Өсөх стратегиТоп нийтлэл

Өвөр Монгол компаниудын хөгжлийн нууц

0

2013 онд БНХАУ “Аз жаргалтай иргэд бол бидний үйл ажиллагааны зорилго мөн” хэмээн тодорхойлж, ард иргэдээ ядуурлаас аврах бодлого боловсруулан, хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд 2013 оноос өнөөг хүртэл 100 сая гаруй хятад иргэн ядуурлаас ангижирчээ. Хөгжлийн тулгуур болсон уг бодлого Хятадын өнцөг булан бүрт бодитоор хэрэгжиж буйн нэг илрэл нь бидний очсон ӨМӨЗО-ы Улаанцав хот байлаа. 

Өвөр Монголын 2018 оны эдийн засгийн нийт хэмжээ 1.7 их наяд юаньд хүрэн Хятадын умард нутгийн цөм болон хөгжиж байна. Ялангуяа ӨМӨЗО-ы Улаанцав хот улсдаа эрүүлийг хамгааллын болон ногоон байгууламжийн жишиг хот болохоор хичээн ажиллаж байгаа аж. Үүний хүрээнд байгальд ээлтэйгээр эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх, ард түмнийхээ амьжиргааг яаж сайжруулах талаар багагүй судалжээ. Үр дүнд нь тус хотын удирдлагууд “Улаанцав хотод үйл ажиллагаа эрхэлдэг ААН бүр бизнесийн үндсэн концепцтоо хүрээлэн буй орчныг сайжруулах бүтээн байгуулалтыг тусгах хэрэгтэй” гэх бодлогыг боловсруулсан байна. Гэхдээ энэ нь зөвхөн хувийн компаниуд хүчин чармайлт гаргах тухай бус бөгөөд төр засгийн зүгээс хувийн компаниудыг дэмжих санаачлагыг мөн боловсруулжээ. Тухайлбал, Улаанцав хотод компаниудыг хариуцсан төрийн ажилтан гэж бий. Тэд тухайн компанийн байршлаас хамаараад хэсэг хэсгээр нь хуваан авч хариуцан ажилладгийн нэг жишээ нь Улаанцав хотын шинэ тойргийн бүтээн байгуулалтын ажилтнууд юм. Тэд зарим тохиолдолд тус ААН-ийн захирлаас илүү тухайн компанийг өөр аймгийн, өөр улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах үүргийг давхар хүлээдэг байна. “Бизнесийн байгууллагыг дагаж улс орон хөгждөг учраас бид ингэж ажилладаг” хэмээн Улаанцав хотын дарга Ван Шин Юу хэлэв. Түүнчлэн цогц бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн ААН-үүдэд Өвөр Монголын Засгийн газраас цахилгаан, ус, татвар гэх мэт урсгал зардал дээр олон хөнгөлөлтийг үзүүлдэг аж. 

Улаанцав хотын дарга Ван Шин Юу

Харин компани, үйлдвэрүүд хөрөнгө оруулалтаа хэрхэн шийддэг талаар бид сонирхоход зарим тохиолдолд төр болон хувь хүн тохиролцож гэрээ хийсний үндсэн дээр буцааж олгох зарчмаар тухайн бизнес эрхлэгч төрөөс зээл авдаг байна. Авсан хөрөнгөө буцааж төлөхдөө гацаанаас эхлээд хошуу, аймаг гэх дарааллаар бүс нутгийн нэгж газрын захиргаанд хуваарийн дагуу сар бүр төлдөг. Уг эргэн төлөлтийг тухайн орон нутгийн удирдлагууд нутгийн иргэдээ ядуурлаас гаргах, тэднийг ажлын байраар хангах зэрэг ажилд зарцуулдаг байна.       

Ийнхүү ӨМӨЗО-ы хөгжлийг цогцлоох бодлогод чухал хувь нэмрийг оруулж буй нэгэн хувийн хэвшилтэй танилцахаар бид зорилоо. Тэдний төлөөлөл болгож Улаанцав хотод байрлах гэр ахуйн бараа бүтээгдэхүүний хүрээлэнгийн Puorma модон тавилгын үйлдвэрт зочлов. Умартын гэр ахуйн бараа бүтээгдэхүүний хүрээлэнд 17 ААН харьяалагддаг бөгөөд бид энэ удаа зөвхөн модон материалаар гэр ахуйн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрээр нь зочилсон билээ. Компанийн төв байранд ороход үүдний танхимд тэд хүрээлэнгийнхээ макет загварыг байршуулсан байв. Зөвхөн компанийн байр, үйлдвэрүүд бус орон сууц, цэцэрлэгт хүрээлэн, зам харгуй гэх мэт цогц бүтээн байгуулалтыг тус макетад тусгасан байлаа. Учир нь хөгжлийн бодлогод тусгаснаар бол компаниуд зөвхөн үйлдвэрээ барих бус орчин тойрноо цэцэрлэгжүүлэх, ажилчдынхаа нийгмийн амьдралд туслах төдийгүй бусад иргэдийг ядуурлаас гаргаж тэдэнд зориулсан орон сууц, ажлын байр зэргийг бүтээн байгуулах хэрэгтэй ажээ. 

Тиймээс бүтээн байгуулалтын ажлаа 2014 оноос хийж эхэлжээ. Тодруулбал, анхан шатны боловсруулалтын бүс, гүн боловсруулалтын бүс болон худалдааны бүсийг байгуулахаар төлөвлөж. Тус хүрээлэн нийт 500 ажилтантай бөгөөд Puorma модон тавилгын үйлдвэрт 200 гаруй нь ажилладаг. Уг модон үйлдвэрт ороход биднийг саруулхан танхим угтаж авлаа. Яг ийм үйлдвэрийн зургаан байр зэрэгцэн оршино. Эдгээр үйлдвэрүүд модны анхан шатны боловсруулалт, иж бүрэн ашиглалтын үйлдвэр, ложистикийн төв гэх мэтээр үйл ажиллагаагаа явуулдаг. Анх модон үйлдвэр гэдгийг сонсоод тоос бужигнасан, дуу шуугиан ихтэй, харанхуй гэх мэт хар бараанаар л төсөөлж байв. Гэтэл эсрэгээрээ гэрэл гэгээ сайтайгаас гадна зай талбай нэлээн том, цэвэрхэн орчин байв. Учир нь зургаан үйлдвэр нийлээд нэг сая кв/м талбайг хамарна. Харин тоос тортог харьцангуй бага байсны шалтгаан нь 3м хүрэхгүй хэсэг бүрт хоолой байрлуулж модны үртэс, тоос тортогийг соруулж авдагтай холбоотой аж. Түүнчлэн ажилтануудаа жил бүр эрүүл мэндийн бүтэн үзлэгт хамтруулдаг. Энэ бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тал дээр баримталж буй тэдний бодлого.

Монголын ихэнх бизнес эрхлэгчдэд тулгарч буй нэг асуудал бол хүний нөөц, ялангуяа тогтвортой ажиллах боловсон хүчин юм. Харин Өвөр Монголын иргэд нэг ажлаас нөгөө рүү шилжихийг ойшоодоггүй. Puorma модон тавилгын үйлдвэрийн будгийн хэсгийн ахлах менежер Лиа Ван “Анх үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн би Puorma компанид ажилласан. Одоо дахиад өөр компанид ажиллая гэвэл би дахиад л анхан шатнаас эхлэх болно” хэмээн ярьж байна. Түүнчлэн “Өвөр Монголын иргэд нэг газартаа олон жил ажиллаж тухайн салбартаа манлайлагч, тухайн мэргэжилдээ эзэн болохыг хичээдэг нь хүн амын тоо ихээс гадна өрсөлдөөн ширүүн байдагтай холбоотой” гэж Pourma гэр ахуйн бараа бүтээгдэхүүн үйлдвэрийн захирал Дон Чэн хэлж байлаа. Дон Чэн захирал иргэдийг ядуурлаас гаргах улсын бодлогыг баримтлах үүднээс ямар нэгэн шалгуургүйгээр хүн бүрийг компанидаа ажиллуулдаг гэвэл үгүй аж. Тэрбээр шинэ ажилтан авахдаа түүний мэргэжлийн ур чадварыг харахаас гадна шат дараалалтай олон ярилцлагыг хүн бүрээс авдаг. Дараа нь туршилтын хугацаанд ажиллуулдаг бөгөөд энэ бүх давааг давсан ажилтанд ажлын байр, нийгмийн халамж, хангалттай цалин хөлс гээд бүгдийг гэрээнд заасны дагуу ямар нэгэн хохиролгүйгээр олгодог аж. Тиймээс ард иргэд нь “Хэн нэгэн л биднийг ядуурлаас гаргах хэрэгтэй” хэмээн бэлэн хоол хүлээх бус боломжоор дүүрэн компанид ажилд орохын тулд дор бүрнээ хичээн зүтгэдэг байна. Энэ талаар тус компанийн ажилтан Лиа Ван “Би будгийн хэсгийн ахлах менежерээр ажилладаг. Миний цалин мэргэжилдээ байх хамгийн өндөр нь” гэв. Түүнчлэн жил бүр нэг удаа эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдах, хүнд нөхцөлд ажиллаж байгаагийн тэтгэмж авах, эрүүл мэндийн даатгалыг компанийн зүгээс ажилтан бүрт олгох, ажлын тогтсон хуваарьгүйгээр ажилладагаас гадна компанийн бүтээн байгуулж буй орон сууцыг хөнгөлттэй үнээр худалдаж авах боломжтой ажээ. Эдгээр боломжийг атгахын тулд тодорхой хэмжээнд хүчин чармайлт гарган уг ажилдаа тэнцсэн Лиа Ван “Энд ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн бахархан ярьж байлаа.   

Pourma гэр ахуйн бараа бүтээгдэхүүн үйлдвэрийн захирал Дон Чэн

Өвөр Монголын Улаанцав хотын компанийн соёл, ажилчдаа сонгон авах процесс зэрэг нь Монгол компанийн компанитай ерөнхийдөө төстэй. Гагцхүү нэг л өөр зүйл байна. Энэ бол улс эх орны хөгжлийг соёолуулахад зөвхөн төр засаг бодлого боловсруулж хичээн ажиллахдаа бус хувийн хэвшил, ард иргэд нь нэгдэн нийлж, гурван талаасөө хичээн зүтгэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн зүгээс оновчтой шийдвэр гарган үйлдвэрлэгчдийг дэмжих, хувийн хэвшлийнхэн үнэнч шударгаар ажиллан ажилтан бүрэн дэмждэгийн хариуд компанийн ажилтанууд сэтгэл зүрхнээсээ, бүтээмжтэй ажиллаж байна. Үр дүнд нь Puorma компани бараа бүтээгдэхүүнээ ОХУ, Монгол, Казахстан болон Зүүн Европын зарим улсуудад экспортолж, 2018 оны борлуулалт нь 300 сая юаньд хүрчээ. Үүнээс цэвэр ашиг нь 60 сая юань бөгөөд үүнийг ирээдүйнхээ хөгжлийн төлөө зарцуулж байгаагаа үйлдвэрийн захирал Дон Чэн хэлэв. Түүнчлэн 2020 он гэхэд боловсруулалтын хүчин чадлыг 3 сая шоо метрт, борлуулалтын хэмжээг 10 тэрбум юаньд, ажилтнуудынхаа тоог 1000-д хүргэхээр тэд төлөвлөжээ. Уг төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Өвөр Монголын төр засаг, компанийн удирдлагууд болон ажилтан бүгд дор бүрнээ хичээн зүтгэж буй.            

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Саранзаяа

Янжмаагийн дэлгүүр Яагаад хаагдав?

Өмнөх нийтлэл

Янг Шиаожи: Монголд олон групп компани зах зээлийг эзэлснээр бага, дунд бизнесүүд хөгжихөд хэцүү байдаг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.