Аливаа зүйлийн хүртээмжийг нэмэгдэхийн тулд “энгийн” байх зарчмыг барих хэрэгтэй. Ийм байх ёстой Монгол Улсын Эрүүл мэндийн даатгал өнөөдөр нүсэр данхайсан бүтэцтэй байна. Даатгалаараа жилд хэдэн төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байтугай даатгалд төлсөн мөнгө нь юунд, хэрхэн зарцуулагдаж байгааг хянах боломжгүй, даатгуулсан дүнгийнхээ хэмжээгээр эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байсаар, цөөн үгээр мөнгө, эрүүл мэндээ гарын салаагаараа урсгаж байна. Энэ байдлыг үндсээр нь өөрчлөн өнөө үеийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон утас, интернет ашиглан, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг гарт дөхүүлж, хэрэглэхэд хялбар, хямд, хүртээмжтэй болгоход хамгийн энгийнээр буюу “Insur” эрүүл мэндийн даатгалын “аппликейшн”-ээр шийдвэрлэжээ.

Одоогоос нэг жил гурван сарын өмнө “Insur” төсөл төрөн гарч, 10 дугаар сард нь анхны хөрөнгө оруулалтаа аван, 500 сая төгрөгийн үнэлгээтэйгээр компани албан ёсоор үүсгэн байгуулагдсан байна. Энэ цагаас хойш даатгалын 10 орчим компанийг эгнээндээ нэгтгэж, өнгөрсөн дөрөвдүгээр сард 1 сая ам.доллар буюу 2,5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт авч, 11 дүгээр сар гэхэд нэмэлт хөрөнгө оруулалтаа шийдэн 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн юм. Улмаар тэд “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганы үеэр шилдэг стартап шагналыг хүртсэн билээ.

Ийнхүү “Старт ап” утгаараа хоромхон хугацаанд өсөлтөд хүрч чадсан “Insur” ХХК-ийн үүсгэн байгуулагчдийн нэг, Үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Батхуяг өөрийн туршлага дээр үндэслэн бизнесийн гараагаа эхлэх гэж буй залууст хандан хэлсэн дараах зөвлөгөөг хүргэж байна.

Старт ап эхлүүлэх хэцүү юу? Юун дээр анхаарах ёстой вэ?

Старт ап эхлүүлэхэд тийм ч хэцүү биш. Сайн чаддаг чиглэл, мэргэжилээрээ нэгдсэн баг бүрдсэн байх ёстой. Үндсэн хүмүүсээрээ чаддаг зүйлийг нь л хийлгэ. Үүнд эхний ээлжид менежмент, санхүү, технологио шийдэх баг бүрдүүлэх. Харин одоохондоо ажлын байрыг төлөвлөж хэрэггүй. Insur-т анх программ хөгжүүлэлт дээр найман хүн, цагаар ажиллах нэг төслийн менежер, бас нэг хагас цагаар ажиллах хүн авч байсан. Одоо бид 26 хүний бүрэлдэхүүнтэй. Харин өнөөдөр миний ажлын нэн тэргүүний үүрэг энэ багаа зохион байгуулалтад оруулах. Хүн бүртэй ярилцах, идэвхтэй ажиллахад нь анхаарах юм. Эцсийн эцэст компани уруудах нь ажилтнуудын сэтгэл зүйн байдалтай л холбоотой.

Санхүүгийн сахилга батыг мөрдөх шаардлагатай. Айдастай байгаад хэрэггүй. Бодож байгаа зүйлсээ л хий. Хийгээд эхэлсний дараа таны төсөлд ямар хариу үйлдэл үзүүлж байна, сэтгэл санаа өөдрөг байна уу, уруудаж байна уу гэдгийг тандаж мэд.

Няцаах боломжгүй амбицтай, зорилготой бай. Чиний хийж байгаа зүйлийг чи л хийж чадна. Өөр нэг Харвард төгссөн нэгэн ч бай чиний санааг хулгайлаад, яг чиний санаанд хүрэхээр хийж чадахгүй. Үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй тийм бизнес болж гарна. Гэхдээ чиний толгойд байгаа санаа учир чи л хийж чадна.

Компанийн үнэлгээг хэрхэн тогтоодог вэ?

Зардлаа зөв тооцсон бол компанийнхаа үнэлгээг тогтооход амархан. Өөрөөр хэлбэл, компанийнхаа сургалт, судалгаа, төлөвлөгөө, стратеги боловсруулалт, систем хөгжүүлэлт, маркетинг, төслийн менежмент, хууль гээд бүгдэд нь тус тусад нь төсөв батлах хэрэгтэй. Залуус хийх гэж байгаа бизнесийнхээ зах зээлийн судалгаанд мөнгө зардаггүй учир бизнесийн сууриа буруу тавьчих гээд байдаг. Жишээ нь, “Insure”-ийн хувьд жилд 60 сая төгрөгийг судалгааны зардалд тавьдаг. Судалгаа хийлгэхдээ олон компанид хуваарилж, ажлаа гүйцэтгүүлдэг.

Мөн компаниудын нэг алдаа нь хууль зүйн асуудалд огт мөнгө зарддаггүй. Мөнгө зарах нь илүүц гэж үздэг. Гэтэл Монгол улсын хууль, тогтоомж нь шинэ цагийн бизнес эрхлэхэд уялдаа муутай, үйл ажиллагаагаа хаалгах хүртэл эрсдэлтэй учир “монголын нөхцөлд” заавал хууль эрх зүйд мөнгө төсөвлөөрэй. 

Няцаах боломжгүй амбицтай бай. Чиний толгойд байгаа санаа учир чи л хийж чадна.

Энэ мэт зардлуудыг компаниуд төсөвлөөгүйн улмаас бизнесийн эрсдэл амсдаг. Ийнхүү төсвөө нарийн гаргах нь компанийн үйл ажиллагааг хурдасгаж, зарим зардлыг ч хэмнэнэ. Хөрөнгө оруулагчид дээрх байдлаар төсөвлөж байна уу, үгүй юу гэдэг зардлын задаргааг харж тухайн компанийн үнэлгээг боддог.

Хөрөнгө оруулагч нарт хэрхэн итгэл үнэмшил төрүүлэх вэ?

Хөрөнгө оруулагч нарт “picth” хийхдээ та ямар асуудлыг олж хараад яаж шийдэж байгаагаа, шийдэхдээ танай систем хэрхэн шийдвэрлэж байна, тэгээд юун мөнгө олох вэ гэдгээ ойлгомжтой гаргаж ир. Ингэсэн тохиолдолд төгс танилцуулга гарна. Өмнөх асуултын хариулттай холбон хэлэхэд, төслийн менежер байх нь хөрөнгө оруулагч нарт нэмэх оноо болдог шүү. Хэрэв IT-гийн компани бол хүмүүсийг хооронд нь холбодог “hybrid” инженертэй бай.

Старт ап бизнесүүд хөрөнгө оруулалтаа хэрхэн төсөвлөх вэ?

Эхний ээлжид хөрөнгө оруулалт авахад том хувь авах тухай бодсоны хэрэггүй. Эхэн үедээ төслөө хөгжүүлэхэд анхаарах бүх сегментээ нарийн тодорхойлж байж хоёр сарын төсвөө л батлуулахад  хангалттай. Хоёр сар гэдэг бизнесийн ерөнхий чигээ гаргахад хангалттай хугацаа. “Insure” бол анх хөрөнгө оруулалтаа 100 сая төгрөгөөр төлөвлөөд хэд хэд хувааж авч байсан.

Төсөлдөө эхний шатанд хийсэн хөрөнгө оруулалтаа амжилттай зарцуулсан бол дараагийн шатны хөрөнгө оруулалт авахад өмнөхөөсөө буурахгүй байх ёстой.

Insur долоон сарын дотор хөрөнгө оруулалтаа эрс өсгөж чадсан нууц юу вэ?

Insur бол нэг компанийн бус даатгалын салбарын эрсдлийг бууруулж байгаа компани юм. Тухайлбал, нэг хүн 10 компанид давхар машинаа даатгуулчихвал эрсдэлтэй тулах үед компаниуд хоорондын хамтын ажиллагаа байхгүйг ашиглан арвуулангаас нь мөнгө тооцуулан авах боломжтой байдаг. Санхүүгийн салбарт дундын мэдээллийн салбар гэж байдаг бол даатгалын салбарт байхгүй. Даатгалын компаниудыг энэ эрсдэлээс хамгаалж байдаг. Ийм учраас тэд манайхыг сонгож, бидний хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөж байгаа юм.

Даатгалын компаниудын хувьд төсөөлж ч байгаагүй даатгуулах хүсэлт орж ирж байгаа. Энэ жил 100 хүнийг даатгах төлөвлөгөөтэй нэг компанид л гэхэд бид 1200 үйлчлүүлэгч авчирсан байх жишээтэй. Ийм байхад бидэнд “хайртай” байна биз дээ.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (6 votes, average: 5.00 out of 5)
Loading...
С. Баярмаа

Үг бүрийн төлөө

Өмнөх нийтлэл

Ирээдүйд автоматчилах гээд ч чадахгүй 7 чадвар

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. zorigtoi shiidemgi bas tuluwluguutei sanagdla amjilt husey

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur