М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр нэгэн бизнес уулзалтын үеэр компанийнхаа амжилтын үүх түүх, бодлого төлөвлөлтийн талаарх илтгэлээ сонирхолтойгоор тавьсан нь бизнес эрхлэгч олон хүний таашаалд гойд нийцэж байлаа. Бизнес эрхлэгч залуус яг ийм илтгэлийг л туршлагатай бизнесмэнүүдээс хүлээж байдаг ажээ. Тус арга хэмжээ өндөрлөсний дараагаар бид түүнтэй уулзан ярилцлага авах саналаа дамжуулахад тэрбээр уриалгахан хүлээж авсан. Хүлээж авахаар барах уу, уулзах өдөр цагаа тов тодорхой тохирлоо. Бизнесийн хүн аргагүй л ярьсандаа, хэлсэндээ юм.
Та ЗХУ-ын үед инженер-эдийн засагчаар сурч ОХУ-ын үед төгссөн. Ирээд их сургуульд багшилсан, удалгүй Нидерландад магистраар суралцахаар явсан. Гэтэл мэргэжил, практикаасаа тэс өөр салбарт хөл тавьжээ. Тэр дундаа гадаадын том компанид орж, гадаадад очиж ажилласан. 90-ээд оны үеийн Монголд тохиосон их сонин түүх байна?
Орост төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг үзчихээд Монголдоо ирсэн чинь зах зээлийн эдийн засаг заа гэсэн. Тэгээд л англи, орос номнуудыг олж авч байгаад л оройжин сууж конспект бэлддэг байлаа. Нарийндаа бол зарим тохиолдолд ШУТИС-ийн харьяа Компьютерийн техник, менежментийн сургуулийн оюутнуудаасаа 8-10 цагаар л түрүүлж явдаг багш байв. Тэр үеийн ихэнх залуу багш нар гадаадад магистрт суралцах чин хүсэлтэй байлаа. Ингээд Европын холбооны тэтгэлгээр Нидерландад бизнесийн удирдлагаар суралцсан.
Ирчихээд багшийнхаа хувийн сургуульд хичээл заагаад явж байсан чинь “Procter & Gamble компани жижиглэнгийн худалдаа хариуцсан менежер авна” гэсэн зар сонин дээр гарсан байхыг олж харсан. Хамгийн гол нь “Компанийн машин өгнө” гэсэн байсан л даа. Машинд нь л бараг явчихсан (инээв). Хувийн машинтай хүн байгаагүй үед чинь машинтай болох боломж хамгийн түрүүнд анхаарал татсан л даа. Тэгээд шалгалт, шүүлгийг нь өгсөөр яваад тэнцсэн. Ийнхүү бизнесийн салбар дахь ажлынхаа гарааг Казахстанд эхэлсэн.
Хүн хэтийн зорилготой байх ёстой, гэхдээ их шунаж хэрэггүй, тууштай, уйгагүй байгаарай гэсэн багшийн маань зөвлөгөө надад мөн хүчтэй нөлөөлсөн.
Монголдоо ирээд борлуулалтын чиглэлээрээ ажилласан уу? Хамгийн сайн суралцсан, хамгийн сайн мэддэг салбар тань?
Хүний нөөцийн бодлогыг хариуцан ажилласан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг заалгаж ирээд зах зээлийн эдийн засгийн хичээл заах хэрэгтэй болсон шиг, онол заадаг багшаас борлуулалтын менежер лүү давхиад орчихсон түүхүүдтэй минь адил тохиолдол болсон. Товчхондоо бол сайн мэдэхгүй салбар луу дахиад л давхиад орчихсон л доо (инээв). Тиймээс хүний нөөцийн менежментийн талаар шинээр суралцаж, гүнзгийрүүлэн судлах шаардлага гарсан. Алматыд байх үед миний удирдлагад хүний нөөцийн мундаг мэргэжилтнүүд байсан болохоор тэднээсээ сурсан зүйлээ сэргээхийг хичээлээ. Дээр нь гадаадын том компанийг дотроос нь ажиглаж, ойлгож авсан жаахан туршлага байлаа.
2005 онд М-Си-Эс-д ирэхэд “Манай Монгол шиг жижиг зах зээлтэй оронд маш богино хугацаанд ямар гайхалтай ололт, амжилтыг цогцлоосон юм бэ” гэсэн бодол надад өөрийн эрхгүй төрсөн. Улс орондоо асар их хувь нэмэр оруулдаг болсон энэ компаниа улам сайн болгоход тус дэм болж чадах юм бол тэр маань л эх орондоо оруулах хувь нэмэр юм байна гэж ойлгосон. Хариуцсан ажлаа яаж хийх вэ гэдэг талаар байнга бодно, ямар нэг санаа орж ирвэл тэр дор нь тэмдэглэж авна, өөрөө өөрлүүгээ мессеж бичнэ. Ер нь орж ирсэн санаа, бодсон зүйлээ мартчихгүйн тулд өөрөө өөртөө и-мэйл, мессеж байнга бичдэг дээ.
М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр ярилцлагыг бүрэн эхээр нь BUSINESS.MN Сэтгүүлийн №6 дугаараас уншаарай.