Life style

Үндэсний үйлдвэрлэл ингэж мөхдөг

0

Түүнийг Монголд үйлдвэрлэлийн зориулалттай роботын эд ангийн сэлбэгийн үйлдвэр байгуулж байх үед Хятад хэмээх том гүрэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа баталж үндэсний төдийгүй дэлхийн эдийн засгийн түүхэнд том хуудас нээгээд байлаа. Мөн ардчилсан Монгол Улс энэ салбарт анх удаа албан ёсоор анхаарч Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр батлаад удаагүй байв.

С.Хүрэлбаатар Японы “Санко Сейки” компанид гурван жил дадлагажигчаар ажилласны дараа 2004 онд эх орондоо ирж тус компанийн үйлдвэрт хамт ажиллаж байсан Цэндээхүү хэмээх найзтайгаа роботын эд ангийн сэлбэгийн “Санко Тек” компанийг хоёр суурь машинтай, хоёрхон ажилтантай байгуулав.
Тэд Японоос ирсэн бэлдэцүүдийг миллиметрийг 100 хуваасан нарийвчлалтай боловсруулж сэлбэг болгоод буцаагаад Япон руу экспортолдог байлаа. Ингэж Японд аль нэгэн үйлдвэрийн хийх ёстой байсан ажлыг Монголд хийж нэмүү өртөг шингээх нь тэдний зорилго байв.

Үйлдвэр одоо хүртэл ажиллаж байгаа бөгөөд 24 цагаар ажилладаг, 70 гаруй ажилтантай, 30 орчим суурь машинтай компани болтлоо өргөжсөн. Ийм үйлдвэр нээхэд монголчууд төдийгүй япончууд гайхаж байлаа. 2005 онд 25 настай залуу “Монголд роботын сэлбэг үйлдвэрлэх гэсэн юм, гурван сая ам.доллар өгөөч” гэхэд итгэх, мөнгө өгөх япон хүн түүнд олдсон юм. Шимизу Такаши хэмээх япон хүн хөрөнгө оруулаад зогсоогүй, хяналтын бүх эрхийг давхар өгчээ. Япончуудын итгэлийг олж авах тийм ч амар биш. Харин С.Хүрэлбаатар чадсан. Тэрбээр Японоос их мөнгөтэй ирээгүй ч худлаа хэлэхгүй байх, цаг барих, хүний итгэлийг даах гэсэн гурван үнэт зүйлийг тээж иржээ. Тиймээс өнөөг хүртэл “Бизнес бол итгэлцэл” гэсэн зарчмаар ажиллаж байна.

Японы Сайтома мужийн Хонжи хотод “Made in Mongolia” шошготой дэлгэцүүд суурилуулсан 8.7 МВт-ын нарны цахилгаан станц ажилладаг болов. С.Хүрэлбаатарын үйлдвэрлэл өргөжихийн зэрэгцээ Засгийн газрын сэргээгдэх эрчим хүчинд хаях хүч, хөрөнгийн хэмжээ нэмэгдсээр байлаа

2011 онд “Санко Тек” компани гурван шинэ компани болж задрав. Үүний нэг нь Монголд хамгийн анх нарны дэлгэц үйлдвэрлэж эхэлсэн Санко Соолар Монголиа юм. Тэр үед дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй тэлж байлаа. Хятад улс энэ салбарт мөнгийг гол ус шиг урсгаж нарны дэлгэц үйлдвэрлэгч компаниудад олон тооны татаас өгч байсан юм. Харин манай улсын хувьд 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдсанаас хойш дорвитой ахиц гараагүй ч 2010 оноос дэлхий дахинд нарны зай үйлдвэрлэх өртөг, сэргээгдэх эрчим хүчний тариф буурсантай холбогдон энэ сэдэв хүчтэй яригдах болов.

Фукусимагийн атомын цахилгаан станцид осол гарсны дараа Япон улс ч сэргээгдэх эрчим хүчинд онцгой анхаарах боллоо. Ийм таатай нөхцөл бий болсон, тохироо нь бүрэлдсэн цагт С.Хүрэлбаатар “Санко Солар Монголиа” хэмээх компанийг зах зээлд танилцуулж, “Хятад шиг бага зардлаар Япон шиг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх” зориг гаргажээ. Ингэхдээ Хятадаас аль болох түүхий эд авахгүйг хичээн Тайвань, Сингапур, Малайз зэрэг орноос онгоцоор түүхий эдээ зөөвөрлөн авчирдаг байлаа.

Монголын зах зээл жижигхэн байсан учир тэр анхнаасаа нарны дэлгэцээ экспортлох зорилго тавьсан. Чанартай бүтээгдэхүүн гаргахын тулд эхлээд ISO 9001 олон улсын стандартыг хангав. Гэвч хамгийн хүнд даваа бол Германд төвтэй TÜV Rheinland Group хэмээх 150 орчим жилийн түүхтэй аудитын байгууллагын лабораторийн шалгуур байлаа. Тэнд илгээсэн 20 гаруй нарны дэлгэцийг нь 80 градусын халуун, -50 градусын хүйтэнд оруулж, мөндрөөр нүдүүлж, усанд умбуулж, унагааж байгаад цахилгаан дамжуулж буй эсэхийг нь шалгасны эцэст “Монголд үйлдвэрлэсэн энэ бүтээгдэхүүнд 25 жилийн баталгаа өгч болно” гэсэн дүгнэлт гаргаж сертификат өгөв. Ийнхүү С.Хүрэлбаатар АНУ-аас бусад дэлхийн бүх оронд нарны дэлгэц экспортлох эрхтэй болжээ.

Жил гаруйн дараа буюу 2012 оны арваннэгдүгээр сард Япон руу “Хөх чоно” нэртэй анхныхаа дэлгэцүүдийг экспортлов. Энэ бол Монголд анх удаа эрчим хүчний үйлдвэрлэл, тэр тусмаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргасан тохиолдол байлаа. Далайд гарцгүй, түүхий эдээ олон дамжлагатай тээж авчирдаг, дотоодод улс төр тогтворгүй, хуулийн хэрэгжилт муу гэх мэт экспорт хийхэд таагүй нөхцөл байдал багагүй байв. Гэсэн ч үйлдвэрлэл амжилттай үргэлжилж, 2013-2014 онд “Санко Соолар Монголиа” компани экспортод гаргасан бүтээгдэхүүний үнийн дүнгээрээ Монголдоо тэргүүлэв. 2015 оны сүүл гэхэд Япон руу нийт 13 тэрбум төгрөгийн үнэтэй 33 400 гаруй дэлгэц экспортоллоо.

Эдний дэлгэцийг Японд өрхийн болон дунд оврын их чадлын нарны цахилгаан станциудад ашиглаж эхлэв. Жишээ нь, Японы Сайтома мужийн Хонжи хотод “Made in Mongolia” шошготой дэлгэцүүд суурилуулсан 8.7 МВт-ын нарны цахилгаан станц ажилладаг болов. С.Хүрэлбаатарын үйлдвэрлэл өргөжихийн зэрэгцээ Засгийн газрын сэргээгдэх эрчим хүчинд хаях хүч, хөрөнгийн хэмжээ нэмэгдсээр байлаа. 2000-гаад онд сэргээгдэх эрчим хүчний технологи үнэтэй, нарны эрчим хүчний нэг МВт-ыг суурилуулах өртөг нь 8-10 сая ам.доллар байсан бол хэдхэн жилийн дараа үнэ нь эрс буурч, энэ салбарт том төслүүд хэрэгжих боломжтой болов. Үүний хамгийн анхны үр дүн Салхитын салхин парк болж сүндэрлэлээ. УИХ 2015 онд эрчим хүчний салбарын бодлогыг баталж, хуулиндаа өөрчлөлт оруулж сэргээгдэх эрчим хүчний шинэ зорилтуудыг зарлав.

Гэвч энэ зуур өмнийн тэнгэрт дэлхийн сэргээгдэх эрчим хүчний зах зээлийг доргиох аадрын үүл өтгөрсөөр байв. 2010 онд Хятадын эрчим хүчний үндэсний Комисс гэсэн шинэ байгууллага бий болж, үндэсний хөтөлбөрүүд, дотоодын болон олон улсын зах зээлийг эзлэх төлөвлөгөөнүүд гаргаж эхлэв. Хятадын Засгийн газар зөвхөн 2010-2012 онд л гэхэд 42 тэрбум ам.долларыг дотоодынхоо нарны дэлгэц үйлдвэрлэгч компаниудад татаас, бага хүүтэй зээл хэлбэрээр цацав. ХКН-ын 12 болон 13 дугаар таван жилийн төлөвлөгөөнүүд бусад улсын хувьд жинхэнэ аюулын харангууд байв. Үүний үр дүнд Хятадын үйлдвэрлэгчид хаана ч байхгүй хямд үнээр нарны дэлгэц үйлдвэрлэж эхлэв. Европын орнууд Хятадын компаниудаас өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ авч, 2013 онд Европ, Хятад хоёр нарны дэлгэцээс болж золтой л худалдааны дайн эхлүүлсэнгүй.

Гадаад ертөнцөд үйл явдал ийн өрнөж байхад дотоодод нарны дэлгэцэнд анхаарсан эрх баригчдын халамж ч хангалттай гэж хэлж болохоор байлаа. 2015 онд УИХ-ын дарга З.Энхболд “Санко Соолар Монголиа” компанийн үйлдвэртэй танилцахдаа өндөр технологийн үйлдвэрлэл явуулахад цахилгаан доголддогыг сонсоод “Энэ бол ресторан, худалдааны төвийн тог тасрахаас тэс өөр. Та нар энэ компанийг найдвартай эх үүсвэрээр хангах асуудлыг даруй шийд” гэж Эрчим хүчний яамныханд даалгаж байсан юм.

Гэвч эрх баригчдын энэ халамжинд өөрийн харгислал байсан юм. 2016 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын 198 дугаар тогтоол батлагдаж сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, сэлбэгийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөв. Тогтоолын үндэслэлд “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нарны зайн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих … үүднээс сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийг импортын татвараас чөлөөлөх шаардлагатай” гэж бичжээ.

Харамсалтай нь энэ нь бодит амьдрал дээр “Хятадын түүхий эдийг импортын татвараас чөлөөлнө” гэсэн байдлаар биелэв. Засгийн газрын 198 дугаар тогтоол нь дэлхийн түвшний чанартай, гэхдээ Хятадынхаас үнэтэй нарны дэлгэц үйлдвэрлэдэг С.Хүрэлбаатарын компанийн хувьд цаазын тогтоол болов. Хятадаас татваргүй орж ирдэг, хямдхан дэлгэцтэй үнэхээр өрсөлдөх чадал түүнд үнэхээр байсангүй.
Тэр өдий болтол улсаас нэг ч төгрөг аваагүй. Монголд өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго нь түүний хувьд буруу сонголт болж таарав.

2018 оны … сарын нэгэн өглөө тэр үйлдвэрээ хаах болсон тухайгаа ажилчиддаа хэллээ. Энэ бол түүний амьдралдаа гаргасан хамгийн хүнд шийдвэр байв. Ижилхэн үйлдвэр байхгүй учир хаагдсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авах газар байсангүй. 200 мянган ам.доллараар авч байсан суурь машинаа төмөрт өгөөд сая төгрөг болохыг харах нь С.Хүрэлбаатарт үгээр илэрхийлэхийн аргагүй хүнд мөч байлаа. Монголын эдийн засагт мандаж байсан нэгэн нарны гэрэл ийнхүү мөхлөө. Гэхдээ түүний хүсэл, мөрөөдөл мөхөөгүй. Бодлогоширч суусан С.Хүрэлбаатар ярианыхаа эцэст “Би төрдөө гомддоггүй” гэж хэлсэн юм. 

Г. Даваадорж

Амжилтын дасгалжуулагч танд бий юу?

Өмнөх нийтлэл

Компанийн Засаглалын тухай

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

Ажил хайхаа боль

Гигономикийн тухай миний хичээлд (богино хугацаатай гэрээний эдийн засаг) суудаг МВА-гийн оюутнууд хамгийн их амжилт олохын тулд ...
Life style

More in Life style