Хүн бүр анх удаа амьдарч буй учраас хэзээ нэгэн цагт алддаг. Харин арай бага алдахын тулд бусдын туршлагаас хүмүүс суралцдаг. Ялангуяа өрсөлдөөн ихтэй, хурдацтай хөгжилтэй бизнесийн салбарт том жижиг гэлтгүй бүхий л компанийн удирдлагууд цаг үргэлж бие биенээсээ суралцах буюу туршлагаа хуваалцдаг. Энэ үүднээс Business.mn сайт бизнес эрхлэгч нарт зориулан салбартаа тэргүүлж буй зарим компанийн туршлагыг хуваалцсан билээ. Тодруулбал, “Ай Ти Зон” компанийн маркетингийн автоматжуулалт болон “Сүү” ХК-ийн байгууллагын соёлоо хэрхэн бүрдүүлж байсан тухай туршлагыг онцолж байсан. Тэгвэл бид энэ удаад мэдээллийн эрин зуун дахь бизнесийн байгууллагууд зайлшгүй нэвтрүүлсэн байх өгөгдлийн соёлын жишээг салбартаа тэргүүлэгч “Мобиком” компанийн туршлагад суурилан танилцуулъя.   

Компанийн удирдлагууд цаг үедээ тохирсон бодит шийдвэр гаргах, өдөр тутмын үйл ажиллагаагаа хурдасгах, процессоо сайжруулахаас гадна хамгийн чухал нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх гэх мэт боломжийг компаниуд өгөгдлийн соёл нэвтрүүлснээр мэдрэх боломжтой. Тиймээс орчин үеийн бизнесийн байгууллагуудын зайлшгүй нэвтрүүлсэн байх ёстой соёл бол өгөгдлийн /дата/ соёл болжээ. Түүнчлэн мэдээллийн шинжлэх ухаан дахь дата хөгжүүлэлт нь бизнесийн байгууллагуудын өрсөлдөөний хамгийн том зэвсэг болж байна.

Өгөгдлийн соёл гэдэг нь бүх талууд буюу компанийн удирдлага, хөрөнгө оруулагч, ажилтан бүгд өгөгдөл дээр суурилсан шийдвэр гаргалтыг хийж хэвшихийг хэлнэ. “Мобиком” компани нь IT-н чиглэлийн компани хэдий ч тэдний 1400 гаруй ажилтны 400 орчим нь технологийн чиглэлийн ажилтан байдаг. Мобиком компанид технологийн бус өөр мэргэжлийн ажилтан олон байдагтай адил датагийн салбарт бизнес, математик статистик, мэдээллийн технологи, программ хангамж хөгжүүлэлт, уламжлалтын хайгуул гэх мэт олон талын мэдлэгийн нэгдэл юм. Тухайлбал, дата аналист, дата инженер, дата архитектур, дата физикч, дата адмирасторууд гэх мэт мэргэжлүүд тус салбарт байдаг.

Өгөгдлийн соёл гэдэг нь бүх талууд буюу компанийн удирдлага, хөрөнгө оруулагч, ажилтан бүгд өгөгдөл дээр суурилсан шийдвэр гаргалтыг хийж хэвшихийг хэлнэ.

Өгөгдөл дээр суурилсан шийдвэр гаргалтыг хийж хэвшихийн тулд “Мобиком” компани өөрсдөдөө өгөгдлийн соёл бүрдсэн эсэхээ тодорхойлжээ. Үүнийг тодорхойлохдоо эхлээд дата ашиглаж байгаа үе шатаа тодорхойлох хэрэгтэй аж. Дата ашиглах үе шатыг дараах таван төрөлд хуваана. 

  1. Дататай болсны эхний шат бол юу болоод байгаагаа мэдэх.
  2. Цуглуулсан датандаа анализ хийгээд компанийхаа юу болохгүй байгааг мэдэх.
  3. Цуглуулсан датандаа анализ хийн компанидаа юу болж, бүтэж байгаагаа мэдэх.
  4. Ирээдүйд юу болох магадлалтайг ойлгох
  5. Технологийг төгс ашиглаад ирэхээр ирээдүйд юу болохыг тодорхойлдог болох.

“Мобиком компани дата ашиглалтын гуравдугаар шат буюу одоо юу болоод байгааг харах шатандаа явж байгаа” гэж “Мобинет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Идэрмөнх хэлж байна. Заримдаа цуглуулсан датан дээрээ анализ хийн ирээдүйд юу болох магадлалтайг таамаглаж байгаа учраас тэд дөрөвдүгээр шат руугаа ороход ойрхон болжээ. Хүний хөгжилтэй зүйрлэвэл тэд дижитал шилжилтийн хүрэл зэвсгийн үеэс төмөр зэвсгийн үе рүү дэвшин хөгжиж байна гэсэн үг. Тэдний энэхүү дата ашиглалтын гуравдугаар шатанд хүрсэн эхний алхам бол “Бдэнд дата хэрэгтэй байна” гэдгээ ухааран, цуглуулж эхэлсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, “Мобиком” компани 2016 оноос эхлэн компанидаа өгөгдлийн соёлыг нэвтрүүлэх томоохон төсөл хэрэгжүүлж, датагаа цуглуулах ажлыг эхлүүлжээ. Уг төсөл олон үе шаттайгаар хэрэгжсэн бөгөөд төслийн багаа бүрдүүлэхээс төсөл эхэлсэн. Тус багийнхан компанид байгаа дата хэрэгцээг тодорхойлох, дата цуглуулах сувгаа олох, аль датаг нэгтгэх гэх мэт төслийн гол ажлуудыг хийсэн. Тодруулбал, төслийн баг дараах үе шаттайгаар ажиласан байна. 

Өгөгдлийн соёлыг компаниуд хөгжүүлэхдээ дараах гурван зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэйг тэд онцоллоо. Нэгдүгээрт, цуглуулсан датагаа ямар нэгэн газар хадгалах ёстой. Датаг орчин үед газрын тос гэж нэрлэх болсон. Тиймээс газрын тосоо найдвартай, гал авалцахгүй газарт хадгалах ёстой шүү дээ. Хоёр дахь анхаарах зүйл бол нууцлал. Учир нь дата маш өндөр үнэтэй. Дата алдагдана гэдэг бол датад суурилсан компаниудын хувьд байж боломгүй зүйл юм. Гуравдугаарт, дата бол зөвхөн нэг хүний ажил бус тухайн байгууллагын ажилтан бүрт хамааралтай анхаарах ёстой зүйл юм. Тиймээс бүх ажилтны оролцоо хамгийн чухал. Ер нь дата ашиглах сэдэл ажилтануудаас л гардаг. Тиймээс хамгийн сайн, хамгийн том дата соёлтой компани болохын тулд хүний нөөц дээрээ анхаарах хэрэгтэй. 

Ийнхүү өгөгдлийн соёлыг компанидаа нэвтрүүлэхэд дараах бэрхшээлүүд “Мобиком компанид” тулгарчээ. 

  1. Хөрөнгө оруулалт. Технологид хийсэн хөрөнгө оруулалтын өгөөжид удирдлагууд санаа зовж, итгэлгүй байдаг.
  2. Нууцлал. Бизнесийн байгууллага, ялангуяа технологийн байгууллага цуглуулсан датагаа алдах нь өөрсдийн нөү-хоугаа алдсантай адилхан байдаг.
  3. Мэдлэг. Үүнд зөвхөн технологийн бус ажилтан бүрийн мэдээллийн технологийн мэдлэг хамаарагдана.

Тулгарсан хүндрэл бэрхшээлээ даван туулсны дараа тус компанид ямар бодит үр дүн гарсан жишээнээс хуваалцъя. 

Тус компанийн үйлчилгээний ажилтан таван жилийн өмнө 27 программ дээр зэрэг ажилладаг байсан. Харин одоо өгөгдлийн соёлын ачаар зарим датаг нэгтгэж болохыг мэдэж уг ажил хийгдэж байгаа аж. Тодруулбал, хэрэглэгчид тус компанитай ямар нэгэн байдлаар харилцаа үүсгэх үед тухайн хэрэглэгчийн авч байгаа үйлчилгээ, гаргаж байгаа зан ааш гэх мэт бүх мэдээллийг цуглуулан нэг цонхонд оруулах ажлыг хийжээ. Үйлчлүүлэгч дуудлагын төв рүү залгахад тухайн хэрэглэгчийн цогц мэдээлэл үйлчилгээний ажилтанд харагдана гэсэн үг. Ингэснээр тухайн ажилтны бүтээмж 75 хувиар нэмэгджээ. Энэ мэт тус компанид хугацаа болон процесс хэмнэсэн олон сайжруулалт гарсан.

Дата ашиглах сэдэл ажилтануудаас л гардаг. Тиймээс хамгийн сайн, хамгийн том дата соёлтой компани болохын тулд хүний нөөц дээрээ анхаарах хэрэгтэй. 

Нүсэр бүтэцтэй “Мобиком” компани шийдвэр гаргалтдаа удаан байдаг гэдгийг хэрэглэгчид мэднэ. Тэд өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Уг асуудлыг шийдэхийн тулд тус компани өөрөө IT-гийн компани хэдий ч дотооддоо дижитал болохыг зорьсон. Түүнчлэн сүүлийн үед ихээр яригдах болсон дижитал хувьсгалд хоцрогдохгүйн тулд тэд ийнхүү өгөгдлийн соёлыг байгууллагадаа нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэж шилжихэд тэдэнд хамгийн ихээр тулгарсан асуудал бол хүмүүсийн хандлагыг өөрчлөх явдал байв. Дата центрээ мөнгөө гаргаад байгуулчихлаа, тоног төхөөрөмжөө худалдаад авчихлаа, инженерээ бэлдчихлээ. Үүний дараа ажилтнуудын хандлага болон удирдлагуудын мэдрэмжээрээ бус статистикаар шийдвэр гаргах процессийг сургах ажил хамгийн хүнд даваа байжээ.     

        

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Саранзаяа

БИ АЖЛАА ХЭРХЭН САЙЖРУУЛДАГ ВЭ: “Жүр Үр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнх-Эрдэнэ

Өмнөх нийтлэл

Ажил хайхаа боль

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох