EntrepreneurӨсөх стратеги

Э.Энхцацрал: Улс болгоны хэрэглэгчдэд тохирсон бүтээгдэхүүнийг танилцуулъя гэсэн зорилготой байна

1

Түүхий эдийн нийлүүлэлт чиглэлээр үйл ажиллагаагаа эхлээд 23 жил болж байгаа “Могол” брэнд 2018 оны есдүгээр сард албан ёсоор ноосон хувцасны “Могол” брэндээ олонд танилцуулсан. Ноосон пальтог голлон үйлдвэрлэдэг тус компани Унгар, ОХУ болон Хятад улсад бараа бүтээгдэхүүнээ албан ёсоор борлуулдаг. Тус компани Монгол-Хятадын хамтарсан экспод анх удаа оролцож байгаа бөгөөд эхний өдрөө гэхэд 10 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ. Олон улсын экспод оролцсоноор зөвхөн борлуулалт гэлтгүй өөр ямар үр дүнг гаргахыг зорьдог талаар Могол брэндийн гүйцэтгэх захирал Э.Энхцацралтай ярилцлаа.   

Монгол-Хятадын хамтарсан экспогийн бусад олон улсын экспогоос ялгарах онцлог нь юу байна вэ?

Өмнө нь манай брэнд АНУ болон ӨМӨЗО-ы Ордос хотуудад болсон экспод тус тус оролцож байсан. Манай компанийн хувьд эцсийн бүтээгдэхүүн хийн, худалдаанд гаргаад ойролцоогоор нэг жил болж байгаа. Түүнээс өмнө бид түүхий эд экспортолдог байсан. Энэ экспогийн хувьд өмнөх оролцож байсан экспонуудаас зохион байгуулалт илүү байгаагаараа давуу талтай байна. Мөн үзэсгэлэнгийн тохижилт надад маш их таалагдаж байна. Тохижуулахдаа Хятадын тал биднээс санал авсан. Ийнхүү Монголын нүүр царай болохуйц компаниудын бараа бүтээгдэхүүнийг үзэсгэлэнд гаргаж, үүнийг сонирхох Улаанцав хотын хүмүүс нь ч их байна. Зохион байгуулалттайгаар үйлчлүүлэгчдийг оруулж бидний бараа бүтээгдэхүүнтэй танилцуулж байгаа нь мөн давуу тал болж байна.  

Та бүхний энэхүү үзэсгэлэнд оролцож буйгийн зорилго юу вэ? Зөвхөн борлуулалт хийхээс гадна өөр ямар үр дүн гаргахыг зорьдог вэ?

Үзэсгэлэнд оролцож байгаа нийт компаниуд бараа бүтээгдэхүүнээ жижиглэнгээр борлуулахыг гол зорилгоо болгодоггүй. Харин тус газартаа албан ёсны борлуулагчтай болох, өөр ямар нэгэн дэлгүүр, компанитай хамтарч ажиллах гэх мэт хамтарч ажиллах байгууллага олох зорилготой байдаг. Шууд үр дүнгийн тал дээр гэвэл эхний өдрүүдийг харьцуулж хэлэхэд борлуулалт маш сайн байна. Бид эхний өдөр гэхэд 10 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн. 

Зах зээлийн хувьд бид өнгөрсөн тавдугаар сард АНУ-д очиж бараа бүтээгдэхүүнээ танилцуулахад тус зах зээл маш боломжтой юм шиг санагдсан. Тодруулбал, тус улсын иргэдийн худалдан авах чадвар өндрөөс гадна тэдний бараа бүтээгдэхүүнийг мэдрэх мэдрэмж, мэдлэг нь өндөр байдаг. Тэд манай бараа бүтээгдэхүүнийг барьж үзээд 100 хувь органик гэдгийг шууд мэдэж байсан. Тиймээс манай бүтээгдэхүүн АНУ-ын хэрэглэгчдэд маш их таалагдсан. Мөн мэдээж Хятадын зах зээлд том боломж бий. Ялангуяа түүхий эдээ экспортлох тал дээр Хятад улс хамгийн боломжтойгоос гадна эрэлттэй зах зээл юм. 

Цаашдаа үйл ажиллагаагаа өргөжин хөгжүүлэхэд одоогийн нөхцөлд тулгарч байгаа бэрхшээл юу байна вэ? Үүнийг даван туулахад ямар ажлууд хийх хэрэгтэй гэж үзэж байна вэ?

Манай компани бол үйлдвэрлэгч буюу бүх зүйлээ өөрсдөө 100 хувь гардан гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, түүхий эдээ авахаас эхлээд гурван үйлдвэрийг бид ажиллуулдаг учраас  мэдээж маш их зардал гарна. Үйлдвэрлэгч хүмүүсийн хувьд хамгийн ихээр, хамгийн түрүүнд тулгардаг асуудал бол санхүү, хөрөнгө мөнгө. Тодуулбал, бид түүхий эдээ нэг дор маш ихээр худалдан авдаг учраас эргэлтийн хөрөнгө маш их хэрэгтэй болдог. Манай компанийн хувьд гадны ямар нэгэн хөрөнгө оруулагч байхгүй учраас банкны /Азийн хөгжлийн банк/ зээлээр л үйл ажиллагаагаа тогтворжуулдаг. Харин бусад арилжааны банкуудаас зээл авахад хүү өндөр байдаг учраас бид уг боломжоор эргэлтийн хөрөнгөө босгоно гэдэг хэцүү. Энэ байдлаар зээл аваад бизнесээ явуулахад ашигтай ажиллана гэдэг боломжгүй зүйл. Тиймээс үйлдвэрлэгчдийг санхүүгийн тал дээр төр засгаас дэмжиж, банкны хүүг бууруулах гэх мэт ажлыг хийгээсэй гэж хүсч байна. 

Тэгвэл зардал багатайгаар санхүүжилт орж ирлээ гэж бодоход та бүхний эхний хийх ажил юу байх вэ?

Нэгдүгээрт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ. Ингэснээр чанартай мөртлөө хямд өртөгөөр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болно. Хоёрдугаарт, хүний нөөцийн асуудлаа шийднэ. Монголд, ялангуяа бидний ажиллаж буй салбарт хүний нөөц дутмаг байна. Утас ээрэх, оёдол, технологи гэх мэт зарим мэргэжлийн хүмүүс тун цөөн байна. Тиймээс одоо ажиллаж буй ажилчдынхаа цалинг нэмэгдүүлж байж тэд тогтвортой ажиллах учраас хүний нөөц дээрээ илүүтэйгээр анхаарч ажиллана.

Дараа дараагийн үзэсгэлэнд оролцохдоо танд юуг анхаарах хэрэгтэй юм шиг санагдаж байна вэ?

Манай компанид сүлжмэл хувцас их байдаггүй. Бид хувцасаа хийдэг хэрнээ өөрийн гэсэн сүлжмэлийн үйлдвэргүй. Бусад үйлдвэрээр хэрэгтэй сүлжмэлүүдээ захиалгаар хийлгэдэг. Гэтэл зарим хэрэглэгчид сүлжмэл хувцас сонирхож байна. Тиймээс бид сүлжмэл эдлэлийнхээ загварыг сайжруулж, шинэчлэхээс гадна нэр төрлөө нэмбэл зах зээл байгаа юм байна гэдгийг ажиглалаа. Мөн улс орон бүрийн хүмүүсийн биеийн харьцаа болон өнгөний сонголт өөр байдаг учраас дараагийн удаа улс болгоны хэрэглэгчдийг судлан түүнд таарсан бүтээгдэхүүнийг танилцуулах нь зүйтэй юм билээ. Тухайлбал, хятад хүмүүс монголчуудыг бодвол богино гартай байдаг болохоор манай зарим хувцас тэдэнд ханцуйгаараа уртдах гэх мэт асуудал гарч байсан. Энэ тал дээрээ анхаарах юм бол манай бүтээгдэхүүн чанар, хийц, загвар, үнэ гэх мэт бусад чанараараа олон улсын хэрэглэгчдэд таалагдаж байгаа. 

Танай салбарын дотоодын өрсөлдөөн хэр ширүүн байна вэ?

Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд Монголд их байдаг. Манай компани 100 хувь ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас цэвэр ноосон бүтээгдэхүүний өрсөлдөөн ноолууран бүтээгдэхүүнийг бодвол харьцангуй бага. Мөн үнийн хувьд ноолууран бүтээгдэхүүнээс арай хямдхан байдаг. Борлуулалтын хувьд мэдээж жуулчлалын улиралд сайжирдаг. Дотоодын худалдан авагчид ч гэсэн зуны улиралд ноосон хувцас худалдаж авч байсан. Өнгөрсөн оны зуны борлуулалтын 40 хувийг дотоодын хэрэглэгчид эзэлж байсан. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Саранзаяа

Бизнес Цэнэг сургалтын вебинарт оролцох заавар

Өмнөх нийтлэл

Тэрбумтнуудыг илэрхийлэх 14 содон баримт

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. Тун сайхан хэлэлцүүлэг форум болжээ, энэчлэн бид боломжоо ашиглан хаягдлаа баяглаг болгох чигт төр иргэдгүй анхаарч хичээвээс ХОГГҮЙ НОГООН МОНГОЛ болох ч холгүй шүү! баярлалаа АМЖИЛТ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur