АНУ-ын Нью Йорк хот дахь хөрөнгө оруулалтын “Kairos” сан нийт 65 орны 2500 орчим стартапыг судалж үзсний үндсэн дээр энэ онд өндөр амжилтад хүрэх боломжтой 50 компанийг нэрлэжээ. Төрөл бүрийн бизнесийн салбарт шинэлэг санаа бий болгож, хүн төрөлхтөнд тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх зорилготой эдгээр стартапын үйл хэрэг танд ч бизнесийн шинэ санаа төрүүлнэ гэдэгт найдаж байна.
Ингээд “Kairos”-ын нэрлэсэн 50 стартапаас шинэлэг, Монголын нөхцөлд тохиромжтой байж болох заримыг нь товч танилцуулъя.

BabySparks  
АНУ-ын Майами хотод таван жилийн өмнө байгуулагдсан тус компани нярай хүүхдийн арчилгааны талаар шаардлагатай бүх зөвлөгөө, үйлчилгээ, туслалцааг эцэг эхчүүдэд захиалгаар үзүүлдэг.

Ayenda Rooms
Зочид буудлуудад үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлдэг компани. Тэд Колумбын гурван хотын 37 зочид буудлын өглөөний зууш, wi-fi, цэвэр ус, телевиз, цагаан хэрэглэлийн цэвэрлэгээ зэргийг хариуцдаг бөгөөд тэдний үйлчилгээний ачаар түнш буудлуудынх нь дүүргэлт 30 хувиар нэмэгдсэн байна.


Bumblebee Spaces
Өрөөнийхөө таазанд ор, хувцасны шүүгээ, тавиур зэргийг “нууж” өрөөгөө улам цэлгэр, зайтай болгохыг хүссэн хүмүүст тус компанийн бүтээгдэхүүн таалагдах нь гарцаагүй. Сая дурдсан тавилгуудыг үйлдвэрлэж, таазанд тогтоох үйлчилгээ нь 6-10000 долларын үнэтэй бөгөөд тусгай аппликэйшний тусламжтайгаар таазнаас буулгаж ирдэг. Тэд удахгүй масс зах зээлд бүтээгдэхүүнээ танилцуулна.

CalypsoAI
Шинэ технологи бүрт давуу талаас гадна дутагдал бий. Тухайлбал, хиймэл оюун ухааны blackbox problem нь тун ноцтой үр дагавар дагуулж болзошгүй. Тэгвэл CalypsoAI нь кибер аюулгүй ажиллагааг шийдвэрлэх зорилготой байгуулагдсан юм.

Bankity
Зардлаа хянах, зохицуулах боломжийг хэрэглэгч нартаа олгож, улмаар санхүүгээ оновчтой төлөвлөхөд тусалдаг фронт-энд аппликэйшн бол тус компанийн гол бүтээгдэхүүн юм. Тэд саяхнаас кредит картын үйлчилгээ үзүүлж эхэлжээ.


Dana Cita
Индонезийн Жакарта хотод 2017 онд байгуулагдсан Dana Cita нь оюутны төлбөрийн зээлийн үйлчилгээ санал болгодог Зүүн Өмнөд Азийн анхны платформ юм. 2018 оны гуравдугаар сарын байдлаар  тэд 144 мянган ам.долларын зээл олгожээ.

Doppler
Олон үсэгтэй, урт нууц үг цээжлэх нь өнөөгийн хүмүүст тулгардаг цөөнгүй бэрхшээлийн нэг. Ялангуяа төсөлд зориулж, тухайн компанид таарах программчлалын нууц үгийг (API keys) үүсгэж, ашигладаг хөгжүүлэгчдэд энэ нь том асуудал юм. Чухам энэ бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор Doppler байгуулагджээ. Тэдний үүсгэсэн платформ нь хөгжүүлэлтийн багийнхны өмнөөс нууц үг санах үүрэг хүлээснээр ажлын бүтээмжийг нь дээшлүүлэхэд тусалдаг байна.

Flux Biosciences
Тус компани хүний цус, шээс, шүлсний шинжилгээнд үндэслэж дасгал хөдөлгөөн, стресс, үр тогтоох чадвар, хоолны дэглэмтэй холбоотой биомаркерийг нь тогтоодог аж. Улмаар бугуйвч, зүүдэг цаг зэрэг хэмжигч төхөөрөмжийн мэдээлэлтэй нэгтгэн харилцагчийнхаа эрүүл мэндийн талаарх иж бүрэн мэдээллийг гаргаж өгдөг байна.

Frubana
2018 онд Колумбад байгуулагдсан тус компани зоогийн газрын эздийг фермерүүдтэй холбодог B2B онлайн платформ хөгжүүлжээ. Энэ нь фермерүүдийн орлогыг нэмэгдүүлэхээс гадна эрүүл, шинэ, сайн чанарын хүнсний бүтээгдэхүүн худалдан авах боломжийг зоогийн газруудад олгодог.

Goodr
Атланта хотод төвтэй хүнсний менежментийн тус платформ нь илүүдэл хоол, хүнсийг буяны байгууллагуудад хандивлах замаар хоолны хаягдлыг бууруулах болон хоол ундаар гачигдаж буй хүмүүст туслах үйлчилгээ үзүүлдэг юм. Тэд ашгийн бус байгууллагуудад төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг бол бизнесүүдээс хоолны хаягдлыг нь тээвэрлэсний төлөө төлбөр авдаг.

Hex Labs
Зөвхөн маш хүйтэн орчинд л ажилладаг квант тооцооллыг өрөөний хэмд үр дүнтэй ажиллах боломж олгох полимер нано-материал бүтээхээр тус компани ажиллаж байна. Ингэснээр квант тооцоолол хийх зардлыг бууруулж, илүү хүртээмжтэй болгох юм.

Higia
Хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой EVA хэмээх дулаан мэдрэгчийг Мексикийн тус компани хөгжүүлж байна. Уг мэдрэгчийг хөхөвчний дотор байрлуулах бөгөөд хавдрын эсийн тархалтыг дулааны хэмээр нь дамжуулж мэдрэх аж. Одоогоор уг бүтээгдэхүүн зах зээлд хараахан гараагүй байна.

Kymira Sport
Цусны эргэлт сайжруулах, өвдөлт намдаахад туслах зориулалттай хурдан хатдаг тусгай даавуугаар хийсэн спортын өмсгөл бүтээхээр Лондон хотын тус компани ажилладаг. Kymira-ийн апп нь инфраред мэдрэгч ашиглаж, хэрэглэгчдэд эрүүл мэндийнх нь талаар мэдээлэл гаргаж өгөх юм.


Open App
Ачаа, шатахууны аюулгүй тээвэрлэлтэд зориулагдсан ухаалаг цоожны дизайн гаргаж, хөгжүүлж, борлуулдаг стартап. Мөн цоожтойгоо холбогдох программ хангамжийг хөгжүүлдэг бөгөөд үүний тусламжтайгаар шатахууны хэмжээ, ачааны байрлалыг мэдэх боломжтой аж. Тэд мөн гэр, орон сууцанд зориулсан цоож бүтээж эхэлжээ.

RoBhat Labs
Тус стартапын бүтээсэн вэб хөтчийн нэмэлт нь мэдээллийн эх сурвалжийг баталгаажуулдаг учир та хуурамч мэдээнд санаа зовох шаардлагагүй болно. Тэд мөн твиттерийн ботыг шалгадаг нэмэлтийг Chrome-д зориулан гаргажээ.

Н. Энхбаяр

Т.Доржханд: Бидэнд хийх ёстой гэрийн даалгавар байна

Өмнөх нийтлэл

Ажлын байран дахь маргааныг хэрхэн зохицуулах вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох