Life style

Өөртөө тохирсон спортын төрлийг хэрхэн сонгох вэ?

0

Бид хоногийн 24 цагийн 33 хувийг ажлын байран дээрээ, 17 хувийг амралт чөлөөт цагтаа, найман хувийг ажилдаа ирж очихдоо, 42 хувийг унтаж амрахдаа зарцуулдаг гэж ДЭМБ тооцоолжээ. Харин бизнес эрхлэгч хүнд заримдаа 24 цаг ч бага санагддаг. Тиймээс ихэнх бизнес эрхлэгчийн бизнесийн зарчим нь “Цаг бол алт”. Та цагийн хуваарийг нарийн чанд гаргаж, уулзалт зөвлөгөөнд оролцож, хором мөч бүрийг эрхэлж буй бизнесээ өргөжүүлэхэд ашиглаж байгаа байх. Гэхдээ та нэг амсхийгээрэй.

Хувь хүний хөгжлийг тодорхойлдог үндсэн дөрвөн хүчин зүйлд эрүүл мэнд, гэр бүл, карьер төлөвлөлт, албан тушаал ордог. Өөрөөр хэлбэл таны хөгжил таны эрүүл байхаас л шалтгаална гэсэн үг. Сүүлийн жилүүдэд амьсгалын замаар халдварладаг өвчнөөс гадна цэвэр тухайн хүнээс хамааралтай халдварт бус өвчлөл ихэсч байна. Та дасгал хөдөлгөөн хийхгүй, амьдралын буруу хэвшилтэй байвал зөвхөн өөрөөсөө болж хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчлөл зэрэг халдварт бус өвчин тусах аюултай.

Дэлхий дахины өвчлөлд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвдүгээрт хөдөлгөөний дутагдал орж байна. Түүнчлэн хөдөлгөөний хомсдолын улмаас жилд 3,2 сая хүн нас бардаг. Харин манай улсын хувьд дөрвөн хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой гэж НЭМҮТ-өөс гаргасан 2013 оны судалгаанд дурджээ.

Та өглөө ажилдаа ирж, орой буцахдаа лифт юм уу цахилгаан шатанд суудаг уу? Хэрвээ тийм бол та хөдөлгөөний хомсдолтой гэсэн үг. ДЭМБ-ын 2005 оноос хойш хийсэн судалгаагаар 15-64 насны хүн амын дунд хөдөлгөөний хомсдол улам нэмэгдсэн байна. Үүнийг эрдэмтэд техник, технологийн хурдацтай хөгжил буюу бидний хөдөлгөөн хийх нөхцөл боломж хомс болсонтой холбон тайлбарлаж байна.

Тиймээс дасгал хөдөлгөөн нь эрүүл байхын үндсэн шалтгаан юм. Хөдөлгөөний ач холбогдлыг мэддэг ч тоодоггүй хүмүүс цөөнгүй. 2017 онд Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн 400 гаруй ажилтнаас дасгал хөдөлгөөний ач холбогдлын тухай судалгаа авахад тэдний 90 орчим хувийнх нь спортод хандах хандлага нь эерэг байсан ч өдийг хүртэл дасгал хөдөлгөөнийг амьдралын хэв маягаа болгоогүй л байжээ. Учрыг нь тодруулахад орчин нөхцөл хангалтгүй болон санхүүгийн хүндрэл гардаг гэж тайлбарлажээ. Үүнийг мэргэжилтнүүд “ердөө л шалтаг” гэж үзэж байна.

Харин ухамсарлаж ойлгосон зарим нэг нь өөртөө тохирсон бус, найз нөхөд, хүрээллийн хүмүүсээ даган спортын нийтлэг төрлөөр хичээллэх нь элбэг. Хэрвээ та дасгал хөдөлгөөн хийхэд таны зүрхний цохилтын тоо олшрох, амьсгал дээрдэх, бага зэрэг хөлс гарах гэсэн шинж илэрч байвал уг дасгал нь таныг ачааллаж, үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг. Харин ачааллаа хэрхэн тохируулах вэ гэхээр “дасгал хөдөлгөөн хэзээ ч таныг ядраах ёсгүй” гэж шинжлэх ухааны үүднээс эрдэмтэд тайлбарладаг. Мөн та өөрийнхөө дур сонирхолд нийцээгүй спортоор хичээллэвэл тааламжгүй сэтгэгдэл буюу “бэлтгэл сургуулилт хийх үед өөрийгөө хүчлэх” мэдрэмж төрдөг аж.

АНУ-ын “Harris Interactive” судалгааны компани тус улсын фитнесээр хичээллэдэг иргэдээс судалгаа авчээ. Санал асуулгад оролцсон хүмүүсийн тал хувь нь биеийн жингээ барих гэж эсвэл хасах гэж спорт зааланд очдог, гэхдээ зургаан долоо хоногийн дараагаас уйддаг гэсэн дүн гарав. Учир нь тэд өөрсдийн ген, бие махбодь, зан аашинд тохирсон спортыг сонгоогүй байжээ.

Манай улсын хувьд энэ талаар хийсэн мэргэжлийн судалгаа байдаггүй. Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо /МБФНХ/ -ноос гаргасан тооцоогоор 2018 оны байдлаар нийслэл хотод 123 спорт клуб ажиллаж байна. Гэвч тэдний 70 орчим хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, эсвэл талбай нь жижигхэн, сургуулилт хийх боломж тааруу байгаа юм.

Тус холбооны гүйцэтгэх захирал Г.Очирын хэлснээр спорт клубээр тогтмол хичээллэдэг хүний тоог гаргахад хэцүү аж. Учир нь аль нэг фитнесс клуб үнээ хямдруулсан сургаар хүмүүс мөнгөө төлөөд хичээллэдэг. Гэвч эрүүл байх соёлоо гүйцэд ойлгоогүй учраас хэдэн өдөр явж байгаад дундаас нь хаячихдаг. Тиймээс нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй клубт хичээллэгчдийн тоог нарийн судлаагүй бөгөөд ойролцоогоор 10 мянга гаруй байдаг гэж МБФНХ үзэж байна. МУИС-ийн сэтгэл судлалын багш Б.Золзаяа хэлэхдээ “Спортоор анхлан хичээллэж буй хүмүүсийн дийлэнх нь турах зорилготой байдаг” гэв. Харин энэ нь спортоор хичээллэх хөшүүрэг болж чаддаггүй байна.

“Дасгал хөдөлгөөн ч таныг ядраах ёсгүй” гэж шинжлэх ухааны үүднээс эрдэмтэд тайлбарладаг.

Мэдээж бүх спорт өөрийн гэсэн давуу талтай бөгөөд тусгайлсан ур чадваруудыг олгож, цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөх боломжийг өгдөг ч яг өөртөө тохирсныг олж сонговол дээрх ач холбогдол улам нэмэгддэг. Энэ тухай сэтгэл судлаач Б.Золзаяа “Тухайн хүний сэтгэл зүй болон биеийн хувьд спорт тохирохгүй гэсэн зүйл байхгүй. Харин тухайн хүний чин хүсэл болон төрөлхийн ген нь аливаа спортоор хичээллэхэд давуу тал болдог” гэлээ.

Үүнийг Генетик тестийн аргаар тодорхойлох боломжтой. Тодруулбал, энэ нь хүний төрөлхийн потенциалыг хүрууны хээгээр тодорхойлдог дерматоглифика /Dermatoglyphics/ гэдэг шинжлэх ухаан юм. Уг аргыг АНУ-ын эрдэмтэн Гарольд Камминс 1926 онд боловсруулжээ. Энэ хүн өөрийн судалгааны үр дүнд хурууны хээ нь хүний удамшлын мэдээллийг агуулж байдаг бөгөөд хурууны хээгээр тухайн хүүхдийн төрөлхийн нөөц бололцоо буюу потенциалыг нээн харуулж, нуугдмал авьяас, эрүүл мэндийн онцлог, зан араншин, төв мэдрэлийн системийн ачаалал даах чадварыг тогтоох боломжтой гэдгийг дэлхий дахинд нотлон харуулсан юм.

Үүгээр та өөрт тохирсон ганцаарчилсан спортын төрөл төдийгүй багаар тоглодог спортын төрлийн аль үүргийг илүү гүйцэтгэж чадахыг хүртэл тодорхойлох боломжтой. Ингэсэн тохиолдолд та спортод илүү дуртай болж, үүгээрээ амжилт үзүүлэх ч магадлалтай юм. Тухайлбал, Монгол улсын гавьяат тамирчин, жудо бөхийн дасгалжуулагч Х.ЭрдэнэтОд хэлэхдээ “Спортын чадамж тодорхойлох генетик тестийн программаар тухайн хүнд спортын ямар төрөл тохирохыг буюу зөв спортын чиглэлийг сонгоход туслах боломжтой санагдсан” гэв.

Мэргэжлийн тамирчин болох болон эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэх дерматоглифика хоёр асар их ялгаатай. Учир нь мэргэжлийн тамирчид зайлшгүй сэтгэл зүйгээ бэлдэх шаардлагатай байдаг бол анхлан суралцаж буй хүнд ийм шаардлага байхгүй. Харин дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх гэж байгаа бол тухайн хүнд “дасан зохицох чадвар” зайлшгүй байх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд та төвөггүйхэн дасгал хөдөлгөөн хийж үүнийгээ амьдралын хэв маягаа болгож чадна.

Эцэст нь та спортын элдэв төхөөрөмж худалдан авч зардал гаргахаасаа өмнө өөртөө тохирсон спортын төрлөө сонгож, үнэхээр дур сонирхолтой эсэхийг тандан мэдэхийг хичээгээрэй. Ингэснээр нас, биеийн хэлбэр, өмнө нь спортоор хичээллэж байсан эсэхээс үл хамааран та спортын ашиг тусыг ямар нэгэн хэмжээнд мэдэрч л таарна.

Х. Саранзаяа

Жеф Безосын хувьцаа эзэмшигчиддээ хорин жилийн турш бичсэн захианаас суралцах нь

Өмнөх нийтлэл

Нүүх үү, суух уу?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.