нууц биш бол ямаа самнах үнэ танай нутагт ямар байдаг бол?

-Эр ямааг зургаан мянга, эм ямааг дөрвөн мянгаар самнадаг.

-Ямаагаа өсгөөд ноолуураа тушаахад тань та бүхэнд ямар бэрхшээл тулгарч байна?

-Хүндрэлтэй асуудал байна. Малчид бид ченжид л тушаадаг шүү дээ. Нөгөө ченжүүд нь хялгастай байна гэж голно, шороотой байна гэж ялгаж салгана. Ингэж голж шилээд зах зээлийн ханшаас их доогуур авдаг.

-Хоршооныхоо шугамаар ноолуураа зах зээлийн үнэд дөхүүлж худалдах боломж байхгүй байна уу?

-Уг нь тийм боломж байгаа. Гэхдээ манай хоршоо өмнө нь тэгж ажиллаж байгаагүй учраас тэр талын туршлага хомс байна. Энэ жилээс л энэ чиглэлээр ажиллаж эхэлж байна.

-Та хэзээнээс хоршоонд нэгдэж ирсэн бэ?

-Би анх байгуулагдсан цагаас нь л нэгдсэн. Хамгийн анх Бэлчээр ашиглалтын хэсэг нэртэйгээр байгуулагдсан. Ан амьтан хамгаалах, бэлчээрийг зөв зохистой ашиглах чиглэлээр ажиллаж байсан. Харин 2015 онд хоршоо болж өргөжсөнөөс хойш хоршооныхоо гишүүнээр тасралтгүй байж ирлээ.

-Хоршоонд нэгдсэний ашиг тус хэр мэдрэгдэж байна?

-Их сайн мэдрэгдэж байгаа шүү. Сургалтуудад суух, шинэ зүйл сурч авах, бусдынхаа туршлагыг судалж мэдэх гэх зэргээр олон талын мэдээлэлтэй болдог юм байна. Малчид бидэнд мэдээлэл хомс очдог болохоор хоршооныхоо шугамаар л мэдээлэл авч байна.

Ж. Баяржаргал

Хөрөнгө оруулагчтайгаа хэрхэн харилцах вэ?

Өмнөх нийтлэл

Олон нийтийн сүлжээ ашиглахдаа анхаарах 5 зүйл

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style