Life styleТоп нийтлэл

Өлмий дээрээ тээсэн эх орон

0

Хөгжим Бүжгийн Коллежийг 2000 онд Балетын жүжигчин мэргэжлээр төгссөн. ХБК-г төгсөөд ДБЭТ, Японы New National Theatre Ballet Tokyo, АНУ-ын New York Theatre Ballet, Mystic Ballet компаниудад ажилласан. 2010 оноос Японд NBA Ballet Company-д ажиллаж байсан бөгөөд одоо чөлөөт уран бүтээлч болсон. 2011 онд “S&K Ballet Studio” балетийн сургуулийг Токио хотноо үүсгэн байгуулсан. Одоо Балетын жүжигчин, балетын багшаар ажиллаж байна.

2017 оны намар Улаанбаатарт япон, монгол балетчдын хамтарсан “Хязгаараас ангид” хэмээх тоглолт тавигдахаар болж, балетчид олон хоногийн хүнд бэлтгэл хийж байв. Японд өөрийн балетын сургуультай Хангай, УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Жаргал хоёр залуу балетчидтай хамт япон дэглээчид загнуулж, нэгэн өдөр бэлтгэлийн дараа “Үгүй мөн, хөгийн юм болох нь ээ” гэж инээлдэж байснаа бие биенээ харан гэнэт чимээгүй болж хэсэг суув. Тэдний бодолд 24 жилийн өмнө эхэлсэн нөхөрлөл, түүнээс хойших хүнд он жилүүдийн дурсамжууд орж ирэв.

Хатуу мөртөө зөөлөн, зөөлөн мөртөө хатуу Монголын анхны мэргэжлийн балетчид ЗХУ-д 1962 онд сургууль төгсч ирснээс хойш 38 жилийн дараа манай улс анх удаа дотооддоо мэргэжлийн балетын жүжигчдийг өөрсдөө бэлтгэн гаргажээ. Энэ шугамаар 1993-2000 онд Хөгжим бүжгийн коллежид суралцаж төгссөн залуучуудын нэг нь А.Хангай байв. Нийгэм шилжилтийн үедээ байсан учир театрын амьдрал өмнөх үе шигээ байхаа больж, уран бүтээлчид зөвхөн урлагтаа өөрийгөө зориулахад хүндхэн байв. Зарим нь ажлаа солин ганзагын наймаанд явж байхад зарим нь гутарсандаа амьдралаа сольж архи дарсанд орох тохиолдол ч байв. Тиймээс шинээр элсэгчдэд урьдынх шиг сэтгэлээсээ зааж, зөвлөдөг хүмүүс улам цөөрч байв. Хангай эхлээд ангидаа 24-үүлээ байв.

Яагаад ч юм тэдний ангийн ихэнх нь хагас, бүтэн өнчин эсвэл гэр бүл нь тогтворгүй хүүхдүүд байв. Хэдийгээр үзэгчийн суудлаас харахад балетын урлаг нь зөөлөн, тансаг хэдий ч бүжигчин хүн тийм түвшинд хүрэхийн тулд бараг өдөр бүр шүд зуун зүтгэх хэрэгтэй болдог хатуу мэргэжил юм. Үүний дээр 1990-иэд оны нийгэм, цаг үеийн хатуу хөтүү нэмэгдсэн нь мэргэжлийн балетаар хичээллэж эхэлсэн залуусын жинхэнэ тэвчээр хатуужлыг шалгаж байв. Хангай болон түүний найзууд өглөө эрт гэрээс гарч, өдөржин хичээллэж оройдоо, заримдаа шөнийн гурван цагт харина. Өлсөх энүүхэнд. Эхний жилүүдэд хэд хэдэн багшаар хичээл заалгаж байсан ч сүүлийн жилүүдэд Д.Дашлхагва хэмээх багшийн гараар оржээ. Мэргэжилдээ сэтгэл зүрхээ зориулсан энэ хүн наанаа хатуу, оюутнуудаа цэрэг шиг дэглэдэг байсан ч, цаанаа ирээдүйд дэлхийн том тайзуудыг эзэгнэх балетчдыг бэлтгэх зорилготой байв. Энэ мэт сорилтоос үүдэж анх элссэн 24 хүүхдээс тал нь сургуулиа орхижээ.

Хөвгүүдээс ердөө зургаа үлдсэн байсны дотор гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, өнөөдөр Японы хоёр том балетын компанид гоцлол бүжигчнээр ажиллаж буй О.Лхагвасүрэн, Б.Батболд нар, УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Б.Жаргал, тэгээд бас А.Хангай байв. 2000 онд театр нэлээд уналтад орсон үед тэд УДБЭТ-д бүжигчнээр очиж байв. Театрын боловсон хүчин дундарсан, зааж зөвлөх нь ховор байсан учир 20 нас ч хүрээгүй шинэ төгсөгчид шууд гол дүрүүдэд тоглож байжээ. Гэвч энэ нь хожим гадаадын тайзан дээр ажиллахад тэдэнд маш том давуу тал болсон байна. 2001 онд балетчин Р.Туяацэцэг орчин үеийн бүжгийн “Арабеск” нэртэй төв байгуулж залуу бүжигчдийг дэмжиж байв. Түүний зөвлөснөөр Хангай, Алтанхуяг, Батболд, Лхагвасүрэн дөрөв нэрнийхээ эхний үсгийг нийлүүлж “ХАБЛ” нэртэй бүжгийн хамтлаг байгуулав.

Тэд ирээдүйд балетын сургуультай болох том мөрөөдөлтэй байв. Гэвч театрт таван жил орчим ажиллахад сонгодог балетууд хичнээн сайхан байсан ч нэг зүйлээ дахин дахин давтах нь уйтгартай санагдав. Ингэснээр Хангай тэргүүтэй залуу балетчид гадаадад бүжиглэх арга замыг хайх болов. Америк, Европ, Азийн балетын компаниуд руу материалаа явуулахад аль алинаас нь шалгаруулалтад орохыг урьсан захидал иржээ. Гэвч Хангайд нэг том асуудал байсан нь замын зардал байв. Америк, Европ руу явах болвол амьдралдаа хэрэглээгүй их мөнгө шаардагдаж, нислэгийн хамгийн хямдхан билеттэй байснаар нь Япон явахаар шийджээ. Ийнхүү 2005 оны зун арлын орныг зорьж, Японы “New National Theatre Tokyo” гэсэн том компанийн шалгаруулалтад тэнцэж ажиллах эхлэл тавигджээ.

Монголоос авч гарсан 30 ам.доллар, хэдэн ширхэг хиам нь удалгүй дуусч, эхэндээ шарсан сонгинотой будаа голдуу идэж явсаар анхны цалинтайгаа золгожээ. Монгол мөнгөөр гурван сая гаруй төгрөгний цалин амьдралдаа анх удаа авсны дараа шууд ээж рүүгээ залган “Ээжээ, цалин орсон. Одоо урьдынх шигээ амьдрахгүй” гэж хэлж байв. Энэ бол зөвхөн Хангайгийн биш, хүнд хэцүү он жилүүдэд Монголын сонгодог урлагийг тасалдуулахгүй авч явсан, гадаадад очоод анх удаа мэргэжлээ жинхэнэ ёсоор үнэлүүлж үзсэн монгол балетчин бүрийн баярласандаа хэлэхээр үг байв.

БАЛЕТЧИН БАЙНА ГЭДЭГ БАЙНГЫН ӨВДӨЛТИЙГ ТЭСЧ, ХАРИН ТАЙЗАН ДЭЭР ХӨНГӨН, УЯН НАЛАРХАЙ БАЙХЫН НЭР

Монголд балет байдаг юм уу?

Тавдугаар сарын сүүлийн бүгчим орой байлаа. Токио хотод томилолтоор очсон Mongolian Economy сэтгүүлийн багийнхан нутаг буцахын өмнөхөн нэгэн чухал хүнийг буудалдаа урьж уулзсан нь Японы “S&K ballet studio” балетын сургуулийн үүсгэн байгуулагч А.Хангай байв. Бид сонгодог урлаг, нутаг ус, соёл уламжлал гэх мэт олон сэдвээр ярилцаж удаан суусны эцэст шөнө дунд болсны хойно л зочноо үдэж гаргав. Хангай Японд бүжиглэхээр хөл тавьснаас хойш 12 жил өнгөрсөн байлаа. Энэ хооронд тэр бөмбөрцгийн баруун хагасаар хэрэн хэсч, Америк, Европын балетын том компаниудын тайзан дээр бүжиглэжээ. Токиод 2007 он хүртэл бүжиглэсний дараа барууны хотуудад ажиллаж үзмээр санагдаж Америкийн хоёр компанид очиж шалгаруулалтад орохоор болов.

Гэхдээ нислэгийн асуудлаас болж нэг шалгаруулалтаас хоцров. Ингээд Нью-Йорк хотын Балетын театрын шалгуурт тэнцэж тэндээ ажиллахаар болж, эртнээс дотроо тээж явсан нэгэн мөрөөдлөө биелүүлэх боломжтой болов. Цаадуул нь шууд ажилд авахыг хүссэн ч Хангай Япон руу буцаж улирлын тоглолтуудаа дуусгаад ирсэн байна. 2007 онд түүнийг Америкт бүжиглэж эхлэхэд барууныхан Монголын талаар тун тааруу мэдээлэлтэй байдгийг мэдээд гайхаж байв. “Монголд байшин байдаг уу” гэж асуусан хүнтэй ч таарч байлаа. Тэд Монголд балет, тэр дундаа сонгодог балет байдгийг дуулаад эхэндээ гайхаж, аажмаар зөвхөн морь, гэрээр төсөөлдөг байсан энэ улсын талаарх төсөөллөө өөрчилж байв. Яваандаа тэр мэргэжлийнхээ ажлыг хийхийн зэрэгцээ соёлын элчийн үүрэг гүйцэтгэж улс орныхоо талаар зөв бодитой мэдээллийг уулзсан хүмүүстээ үлдээж явахыг эрмэлздэг байв.

АНУ-Д БАЙХАД “МОНГОЛД БАЛЕТ БАЙДАГ УУ” ГЭЖ АСУУСАН ХҮМҮҮСТЭЙ Ч ТААРЧ БАЙЛАА

Ийнхүү Аргайсүхийн Хангай биш, “Khangai from Mongolia” болжээ. АНУ-д тэр хоёр ч компанид ажиллав. Энэ хугацаанд үргэлж хамт байж, тогтсон суурьшилгүй янз бүрийн улсад бүжиглэхэд нь хамт байсан хүн бол Саяака Ябута юм. Австралид мэргэжлийн балетчиний мэргэжил эзэмшсэн энэ япон бүсгүй 2003 онд нэгэн олон улсын фестивалийн шугамаар Монголд анх ирж байв. Тэрээр Монголын балетчид Оросын алдарт бүтээл “Игорь Ван”-г өндөр түвшинд тоглож байхыг хараад “Би энд ажилламаар байна” гэж хэлжээ. Удалгүй Монголын талаас УДБЭТ-т хоёр жил ажиллах санал ирэхэд шуудхан зөвшөөрчээ.

Монголын театрт ажилладаг байхад залуу бүжигчдээс англиар ярьдаг ганцхан хүн байсан нь Хангай байжээ. Мэргэжилдээ дурласан энэ бүсгүй хүний нутагт ганцаараа ирж, Улаанбаатар хотын баруун зах орчим бүжигчин Д.Алтанхуягийн
хамаатнууд гэгдэх огт танихгүй хүмүүстэй хэсэг хугацаанд амьдарчээ. Дараа нь Хүүхдийн 100-д байр түрээслэн амьдарч, тэнд Хангай тэргүүтэй театрын залуучууд цугладаг байв. Хангай, Саяака хоёр Япон, Америк, Европ гэхчлэн хамтдаа 10 орчим жил бүжиглэж, гэр бүл болон төвхнөж амжихгүй л байлаа. 2010 онд Америкаас Европ руу шилжиж бүжиглэх болоход хоёулаа хоёр өөр компанид орж, орой болгон гэртээ уулзахын тулд 150 орчим км зам туулах шаардлага тулгарчээ. Тиймээс нэг газраа төвхнөхөөр шийдэв.

Эхлээд Монголд ирсэн ч нэг л болж өгмөөргүй санагдаж, эцсийн сонголт Токио болов. Японд ирсэний дараа эхлээд компанид ажиллаж, үүний зэрэгцээ долоо хоногийн ганц хоёр өдөрт балетын сургалт явуулдаг болов. Анх түрээслэсэн заал нь зориулалтын бус байсан учраас очих болгондоо урт саваа моднуудыг төмөр суурьтай нь, дээр нь хөгжмөө чирж явна. Их ажлын дундуур 2011 онд Монголд хэдхэн хоногийн хугацаатай ирж хуримаа хийж аваад хичээл заах зуураа бал сараа “тэмдэглэв”. Ингэж Хангай, Саяака хоёр “S&K ballet studio” балетын сургуулиа байгуулжээ.

Биднийг Токиод Хангайтай уулзах үед буюу 2017 онд сургууль нь хэдийнэ байр сууриа олсон, Хангай өөрөө аль нэгэн компанид харъяалагдахаа байсан багш, чөлөөт уран бүтээлч болсон байв. Түүнтэй ярилцаж суухад “Монголдоо л юм хийхсэн … ” гэсэн үгийг үе үе хэлж байв. Саяака тэр хоёр одоо хоёр хүүхэдтэй. Хүүхдүүддээ багаас нь монгол гэсэн бүхнийг мэдрүүлж байхын тулд гэрт нь бяцхан зөрчилдөөн үүснэ. Жишээ нь, “ааваа” гэж монголоор дуудахгүй л бол эргэж хардаггүй хэмээн хошигнож байв. Харин Саяака Монголд байхдаа монгол хэлийг сайн сурсан бөгөөд одоо бараг аялгагүй ярьж байхыг нь бид утасны цаанаас сонсов. Гадаадад олон жил амьдарсан хүмүүс илүү эх оронч болдгийн нэгэн тод жишээ нь Хангай юм.

Нэгэн удаа Л.Толстойн “Дайн ба энх” романыг кириллээр уншиж суутал хажуудах хүн нь “чи оросоор уншиж байгаа юм уу” гэж асуухад нь хэлэх үггүй болж, “тийм” гээд номоо хаажээ. Түүнээс хойш тэмдэглэлийн дэвтэртээ байнга монгол бичгээр бичдэг болжээ. Монголд ирэх болгондоо ээждээ үнсүүлчихээд л шууд хөдөө очоод хэвтчихдэг. Хангайгийн нэгэн том мөрөөдөл бол монгол бүжигчидтэй, монгол хөгжимтэй дэлхийг тойрсон тоглолт хийх. Монголын балетчид бие хаа, ур чадвараар хаана ч гологдохгүй гэдгийг өнгөрсөн он жилүүдээс тэр харжээ. Мөрөөдлөө биелүүлэхийн эхлэл болгож, 2017 оны сүүлээр Хангай өөрийн санаачлагаар Японы бүжиг дэглээч Жо Фунакигийн дэглэлтээр модерн төрлийн балетын тоглолтыг Монголд хийж, залуу балетчдад энэ жанрыг “амтлуулах” зорилгоо биелүүлсэн юм.

Тоглолтондоо энд байгаа балетчидаас гадна ангийнхнаа буюу Японд гоцлол бүжигчдээр ажиллаж буй О.Лхагвасүрэн, Б.Батболд нар, УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Б.Жаргал нарыг татан оролцуулсан нь мэргэжлийн балетад хөл тавьснаас хойш 17 жилийн дараа дахин цуглаж нэгэн тайзан дээр гарсан хэрэг байв. Энэ хугацаанд Хангай шиг олон балетчин дэлхий олон оронд мэргэжлээрээ ажилладаг болж, Д.Алтанхуяг 2009 онд Италийн Скала театрын “Pink Floyd” балетын гол дүрд тоглосноос гадна дэлхийн шилдэг найман балетчиний нэг болж, олон улсын мэргэжилтнүүдийн дунд “Монголд балет байдаг юм уу” гэж асуух хүн эрс цөөрсөн байлаа. Энэхүү нийтлэлийг бичихээс хоёрхон хоногийн өмнө Хангайтай онлайнаар дахин холбогдож ярилцахад тэр нэгэн баяртай мэдээ дуулгав. Тэр сургуулийнхаа сурагчдын балетын өмсгөлийг сольсоноо хэлж, утасныхаа камерт харуулахад дээр нь “Made in Mongolia” гэж бичсэн байлаа.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Номын тэмдэглэл: Цаг хугацааны ном

Өмнөх нийтлэл

Энэ сард болох арга хэмжээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.