Энтрепренер бол шинэ санааг төрүүлэгч, тээгч. Тэр саад бэрхшээл болон асуудлыг, эсвэл хаана юу дутагдаж байгааг олж хараад өөрөө эрсдэл үүрч шийдэх замаар ашиг, орлого олдог бизнес эрхлэгч.
Бизнес эрхлэгч бүр Энтрепренер байдаггүй. Жишээ нь, томилогдсон захирал хүн бизнес эрхлэгч мөн боловч Энтрепренер биш. Яагаад гэвэл, нэгдүгээрт, тэр өөрөө хувь хүний хувьд бизнесийн эрсдэл үүрээгүй, хоёрдугаарт, асуудлыг анх олж харж, түүнийг шийдэх бизнесийг эхлүүлсэн хүн биш. Гэхдээ тэр бол бизнес эрхлэгч, менежер хүн.
Энтрепренер хүн үргэлж шинэ санаа, шинэ шийдлийн хойноос явж байдаг.
Мэргэжилтэн бол инженер, архитекторч, санхүүч, вэб дизайнер, маркетич, барилгачин, багш, эмч хүмүүс. Тэд санааг амьдруулж, түүнийг бодит бүтээгдэхүүн, байшин барилга, софтвэр, график дизайн, хөрөнгө оруулалтын төсөл, сургалт, зөвлөгөө, эмчилгээ, үйлчилгээ болгодог.
Мэргэжилтэн хүн мэдлэг, чадвар, туршлагадаа тулгуурлан санааг хэрэгжүүлдэг.
Менежер бол бизнесийг холбон ажиллуулагч. Тэр ажлыг төлөвлөж, хэрэгжилтийг удирдаж, үр дүнг хянаж, бүх зүйлс хугацаандаа чанартай бүтээгдэж, зохих цагтаа, газраа, эзэндээ очиж байгааг хариуцдаг. Тэр мэргэжилтнүүдийг холбож нэг баг болгодог.
Менежер хүн бизнесийг зорьсонд нь чиглүүлэн ажиллуулдаг.
Бизнесийнхээ эхний шатанд Энтрепренер хүн өөрөө бас Мэргэжилтэн, мөн Менежер байх нь бараг зүй тогтол. Тэр шинэ санаа гаргаж, бүх эрсдлээ үүрч, олон ажлыг хэд хэдэн дүрээр хийж, цаг завгүй, нойр хоол багатай явдаг. Тиймд хүн бүр Энтрепренер болох замыг сонгодоггүй.
Энтрепренер болоход алсын хараа, шинэ санаанаас гадна зориг тэвчээр багагүй шаардагдана.
Энтрепренерийн зам амар биш ч шагнал нь өндөр. Тэр бол хүслээ хэрэгжүүлэгч, хамгийн гол нь өөрийн амьдралыг өөрөө бүтээгч хүний зам юм.