Өсөх стратегиТоп нийтлэл

10 АСУУЛТ ХАРИУЛТ: Гэрийнхээ босгоо давмагц ажлаа бодохгүй байхыг хичээдэг

0

10 асуулт хариултын маань хоёр дахь зочноор GSMI Институт (Глобаль Стратегийн удирдлагын институт)-ын захирал, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал оролцлоо. Тэрбээр Хас банк, Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Европын Холбоо, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын хөгжлийн байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдэд  ажиллаж байсан туршлагатай нэгэн. Сүүлийн таван жил бизнесийн салбарынханд стратеги төлөвлөлт, менежментийн чиглэлээр зөвлөгөө өгч буй түүнийг АНУ-д төвтэй Олон улсын коүчүүдийн холбоо -ноос гэрчилгээжсэн анхны коүч гэдгийг бизнесийнхэн андахгүй.

  1. Та өглөө босоод ажилдаа явтлаа юу хийдэг вэ?  

-Өглөө 06 цагт босоод хорин минут дасгал хийдэг. Тэр өдрийнхөө эрч хүчийг би дасгал хөдөлгөөнөөс авахыг хичээдэг. Өөрөө удирдлагын зөвлөх хүн учир үйл хөдлөлөөрөө бусдад үлгэрлэхийг хичээж, эрүүл байхыг чухалчилдаг. Үүний дараа 30-40 мин орчим стратеги, манлайлал, гүйцэтгэлийн удирдлагын чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зохиолчдын бүтээлүүдийг уншиж шинэ соргог мэдлэгээр тархиа цэнэглэх ажил голдуу хийдэг дээ. Судалгаагаар, хүн унтаж амраад өглөө сэрсний дараах гурван цагийн дотор шинэ мэдлэгт суралцах, оюуны өндөр чадвар шаардсан ажил хийх нь хамгийн их өгөөжтэй байдаг нь тогтоогдсон.  Иймд би энэ хугацааг тархиа цэнэглэж, мэдлэгээ зузаатгахад зориулдаг. Мөн өглөөний цайгаа бэлдээд гэрийнхэнтэйгээ өглөө бүр хамт цай уухыг хичээдэг.  Ингээд 8:15-ын үед өглөө оффис дээрээ ирээд ажлын өдөр маань эхэлдэг дээ.

  1. Ажилд тань хамгийн их тусалдаг гурван зуршил юу вэ?

-Нэгд, өглөөний дасгал хийдэг зуршил маань надад маш чухал. Хааяа өглөө 07 цагаас ажил гарснаас үүдэн дасгалаа хийж амжаагүй үед бүтэн өдрийн турш эрч хүч багатай яваад байгаа мэт санагддаг. Хоёрт, ажил дээрээ ирээд өглөө бүр тухайн өдрийнхөө төлөвлөгөөг гаргадаг. Өмнө нь би арваад ажлын жагсаалт биччихээд тэр бүхнийгээ дуусгах гэж хичээж өөртөө ч илүү ачаалал үүсгэчихдэг байлаа. Харин одоо би өөрөөсөө “Миний өнөөдөр хийх хамгийн чухал гурван зүйл юу вэ” гэж асууснаар тухайн гурван ажлаа л яг таг хийж дуусгах зорилго тавьдаг болсон. Үйлчлүүлэгч нартаа ч ялгаагүй ийм зөвлөгөө өгдөг. Хамгийн чухал гэсэн ажил дээрээ л төвлөрөх хэрэгтэй шүү дээ. Гуравт, зорьж байж хийсэн том, жижиг ажлын дараа заавал багийнхантайгаа хамт гарч өдрийн хоол иддэг болсон. Оюуны хөдөлмөр хийдэг хүн бүр оюуны их ачааллын дараа тархиа амрааж байх нь маш чухал гэдгийг сайтар ойлгосон учир энэ зуршлыг бий болгосон, бусдад ч бас энэ талаар зөвлөдөг.

  1. Та ажлын стрессээ яаж тайлдаг вэ?

– Дандаа ажил гээд яваад байж болохгүй. Хүн стрессээ тайлах өөрийн гэсэн аргатай байх нь чухал. Ажлын стрессийг гэрийнхээ босго давмагц бодохгүй байхыг хичээдэг. Байгалиас заяаснаар эмэгтэй хүний эмоцийн тархи эрэгтэй хүнийхийг бодвол том байдаг учир ямар нэг шалтгааны улмаас стресс үүссэн тохиолдолд түүнийгээ ургуулан бодож бүр их стрессдэх хандлагатай байдаг. Тархины бүтцийн талаар нэлээд уншиж судалсан учир сүүлийн үед асуудлыг байгаагаар нь авч үзэх, заавал хэд хэдэн талын мэдээллийг авч байж дүгнэлт гаргах зэрэг аргуудыг хэрэглэдэг болсон. Үүнээс илүү хялбар арга ч бий. Жишээ нь дуртай дуу хөгжим сонсох, Холливүдийн алдартай оддын гол дүрд нь тоглосон романтик комеди төрлийн кино үзэх дуртай. Бүтэн сайн өдрөө 1-2 кино үзчихдэг шүү. Сонгодог урлагт бас дуртай. Шинээр тавигдсан балет, дууриас хоцрохгүй байхыг хичээдэг.

  1. Та яг одоо юунд суралцахыг хүсч байна?

– Хүн тасралтгүй суралцаж байж амжилтад хүрдэг эрин үед бид амьдарч байна. Дээр хэлсэнчлэн миний хувьд мэргэшсэн чиглэлээрээ л сүүлийн үеийн шинэ онол, практикуудаас тасралтгүй суралцаад явж байна. Мэдлэгээ зарж амьдардаг хүний хувьд суралцах нь өөрөө энэ ажлын зайлшгүй байх ёстой хэсэг нь. Стратегийн зөвлөх, удирдлагын коүчийн ажлыг амжилттай хийхийн тулд тамирчин хүн Олимпод бэлдэж байгаа юм шиг л байнгын дасгал сургуулилт хийх хэрэгтэй гэж боддог шүү. Түүнчлэн мэргэжлийн зэрэг цолоо ахиулах ажлыг ч орхигдуулж болохгүй. Мэргэжлийн зөвлөхийн дөрвөн үе шат байдгийн эхний шатыг давчихсан. Яг одоо хийх зүйл гэвэл дараагийн шатныхаа шалгалтыг өгнө дөө. Хоёр дахь шатныхаа шалгуурыг хангачихсан байгаа ч шалгалтаа өгч амжихгүй л яваад байна. Хувь хүний хөгжил талаасаа баруун тархиа хөгжүүлэх чиглэлээр илүү сайн суралцахыг хүсч байгаа.

  1. Та өөрийнхөө 25 настайдаа очвол юу гэж зөвлөх байсан бэ?

Сайхан асуулт байна. Өөрийнхөө 25 насанд очвол “Алдахаас бүү ай. Алдсан ч алдаанаасаа суралцаад цаашаа илүү хурдтай бас ухаантайгаар урагшил” гэж хэлэх байсан.  Аль болох залуу насандаа том зорилгоо тодорхойлоод зорилгодоо хүрэхийн төлөө тууштай зүтгээрэй гэх байсан болов уу. Хориод насны залуучуудыг хараад байхад өөрийнх нь ажил амьдралтай холбоотой чухал асуудлаар шийдвэр гаргахдаа олон талаас нь сайтар бодолгүй тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр шийдэх хандлагатай байдаг. Би ч ялгаагүй залуудаа тийм л байсан байх. Өөрийн залуу хувилбартаа “Сэтгэл хөдлөлдөө захирагдалгүй ухаалаг (рациональ) тархиа сайн ажиллуулж чухал шийдвэрээ гаргаж бай” гэж хэлэх байсан даа.

  1. Танай гэр бүлийнхэн таныг юу гэж шүүмжилдэг вэ?

– Чиний эргэн тойронд байгаа ойр дотны зургаан хүн чамайг тодорхойлдог гэдэг байхаа. Тиймээс гэр бүл, дотны найз нөхөд хүний амьдралд маш чухал нөлөөтэй. Манай хүн бид хоёр хүүгээ аль болох гэр бүлийн үнэ цэнийг ойлгодог, бусдыг хүндэлдэг хүн болгож хүмүүжүүлэхийг хичээсэн. Тиймээс ч гэрийнхэн маань бие биедээ сул талыг нь шулуухан хэлчихдэг. Том хүү маань надад “Та нэг зүйлийг шийдчихсэн л бол тэр чигээрээ зүтгэдэг” гэж хэлдэг. Тэр зан маань ихэнхи үед онодог ч хааяа бас онохгүй үе байдаг учраас бусдыг аль болох сонсохыг хичээдэг.

Эмоцийн тархиндаа захирагдалгүй ухаалаг тархиа сайн ажиллуулж чухал шийдвэрээ гаргаж бай

  1. Арал дээр ганцаараа үлдэнэ гэвэл ямар ном авч явах вэ?

– Эзэнгүй арал дээр ганцаараа үлдэхэд ганцхан ном биш харин таблетаар дүүрэн ном авч явна гэдэг нөхцөл тавина даа. Өөрөөр хэлбэл нэг номтой биш номын сантай явна. Уншиж завдахгүй байсан номуудаа бүгдийг уншихыг хичээнэ. Нэгэнт эзгүй арал дээр хэсэг хугацаанд амьдрах болвол ном уншихаас гадна бясалгал хийж, өөрөө ном бичихэд цагаа зарцуулна гэж бодож байна.

  1. Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө?

– Энэ амьдралд мэдээж олон сайхан хүмүүстэй таарч янз бүрийн л зөвлөгөө авч бас бусдад зөвлөгөө өгч ирсэн. Угаас миний үндсэн ажил маань зөвлөхийн ажил шүү дээ. Би эмээ дээрээ өссөн хайртай ач охин нь. Хүүхэд насанд эмээгийн маань надад өгсөн хүмүүжил, сургаалиуд нь одоогийн Оюунжаргал гэдэг хүн төлөвшихөд хамгийн их нөлөөлсөн болов уу. Харин ээж маань надад эрдэмтэй, оюуны чадвартай, бие даасан мэргэжилтэн байхын ач тусыг өсвөр наснаас эхлээд л зааж сургасан. Хүүхдүүд гадаа тоглож байхад би орос үг цээжлээд эсхүл тоо бодоод суудаг байлаа. Тиймдээ ч дунд сургуулиа төгсөөд хамгийн сайн хуваарийг авч гадаадад суралцах боломжтой болсон. Төгсөж ирээд банк санхүү болон олон улсын байгууллагуудад ажлын асар их туршлагатай олон улсын экспертүүдтэй ажиллаж их ч юм сурсан. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төсөлд ажиллаж байхад олон улсын экспертүүдээс сайн менежер, сайн удирдагчийн ялгааг маш сайн ойлгож авсан. Мөн удирдлагын зан төлөв, үнэт зүйлс, баримталдаг философи нь эргээд байгууллагын соёл, хамт олны уур амьсгалд хэрхэн нөлөөлдөг талаар сайтар суралцаж билээ. Миний хувьд нэг зөвлөгөө гэлтгүйгээр ажил, карьерын шат болгонд экспертүүдээс нээлттэй суралцаж ирсэн. Одоо ч суралцсаар байгаа.

  1. Таны байнга ашигладаг таван аппликейшн юу вэ?

– Олон нийтийн сүлжээний LinkedIn, Facebook, Instagram гэх мэт аппликейшнуудаас гадна Harvard Business Review, World Economic Forum, BBC, CNBC, Make it, Forbes зэрэг олон эх үүсвэрээс мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахыг хичээдэг.

  1. Та өдөрт хэдэн цагийг гэр бүлдээ зарцуулдаг вэ?

– Ажил дээрээ хамгийн оройтлоо гэхэд би 20 цагаас хойш хэтрүүлж суудаггүй. Өглөө 08 цагийн үед оффис дээрээ ирдэг гэхээр ажил дээрээ хамгийн ихдээ 12 цаг зарцуулдаг юм байна. Бусад цагаар нь аль болох гэртээ байхыг хичээдэг. Бүтэн сайнд би гэрийнхэнтэйгээ байхыг чухалчилдаг учраас ажлын захиалга авдаггүй. Харин хагас сайн өдрүүдэд ихэнхдээ ажилладаг.

Б. Билэгт

Музей: ОРХИГДОХ УЧИРГҮЙ ӨВ

Өмнөх нийтлэл

Жак Магийн зөвлөгөө-2: Удирдагч хүнд сайн туслагч хэрэгтэй

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com