Эксперт

2019-2020 онд бизнестээ баримтлах өсөлтийн стратегиуд

0

Бизнесийн зөвлөхийн хувьд том, жижиг компаниудтай ажиллах явцад компанийн захирал болгон асуудаг нэг асуулт байдаг нь “Бизнесээ яаж өсгөх вэ?” “Одоо эрхэлж байгаа бизнесээс өөр салбарт хүчээ үзмээр байна. Ямар салбарт орох вэ?” гэсэн асуултууд байдаг.  

Энэ удаагийн нийтлэлийг туршлагатай бизнес эрхлэгчдэд хандуулж байгаа бөгөөд бизнесийнхээ урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахын тулд өсөлтийн ямар стратегиудыг баримтлах нь үр дүнтэй байх тал дээр практик зөвлөмжүүдийг оруулахыг зорилоо.

Судалгаанаас харахад шинээр бүртгүүлсэн компаниудын 20 хувь нь эхний жилдээ, 50 хувь нь тав дахь жилдээ дампуурдаг байна. Үлдсэн 50 хувиас 30% нь дараагийн таван жилд үүдээ барьж, 20% нь л 10 дахь жилтэйгээ золгодог аж. Хэрэв танай компани 10 жилийнхээ ойг амжилт дүүрэн тэмдэглэсэн бол таньд маш том баяр хүргэе. Учир нь таньтай яг нэг жил бүртгүүлсэн 10 аж ахуйн нэгж тутмаас үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй хоёрхон байгууллагын нэг нь танай компани болж шалгарч үлджээ.  Өөрөөр хэлбэл та компаниа амжилттай удирдаж, бизнесийнхээ өсөлтийг боломжийн түвшинд хангаж иржээ гэж үзэж болохоор байна. Гэхдээ энэ үед таны өмнө нэг томоохон сорил тулгарна. Компанийн үйл ажиллагааг одоогийн байгаа түвшинд бариад явах уу эсхүл шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж, шинэ бизнест орох замаар цааш өсгөх үү?

Өсөлтийн олон төрлийн стратеги байдаг бөгөөд энэ хэсэгт бизнесийн өсөлтөө амжилттай хийдэг компаниудын баримталдаг нийтлэг стратегиудаас дурдъя.

  1. Гүн нэвчих стратеги буюу одоогийн санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ одоогийнхоо зах зээлд илүү сайн нэвтрэх замаар бизнесээ өсгөх стратеги. Гүн нэвчих нь өсөлтийн стратегиуд дундаас хамгийн бага эрсдэлтэй стратегид тооцогддог бөгөөд жижиг, дунд бизнесүүдэд илүү тохиромжтой стратеги юм. Жишээ нь танайнх хүнсний давс, сода үйлдвэрлэн борлуулдаг компани байжээ гэж үзье. Өмнө нь танай хэрэглэгчид давс, содыг зөвхөн хүнсний зориулалтаар худалдан авдаг байсан бол тухайн бүтээгдэхүүний өвөрмөц чанарыг ашиглан цэвэрлэгээ, үнэр дарах зориулалтаар ашиглаж болно гэдгийг тэдэнд ойлгуулснаар борлуулалтыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж болно. Энэ арга зам нь мөн л ялгаагүй гүн нэвчих стратегийн нэг төрөл юм.
  2. Зах зээл хөгжүүлэх стратеги буюу Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинэ зах зээлд санал болгох стратеги. Нэг төрлийн бизнес эрхэлдэг компаниудын хувьд энэ нь хамгийн тохиромжтой өсөлтийн стратеги байдаг. Манай улсад сүүлийн жилүүдэд экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр хэрэгжин, Монгол Улс Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдаж, Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан зэрэг нь дотоодын үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдэд шинэ зах зээлд нэвтрэх өргөн боломжийг нээсэн. Энэ таатай боломжийг ялангуяа хөдөө аж ахуй, боловсруулах салбарт үйл ажиллагаа явуулдаг манай үндэсний үйлдвэрлэгчид сайн ашиглаж байгаа. Нөгөөтэйгүүр зах зээл хөгжүүлэх стратегийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдэд хамаатай мэтээр авч үзвэл ташаа ойлголт болохыг дурьдах нь зүйтэй. Сарын өмнө манай институтын зохион байгуулсан “Захирлуудад зориулсан манлайллын семинар”-ын үеэр эрүүл мэндийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагын захирал салбар нэгжээ урд хөршид нээхээр ажиллаж байгаа тухайгаа ярихад зөвхөн үйлдвэрлэгчдээс гадна үйлчилгээний салбарынхан маань экспортолж эхэлвэл валютын хомсдолтой манай эдийн засагт бага ч болов хувь нэмэр оруулна даа хэмээн дотроо бодож дээрх захиралд амжилт хүсэн, баяр хүргэж байлаа.

Товчхон дүгнэхэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ одоогийнхоос өөр ямар зах зээлд гаргах боломжтой талаар судалж, улмаар шинэ зах зээлд нэвтрэх нь бизнесээ өсгөх ухаалаг стратегиудын нэг юм.

  1. Бүтээгдэхүүн хөгжүүлэх стратеги – Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж улмаар одоогийн зорилтот зах зээлдээ нэмж санал болгох сонгодог стратеги. Маш олон том, жижиг компаниуд энэ өсөлтийн стратегийг өргөнөөр хэрэглэдэг. Учир нь бүтээгдэхүүн хөгжүүлэх стратегийг баримтлах нь цоо шинэ салбарт шинэ бүтээгдэхүүн гарган нэвтрэх стратегитэй харьцуулахад эрсдэлийн хувьд харьцангуй бага. Энэ стратегийн гол санаа нь бид одоогийн хэрэглэгчдийнхээ зан төлөв, хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлыг харьцангуй сайн таамагладаг гэж үзээд тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх явдал юм.   Манай бизнесийн эрчимжүүлсэн сургалтуудад идэвхтэй хамрагдан бизнесээ амжилттай өргөжүүлж байгаа хүнсний үйлдвэрлэгч компанийн захирлаас танайнх өрсөлдөгчидтэй харьцуулахад юугаараа давуу талтай вэ гэж асуухад “шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх чадвар” хэмээн хариулж байсан юм. Үнэхээр ч энэ компани шинэ бүтээгдэхүүн туршиж, нэвтрүүлэх тал дээр салбартаа тэргүүлдэг бөгөөд энэ чиглэлээр эрдэмтэн, судлаачидтай хамтарч ажилладаг тухайгаа ярих дуртай.
  2. Шинэ бүтээгдэхүүнийг шинэ зах зээлд гаргах замаар өсөлт хийх буюу төрөлжих стратеги. Дээр дурьдсан өсөлтийн стратегиуд дундаас хамгийн өндөр эрсдэлтэй стратеги. Учир нь компанийн хувьд бүтээгдэхүүн нь ч шинэ, зах зээл нь ч шинэ, аль аль талдаа өмнө нь ажиллаж үзээгүй, туршлагагүй. Энэ стратегийг амжилттай хэрэгжүүлж чадвал өндөр эрсдэлтэй ч өндөр ашиг, орлогыг компанидаа авчирдаг. Эмийн үйлдвэрлэл, эмийн жижиглэн худалдааны тэргүүлэгч гэдгээр нь сайн мэдэх Монос Групп маань сүүлийн үед үл хөдлөх хөрөнгө, санхүү хөрөнгө оруулалтын салбарт төдийгүй бренд хувцасны худалдааны салбарт амжилттай ажиллаж байна.
  3. Альтернатив түгээлтийн сувгууд – Уламжлалт бус түгээлтийн сувгуудыг ашиглан илүү олон хэрэглэгчдэд хүрэх стратеги. Интернетийн хязгааргүй орон зай, онлайн худалдааг ашиглан зөвхөн үндэсний хэрэглэгчид төдийгүй дэлхийн аль ч өнцөг булан бүрд хүрэх боломж бизнес эрхлэгчдийн өмнө нээлттэй байна. Манай институтээс явуулдаг “Бизнес төлөвлөлт ба Бизнес модель”-ийн сургалтад хамрагдсан үйлчилгээний бизнес эрхлэгч залуугийн хэлснээр тус компанийн харилцагчдын 30% нь гадаадад амьдардаг монголчууд байдаг, тэд захиалгаа манай вэб хуудсаар дамжуулан өгдөг хэмээж байв. Үүний адилаар маш олон том жижиг бизнесүүд онлайн худалдааг хүргэлтийн үйлчилгээтэй хослуулан хэрэглэгчдээ татаж байгаа нь түгээмэл болж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан өсөлтийн стратегиудаас танай компани аль нэгийг юмуу хоёрыг нь хэрэглэдэг байж болох. Харин та бизнесээ өсгөхөөр зорьж байгаа бол зах зээл хөгжүүлэх стратеги, альтернатив сувгийн болон төрөлжих стратегийг туршиж үзээрэй. Анхаарах зүйл нь бүгдийг нэгэн зэрэг биш харин нэг нэгээр нь туршиж үзэн туршлага хуримтлуулах нь чухал. Өсөлтийн стратегийг хэрэглэхээс өмнө зах зээлийн болон хэрэглэгчдийн зан төлвийн судалгааг хийж тухайн салбарын экспертүүд, зөвлөхүүдтэй хамтран ажиллах нь эрсдэлд орохоос сэргийлж таны цаг болон бусад нөөцийг хэмнэдэг гэдгийг бүү мартаарай.

Ц. Оюунжаргал

Вэбсайттай байхын давуу талууд

Өмнөх нийтлэл

Бизнесийн хамтрагчаа халах мөчид …

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com