МэдээлэлӨсөх стратеги

Өсөхөд учир бий

0

Цаг тутамд 12 000 стартап байгуулагдаж, АНУ-д л гэхэд гуравхан хувь нь албан ёсны бизнес болж чаддаг байна. Муу зах зээл байдаггүй, харин муу захирал л гэж байдаг учраас ихэнх санаа бизнес болж чадахгүй бүтэлгүйтдэг. Мөн олон жилийн түүхтэй компани цаашид өсөхгүй, нэг хэвэндээ байж бусаддаа гүйцэгддэг. Тиймээс таны бизнес өсөхгүй байгаа бол тухайн салбарыг муулах бус өөрсдийгөө хараад дүгнэдэг байх хэрэгтэй.

Хэн ч стартап эхлүүлж болно. Харин цааш үргэлжлүүлэн авч явах нь чухал.

Верн Харнишийн бичсэн “Бизнесээ томруулах нь” номонд дурдсанаар “Бизнес бүр удирдагчаасаа хамааралгүй байснаар үнэлгээ нь илүү өндөр байдаг” гэжээ. Өөрөөр хэлбэл, дээд шатны удирдлагууд хурлын өрөөн дэх “хамгийн тэнэг” нь болсон цагт тэд өргөжин тэлэх боломжтой байгууллагыг амжилттай бий болгож чадсанаа ойлгож, байгууллагыг удирдахад ч амар болдог. Тиймээс 600 гаруй удирдлагын түвшний хүмүүс “хамгийн тэнэг” нь болохын тулд “Growth summit”-ийг зорьж бүтэн 12 цагийн турш илтгэл бүрт чих тавин анхааралтай сонсож байсан юм.

Монгол улс чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш бизнес эрхлэгчид бизнесийн өсөлтийг хэдэн жил ярив. Энэ нэр томъёо бизнес эрхлэгчдэд юуг хэлдэг нь асуултын тэмдэг хэвээр байна. Тухайлбал, бага зардлаар өндөр үр дүнтэй ажиллах, одоо байгаагаасаа хэд дахин ашиг олох гэх мэтээр бизнес эрхэлж буй хүн бүр өөр өөрийхөөрөө тайлбарладаг.

Энэ ч утгаараа манай улсад өмнө нь бизнесийн өсөлтийн тухай чуулган, арга хэмжээ зохиогдож байгаагүй.

Харин “Тогтох Трейд” ХХК Growth буюу Өсөлтийн менежментийн чуулганыг анх удаа зохион байгуулсан юм. Энэхүү чуулган болсон нь бизнес эрхлэгчдэд асар их мэдлэг, мэдээллийг өгсөн бөгөөд үүгээр дутагдаж байсныг оролцогчид хэлж байлаа.

“Монголиа Проперти Девелопмент” ХХК-ийн түрээс, борлуулалтын эрхлэгч А.Алтанзул:

http://

“Ногоон соёл Иргэншил” ХХК-ийн захирал Б.Батхишиг:

http://

Бизнесийн өсөлтийн менежментийг өнгөрсөн 10 жилийн туршлага, үр дүнд суурилуулан гарын авлага мэт болгон зохиосон хүн бол Верн Харниш юм.

Тэрбээр Монголын бизнес эрхлэгчдэд хагас цаг гаруй хугацааг зориулж зөвлөгөө өглөө. Верн Харниш 58 оронд 13 000 гарааны бизнесийн үүсгэн байгуулагчдыг хамруулсан “Entrepreneurs Organization”-ий үүсгэн байгуулагч, зургаан тивд 210 удирдлагын түвшний сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Gazelles” байгууллагын үүсгэн байгуулагч гэх мэт бизнесийн орчны арвин туршлагатай олон улсын coach юм.

Бизнесээ томруулах нь энтрепренер хүн бүрийн мөрөөдөл, бас хар дарсан зүүд.

Хэт өсөлт хүсүүштэй зүйл биш. Учир нь үүнийг аугаа компаниудыг үгүй хийдэг амжилт гэж зарим бизнес эрхлэгчид үздэг. Түүнчлэн “Хэт өсөлтийн үед компанийн өдөр тутмын ажиллагаа үнэндээ ямар дүр зурагтай болдгийг Верн Харниш шиг сайн ойлгосон хүн байхгүй” гэв. Компани ямар үед өсдөг, ямар үед буурдаг тухай арван хуруу шигээ мэдэх Верн Харниш хүмүүс, стратеги, гүйцэтгэл, бэлэн мөнгө гэсэн дөрвөн үндсэн зарчмыг баримталснаар бизнес тань өснө гэж тодорхойлжээ. Тиймээс “Growth summit” чуулга уулзалтыг дээрх дөрвөн сэдвээс гадна хүн бүрийн амны уншлага болсон “Дижитал шилжилт” болон “Ногоон бизнес” сэдвээр хийж тухайн салбартаа тэргүүлж буй захирлууд илтгэл тавьсан юм.

 

Хүмүүс

“United Colors Of Benetton”-ний менежер байсан Санжив Моханти Энэтхэг улсад уг брендийг амжилттай нэвтрүүлж чадсан. Тэр хэрэглэгчдийнхээ бүх гомдлыг уншиж, хүмүүстэйгээ өдөр бүр харьцаж, тэдэнд тулгарч буй асуудлаас нь бизнесээ өргөжүүлж байсан. Хүмүүстэй харьцана гэдэг нь зөвхөн ажилчид биш хэрэглэгч, хамтрагч, зөвлөгч гээд бүгд юм. Хүмүүстэй холбоотой асуудалд та өөрийгөө амжилттай ажиллаж байгаагаа мэдэхийн тулд дараах асуултад хариулах хэрэгтэй. Оролцогч талууд \ажилтан, хэрэглэгч, хувь нийлүүлэгч\ бүгд сэтгэл хангалуун, бизнест өөрсдийн гэсэн оролцоотой байна уу, та тэдэнтэй дахин хамтран ажиллах уу?

Танай байгууллагад зөв хүмүүс зөв зүйлээ хийж чадаж байна уу?

Энэхүү асуултад хариулах илтгэлийг “Петровис” группийн хүний нөөцийн захирал Д.Одонтуяа хариулахдаа үр бүтээмжтэй ажиллах хүч бий болгох талаар өөрийн компани дахь туршлагаа хуваалцсан. Мөн “М-Си-Эс” групп 10 жилд 10 дахин өсөлтийг үзүүлсэн нууц буюу байгууллагын чадавхийг хэрхэн бий болгосон тухай илтгэлийг “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Гантөмөр танилцуулсан.

“М-Си-Эс Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр

 

Стратеги

Өсөлтийн менежментийн үндсэн дөрвөн зарчмын нэг старатегийн тухай Верн Харниш хэлэхдээ “Таван жилийн турш хэрэглэсээр ирсэн стратеги төлөвлөлт гэх үгнээс татгалзах цаг ирсэн” гэв. Тодруулбал, стратегитай сэтгэх болон гүйцэтгэх төлөвлөгөө гэх тэс ондоо хоёр ажиллагаа нэгдэж байж цогц стратеги бий болдог байна. Стратегитай сэтгэх талаар Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшин “Хэрэглэгчдийн хангагдаагүй хэрэгцээг хэрхэн тодорхойлж борлуулалтаа өсгөсөн” тухай гадны жишээн дээр суурилан бусдад санаа өгөх, мэдлэг дамжуулах зорилготой яриа өрнүүлэв. Харин гүйцэтгэх төлөвлөгөөний тухай  Блүүмберг Монгол ТВ-ийн гүйцэтгэх захирал Э.Долгион ярьлаа. Тодруулбал тэрбээр компаниа байгуулснаас хойш долоон жилийн өсөлтийн стратегийг хэрхэн төлөвлөж ажилласан тухай туршлагаа хуваалцсан.

Хас банкны Ерөнхий захирал Г.Амартүвшин

 

Гүйцэтгэл

Бүхий л үйл ажиллагаа тань аливаа саад тотгор, салбарын өсөлтөөс шалтгаалсан ашигтай байдлаас хамааралгүйгээр явагдаж байна уу? Хэрвээ үгүй бол танай компани гүйцэтгэл тааруу ажиллаж байна гэсэн үг. Тодруулбал, дараах гурван зүйл танай байгууллагад бодитоор тулгарсан бол үйл ажиллагааны гүйцэтгэлд асуудал байгааг илтгэнэ.

  1. Байгууллагад залруулж болох алдаанууд байгаа.
  2. Хүн бүр илүү цагаар ажиллаж байгаа мэт харагдах эсхүл нэг удаагийн оролдлогоор зөв гүйцэтгэж болох байсан зүйлсийн алдааг залруулахад цаг үрж байгаа бол
  3. Хамгийн чухал нь, компани салбарын дундаж ашгийн гуравны нэгээс бага ашиг олж байгаа бол.

Тиймээс хамгийн чухал буюу ашгийн асуудалд борлуулалт номер нэг нөлөөлдөг үүднээс “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн борлуулалтын хэлтсийн дарга Э.Энхдэлгэр борлуулалтын гүйцэтгэлийг хэрхэн удирдах тухай илтгэл тавьсан юм. Мөн Монголын өсөлт болон өрсөлдөх чадварт цогц уул уурхайн мега төсөл хэрхэн хувь нэмрээ оруулдаг тухай “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес ярив.

 

“Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес

“Вагнер Ази Тоног Төхөөрмж” ХХК-ийн борлуулалтын албаны дарга Э.Энхдэлгэр

 

Бэлэн мөнгө

Эцэст нь бизнесийн өсөлтөд нөлөөлөх дөрвөн тулгуурын нэг бэлэн мөнгөний тухай илтгэгчдийн онцолсон гол санаа нь өсөлт бэлэн мөнгийг шавхдаг гэх онолын ойлголт байлаа. Удирдлагын түвшний хүмүүсийн толгойг гашилгадаг зүйл бол бэлэн мөнгөний хомсдол юм. Өсөж буй компанийн удирдлагууд нийлүүлэгч, хэрэглэгч, ажилтнүүд болон хөрөнгө оруулагч, банкуудтай хийж буй хэлцэл харилцааг тодорхойлохдоо бэлэн мөнгөнөөс илүү, ашиг орлогод анхаарлаа хандуулдаг. Тэд сар тутмын санхүүгийн тайлангаа дүгнэхдээ ч мөнгөн урсгалын тайланг анзаарахгүй орхигдуулах хандлагатай байдаг.

Тиймээс удирдлагууд ирэх хэдэн сар, эсвэл хоногт мөнгө урсгал ямар байх таамгийг санхүү хариуцсан хүнээсээ шаардаж байх хэрэгтэй.

Энэ нь бэлэн мөнгийг бүхнээс дээгүүрт тавьж, бизнест тань мөнгө хэрхэн урсаж байгааг мэдэрч ойлгоход тустай юм. Хэрэв ингэж ажиллаагүй бол бэлэн мөнгөний урсгал татарч, шинэ хөрөнгө оруулагч олох шаардлагатай болно. Энэ жишээ манай улсын бизнес эрхлэгчдэд түгээмэл учир хөрөнгө оруулалтын ертөнцөд хэрхэн ажиллах, хөрөнгө оруулалт танай компанийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх тухай “Николас Эдвард Инвестмент” ХХК-ийн удирдах үүрэг бүхий түнш Николас Эдвард яриа өрнүүлсэн.

“Николас Эдвард Инвестмент” ХХК-ийн ерөнхий захирал Николас Эдвард

 

Дижитал шилжилт

Монголын бизнес шинэ үеийн \Дижитал эрин\ манлайлагчдаар цус сэлбэж байгаа энэ үед цахим орчин, техник технологийн тухай ярихгүй байж боломгүй.

Хоорондоо зуучлагчгүй болсон хавтгай дэлхийд бид амьдарч байна.

Тиймээс  Бизнес 1.0-оос Бизнес 2.0 болж өсөхийн тулд холбоос, хэлхээ, төрөлжилт, бүтээмж, өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй гэж “Датаком” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат онцлов. Нэн түрүүнд холбоос гэсний учир нь компани дотроо, компани хэрэглэгчтэйгээ, компани хоорондоо, бүс нутаг даяар зах зээлтэйгээ холбогдоно. Үүнийг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу дижитал шилжилтээр зохицуулна.

 

Бүх зүйл хоёр талтай. Бизнесийн ухааны курс хичээлийг нэгхэн өдрийн дотор олгосон гэхэд хилсдэхгүй уг чуулганд дээр хэлсэнчлэн 600 гаруй удирдлагын түвшний хүмүүс цуглаж Corporate convention centre-г дүүргэж байв. Харин зарим оролцогчид хэрэгтэй мэдлэг мэдээллээ авсан ч орчуулга тааруу байсан гэх нөхөрсөг зөвлөгөөг зохион байгуулагчдад хэлж байв. Түүнчлэн гол сэдэв болох бизнесийн өсөлт нь ирээдүйд буюу 2030 он гэхэд энэ нэр томъёо байхгүй болж, ногоон бизнес цэцэглэн хөгжих хандлагатай байгааг чуулганы хамгийн сүүлд “MMCG” судалгааны компанийн захирал Д.Бум-Эрдэнэ танилцуулав. Тиймээс бизнес эрхлэгчдэд, түүнийг удирдаж буй хүмүүст “бизнесээ өсгөх нь хэр оновчтой вэ” гэх асуулт нэг бус удаа үүсдэг байх.

  

Х. Саранзаяа

Хиймэл оюун ухаан бизнесийн салбарт нэвтрэхэд юу саад болдог вэ

Өмнөх нийтлэл

Үнэгүй Wi-Fi ашиглахдаа анхаарах зүйлс

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох