EntrepreneurТоп нийтлэл

10 АСУУЛТ ХАРИУЛТ: Ээжийн минь зөвлөгөө миний амьдралд үргэлж хэрэг болдог

0

Бид бизнес эрхлэгчдээс авах “10 асуулт хариулт” цувралаа эхлүүлж байна. Цувралын маань эхний зочноор барилгын компанийн шинэхэн захирал оролцлоо.

Түүнийг Г.Ганзориг гэдэг. Тэрбээр үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Мастер пропертис” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаад удаагүй. Өмнө нь “Ньюком проперти”, “MCS Asia Pacific Brewery” компани болон арилжааны банкуудад албаны дарга, газар, хэлтсийн захирлаар ажиллаж байсан юм. “Мастер пропертис” компани анх үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр бизнесийн гараагаа эхлүүлж байв. 2007-2014 оны хооронд анх үл хөдлөхийн зуучлалыг хийж байх үедээ 330 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийсний дараа “Бид өөрсдөө яагаад бүтээн байгуулалт хийж болохгүй гэж” гэх асуулт тэдэнд төржээ. Ингэснээр 2014 оноос хойш оффисын төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Анх 2014-2016 онд Pro one оффис, дараа жил нь Хоймор оффисыг барьсны дараа одоо тэд 18 давхар UB Tower оффисын гурав дахь төслөө дуусгахаар ханцуй шамлан ороод байгаа юм.  

  1. Та өглөө босоод ажилдаа явтлаа юу хийдэг вэ?  

-Өглөө ажил дээрээ 07:30 гэхэд оччихсон байдаг. Эрт босоход бүтээмжтэй байдгаас гадна хүүхдүүдээ хичээлд нь хүргэх “албатай” болохоор бас эрт босдог. Бусдаар бол гэрээс гарахаасаа өмнө бусдын л адил тэр өдөртөө бэлдээд гарна даа.

  1. Ажилд тань хамгийн их тусалдаг гурван зуршил юу вэ?

-Ихэнх ажлаа үдээс өмнө амжуулж сурах их чухал санагддаг. Үдээс хойш төлөвлөөгүй гэнэтийн ажлууд гарч ирэхээс авахуулаад хүний бүтээмж ч мөн буурдаг болохоор өдрийн хоолноос өмнө ажлынхаа 60-70 хувийг нугалахыг хичээдэг. Хоёр дахь зуршил гэвэл би ажилтнуудтайгаа аль болох их зөвлөлдөхийг хичээдэг. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа учраас эцсийн хариуцлага над дээр л ирнэ. Гэхдээ удирдлагын багийнхаа хүмүүстэй зөвлөлдөж, бөөнөөрөө хэлэлцвэл буруугүй гэдэг шиг бүгдийнх нь санаа бодлыг сонссоны дараа шийдвэр гаргах нь чухал. Эцэст нь хамгийн чухал зүйл бол төлөвлөх. Би одоо ч гэсэн илүү сайн төлөвлөж сурах гээд л явж байна. Бид компьютер, утас хэрэглээд сурчихсан ч цаас харандаа их чухал санагдсан. Цаасан дээрээ бичээд, хийсэн ажлаа дараад явах нь эмх цэгцтэйн хажуугаар ажлаа хурдан хийх боломжийг олгодог.  

  1. Та ямар хоббитой вэ? Энэ хобби таны ажилд яаж нөлөөлдөг вэ?  

-Би сагсан бөмбөг тоглох дуртай. Энэ хобби маань ажилд шууд нөлөөлдөггүй л дээ. Гэхдээ сагс тоглох нь ажил хэргийн шугамаар холбогддоггүй хүмүүстэй харилцах давуу тал олгодог. Сагс тоглосноор хамт олонтойгоо танилцах, тэднийг илүү мэдэж авах боломжтой. Өмнө нь мянга гаруй ажилтантай байгууллагад байхдаа өөрөөсөө ямар ч хамааралгүй хүмүүстэй нэг баг болж зааланд тоглодог байлаа. Одоо ч энэ харилцаа надад их хэрэгтэй. Учир нь би голдуу удирдлагын багийнхан болоод менежерүүдтэйгээ харилцдаг учраас доошоо түвшний ажилтнуудтайгаа тэр болгон ажил хэргийн харилцаанд орохгүй. Харин хамт сагс тоглоод явахад хэн юу хийдэг нь хамаагүй, бүгд л талбай дээр бөмбөг залж байгаа хүмүүс болдог.

  1. Та яг одоо юунд суралцахыг хүсч байна?

-Чиг үүрэг хариуцсан захирлаар ажиллаж байсан ч одоо компанийг удирдсан захирлаар анх удаа ажиллаж байна. Жишээлбэл, өмнө нь банкинд Уул уурхайн хэлтэс, байгууллагын Харилцааны хэлтсийг ахалдаг байх үедээ маркетинг, борлуулалт руу ордоггүй байсан. Одоо харин компанийг тэр чигт нь хариуцаж байгаа тул бүгдийг харах хэрэгтэй. Компанийг ер нь яаж удирдаж авч явах ёстой вэ? Аль нэг чиглэлд мэргэшсэн байх албатай юу? Эсвэл аль нэг хүнээр дамжуулж удирдаж ажиллах уу? Өнөөдрийн энэ сургалт дээр экспертүүд стратеги, алсын хараа, хүний нөөц, маркетинг, санхүү зэрэг бүх чиглэлээр ярихаар байсан нь надад их хэрэгтэй санагдсан. Тэгэхээр энэ бүгдийг цогцоор нь яаж зөв харж удирдах вэ гэдгийг сурах хэрэгтэй байна даа. 

Сагс тоглосноор хамт олонтойгоо танилцах, тэднийг илүү мэдэж авах боломжтой

  1. Та өөрийнхөө 25 настайдаа очвол юу гэж зөвлөх байсан бэ?

-Би 25 настайдаа Америкт төгсчихөөд тэндээ хэсэг байж байгаад Монголд ирж байсан юм байна. Бакалавраа харилцааны чиглэлээр төгсөөд  эх орондоо ирээд анх банкинд ажилд орж байлаа. Одоо буцаад харахад залуудаа харамсахаар зүйл хийгээгүй санагддаг. Мэдээж гаргаж байсан алдаануудаасаа суралцаад л явсан. Нэг зүйл гэвэл цагаа л илүү үр бүтээмжтэй ашиглах хэрэгтэй байж гэж боддог. Сүүлд нь би Япон улсад хоёр жил мастерт сурсан. Энэ үедээ бүрэн тэтгэлэгтэй байсан болохоор сагс тоглох, кино үзэхэд цагийг их зарцуулсан. Энэ үедээ хувь хүний хөгжил, ном унших, өөрийгөө хөгжүүлэх тал руу илүү цаг зарцуулах байж л гэж боддог.

  1. Танай гэр бүлийнхэн таныг юу гэж шүүмжилдэг вэ?

-Би гурван охинтой. Охидууд бол намайг юмаа мартдаг, мартамхай гэж их хэлнэ. Гэртээ эрт ирээрэй, оройтлоо гэсэн зэмлэл бас авна. Охидууд маань өөрсдийгөө санамхай, намайг мартамхай гэж хэлдэг байхгүй юу. (инээв)

  1. Арал дээр ганцаараа үлдэнэ гэвэл ямар ном авч явах вэ?

-Эзэнгүй арал дээр хэрхэн амь зуух туай ном л авч явна даа. Эсвэл сүүлд уншсан Юваль Ной Хараригийн “Сапинс: Хүн төрөлхтний товч түүх” ном надад маш сонирхолтой санагдсан. Хүн төрөлхтөн ямар нийгэм туулж ирснийг бид мэдэх хэрэгтэй. Тэр номыг л дахиад авч явбал уйдахгүй дээ гэж бодож байна.  

  1. Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө?

-Ажил мэргэжлийн хувьд зөвлөгөө их авч байсан. Харин ээжийн маань хэлсэн үг санаанаас огт гардаггүй. Анх хүүхэдтэй болчихоод, нялх хүүхэд маань шөнөдөө уйлаад унтаж өгөхгүй, би бухимдаад яахаа мэдэхгүй байсан юм. Тэр үед ээж маань намайг харчихаад “За миний хүү, хүүхэд угаасаа л уйлдаг. Чи ийм жаахан зүйл дээр стрессдээд байвал цаашдаа яаж амьдрах юм бэ? Тайван байж сур” гэж хэлж байлаа. Энгийн ч гэсэн эргээд бодоход энэ зөвлөгөө надад их чухал санагддаг. Одоо үед стрессдэх нь их шүү дээ энэ нийгэмд. Би ч бас стрессддэг, гэхдээ хэд хоногийн дараа эргээд харахад стрессдэх шаардлагагүй зүйлс л байдаг.  

  1. Таны байнга ашигладаг таван аппликейшн юу вэ?

Facebook, Facebook messenger, Instagram, тэгээд Хятад руу холбогдоход Wechat, тав дахь нь гэвэл Viber юм байна.  

  1. Та өдөрт хэдэн цагийг гэр бүлдээ зарцуулдаг вэ?

Өглөө нэг цаг хамт байна. Орой хүүхдүүдтэйгээ ирээд бас хамт байдаг гээд бодохоор ажлын өдөрт нийтдээ 3-4 цаг юм байна. Амралтын өдөр бол мэдээж илүү их цаг зарцуулна.  

Б. Билэгт

Азийн хөрөнгө оруулагчид Монголд

Өмнөх нийтлэл

“Тодорхой асуудлаа даатгалаар шийдэж болдог гэдгийг компанийн удирдлагууд мэддэггүй”

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.